Хөлийнхөө мөрийг түүхийн жимээс олдоггүй...


ХӨШӨӨНИЙ ШҮЛГҮҮД


1.
Эмгэнэлтэй төгссөн улс төрчийн
Эрүүгээ этийлгэсэн хүрэл хөшөөн дээр
Энэ зууны сүүлчийн хаврын
Эхний бороо чимээгүйхэн орж байна.
Эндэх амьдралыг сайхан болгох гэж
Энэ хүн даан ч залуугаараа бурхан болж
Эхэлснээ дуусгаж амжилгүй
Элдвийн цуу яриа, эмсийн магтаал
Эрхэм нөхдийн хуурамч инээд хэвээр үлдэж
Эргээд ирэх дур хүсэлгүй
Эмгэнэлт жүжгийн тайзнаас буужээ.
Дурсгалд нь босгосон хөшөөний дэргэд
Дурлах юмгүй амьдрал урьдынхаараа үргэлжилж
Ертөнц дээр санаснаа гүйцээх
Ерөөсөө боломжгүйг батлах мэт
Үхсэний хойно алтаар хөшөө босгоод ч
Үнэндээ ямар хэрэг байна.



2.
Хөмсөгөө зангидаж мөн ялимгүй ярвайсан
Хичээнгүй сайдын чулуун хөшөө
Хүүхдүүддээ дарагдаж ядарсан
Хөгшин хүн шиг гундуухан харагдана.
Хэн ч хайхрахгүй хөшөө шигээ
Хэн явсныг нь бүгд мартаж дээ?
Малгайнуудаа чулуудахад дор нь дарагдах
Хэдхэн Монголоо
Мангасын ам шиг хомхой олноос
Унтах идэхийн завгүй хамгаалж явсаныг
Урваж шарвамтгай манай үеийнхэн
Уг нь санаж л явбал зүгээрсэн
Ухаан муутайхан үр хойчдоо
Ухааруулж ойлгуулвал дээрсэн
Хөмсөгөө зангидаж, мөн ялимгүй ярвайсан
Хичээнгүй сайдын чулуун хөшөө
Хөлийнхөө мөрийг түүхийн жимээс олдоггүй
Хөгийн биднийг инээж ширтэлтэй биш дээ?
Тэгээд ч ухаантай хүний инээсэн хөшөө
Тэнгэрийн дор байдаггүй биз дээ?


3. 
Сүртэйхэн чиг явсан монгол эрийн
Сүргүйхэн чиг мунхагийн дүртэй хөшөө
Өрийн дансаа өглөө бүхэн сөхдөг 
Өглөгийн эзэн шиг шаналангуй царайтай. 
Буун дуутай хэцүү он жилүүдийг
Нуун дарах гэж их л ядсан
Торгон хөшиг татаатай үеийн
Тарган дарга нарын мэргэн ухаан
Эх орончийн дүргүй хийгдсэн
Эх орончийн хөшөө
Ямар ч амьд зүрх цээжинд нь лав үгүй
Янжинлхам бурханыг эзгүйд гэнэт босгосон
Яруу найрагчийнх гэхээсээ илүү
Ядуухан эр зудын дараа
Үлдсэн малаа тоолон суух шиг санагдана.

2000 он

Яруу найрагч П.Батхуяг
"Өнгөт ертөнц" /2004/ ном
47-48 дугаар тал.

0 Сэтгэгдэл:

Post a Comment