...ХАС ТЭМДЭГ, СТРУГАГИЙН ҮДШҮҮД БА ЕВРЕЙ ШҮЛЭГЧИД...


-МАКЕДОНЫ ТЭМДЭГЛЭЛ -

1.
Хүн гэдэг амьтан эх нутаг, төрөлх хот, орон гэртээ байхдаа огтын анзаараггүй байдгаа харь орон, бусдын нутгаар хэрэн хэсүүчлэн одооны хэлээр “жуулчилж” явахдаа мэдэрдэг аж. Нэг үгээр бол урьд өмнө олж хараагүй юм бүхэн сонин содон санагдахаас эхлээд хараагүй хүний сонсголын эрхтэн сайн хөгжсөн лугаа ажигламтгай болдог амой. Энэ бүхнийг Стамбул хотын түм түжигнэж бум бужигнасан онгоцны буудлын уудам саруул хүлээлгийн танхим дахь багшаархан цайны асарт суухдаа боджихуй. Ер нь онгоцны буудал, галт тэрэгний зогсоол болоод холыг зорьсон ихэнх газарт яарсан, үймсэн, сандарсан олон хүмүүсийг харахад хүн гэдэг амьтан үхдэггүй юм шиг, өвддөггүй юм шиг санагдах бүлгээ...
2.
Эртний Грекээс Энэтхэг хүртэлх уудам нутгийг байлдан дагуулсан Македоны Александр хааны төрөлх нутагт хөл тавина гэж би вээр төсөөлж ч явсангүй. Уг нь бол Македоны Александр хааны эзэлсэн эрхшээсэн газар орон их эзэн богд Чингис хааны байлдан дагуулсан газар нутгийн дөрөвний нэгд ч хүрэхгүй л дээ. Гэхдээ энэ тухай макендончуудад хэлбэл ёстой боож үхнэ. Цаадуул чинь Александр хааныг маань Холливуудынхан кинондоо үзүүлэхдээ гомо болгож харуулсан гээд маш ихээр дургүйцэн шүүх цагдаагаар явж байгаа юм билээ. Гэтэл бид Чингис хааныхаа Бөртэ хатанг янхан байсан гэж Бодров гэгч Оросын найруулагчаар гүтгүүлэн доромжлуулчихаад өнгөрсөн наадмаар урьж залаад л “Монгол” киноны хоёрдугаар анги гэгчид нь мөнгө төгрөгнөөс эхлээд хамаг юмаараа хандив өргөн ахин доромжлуулах гээд л хүлээгээд сууж байдаг. Ер нь бол жинхэнэ монгол хүн хэзээ ч хулгайч байгаагүй бас янхан байгаагүй гэлцэх юм билээ. Өнөөдөр хужаагийн эрлийз хурлийзууд л Улаанбаатарт биеэ үнэлээд, хулгай хийгээд явж байна шүү дээ. 
3. 
Грек, Албани, Болгар, Косова улсуудтай хиллэх Македон улсыг Балканы хойгоос баруун Европ руу нэвтрэх автомашины төв зам гарцаагүй дайрч гардаг. Манайхтай ойролцоо 2.5 сая хүн амынх нь хорин хувь нь лалын шашинт албаничууд, далан хувь нь христийн шашинт македончууд агаад үлдсэн арав орчим хувь нь христийн язгуурын шүтлэгт (ортадокс) серби, орос гэх мэт үндэстнүүд эзэлнэ.
Социалист нийгмийн үед Югославын холбооны улсын хамгийн хөдөө буйд буурай хөгжилтэй муж асан энэ улс газар нутгийн хэмжээгээр манай Сэлэнгэ аймагтай дүйж очно. Байгалийн хувьд хосгүй үзэсгэлэнтэй. Ой хөвч, өндөр уулс, уужим хөндий бүхий Македон улсын хөрс шороо нь шүдэнзний мод хаясан ч ургах үржил шимтэй. Хөдөө аж ахуй зонхилон тэр дундаа жимс жимсгэний тариаланг цэцэглүүлсэн жинхэнэ усан үзэмний эх орон юм. Иймдээ ч дарсны өлгий нутаг хэмээгджихүй. Уужим хөндий гэснээс адуу малын онцгой бэлчээр байсны ачаар Македоны морьт цэргүүд хүчирхэгжиж Балканы хойгийг тэр чигт нь эзлээд зогсохгүй Хималайн нурууг давж Энэтхэгт хүрсэн буюу. Хүнсний ногоо, үр тариа жимс жимсгэнээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад хөрш улсууддаа экспортолдог. Македон улсыг Газар дундын тэнгис, Эгейн тэнгис, Хар тэнгисийг машинаа хөлөглөн зорьсон Европын жуулчдын их урсгал дайран өнгөрдгийг дээр нэгэнтээ дурдсан билээ. Ийм учраас македончууд хүнд үйлдвэр байгуулъя гэж санаа зовох явдалгүй.
Монголчууд бид Македоноос ирэх зочид, жуулчдыг уул, ус үзүүлье гэж Тэрэлж энэ тэр лүү чирч явамгүй, хараа гүйцэхгүй уудам тал нутаг, говийн элсэн манхануудаараа аялуулахад л хангалттай юм билээ. Уул, ус гэснээс Македон улс ариун дагшин байгальдаа хор хөнөөлгүй усан цахилгаан станцуудаараа эрчим хүчний асуудлаа шийддэг юм билээ. Өнгөрсөн зууны дөчөөд онд Гитлерийн германчууд Македоныг эзэлмэгцээ нийслэл Скопье хотын дундуур урсах Вардар мөрний эхэнд байгуулсан усан цахилгаан станц гэхэд л сая гаруй хүнтэй хотоо өдий хүртэл гэрэлтүүлж байна.
Дашрамд хэлэхэд Скопье хотоос хорь гучаад мод газрын зайтай Матко Каньон гэх өндөр сүрлэг уулсын дундуур харааж загнах мэт түрэмгий урсах Вардар мөрний эргээс малгай шилэн хүзүүн дээр унам өлийж харахуйц эгц ханан хаднууд Америкийн гранд каньоныг эрхгүй санагдуулна. Сонирхсон хүн www.canyonmatka.mk гэсэн хаягаар ороод харчихад л нүд баясна. Үг олдож үхэр ч холдлоо. Дэлхийн яруу найргийн наадмууд дундаа нэлээд томд тооцогдох “Стругагийн үдшүүд” наадмыг 8-р сарын 20-ноос 27 хүртэл жил бүр зохион байгуулдаг. Македон улсыг товчхон танилцуулахад нэг ийм.
4.
Стамбулаас цаг гаруй нисээд Македоны их Александр хааны нэрэмжит (хэмжээгээрээ манай Чингис хаан буудалтай ойролцоо) нийслэл Скопье хотын нисэх буудалд газардав би вээр. Их Александр хааны нэрэмжит нисэх буудал гэсэн том хаягыг үзэхүй вээр Буянт-Ухаагаас илүү Чингис хааны нэрэмжит гэсэн нь оносон мэт. Сүхбаатарын талбай гэснээс Чингис хааны талбай гэх нь төгөлдөр. Чингис хаан хот гэх нь бүр яруу. Тэртэй тэргүй хар, шар Чингис гээд архи хүртэл зараад байхад. Хятадууд өнөө маргаашгүй Хөх хотыг Чингис хааны хот гээд нэршүүлэх гээд байхад чинь. Тэгээд Чингис хааны хотын төв талбайдаа Чингис хааны талбай гээд хаяг хадах гэж байхад. Зуун жилийн дараа Хөх хот гэдэг нэртэй байсныг бүх хүн мартана. Чингис хаан нэртэй хот байсан юм шиг л бүгд бодно. Бид Улаанбаатар хотынхоо унаган нэр Өргөөг тэр бүр санадаг бил үү. Ингэж бичихээр ардчиллынханд долигонолоо гэх биз. Тэртэй тэргүй Струга хотын Дрийм голын эргээр Чингис хаан гээд эрхий хуруугаа гозойлгон гүйх нүцгэн хүүхдүүд л лав Сүхбаатар гэж хэн болохыг мэдэхгүй.
Намайг олон улсын яруу найргийн наадамд оролцохоор хилийн дээс алхсан хойно зарим нэг найз нөхөд минь олон улсын “Болор цом”-д уралдах нь гэж ойлгосон бололтой амжилт хүссэн мессеж гар утсанд илгээснийг залруулмаар санагдаж байна. Тэр олон хэл, соёл, ёс заншил, шашин шүтлэгтэй яруу найрагчдыг уралдуулбал мянган жилдээ ч дуусахгүй маргаан дэгдэх нь дамжиггүй гэж бодсоор угтагсдын танхимд хүрэхэд Балканы хойгт амьдрах гурван монгол хүний нэг Намдагжанчивын Лийтэв хэмээх эрхэм хүмүүн тосов. Уран барилгач, зураач, зохион бүтээгч, яруу найрагч Лийтэв ах Македоны төв телевизээр нэгэнтээ ярилцлага өгөхдөө “Танаас өөр монгол хүн Балканы хойгт байна уу?” гэж сурвалжлагч асуухад “Надаас гадна миний хүү, бас ач хүү гэсэн гурван монгол л энд амьдардаг” гэж хариулсан юм билээ. Залуудаа “Найрамдал” зуслан, “Сөгнөгөр”-ийн амралт гээд олон бүтээн байгуулалтын архитектур зураг төслийг зохиож явсан Лийтэв ах бид хоёр англи хэл дээр гарсан шүлгийн түүвэр бүхий чемодан саваа чирсээр нисэх буудлаас гарахад хорь гучин хэмийн бүгчим халуун тосон авлаа. Энд өвөлдөө л гэхэд хасах тав, арван хэмээс хэтэрдэггүй нь жимс ногоо ургахад жигтэйхэн таатайг дээр хэлсэн билээ. 
5.
Олон улсын яруу найргийн наадмуудад мань мэт нь хуруу дарам цөөн оролцжээ. Литва улсад болсон “Яруу найргийн хавар” наадамд хэдэн жилийн өмнө зохиолч Г.Аюурзана андтай хамт оролцсон юм байна. Бас Солонгос улсад болсон наадамд нэг удаа оролцож Тайвань улсад болсон нэг наадамд оролцжээ. Ер нь боломж бололцоо байвал Монгол гэдэг нэрийг ертөнцийн сонорт хүргэж явмаар юм билээ. Литва улсад болсон яруу найргийн наадмыг гэхэд л тус улсын зохиолчдын эвлэл, соёлын яам нь бүрэн хариуцна. Иосиф Бродскийн хэлснээр “Яруу найрагчийн нийгмийн өмнө хүлээх цор ганц үүрэг бол шүлгээ сайн бичих явдал” гэдэг шиг л орон орны найрагчтай мөр зэрэгцэн хун галуу адил дуугаа нийлүүлэн яруу шүлгийг эгшиглүүлэх л үлдсэн дээ.
Литвачууд уригдан ирсэн хорь гучин орны найрагчийг өөрийн орны яруу найрагчдын хамтаар тав зургаан баг болгон хуваагаад бүхий л хот тосгодоороо аялуулан, уншигч, зохиолчдын уулзалт хийлгэж байлаа. Тосгоноос тосгон дамжин явахад тухайн тосгоны оршин суугчид номын сангийнхаа үүдэнд сүү, талхаа бариад тосох юм билээ. Эцэст нь нийслэл Вильнюс хотынхоо төв талбайд зочин найрагчид өөрийн шилдэг зохиолчдыг оролцуулсан том уншлагыг зохион байгуулж төв телевизээрээ шууд нэвтрүүлээд л гүйцээ. Энэ нүсэр арга хэмжээнд Литва улсын ерөнхийлөгч биечлэн оролцдог нь бүр уламжлал болсон юм билээ. Солонгосууд ч гэсэн яруу найргийн ийм уншлагуудыг хийсээр байгаад сурчихсан байна билээ. Тайваниуд ерөнхийлөгч, ерөнхий сайд, соёлын яамны сайдын хамт сууж байгаад шүлэг сонсохыг харах сайхан санагдсан шүү. Гэтэл монголчууд ярихдаа хүртэл шүлгээр ярилцдаг гэж хөөрцөглөх атлаа хэдэн компанийн хаалга сахиж уйлж дуулахаас наахнуур бадар барьж олсон хэдэн цаасаараа “Болор цом” энэ тэрийг зохиосноо яруу найргийг сурталчиллаа гэлцэх нь инээдтэй. 
6. 
Лийтэв ахтай хамт явсаар Скопье хотын төвд “Младиновын хотел” гэх дөрвөн давхар зочид буудалд ирж буув. Македоны залуучуудын төв байгууллагын зочид буудал хэмээн хаягныхаа дор тодотгон бичсэн байх ба өмнөө сүүдрэвч бүхий аятайхан ресторантай юм. Тэнд бид хоёрыг аяга кофе уухаар ороход “Стругагийн үдшүүд” яруу найргийн наадмын ерөнхийлөгч Славе Димоски болон гүйцэтгэх захирал Мите Стеофоски нар наадамд оролцогч яруу найрагчдынхаа товч танилцуулга, шүлэг бүхий эмхэтгэл номын хавтас, чимэглэл зэргийг зөөврийн цахим дээр шүүн ярилцаж суухтай таарч танилцав. Тус наадмын ерөнхийлөгч Славе бол багшийн мэргэжилтэй яруу найрагч хүн гэнэ. Гүйцэтгэх захирал Мите өнгөрсөн сонгуульд ялсан Ардын Ардчилсан намын гишүүн агаад товчхондоо сонгуулийн бялуунаас хүртэн захирал болсон Струга хавийн нэг жижиг тосгоны нөхөр юм байна. Яруу найргийн наадмын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлыг дөрвөн жилд нэг удаа Соёлын яам, засгийн газраас томилох ба гүйцэтгэх захирал цалин пүнлүүтэй юм байна. Тэгээд ч жил бүр болдог наадмын төсөв энэ тэрийг захирал зарцуулах эрхтэйгээс гадна хэнийг урих урихгүйг ч бас мэдэх эрх эдэлдэг юм байх. 
7.

Струга. Нийслэл Скопье хотоос 180-аад мод газрын зайтай. Хурдны замаар хэдхэн цаг давхиад Охрид нуурын эрэг эмжсэн энэ хотод хүрнэ. Хөвсгөл далай лугаа тунгалаг устай Охрид нуурын эрэг дагуу нэлдээ аялал жуулчлалын жижиг хотууд ярайна. Тэдний нэг бол Струга хот.
Энэ хязгаар нутаг Охрид нуурын нэг төрлийн загасы ходоодноос зөвхөн өвлийн улиралд л гаргаж авдаг сувдаараа дэлхийд алдартай. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хужаагаас хулхи сувд авчраад Охридын сувд хэмээн зардаг луйварчид ч бас гараад ирж. Хэмжээ дамжаагаараа Увс нуурын дайтай Охрид нуурын ус өдөр, шөнөгүй бүлээн байх тул нэг орсон бол гармааргүй. Иймээс ч баруун Европын жуулчид тэр дундаа голландчууд эргээр нь битүү шавчих юм билээ. Монголчууд маань очиж амрахад ч хоол, унд таарахгүй гэх зовлонгүй. Бас ч гэж үнэ мөнгөний хувь харьцангуй хямд. Турк энэ тэрийг бодвол. Охрид нуураас эх авсан Дрийм гол урдаас хойшоо Струга хотын дундуур урсах ба энэ гол дээгүүрх гүүрийг яруу найргийн гүүр гэж нэрлэдэг юм байна. Наадмын хаалт болох яруу найргийн нэгдсэн уншлага чухам л энэ гүүрэн дээр /хар үүрээр нүсэр тайз засч буйтай салхилж яваад би вээр таарсан бүлгээ/ болж орон орны найрагчид өөрийн хэлээрээ шүлэг зохиолоо дуудсанаар төгсөх ажгуу.
Струга хотын 150 гаруй мянган оршин суугчийн далан хувь нь өдгөө лалын шашинт албаничууд болжээ. Арван жилийн өмнө албаничууд огт байгаагүй гэж Македоны нэгэн яруу найрагч ярьж байлаа. Струга хотын даргаар лал шашинт албани хүн сонгогдсоноос хойш олон улсын яруу найргийн наадмыг байнга эсэргүүцэх болсон гэнэ. Түүгээр зогсохгүй мэдлэг боловсролгүй, хүмүүжилгүй албани залуус Струга хотын хувьсгалчдын хөшөөнүүдийг нурааж яруу найргийн цэцэрлэг дэх “Алтан титэм” шагнал хүртсэн яруу найрагчдын суулгасан модыг хугалж таниулах пайзыг нь хүртэл хуулаад авчихдаг болжээ. Иймээс зохион байгуулагчид яруу найрагчдын нэр бүхий пайзыг юмыг яаж мэдэхэв гээд гурван хувь захиалан хийлгэх болсон байна. Македончуудыг ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахтай давхцуулан хотын энд тэндгүй босгосон шовх оройтой суваргануудад байрлуулсан чанга яригчаар мусульман шашны мөргөлийн дууг тавьж эсэргүүцлээ илэрхийлэх нь энүүхэнд ажээ. Яруу найргийн гүүрэн дээр олон орны яруу найрагчид шүлгээ уншиж эхлэхэд “Аллаах” гээд шашны мөргөлийн дуу цуурайтан орилох нь чихэнд төвөгтэй. Надад ийм орилоонтой давхцуулан шүлэг унших нь НАТО-гийн цэргийн онгоцууд үндэсний цөөнхи албаничуудыг хавчлаа гэж худлаа шалтаг заан сербүүдийг устгахаар/ Белград хотыг бөмбөгдөж байгаа бөмбөгдөлтөн дор шүлгээ уншиж байгаа юм шиг л санагдсан. Гэтэл тэр тайзан дээр Албанийн яруу найрагч лал шашинт бүсгүй Флутура Ачка шүлгээ унших гээд сууж байдаг. Стругагийн лал шашинт албаничууд ийм л бүдүүлэг харанхуй хүмүүс юм билээ. Түүгээр ч барахгүй амьдардаг байшин бүрийнхээ үүдэн дээр Албани улсын далбааг энд албани хүн амьдардаг гэдгээ мэдэгдэх гэж намируулах юм. Тэд одоо Македон улсын Сенатад гишүүн болчихоод фракц байгуулан дураараа дургиж байгаа юм гэсэн. Харин ч македончууд тэвчээртэй хүмүүс юм.
Яруу найргийн цэцэрлэг гэснээс Аюурзана амьдралдаа би ийм сайхан цэцэрлэг үзээгүй гэж аян замын тэмдэглэлдээ бичсэн байсан. Үнэхээр тэгж хэлэхээс өөр аргагүй сайхан цэцэрлэг байсан шүү. Миний дуртай яруу найрагч И.Бродскийн нэр бүхий хүрэл пайзны дэргэд ургах мод тун өндөр болжээ. Харамсалтай нь энэ модыг Бродский өөрийн гараар суулгаж чадаагүй аж. 1991 онд НАТО-гийнхан Белградыг бөмбөгдөж эхлэхэд мань хүнийг Америкийн иргэн дайн болж байгаа Югославт очиж болохгүй гээд АНУ-ын элчингийнхэн Вена хотоос Нью-Йорк руу буцаасан гэсэн. Бродский Стругагийн “Алтан титэм” шагналаа биечлэн гардаж аваагүйн учир ийм аж. Гэвч Бродскийн өмнөөс наадмыг зохион байгуулагчдын тарьсан мод тун чиг сайхан ургаж. Стругагийн яруу найргийн наадмын тэргүүн шагнал болох “The Golden Wreath” буюу “Алтан титэм” шагналыг Аллен Гинзберг, Уйстен Хью Оден, Яннис Ричэс, Пабло Нэруда, Энченио Монталь, Андрей Вознесенский, Шимус Хини, Булат Окуджава гээд Нобелийн шагналтай, шагналгүй тавиад яруу найрагч хүртээд байна. Яруу найрагт донтсон мань мэт нь энэ олон яруу найрагчдын өөрийн гараар суулгасан мод бүхэнд хүрч зургаа авахуулж явах шиг аз жаргал байсангүй. Шашны хатуу ёс жаягтай гахай, тахиа шиг өсч үржимтгий Стругагийн лалын шашинтнууд л дэлхийн яруу найргийн наадмуудын сор болсон “Стругагийн үдшүүд наадам”-ын галыг унтраачихгүй л бол өөр юу ч унтрааж чадахгүй юм байна. Гэхдээ Македон улсын хүн амын 20 хувийг эзлэх болсон албаничуудын шашины муйхарлалын ар талд улс орнуудыг ардчилал нэрээр хооронд нь цус урсган алалцуулах сонирхолтой АНУ болон НҮБ-д сууж байгаа еврей хөрөнгөтнүүд буйг хэрхэвч мартаж болохгүй мэт ээ.
8. 
Стурагийн 52 дахь удаагийн яруу найргийн наадамд энэ жил 48 орны зуугаад яруу найрагч оролцов. Энэ олон найрагчдын байр, хоол, шагналт яруу найрагчдын ном, оролцогчдын эмхэтгэлийг хэвлүүлэх гээд нүсэр зардлыг Македон улсын засгийн газар гаргаж буйд бахархмаар. Гэтэл манай улсын соёлын яамны байж байгааг. Албан тушаалаасаа буусад сайд, дарга нар нь авилгын хэргээр цагдаа, прокурорын үүдэнд чулуу няслаад л... Финлянд улс “Нокиа”-гаараа, Солонгос “Самсунг”-аараа, Япон “Тошиба”-гаараа дэлхийд алдартай шиг Македон улс Струга хотод жил бүр зохиогддог олон улсын яруу найргийн наадмаа брэнд болгож чадсан байна. Гэхдээ зохион байгуулагчдын зүгээс улс бүхэнд байдаг яруу найрагч нэртэй тэтгэвэрийн хэдэн жуулчдаас аль болох салах гэж оролдож байгаа нь сайшаалтай. Аль нэг улсын яруу найраг, соёлын академи гэсэн сүржин нэртэй даржин үйл ажиллагаатай ТББ-ийн эзэн өвөө, эмээ нар яруу найргийн наадмуудыг хэссээр байгаад нурууг нь авчихаж. Монголоос ирсэн гэхэд “Мэнд-Ооёо сайн уу?” гээд л салахгүй байх жишээтэй. Өөр яруу найрагчид байдаггүй юм шиг л мөнөөх эмээ, өвөөнүүд бие биесээ сураглах юм. Тэгээд ч олон улсын яруу найргийн наадмуудад зөвхөн манай академи, байгууллагын зөвшөөрлөөр оролцох ёстой гэсэн монополь маягийн юмыг улс бүхэнд байх иймэрхүү хөгшчүүл тогтоочихсон байдаг бололтой юм билээ.
Македоны яруу найргийн наадмын зохион байгуулагчид өнгөрсөн жил Монголын яруу найргийн үдшийг яруу найраг шимтэгчдэд танилцуулсан юм билээ. Энэ жилийн хувьд Словений яруу найргийн үдэш болж байна. Яруу найргийн ордны арын задгай танхимд 22 цагаас Словенаас ирсэн дөрвөн яруу найрагч өөрийн улсыг танилцуулж шүлгүүдээ уншив. Дараа нь өнгөрсөн жил “Алтан титэм” шагнал хүртсэн Муггани Валли Серота гэдэг Өмнөд Африкийн яруу найрагчийн амьдрал уран бүтээлийг харуулсан баримтат кино үзүүллээ. Зайлуул арьс өнгөний эсрэг тэмцээд хамаг амьдралаа зориулсанд нь л шагнал өгдөггүй юм бол базаахгүй шүлэгч шиг санагдав. Дараа нь Македоны залуу яруу найрагчдын шүлэг уншлагын “Зогсохгүй” хэмээх үдэш эхэллээ. Нэг нэгээрээ гарч ирээд тасралтгүй хоёр гурван цаг уншчих юмаа. Зарим нь цээжээрээ дуржигнатал уншихад нэг хэсэг нь гар утасныхаа дэлгэцийг харж байгаад мессеж уншиж байгаа юм шиг унших аж. Бүр зөөврийн цахимаа тэвэрч ирээд уншиж байгаа хүн ч байх шиг. Тайзнаа үндэснийх нь домборхуу хөгжим, бас салтаан завсараа бөмбөр маягийн зүйл хавчуулсан эр, эм хоёр найрагч шүлгийнх нь хэмнэлээр аялгуу шууд зохион хөгжимдөж зарим залуу найрагчид хип хоп дуу үглэх шиг дуржигнуулсаар дуусав. Энэ үдэш би ч гэсэн Македоны залуу найрагчидтай мөр зэрэгцэн шүлэг уншсан билээ. 
9. 
Энэ жилийн “Алтан титэм” тэргүүн шагналыг хүртсэн Мексикийн яруу найрагч Хосе Эмилио Пачекод Охрид хотын Ариун Софийн сүм гэх сайхан байшинд шагнал хүртсэнийг зарлах ёслол болов. Энэ ёслолд Македоны ерөнхийлөгч оролцдог нь уламжлал болжээ. Юутай бахдам. Сонсох нь ээ шагналыг нь яруу найргийн гүүрэн дээр болдог хаалтын уншлагын үеэр гардуулах аж. Тэгээд ч македончууд энэ наадмыг 52 дахь жилдээ зохион байгуулж байгаа тул хөтөлбөр энэ тэрийг нэг их өөрчлөөд байх шаардлагагүй уламжлал болчихжээ. Миний бие Пачеко хэмээн энэ найрагчийн “Улаанбаатар” гэдэг нэгэн шүлгийг испани хэлнээс македон хэлнээ буулгасныг Лийтэв ахаар үгчлэн орчуулуулаад үнэхээр дур гутав. Хэлгүй, дүлий, халтар царайтай нэг монгол хүүхдээс яруу найрагч ойр зуурын юм асуусан чинь дув дуугүй байж байгаад морио унаад их талын зүг давхиад явчихлаа гэсэн утга бүхий шүлгэнцэр байв. Бодвол Монголд болсон дэлхийн яруу найрагчдын их хурал гэгчийн үеэр ирээд бичсэн бололтой. Маш утгагүй. Шүлэг ч гэж дээ.
Яруу найргийн наадамд оролцсон Хятадын хоёр яруу найрагчийн нэг болох Бэй Та гэх нууц нэртэй нөхөр “Энхбаяр ерөнхийлөгч шоронгоос суллагдсан уу? Дэлхийн яруу найрагчдын хурлын үеэр хамт зоог барьж байлаа. Гэрт хоноод хөлдөж үхэх шахсан” гэх мэтийн юм надаас асууж хэрдээ танай улсыг мэднээ гэх шиг онгироод авлаа. Мөнөөх олон улсын яруу найргийн фестиваль хэсэгчдийн нэг бололтой юм билээ. Нүүрэмгий гэж жигтэйхэн. Англи хэлний дүрэм энэ тэрд сайн бололтой ч хэллэг гэж ёстой авах юмгүй. Татаагаад хаяна. Харин Колумб улсаас ирсэн Рубен Дарио гэдэг яруу найрагч бид хоёр оросоор буу халж нилээд дотносов. Мань эр утга зохиолын салбар дахь Нобелийн шагналыг ямар хор найруулагаар зохиолчид авдаг тухай бүхэл бүтэн ном бичих хэмжээнд очсон мэдэгдэхүүнтэй нэгэн ажээ.
Нобелийн шагнал гэснээс энэ удаагийн яруу найргийн наадамд Хусто Хорхе Падрон гэдэг 1990 онд “Алтан титэм” шагнал хүртэж байсан Испанийн овоо нэг яруу найрагч төрхтэй нөхөр оролцож байна. Шүлгүүд нь ч шүлэг шиг унших нь ч үнэхээр яруу найрагч юмаа. Испанийн колони Канарын арлуудын нэгд 1943 онд төрсөн энэ яруу найрагчийн намтарыг үзэхэд 1983-1993 онуудад Испанийн уран зохиолын PEN клубын ерөнхий нарийн бичгийн дарга, 1982-1994 онуудад олон улсын яруу найргийн “Equikalepcias” сэтгүүлийг үүсгэгч, эрхлэгч, 1992-2002 онуудад Канарын арлуудын нэг Лас Палмас аралд зохиогддог олон улсын яруу найргийн наадмын ерөнхийлөгч, 1982 онд Мадрид хотноо болсон дэлхийн яруу найрагчдын 6-р их хурлын ерөнхий зохион байгуулагч, дарга гээд дандаа авсан шагналуудаа цувуулж бичсээр дуусгажээ. Яруу найргийн хэдэн ном хаана хэвлүүлсэн энэ тэр бол бүр сураггүй. Яриаг нь сонсоход энэ жил Нобелийн шагналд нэр дэвшсэн. Нобелийн шагналыг олгох хорооноос мэдээ хүлээж байгаа гэнэ. Урьд нь швед авгайтай байсан. Швед хэл мэднэ. Шведийн Нобелийн шагналын хороонд найзуудтай. Бас Мэнд-Ооёо зохиолчийн найз юм байна. Алдар нэр, шагналын тухай наадмын нэгэн оройн зоогийн турш иймэрхүү юм ярьсан нь надад ийм нэг гаж донтон болчих вий гэсэн айдас-сануулгыг сайтар ухааруулсан сайхан сургамж-дурсамж болсон шүү. Баярлалаа. Падрон гуай. Манай Монголын найрагчдын хөөрүү онгиргон зан олон улсын найрагчдын ааш авирын дэргэд юу ч биш юм билээ. Хэ хэ хэ.
10. 
Македоны соёлын яамны сайд бүсгүй бээр яруу найрагчдыг хүндэтгэн бидний буудалласан “Дрийм” зочид буудлын задгай тавцанд хүлээн авалт хийв. Наадмын ерөнхийлөгч Славегийн дотны урилгаар хоёр дахь удаагаа оролцож байгаа Татьяна Данильянц гэдэг хүүхнээс өөр хүн Оросоос ирээгүй юм байна гэж сэтгэл дундуур байсан миний хувьд энэ хүлээн авалт ёстой нэг нарыг минь гаргалаа. Нэг хартал эргэн тойрон Оросын зохиолчид. Сахал, үсэндээ баригдсан жинхэнэ яруу найрагчид байх чинь вэ хө. Оросын зохиолчдын арав гаруй хүнтэй баг Балканы орнуудад амьдардаг нутаг нэгтэнүүдтэйгээ уулзалт хийнгээ аялж яваа юмсанж. Тэд ч намайг Монголоос ирснийг сонсоод сүйд болж байна. Андрей Шербак-Жуков гэдэг миний үеийн сахалтай бүдүүн орос найрагч анд нөхөр Хүчитхарыг минь хүртэл асууж сураглаад л. Москвад хамтдаа ВГИК буюу Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд сургуулийг төгссөн л гэнэ. Санкт Петрбург, Москва, Урал, Ташкент, Киев гээд нэлээд хэдэн хотын зохиолчдын байгууллагын төлөөлөгчид яваа юм байна. Тэр жил Улаан-Үдэд “Байгаль” сэтгүүлд гарсан шүлгүүдийн орос орчуулгыг авч өөр өөрийн хотынхоо уран зохиолын сонин, сэтгүүлд хэвлэх юм болов. Мөн шүлгийн орчуулгынхаа цахим хувилбарыг шүлгүүдийг минь орос хэл рүү гайхалтай буулгасан “Хүрээ хөвгүүд” уран зохиолын бүлгэмийн гишүүн Б.Бадралын хэвлэхийг зөвшөөрсөн зөвшөөрлийн хамт яаралтай илгээхийг хүссэн болой. Тэгэхгүй бол “Байгаль” сэтгүүлийн зүгээс хэл ам хийгээд салахгүй гэнэ.
Энэ хүлээн авалтын үеэр Оросын яруу найрагчдын бас нэг төлөөлөл болох /Стругагийн наадмын/ Лиля Газизова гэдэг татар үндэстэн яруу найрагчтай танилцав. Лиля бүсгүй наадмын туршид өөрийгөө Татарстанаас ирсэн яруу найрагч гэж дуун цацруулагчаар нэг зарлаад уулзсан хүн бүхэнд тэгж танилцуулж байсан ч Оросын яруу найрагч гэж македончууд эцэст нь олон түмэнд танилцуулахад инээд хүрч билээ. Тусгаар Монгол улсын иргэн байсан минь юутай их аз завшаан бэ. Яруу найргийн гүүрэн дээр болсон хаалтын уншлагын дараа Лиля бүсгүй надад хандан “Эрчүүдээс чамайг, эмэгтэйчүүдээс намайг хамгийн сайн шүлгээ уншлаа” гэж цаагуур чинь ярьж байна гээд цайлганаар инээмсэглэсэн юм даа. Лиля Газизова жил бүр Татарсаны нийслэл Казань хотод агуу их яруу найрагч Велимир Хлебниковын нэрэмжит олон улсын яруу найргийн “Ладомир” гэдэг наадмыг зохион байгуулдаг гэнэ. Велимир Хлебников бол мөнөөх их Маяковскийн багш бөгөөд Оросын сэтгэлгээний яруу найргийн эцэг, яруу найрагчдад зориулагдсан яруу найрагч гэдгийг манай яруу найрагт шимтэгчид андахгүй. Хлебников арваад жил Казаньд амьдарч байсан учраас татарууд мань хүнийг ийнхүү өмчлөх болжээ. Энэ жилийн наадам нь 12-р сарын 1-нд болно. Москвагаар дайраад ирэх бол Оросын яруу найрагчидтай хамт галт тэргээр ирэгтүн. Казаньд байх бүх зардлыг бид даана гэж байлаа. Лиля бүсгүйн нөхөр одоогоор Москвад амьдарч байгаа. “Современная поэзия” сэтгүүлийн эрхлэгч бас яруу найрагч хүн юм байна. Би ч Хлебниковын шүлгүүдэд нугасгүй дуртайг хэлэхүү. Явна байгаа хэмээн боджихуй тэрхэн зуурт. Андрей Шербак-Жуков, Александр Гриценко, Алексей Филимонов гээд Оросын яруу найргийн шинэ үеийн төлөөлөгчид дор бүрнээ нэг нэг сонин, сэтгүүлд ажилладаг учир Стругагийн яруу найргийн наадам, Македон орны тухай тэмдэглэл бичих даалгавартай гэнэ. Яруу найргийн наадмын ихэнх арга хэмжээнүүд үдээс хойш оройхон явагдах тул өдөржин Охрид нууранд шумбан сэрүүцэж жуулчин лугаа амарч хэвтэв. Ийнхүү шумбан сэрүүцэх зуураа Украйнаас ирсэн яруу найрагч Андрей Любка гэдэг залуутай танилцав. Украйн улсын нийслэлд жил бүрийн тавдугаар сард “Киевский лавр” гэдэг олон улсын яруу найргийн наадам болдог юм байна. Бас урьж байна. “Монголд ийм олон улсын наадам болдог уу?” гэж асууж байна. Болдог оо л гэлээ. Тэр мөчид “Нээрээ соёлын яам энэ тэрээр явж олон улсын наадмыг зохиохоор хөөцөлдье байз. Яаж хүн болгонд худлаа яриад явахав дээ” гэсэн бодол төрж байлаа.
Дашрамд хэлэхэд энэ Андрей Любкагийн шүлгэнд ч, Газизовийн шүлгэнд ч, Македоны залуу найрагчдын шүлгэнд ч алуурчин, компьютер, интернэт, фейсбүүк гэсэн үгс маш их хэрэглэгдэх болж. Цаг үеийн нөлөө юм байлгүй. Монголчууд ер нь нэг сайхан үндэсний яруу найргийн олон улсын наадамтай болмоор юм байна. Бид чинь их Монгол улсын голомтыг сахисан үр хойчис шүү дээ. Монголын эзэнт гүрэн гэснээс Македоны нэгэн яруу найрагч “Шүлэг уншихыг чинь чагнахад Хүннү хэл ийм байдаг болов уу гэж бодогдлоо” гэсэн юм. Тэгтэл нээрээ Хүннү хэл гэдэг чинь юу билээ гэж бодогдсоныг яана. Тийм л эрэлхэг дайчин, уухай дуудлага шиг сонсогдсон юм байлгүй. Хүннү хэл гэснээс Сенегалын Усман Сарр Саррус гэдэг яруу найрагч залуу францаар л шүлгээ уншаад явах юм. Энэ хар нөхөр Стругагийн наадмын үеэр шилдэг залуу яруу найрагчид олгодог ЮНЕСКО-гийн шагналыг хэдэн жилийн өмнө авсан учраас тус наадамд хүссэн үедээ уригдаж ирэн оролцох эрхээ хоёр гурван жил эдэлж яваа юм байна. Энэ жилийн шилдэг залуу найрагчийн шагналыг Македоны яруу найрагч бүсгүй Николина Андова “Эсрэг талаас нь орохуй” номоороо хүртэнэ билээ. Усман Сарр Саррус найрагчаас “Сенегал хэлээрээ шүлэг бичдэг үү?” гэж асуутал төрөлх хэлээ мэдэхгүй гэсэн нь өрөвдөлтэй санагдаж байлаа. Африкийн Сенегал улс Францын колони болоод хэдэн зуун жил өнгөрчээ. Тэгээд л хар царайнаас өөр юу ч үлдсэнгүй. Бид ч хажууд нь хэдэн мянган жилийн үүх түүхтэй, хэлтэй бол хэлтэй, малтай бол малтай, туурга тусгаар улс шиг улс юм. Үүнийгээ л алдчих вий. Ээ дээ хичээмээр байна шүү. Та минь ээ. 
11. 
Хас тэмдэг ба Еврей яруу найрагчид гэдэг нэг асуудал байгаа. Миний бие “Хөх Монгол” бүлгэмийн хүндэт гишүүний хувиар гал, нар, сар бүхий билэгдэлтэй хас тэмдгийг зүүх болоод удаж байна. Европын ихэнх улсад Гитлер ахтай холбоод хас тэмдэг хэрэглэхийг хориглосон билээ. Гэвч энэ бол Европт байгаа еврей нарын явуулга гэдгийг энэхэн хэд хоногт биеэрээ мэдрэвээ гэж. “Алтан титэм” шагналтан Х.Э.Пачеко найрагчид хүндэтгэл үзүүлэх уншлагыг Стругагаас холгүй нэгэн сүмийн гадаа талбайд хийв. Энэ уншлагын үеэр миний бие ар нуруундаа уйгаржин үсгээр “Монгол” гэж бичсэн өмнөө хас тэмдэг бүхий тэнгэрээс цахих цахилгаан лугаа монгол шүлгийн шадыг урсгасан футболк буюу богино ханцуйтай цамцыг Монголд байдаг шигээ санан өмсөөд тууж очсон юм. Бас болоогүй хүзүүндээ хас зүүлттэйгээ гэж байгаа. Шүлгээ унших яруу найрагчдыг Македоны телевизийн зураглаачид зураглан зурагтаар шууд дамжуулж байсан юм байж.
Шүлэг унших миний ээлж ирж “Ганцаардал” гэдэг шүлгээ уншаад орхив. Яруу найрагчид ч сайхан уншлаа гэж баяр хүргээд сүйд болж байна. Гар хөл бариад. Миний ар дээр Израйль улсаас ирсэн яруу найрагч Амир Ор гээч нөхөр гарч ирээд Герман цэргийн офицерийн тухай шүлэг уншив. Тэгснээ л ийш тийш босон харайж гүйгээд нэг л бишээ. Лийтэв ах төд удалгүй надад хэлж байна. Цаад еврей чинь Монголын яруу найрагч фашизмыг сурталчиллаа, Израйлийн яруу найрагчид бид эсэргүүцэж байна гээд зохион байгуулагчид руу хашгираад салахгүй байна гэнэ. Израйлийн яруу найрагчид гэдэг нь мөнөөх Амир Ор гэгч. Энэ хүн Стругагийн наадамд зургаа дахь жилээ ирэн оролцож байгаа юм гэсэн. Ямар учиртай юм бүү мэд. Бодвол зохион байгуулагчидтай их л холбоо сүлбээтэй бололтой. Эсвэл Израйльд өөр яруу найрагч байдаггүй юм байлгүй. Нөгөө нэг эсэргүүцэгч нь Хава-Пинхас Кохен гэдэг Израйлийн бас нэг төлөөлөгч эмээ л дээ. Өнгөрсөн хугацаанд еврейн уран зохиолыг гүйцэх агуу уран зохиол энэ дэлхийд байхгүй гэсэн утга бүхий урт илтгэлийг уншигч, сонсогч олныг залхтал тавьсан авгай. Ямар сайндаа л илтгэлийг нь сонсч байсан зохиолчид цувран гарсаар байгаад зохион байгуулагч хүүхэнтэй хамт хоёулхнаа үлдэхэв хурлын танхимд.
Яруу найргийн уншлагын дараа би вээр наадмын зохион байгуулагчдад болон израйлийн яруу найрагчдад яагаад хас тэмдэг хэрэглэх болсон тухайгаа болон хас тэмдгийн үүсэл гарлын тухай удтал тайлбарлан ойлгуулав. Хас тэмдэг нь Адольф Гитлер энэ хорвоод төрөхөөс хэдэн мянган жилийн өмнө үүссэн тухай түүхийн хичээл заах дөхөж билээ. Еврей нар мэдэхгүй царайлахыг нь бодвол тас гүрийхээр шийдсэн бололтой. Хоёулаа их, дээд сургуульд түүх, уран зохиолын лекц уншдаг цал буурал үстэй доктор, профессорууд байж хас тэмдгийг Гитлер зохиосон гээд дунд сургуулийн хүүхдүүд шиг аашлахад нь инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг. Одоогийн Америк орныг мөнгөний хүчээр атгасан хэдэн еврей дэлхий ертөнцийг даяаршил нэрийн дор яаж цустай нь хутгаж үндэстэн, ястануудыг хагалан сөнөөж байгааг бид цөм мэднэ. Нээрээ манайд еврей хүн байдаг бил үү гэж хүртэл бодогдов. Аа тийм. Тал нь еврей, тал нь монгол нэг нөхөр бий. Сонгуулийн үеэр энэ нам ялна, тэр нам ялахгүй юм байна гээд яриад явдаг юм. Мөн еврей гэснээс Москвад Горькийн утга зохиолын дээд сургуульд Оросын төрийн соёрхолт яруу найрагч Евгений Рейн багшийн яруу найргийн семинарт нэг жил суух завшаан надад олдсон юм. Рейн багш бол агуу А.Ахматовагийн гарын шавь. Нобелийн шагналт Бродский ч бас Ахматовагийн гарынх нь шавь билээ. Рейн багш бүтэн жилийн турш семинар дууссаны дараа “Галсансүх ээ багш даа нэг хоёр зуун рубль байвал зээлээч ном авах гэсэн мөнгө хүрдэггүй ээ” гээд мөнгө надаас авдаг байлаа. Нутаг буцах гээд ээж, эхнэр хүүхдээ дагуулаад Горькийн сургуулиа танилцуулж явтал Рейн багшийн сургуулийн гадаа халз таарч цөмөөрөө дурсгалын зураг татуулав. Зураг авахуулсны дараа “Багшдаа мянган рубль зээлээч нөгөөдөр өгье” гээд мөнгө авч билээ. Маргааш Монгол руу нислээ гээд байхад л нөгөөдөр өгнөө гээд мөнгө авч байгаа юм даа. Асуудлын гол нь мөнгөндөө ч биш. Еврей хүний мөн чанарт л байгаа юм. За энэ ч яахав. Мөнөөх Израйлийн яруу найрагч Амир Ор гэгч дараа нь найрамдал энэ тэр гэж бичээд гарын үсгээ зурсан шүлгийн номоо надад дурсгасан л даа. Манай улсад ардчилал хөгжсөн. Хувь хүний юугаа өмсөж зүүхийг хориглосон хууль байхгүй. Энэ тэр гээд хүний эрхийн тухай хэлж, бас хас тэмдэгийн тухай үүх түүх амыг нь ангайтал ярингуут ичээ биз.
Үүнээс гадна Лийтэв ахын минь найз Швед улсад амьдардаг Македон Огин Наке гэдэг үндэснийхээ эрх ашгийг хамгаалан тэмцэгч угсаа гарвал түүхээ маш их судалдаг нөхөр Стокольм хотын жүүдийн сүмийн оройд хас тэмдэг байдгийг интернэтээс татаж аваад мөнөөх еврей найрагчдад үзүүлэн амыг нь тагласан билээ. Харин зохион байгуулагчид еврей найрагчийн бухимдлыг Охрид нуурын нөгөө эрэгт зохиогдсон дарсны тухай шүлгийн уралдаанд түрүүлүүлэн намжаах шиг болсон доо. Уг нь энэ уралдаанд зориулан Охрид нуурын нөгөө эрэг рүү усан онгоцоор аялах үедээ би вээр “Македон дарсны магтаал” гэдэг сүртэй шүлэг бичэн Лийтэв ах минь хичээнгүйлэн македон хэл рүү буулгасан билээ. Еврей найрагч Амир Ор “Hot Drinks, Empty glasses” гэж уншсаар том торхтой дарсаар шагнуулж байхад македончууд надад “Манай улс “Македон дарсны магтаал” гэдэг сайхан шүлэгтэй үлдлээ. Чиний шүлгийг заавал сонинд хэвлүүлж македончуудад хүргэнэ” гэж хэлж байсан нь сайхан санагдаж байсан юм. 
12.
“Мандухай сэцэн хатан” кинонд дөрвөн Ойрадын Иштөмөр жанжин “Цаадуулд чинь жанжин хэвтэй юм байна уу” гэж асуугаад нүцгэн цээжээ илэн хэг хэг инээдэг хэсэг байдаг. Түүн шиг Македонд яруу найрагч хэвтэй нэг эрхэм хүнтэй танилцав. Тэр өвгөнийг Радован Павловский хэмээнэ. Одоо ная дөхөж яваа гэхэд хөнгөн шингэн, цагаан толгой, шавилхан туранхай бие гээд яах аргагүй их яруу найрагч Нямбуугийн Нямдорж багшийг минь санагдуулсан өвгөн. Г.Аюурзана нэгэнтээ багшийг минь “Альберт Эйнштейнтэй адилхан өвгөн” гэж хэлсэн байдаг билээ. Түүн лугаа гэвэл зохилтой. Яруу найрагч Радован Павловский аливаа зүйлийг эсэргүүцэх мэт өөр талаас нь ярьдагаасаа болж Македондоо ааш муутай гэж адлуулдаг гэнэ лээ. Македоны одоо байгаа найрагчдаас хамгийн агуу нь гэж Лийтэв ах минь тодорхойлсон. Бас хамгийн дуртай найрагч минь гэсэн юм. Наадмын үеэр “Македоны орчин үеийн шилдэг яруу найраг” номын нээлт зочид буудлын ар талын задгай талбайд болов. Македончууд ч номын нээлтэд битүү цуглажээ. Нутгийн гуч гаруй яруу найрагч хоёр цаг гаруй шүлгээ уншицгаав. Мөнөөх Радован найрагч сүүл хавьцаа гарч ирэн шүлгээ уншсан юм. Үзэгчид ч алга нижигнүүлсээр ахин нэг шүлэг уншуулав. Энэ уншлаган дээр түүн шиг их алга ташуулж шүлгээ хоёронтоо уншсан өөр найрагч тодроогүй билээ. Өвгөн найрагч Павловский нэг хэсэг орох оронгүй ядарч явахдаа “Би Македон улсгүй амьдарч чадна, Македон улс харин надаар дутна” гээд томорч явсан байна. Жинхэнэ найрагчийн характер гэх үү дээ. Байр өгөөч гэж хэлж чадахгүй нэрлэхэхдээ л тэгж хэлсэн байх л даа.
Маргааш нутаг буцлаа гээд сэтгэл гэгэлзсэн орой Скопье хотноо мөнөөх “Младинов”-ын зочид буудлын задгай ресторанд зохион байгуулагчид үдэлтийн зоог барив. Зүгээр нэг зоог барьсангүй. Хөтлөгч дуун цацруулагч энэ тэртэй сүүлчийн удаа яруу найргийн уншлага хийцгээсэн юм. Миний бие “Р.Чойномд бичсэн захидал” шүлгийнхээ утгыг Лийтэв ахаар македон хэлээр тайлбарлуулан уншихад Павловский найрагч надад “Би баруун Македоны өндөр уулсын өвөрт төрсөн хүн. Монгол орныг өндөрлөг газар байдгийг мэднэ. Тийм учраас бид хоёрын хурц зан ааш адил биз. Чойномд зориулж чи шүлэг бичсэн учраас түүнд тохиолдсон шиг орон шоронгийн зовлон чамд тохиолдохгүй” гэж хэлж билээ. Таны шүлгүүдийг монгол хэл руу орчуулмаар байна. Орос, англи хэл дэр гарсан номуудаа өгөөч гэхэд “Миний шүлгийн хоёр ч ном франц хэл дээр гарсан, орос хэл дээр олон ном орчуулагдсан” гээд тэс хөндлөн хариулт өгч билээ. Гэхдээ өвгөн найрагчийн зөв юм даа. Яруу найрагчийн этгээд ааш аа гэж...
Тэр орой наадмын гүйцэтгэх захирал Мите Стефовски надтай уулзаад “Манай яруу найргийн наадамд шүлэг яаж уншдагийг, Монголын залуу үеийн яруу найраг дэлхийн түвшинд хүрсэнийг мэдрүүлсэн чамд баярлалаа” гэхэд нь “Зарим нэг яруу найрагч зочдын тань тав тухыг алдуулсан бол уучлаарай” гэж санаа зовнин хэлсэн юм. Гэтэл “Харин ч сонирхолтой амьд наадам болгосон чамд баярлалаа” гээд славян хүний цайлган зангаар хүд хүд инээн халуун дотноор гар барин салсан бүлгээ. Славян хүний цайлган зангаар гэснээс Стругагаас хөдлөх сүүлийн өдөр бүх зочин найрагчдыг хэд хэдээр нь жижиг автобусанд хуваарилан суулгаад орон нутгийн хотуудаар явуулан шүлэг уншуулахаар болов. Польш найрагч Стефан Юрковский, Словен найрагч Милан Деклева эхнэрийн хамт, Туркийн найрагч Абдула Сатоглу, Жаки Аксингин, Лийтэв ах бид хэд баг болон Скопье хотоос дөчөөд мод газрын зайтай Куманова гэдэг хотод хүрч очлоо. Биднийг Куманова хотынхон найрсагаар зочлон нэгэн оройг хамтдаа шүлэг, дуу хөгжимд умбан өнгөрөөсөн ба оройн зоогийн ширээний ард Македон даяар нэрд гарсан ардын дуучин Нинослав гэдэг бахим эр “Дөчөөд оны эхээр манай хот руу Германы цэргүүд хар шөнөөр орж ирээд крилл үсэг уншиж чадахгүй болохоороо хотын маань нэрийг Куманхоба гэж уншчихаад төв Африкт ирчихжээ бид гээд хөглөж байсан юм” гэснээ бас л Мите Стефовски шиг хүд хүд инээж билээ.
Миний бие маргааш өглөө нь их Александрын онгоцны буудлаас Туркийн өвгөн найрагчидтай дөрөө харшуулан Станбул руу хөдөлснөөр аялал минь өндөрлөв. 

Жич: Өнгөрсөн жил “Бурханд хэлэх зөвлөгөө” ном минь “Адмон” хэвлэлийн газарт “Advise to God“ хэмээгдэн англи хэл дээр хэвлэгдсэн билээ. Манай улсын урдаа барьдаг англи хэлний залуу дуун хөрвүүлэгчдийн нэг, авьяаслаг яруу найрагч Ганбатын Дэлгэрмаа бүхэл бүтэн таван жилийн туршид нөр их хичээл зүтгэлээр орчуулсныг миний бие Стругагийн яруу найргийн нааадамд оролцогчдод бэлэглэхээр авч явсан юм. Авч очсон 60 гаруй шүлгийн түүвэр наадмын эхний өдөр л эзнээ олж үлдсэн хэд хоногт бэлгэнд ном авч чадаагүй найрагчид англи хэл дээрхи номоо бэлэглээч хэмээн амар заяа үзүүлээгүй билээ.

Яруу найрагч Б.Галсансүх
2013 он

0 Сэтгэгдэл:

Post a Comment