Дуниартагч энэхэн дэлхийдээ мөнх л амьдрахгүй хойно...



Амьдарч яваа өдрүүдийн минь цорын ганц чимэг
Аялж яваа дууны минь ерийн бус эгшиг
Үл мэдэгхэн сэвхтэй, уянгалаг жаахан Анимаа
Үдшийн зүүд эзэгнэж, үүрийн нойр хулжаана...

Ертөнцийн найранд уригдаад, чамайгаа олж харсан би
Ерөөл тавиланд минь үүнээс илүү хувь бий гэж үү !
Зүүд шиг хоосныг гатлаад энэ хорвоогоос явахдаа би
Зүрхээ хайраар дүүргэн Анимаагаа дагуулаад буцна!

Дээвэр дэвсэн салхинд дэнжийн ногоо шарлана
Дэлхийд ирээд буцахдаа дэмий бодлоосоо сална.
Өрх дэвсэн салхинд өвсний толгой гандана
Өөрийн болгоод авсан ч өнөд зүрх минь шимширнэ.

Сэрүүн намрын огторгуйд найман тогоруу ниснэ
Сэтгэлийн хүйтнийг бүлээсгэж, намайг дагуулан ниснэ
Уул уулыг давсаар оюун сэтгэл минь ниснэ
Уйтгар хүйтэн жаврыг Анимаагийн илчээр давна...

Дуниартагч энэхэн дэлхийдээ мөнх л амьдрахгүй хойно
Дуу болгож хувиргана Анимаа минь, би чамайгаа!
Цайвартагч энэхэн дэлхийдээ мөнх л үлдэхгүй хойно
Цагийн цагт амьдрах хайр болгоно, би чамайгаа...






Яруу найрагч Очирбатын ДАШБАЛБАР
"Гэрэлт хайр" /1990/ ном
Дарьганга аялгуу. VI
52 дугаар тал. 

0 Сэтгэгдэл:

Post a Comment