Зохиолчид эвлэлээ шинэчилье гэвэл хандлагаа өөрчлөх хэрэгтэй

Зохиолч Цэнд-Аюушийн Буянзаяа өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрогт нэр дэвших үедээ “Маргааш дахин нар мандана” гэсэн уриа дэвшүүлсэнийг сонсоод би “Зохиолч хүн л улс төрийн сонгуульд ийм уриа дэвшүүлнэ дээ” гэж бодож билээ. Харин түүнийг “Монголын уран зохиолын түүхэн товч” хэмээх хоёр боть ном бичиж, эхний ботио хэвлэлээс аваад буйг нь дуулаад Монголын уран зохиолын өчигдөр, өнөөдөр, бас маргаашын талаар хөөрөлдөхөөр шийдсэн юм. 
Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос зохиолчид нийслэл хотноо цуглан, МЗЭ-ийн их хурлаа хийж буй энэ өдрүүдийг таширлан, Монголын их утга зохиолын дэлгэр түүхийг шинээр товчоолон бичсэн Ц.Буянзаяа зохиолчтой уншигчдаа уулзуулж байна. Тэрбээр уран зохиолын түүхэнд “Ерээд оныхон” хэмээн нэршсэн нэгэн сонирхолтой үед хамаардаг уран бүтээлч билээ. 


Ц.Буянзаяа: 
Зохиолчид эвлэлээ шинэчилье гэвэл хандлагаа өөрчлөх хэрэгтэй хэрэгтэй


-“Ерээд оныхон” гэж утга зохиолын нэгэн үе байсан нь өдгөө нэгэнт хүлээн зөвшөөрөгджээ. Энэ хуран үймээний дотор явсан хүний хувьд та бүхэн тэр үед тунхаглаж, хүсэн зорьсон зүйлдээ хүрсэн гэж боддог уу?
-Бидний үеийнхэн 17, 18 настайгаасаа л өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, уран зохиолын амьдралд идэвхтэйгээр орж ирсэн. Тухайн цаг үе бол шилжилтийн нийгэм байсан. Хүмүүс ямарваа зүйл дээр санал бодол зөрөлдөх, ойлголцох, үл ойлголцох, үл хүлээн зөвшөөрөх хандлагууд байсан. Ийм хандлагууд одоо ч байгаа. Өнөөдрөөс эргээд харахад хувийн ашиг сонирхол гэхээсээ цэвэр уран бүтээлийн язгуур эрх ашгийг тэргүүнд тавьсан, явцуу эрмэлзлэлээс ангид хөдөлгөөн өрнөж байж дээ. Хүн төрөлхтний уран зохиолын маш олон дэвшилтэт чиг хандлагууд социализмын хөшигний ард орчихсон байсан. Тиймээс бид шинэчлэл хийж, уран зохиолд олон ургалч үзэл, олон урсгал чиглэлийг бий болгохыг эрмэлзсэн юм.
Ер нь ерээд онд Монголын уран зохиолд шинэчлэл хийгдчихсэн. Одоо шинэчлэлээ цааш гүнзгийрүүлэн хөгжүүлэх, үндэснийхээ уран зохиолын онцлогийг тод тусган харуулсан бүтээл туурвих шаардлага урган гарч ирлээ. Уран зохиолд хэдхэн жил болоод л шинэчлэл гэж хашгираад байдаг юм биш. Энэ бол өөрийн зүй тогтолтой зүйл. Ер нь шинэчлэл гэдэг өөрөө уран зохиолын гол асуудал ч биш. Уран зохиол бол тогтмол. Шигшмэл алт мэт бүтээл хэзээ ч үнэ цэнээ алдаж хуучирдаггүй. Өнөөдөр хичнээн шинэчлэл гэж орилоод уран зохиолын сонгодог бүтээл болсон Монголын нууц товчоо хийгээд бусад зохиолуудыг давж гарахгүй.
-Та Монголын Уран зохиолын ертөнцөд 20 гаруй жилийн турш амьдарлаа. Энэ хооронд шүүмжилж, шүүмжлүүлж явсан нь ч их байх. Хар цагаанаа дэнсэлвэл өчнөөн л зүйл өгүүлж болно. Гэхдээ энэ хэмжээний даацтай судалгааны бүтээл туурвих сэдэл, шалтгаан арай өөр зүйл байх нь ойлгомжтой?
-Миний хувьд энэ бол мэргэжлийнхээ ажлыг хийж буй явдал юм. Монгол хэл, утга зохиол судлалын мэргэжлийг эзэмшиж, магистрын зэрэг хамгаалсан үеэсээ хойш би энэ салбарт тасралтгүй ажиллаж ирсэн. Ер нь гадаад орнуудын уран зохиолын түүх, тоймтой харьцуулахад манайд олон зүйл учир дутагдалтай байгаа нь анзаарагддаг. Бидний уншиж ирсэн, ахмад судлаач, уран бүтээлчдийн маань тойм, судлалын ажлууд үзэл суртлын нийгэмд бичигдсэн учраас дотоод үзэл санаагаа бага гаргасан, цаг үедээ тааруулсан хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл судлаач өөрийнхөө чадамж, боломжоо бүрэн төгс илэрхийлж чадаагүй нь анзаарагддаг. Энэ нь цаашид Монголын уран зохиолын гүн дэх нарийн нандин зүйлс, сэтгэлгээний өвийг хадгалан авч үлдэх, хөгжүүлэх, ойлгох боломжийг хааж буй юм. Ингэхээр Монголын уран зохиолын түүхийг шинээр авч үзэж, тоймлон бичих асуудал зайлшгүй урган гарсан. Үүнийг барьж авч, бичиж, судалж буй хүмүүс бий байх л даа. Миний хувьд энэ орон зайг олж хараад, ямар нэгэн үзэл сурталгүй, цэвэр уран бүтээлчийн нүдээр монголын уран зохиолын тоймыг бичье гэсэн эрмэлзлэл төрсөн. Нэг талаас мэргэжлийн ажлаа хийсэн, нөгөө талаас уран зохиолыг түүхийг шинэ төвшинд авч үзэх орчин үеийн шаардлагыг биелүүлсэн хэрэг. 
-Монголын уран зохиолыг тоймлон бичих явдал нь уринаасаа угтай, хэзээнээсээ хэвтэй зүйл. Эдгээрт хэдийгээр шашин, үзэл сурталын нөлөө буй ч гэсэн ерөнхий тойм, үр дүнг нь хэрэгсэхгүй өнгөрч болохгүй. Тэдгээр уран зохиолын тоймоос таны шинэ бүтээл юугаараа онцлог, давуу талтай вэ?
-Ер нь Монгол Уран зохиолыг тоймлон бичих явдал XX зуунаас цэгцэрч ирсэн. Энэ ажлыг манай нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн ерөнхийд нь эхлүүлсэн гэж үзэж болно. Ц.Дамдинсүрэн гуай Монгол уран зохиолын түүхэн тоймын эхний ботийг өөрөө бичиж, бусад эрдэмтэдтэй хамтран дараагийн хоёр ботийг эмхэтгэсэн байдаг. Энэ бол Монголын уран зохиолын анхны, томоохон тойм. Энэ тоймын гол онцлог нь Монголын Уран зохиолын түүхэн дурсгалуудын эх сурвалжийг олж тогтоох, тэдгээрт хөндсөн үзэл санааг нь тоймлон авч үзсэн явдал. Ц.Дамдинсүрэн гуай уг номонд уран зохиолыг тоймлон бичих хоёр аргын талаар дурьдсан байдаг. Нэгдүгээрт, олж цуглуулсан өвөө цэгцлэн судалж, нэгтгэн гаргах, хоёрдугаарт, уран зохиолын бүх үеийн өв дурсгалтай танилцсаны үндсэн дээр цаг үеийнх нь онцлогийг тодруулж, уран зохиолын сэтгэлгээний ололтой уялдуулан туурвил зүйн онцлогийг нь авч үзэх. Ц.Дамдинсүрэн гуайн хувьд сүүлийн аргыг хэрэглэх нь тухайн нийгмийн байдлаас шалтгаалан боломжгүй зүйл байсан. Тиймээс ч өв дурсгалуудаа ямартай ч эмхэтгээд авъя гэсэн бодлого барьсан нь харагддаг.  Үүний дараа Цэдэнсодном гуайн “Монголын уран зохиол. 13 дугаар зуунаас 20 дугаар зууны эх” гэж бүтээл бий. Энэ бол эх сурвалж талаасаа нэлээд дорвитой судалсан бүтээл. 
Миний хувьд энэхүү тоймыг бичихдээ, нэгдүгээрт,  эх сурвалж судлалын асуудал манайд нэлээд сайн хөгжсөн гэж үзээд цэвэр уран зохиолын шинжлэл буюу манайд нэлээд хоцрогдоод буй туурвилзүйн салбарыг барьж бичсэн. Монголын уран зохиол туурвилзүйн талаас ямар хэв шинжүүдтэй юм, сэтгэлгээний уламжлал шинэчлэлийн ямар уялдаа холбоо байна вэ? гэдгийг чухалчлан үзсэн. 
Хоёрдугаарт, түүхэн үечлэлийн хувьд өөр байгаа. Манай өмнөх тоймууд цаг үеийнхээ  хандлагад таацуулж үечилсэн нь бий. Миний гаргаж тавьж буй үечлэлийн хувьд ямарваа уран бүтээлийг тухайн цаг үетэй нь шууд хадаж ойлгох биш тухайн зохиолыг туурвилзүйн талаас нь, уран зохиолын аргыг үндэстний түүхтэйгээ уялдуулан авч үзсэнээрээ онцлог. Тухайлбал, эхний үечлэл болох “Нэн эртний уран зохиол” нь дотроо аман зохиол, өвөг монголчуудын уран зохиол гэсэн хоёр бүлэгтэй. Дараагийн үе болох “Эзэнт гүрний үеийн уран зохиол” нь дотроо эзэнт гүрний мандал бадралын үеийн уран зохиол, эзэнт гүрний задралын үеийн уран зохиол гэсэн бүлгүүдтэй. Гуравдугаар үечлэл болох “Буддын уран зохиол” нь эхэн үе, хөгжингүй үе, төгсгөл үе гэсэн гурван хэсэгтэй. Энэ бүх үе шатуудыг зүгээр санаанаасаа зохиогоод тавьчихсан юм биш. Уран зохиолын бүтээлүүдийг туурвилзүйн онцлогоор нь тоймлож, цаг хугацааны хэлхээнд авч үзсэн хэрэг.
Гуравдугаарт, энэ бүтээл уран зохиолын тойм бичлэгт орчин үеийн хандлага оруулсан. Урьд нь бид нүсэр хүнд үг хэллэг, эрдэм шинжилгээний найруулгаар тоймоо бичдэг байлаа. Тэдгээр нь энгийн уншигчдад хол хөндий, хүртээлгүй зүйл мэт санагдсанаас хойш нь тавьдаг байсан. Энэ тоймын хувьд өмнөх тоймуудын өгдөг байсан мэдээллийг орхигдуулалгүй, орчин үеийн хэл найруулга, зохиомж ашигласнаараа онцлогтой. 
Дөрөвдүгээрт, уг тоймд эх сурвалжуудыг дурдах төдийхөн биш нэг бүрчлэн уншин судалж, туурвилзүйн онцлогийг нь тодорхойлсноороо онцлог гэж судлаачийн хувьд үзэж байгаа. 
-Монгол хүн бүр бичиг үсэгтэн болж, уран зохиолын бүтээл туурвих боломж хүн бүрийн өмнө нээгдсэнээр 100 гаруй жил өнгөрлөө. Энэ он жилүүдэд манай уран зохиол нэлээд давшингуй хөгжсөн гэж нэг талаар үзэж болно. Харин ерээд он болоход энэ зам маань сэтгэлгээний хувьд хоцрогдолтой байгааг олж анзаарсан. Өөрөөр хэлбэл зам товчлох шаардлага гарч иржээ. Тэр аялалын зүтгүүр нь хүссэн хүсээгүй танай үеийнхэн болж л дээ. Бид хэр хол зам туулчихав аа? Таныг монголын уран зохиолын тоймлон бичсэн хүний хувьд асууж байна?
-Социализм уран зохиолд нэлээдгүй зүйлийг хааж, боомилсон. Гэхдээ хааж дийлээгүй зүйл ч их бий. Ерээд он гарч, эрх чөлөөтэй боллоо гээд Д.Нацагдоржийн “Харанхуй хад”, Д.Урианхайн сэтгэлгээний шүлгүүд, өвөрмөц эрэлхийлэлүүд, С.Эрдэнийн уянгийн гайхамшигт хэлбэршлүүдийг зад тийрээд хаячихсан зүйл алга л байна. Тэд үнэ цэнэтэй хэвээр, үнэт чанараа хадгалсаар л байна. Ерөөс энэ ерээд оны уран зохиолын шинэчлэлийн асуудал бол уран зохиолын олон аргуудыг монголын хөрсөнд туршин хэрэгжүүлэх үйл явц байсан. Үүнийг бүгд ухамсарласнаас бус “хэдүүлээ товчилчихъё!” гэж хөөрцөглөөгүй. Зарим утга зохиолын онолчид элдвээр тунхаглах нь бий л дээ. Гэхдээ тунхаглалаа гээд түүний дагуу явдаггүй л байхгүй юу. Уран зохиол өөрийнхөө зүй тогтлоор л хөгжиж хөдлөх болно. Ерээд онд гадаад орчны мэдээлэл нээлттэй болж, түүнээс сэдэл, санаа авсан манай үеийн уран бүтээлчид шинэлэг хэлбэрийн уран бүтээл туурвих оролдлого хийсэн. Тэр оролдлогууд өнөөдөр биелэлээ олсон. Өдгөөх цагийн уран зохиолд модернизмын олон урсгал чиглэл, постмодернист хандлагууд илрэн гарч байна. Биелэлээ олоод зогсохгүй, тэр хандлагад хэт сүрэглэн хошуурч, эргээд энэ нь өвчин болж байна. Энэ харин эрүүл биш хандлага. 
-Уран зохиол судлаач, шинжлэгч хүн цагаа олж, цэгээ олж дуугарах ёстой. Таны хэвлүүлсэн тойм чухам дээр дурьдсан эрүүл биш хандлагын эсрэг чиглэсэн зүйл гэж дүгнэж болох уу?
-Санал нийлнэ. Аливаа зүйл үндэснээ ургаж байж л амьд байдаг. Үндэсгүй цэцэглэсэн зүйл цаг зуурын настай. Уран зохиолын үндэс бол өөрийн үндэстнийх нь сэтгэлгээ юм. Үндэсний сэтгэлгээ гэдэг маань ертөнцийн үүслийн тухай домог үлгэрээс эхлээд ардын аман билгийн яруу найраг зэрэг бидний өвөг дээдсийн бүтээж ирсэн уран зохиолын туурвилууд юм. Тэр үндэснээсээ бид ургаж төлжиж, өөрийн гэсэн онцлогтой уран зохиолыг дэлхийн уран зохиолын зах зээл дээр гаргаж тавих ёстой. Гэтэл дэлхийн уран зохиолын зах зээл дээр байгаа бараа таваарыг харчихаад дууриамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хандлага газар аваад байна. Эдийн засагт импортыг хэт шүтвэл дотоодын үйлдвэр элгээрээ мөлхдөг. Уран зохиол ч яг адилхан. Би сүртэй нэр мандсан судлаач биш. Гэхдээ энэ салбарт идэвхтэй амьдарч, цөөнгүй жил үзэг цаас нийлүүлсэн хүний хувьд өнөөдөр монголын уран зохиолд үндэснийхээ уран зохиолд суурилсан, уран зохиолын орчин үеийн чиг хандлагыг тусгасан, хувь зохиолчийн бодгаль чанарыг илэрхийлсэн төрмөл шинжтэй бүтээл туурвиж чадвал манай уран зохиол дэлхийд томоохон дуу хоолой болж чадна гэж боддог. 
-Өнөөдөр 100 роман хэвлэгдэхэд 70 нь түүхийн сэдэвтэй байна. Эдгээр бүтээлүүдийн талаар та ямар үнэлэлт дүгнэлттэй байна вэ?
-Монголд түүхэн уран зохиолын тодорхой дэг сургуулийг Бямбын Ринчен гуай үүсгэсэн. Б.Ринчегийн “Гар”, “Нууцыг задруулсан захиа”, “Их нүүдэл”, “Ану хатан” зэрэг зохиолд орчин үеийн Монголын уран зохиолын гол дэг, хэлбэршил тавигдсан. Өнөөдөр олны хүртээл болж буй түүхэн зохиолуудыг эдгээр бүтээлтэй харьцуулахад дүгнэлт нь аяндаа гараад ирдэг. Уран зохиолыг дүгнэх боломжгүй гэх өрөөсгөл хандлага манайд байдаг. Гэтэл тийм биш. Түүнийг дүгнэх, харьцуулан шинжлэх аргууд бий шүү дээ. Уран зохиолын бүтээлийг шинжлэх хамгийн энгийн арга бол өвтэйгээ харьцуулах. Сүүлийн үед гарч буй, олон нийтийн хошуураад буй зохиолуудыг Б.Ринчен гуайн бүтээлтэй харьцуулаад муу байвал, муу л гэсэн үг шүү дээ. Чамаас өмнө амьдарч асан хүмүүс чамаас сайн зохиол бичсэн байвал чи муу л байна гэсэн үг. 
- Та 2008 оноос хойш хүүрнэл зохиолын бүтээл хэвлүүлсэнгүй. Хувь уран бүтээлчийн зүгээс сүүлийн үед ямар бүтээл туурвиж байна вэ? 
-Нэгэнт л сонгосон зам, итгэл үнэмшил маань болохоор уран бүтээл гэдэг зогсолтгүй  өрнөж л байгаа. Уран зохиолоос өөр мэргэжил байхгүй, өөр салбарт ажиллах дургүй болохоор өөр яалтай ч билээ. Жаахан хальтирлаа гэхэд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж, амьдарч ирлээ. Тиймээс өөрийн эрэлхийлэлээ хийж байна. Бэлэн болсноосоо бага сагаар уншигчидтайгаа хуваалцаж байна. Хэрэв олж үзсэн бол энэ жил Утгын чимэг наадамд нэг өгүүллэгээ уншуулсан. 
Хамгийн гол нь надад буй итгэл үнэмшил хэзээ бусдад хүлээн зөвшөөрөгдөх вэ? гэдэг их сонин асуудал. Уншигчид заримдаа их бүхэллэг болчих нь бий. Ингэж бүхэллэг болоод ирэхээр л нийгмийн оюун санаа ядуурчихаад байгаа нь харагддаг. Цөөн тоот, ганц нэг хүн дээр нийгэм бишрэн дагавал оюун санаа нь өвчилсний илрэл. Ертөнц олон өнгөтэй. Хүний амьдралын хувь зохиол ч олон өнгөтэй, уран зохиол ч олон өнгөтэй. Амьдралд бүхий л зүйлс нэг өнгөтэй болчихвол тэдгээр өнгийг мэдэхгүй хүмүүст сайхан л байна байх. Харин олон өнгийг мэддэг хүнд галзуурал шиг санагдана биз дээ. Гэтэл ийм хандлага манай уран зохиолд их байна. Тийм ч учраас би зохиол бүтээлээ өөрийнхөө итгэл үнэмшлээр туурвидаг. Хэзээ нэгэн цагт миний зохиол бүтээлийг өнөөдрийн түвшинд хүлээж аваагүй хүмүүс хүлээн зөвшөөрөх цаг ирнэ гэж бодож байгаа. Яагаад гэвэл өнөөдөр нийгмээрээ итгэчихсэн байгаа, уран зохиолын хүрээнийхэн хошуураад дагачихсан байгаа тэр сэтгэлгээ, бүхэллэг хамаарлаас би тусдаа яваа. Энэ нь би өөрийгөө үнэлж буй гол үнэлгээ. 
-Та С.Зориг агсны дурсгалд зориулж уран сайхны тууж бичсэн. Манай баримтат зохиолууд хөндөж буй сэдэв нь зөвхөн хөдсөн дээлтэй хувьсгал, эсвэл байлдан дагуулалын хүрээнд эргэлдсээр байх шиг санагддаг. Ер нь орчин үеийн монгол уран зохиолд баримтат зохиолын хөгжлийг та хэрхэн харж байна вэ? 
-Нээлттэй байгаа шүү дээ. Зүгээр л бичих явдал. Гол асуудал нь манайхан баримт руу “дурсаж” ороод байна. Ингэхээр уран зохиолын туурвилзүйн арга нь явцуу болчихож буй юм. Ерөөсөө баримтат зохиол бичихийг хүмүүс дурсамж гэж ойлгоод байна. Тэр үед тэгж байлаа, энэ үед ингэж байлаа, тэр гуай тийшээ хараад зогсож байхад би очоод тэгж байлаа, ийм нэг дарга байлаа, тийм нэг арга байлаа гэх мэтчилэн хөвөрч байна. Монголчуудын хамгийн гайгүй гэж үздэг сэхээтнүүд нь ингэж бичиж байна шүү. Энэ нь өөрөө баримтат зохиолын хэв шинж болчихлоо. Яг үнэндээ үйл явдлыг хөндлөнгөөс нь хараад, өнөөдөр болсон явдлыг маргааш баримттайгаар бичиж болно. Би нийтлэл бичдэг. Бичсэн нийтлэл дээрээ энэ цаг үеэ л авч үзэхийг хүсдэг. Цаг үеийнхээ бүтээгдэхүүн учраас энэ цаг үеийнхээ үйл явдалд ямар нэг хэмжээгээр оролцох ёстой гэж боддог. Түүнээс биш би мундаг яруу найрагч, би бол гэгээн амьтан, тийм учраас зөвхөн бүтээлээ хийгээд сууж байя гэсэн бэртэгчин үзэл бодол надад байдаггүй. 
-Уран зохиолын шинэчлэл, хөгжлийн түүчээ нь яруу найраг байдаг. Өдгөөх цагийн яруу найргийн дүр төрхийг та хэрхэн харж байна?
-Яруу найрагт дэвшил гарсаар л байна. Өнөөх магтаал, тунхаг, эх орон ярьсан, хийрхсэн байдлаасаа холдож, хүний дотоод ертөнцийн эмзэглэл зовиур, сэрэхүй тал руугаа яруу найраг явчихлаа. Бас нэг талаас хэт их хэлбэрдэж байна. Дээр хэлсэнчлэн хүмүүсийн сэтгэлгээний хандлага ойролцоо болчихож. Ялангуяа сүүлийн үеийн залуучууд нэг төрлийн мэдээллээр хэт их угаагдчихсан нь анзаарагддаг. Ямар нэгэн байдлаар бие биенээсээ өөр байх ёстой. Энэ утгаараа ерээд оны их тэсрэлттэй харьцуулвал уналт харагдаж байна. Гэхдээ би сэргэнэ гэж найдаж байна. Угаасаа уран зохиолын түүхэнд ийм үе байдаг. Нэгэн цагт бүгдээрээ нэгэн зүйлд хошуурч байгаад алдаагаа ухааран гарч ирдэг ийм хандлага монголын уран зохиолын эрт үед ч байсан. Буддизм дэлгэрэх цагт ч монголын бичгийн хүмүүс тэр зүгт хэрхэн хошуурч, өвөг дээдсийнхээ түүх рүү нулимж  байсан талаар би уран зохиолын тоймын эхний ботьдоо дурьдсан. Хувьсгал ялахын цагт буддист уран зохиолын үнэ цэнэтэй зүйлсээ бас л үнэ цэнэгүй юмстай нь холиод шидчихсэн л харагддаг. Жар, далаад оны үеийн романууд баахан хөдөө, мал, эр эм хоёр сэтгэлийн холбоотой байтал дундуур нь нэг нөлөө бүхий феодал орж ирж хагацаагаад л, тэр нь явсаар байгаад ардын хувьсгалд оролцож Д.Сүхбаатар жанжнаас сэлэм аваад дуусдаг өгүүлэмжтэй байдаг биз дээ. Энэ сэтгэлгээний давтамж өнөөдөр ч манай яруу найраг, уран зохиолд гарч ирчихээд байна. 
-Үүнийг шүүмж судлалын сулралын илрэл гэж үзэж болох уу? Монголын уран зохиолын шүүмж судлал өдийг болтол хуучин нийгмийн үед тогтсон догматик хандлагаасаа гарч чадаагүй байна. Та энэ дүгнэлттэй санал нийлэх үү?
-Энэ  талаар ярих сонирхол тун бага байна шүү. Ер нь хүний санаанд нийцдэг юм энэ хорвоод ховорхон байдаг юм байна. Шүүмжлэгчид өөрсдийнхөө ажлыг хийж л яваа байх. Тиймээс надад таалагдахгүй байна гээд тэр салбар руу давхиж ормооргүй байна.  
Гэхдээ уран зохиол судлал, шинжлэлийн тухай гэвэл санаа оноо байна. Сүүлийн үед гарч ирж байгаа, манай уран бүтээлчдийн талархаад байгаа, зарим нэг хүмүүсийн дэмжээд байгаа шүүмжлэгч нэр зүүж буй хүмүүс орчин үеийн уран зохиолын чиг хандлагыг мэдэхгүй, орчин үеийн шинжлэлийн арга техник хэв маягийг мэдэхгүй байгаа нь харагдаад байна. Ардын хувьсгалын дараа Но.Данзан гэж хурц шүүмжлэгч байсан гэдэг. Тэрбээр, Ц.Дамдинсүрэн гуайг “Буурал ижий минь” найраглалдаа:
“Гэнгэнэж гунганаж суухын оронд 
Гэртээ харивал барлаа биз 
Эхийгээ очиж өргөвөл 
Элбэрэл гэдэг нь тэр шүү” гэж бичсэн нь хувьсгалт цаг үеийг унтуулах гэсэн санаа байна. Ээжийгээ ингэж эвийлж хөөрхийлхийн оронд ном бичиг сур, малаа сайн хариул гэж бичих байсан юм гэх зэргээр шүүмжилж байсан нь бий. Ингэж хувь хүний субьектив ертөнц рүү халдсан  хандлага гарч байсан өдгөө ч гарах боллоо. Түүх давтагддаг юм байна. 1930-аад оны үед гарч байсан тэр бүдүүлэг муйхар дайралт одоогийн XXI зууны 2013 оны үед гарч ирээд, шүүмжлэгч гэж дүрдээ итгэсэн нөхөд хүнийг зан ааш, үзэл бодол, харилцаа, илэрхийлэл дээр нь суурилан доромжилж байна. Энэ бол яав ч уран зохиол судлал, шинжлэл биш юм. Ер нь уран зохиол шинжлэл гэдэг маань хэд хэдэн талтай. Нэгдүгээрт, урлагийг нээх урлаг гэж үздэг. Хоёрдугаарт, уран зохиол, уран сайхны ертөнцийг мэдлэгийн тогтолцоо болгож бусдад түгээдэг. Гуравт, сэтгэлгээний өвийг онолын сэтгэлгээтэй уялдуулан нээж өгдөг зүйл. 
-“Монголын уран зохиолын түүхэн товч” бүтээл цаашид хоёрдугаар ботиор үргэлжилнэ гэж байна. Мэдээж хэрэг энэ ботид крилл бичигтэн уран зохиолын талаар гочлон авч үзнэ байх?
-Мэдээж хэрэг ХХ зуун гол цөм нь болж бичигдэнэ. Эх зохиолуудынхаа туурвилзүйн онцлогоос ургуулан ямар хөгжлийн чиг хандлага бүрэлдэж бий болсон, ямар уламжлал шинэчлэлийн харилцаа явж ирсэн, туурвилзүйн түвшинд ямар дэвшил бас завхрал гарсан зэрэг нь нээлттэй бичигдэнэ. 
Түүхэн тоймын тэргүүн дэвтэр нь “Чулуун номоос Хөлгөн сударт”гэсэн тодотголтой бол хоёрдугаар дэвтэр нь “Хаан ширээнээс Харцын олбогт” гэсэн тодотголтой гарна. Энд нэг чухал санаа байгаа. Ер нь бол энэ хоёрдугаар ботийг нь би 2000-аад оны эхэн үед үндсэнд нь биччихсэн. Гэтэл тэр ботийг бичээд дуустал өмнөх суурийг нь судалж тоймлохгүйгээр орчин үеийн уран зохиолын талаар бичих нь учир дутагдалтай нь тодорхой болсон.  Тэгээд 2002 оноос тэргүүн ботио эхэлж, 2005 оноос идэвхтэй бичин өнөөдөр гартаа бариад сууж байна. 
-Хуучин нийгмийн байгуулалтын үед зохиолчдыг нэг цэгт төвлөрүүлж, үзэл суртлын хэрэгсэл болгох зорилготой байгуулсан МЗЭ гэдэг байгууллага өнөөдөр ч үйл ажиллагаа явуулж байна. Энэ байгууллага албадлага, төрийн оролцоотойгоор нийгэмд оршин тогтнож байснаа, шинэ нийгмийн үед хөлөө олохгүй, оллоо ч үйл ажиллагааны чадамж муутай болжээ. Ер нь ийм нэр төдий байгууллага байх хэрэг байна уу?
- 2001 онд би МЗЭ-ийн 453 дахь гишүүн болж, батлах гардан авч байлаа. Саяхан удирдах зөвлөлийнх нь гишүүний хувьд нийт гишүүдийхээ тоог тодруулахад 900 нэлээд хол давсан байна лээ. Өдгөө 600 гаруй гишүүд нь энх тунх байна. Өөрөөр хэлбэл 10 гаруйхан жилийн дотор өмнөх 70 хэдэн жилд байснаас давсан зохиолчид эгнээнд нь элссэн байна. Уран зохиолын өөр клуб, нэгдэл байгуулах хууль зүйн орчин нээлттэй байгаа. МЗЭ-г муу муухай юмны бай болгож, түүгээр зогсохгүй хойд талын хар овоохой болгож, доромжилж байхаар өөрсдөө клубээ байгуулаад аваад яваач гэж хэлмээр санагддаг юм. 
Саяхан МЗЭ-ийн байрнаас том байшинтай нэг нөхөр тийм клуб, уран зохиолын нэгдэл байгуулах санхүүгийн бааз суурь байхгүй гэх утгатай юм ярина лээ. МЗЭ-ийг байшин дээрээ л оршин тогтнож байгаа гэж ярьдаг. Хэрэв байшин дээрээ оршин тогтнодог юм бол МЗЭ-ээс том байшинтай хүмүүсийн байшин дээр түүнээс том байгууллага оршин тогтнох нь яагаав. Тэгэхээр МЗЭ-г үгүйсгэх шаардлага миний л хувьд лав байдаггүй. Ерэн он гарсаар МЗЭ-тэй зэрэгцээд Монголын чөлөөт зохиолчдын холбоо, Хөдөөгийн зохиолчдын холбоо гээд өчнөөн зохиолчдын холбоо байгуулагдсан. Гэтэл тэдгээр байгууллагууд оршин тогтнох арга замаа олоогүй л хэрэг. 
Ер нь МЗЭ байгаад хэнд ямар гай тарьсан юм гэсэн асуулт гарч ирнэ. Лавтай л МЗЭ-ийн гишүүд, удирдлага хүний бичиж байсан зохиолыг очиж урж тасдаж, үзэл суртлын шаардлага тавьж, Ц.Элбэгдоржид аваачиж өгөөд, хуучных шиг эрх баригчдад матаад байгаа юм байхгүй. Хэрэв чадалтай бол зохиолоо бичих л хэрэгтэй шүү дээ. МЗЭ бол уран зохиолын хөгжилд дам холбоотой байгууллага. Нэг суут зохиолч төрөөд, түүний суут бүтээл үндэстний уран бүтээлийг урагш алхуулдаг. Түүнээс биш бөөнөөр цуглараад уран зохиолыг хөгжүүлнэ гэж байхгүй. Тэгвэл энэ байгууллага юунд хэрэгтэй вэ? гэсэн асуудал ургана. Энэ бол нийтлэг эрх ашгаа л хамгаалах асуудал. Оюуны өмчөө хамгаалах, нийгэмд тодорхой нэг хамт олон болж, дуртай ажлуудаа дундаа нийлэн зохион байгуулахад хэрэгтэй зүйл. Түүнээс биш МЗЭ уран зохиолыг хөгжүүлэхгүй байна, тараа, нураа гэж бахиралдах нь өөрөө эрүүл биш үзэгдэл. Энэ байгууллагад төрийн албадлагын ямар нэгэн чадамж байхгүй. Санхүүгийн хувьд ч төрөөс татаас дэмжлэг авдаггүй. 
-МЗЭ-г шүүмжилж байгаа нь өөрөө бас нэг үзүүлэлт гэж ойлгож болно. Мэдээж хэрэг ийм том түүхтэй, гишүүдтэй энэ байгууллагын үйл ажиллагаа хүссэн хүсээгүй олон нийтийн анхаарлын төвд орж, нэн ялангуяа залуусын зүгээс хүлээлт, харзнал үүсгээд байна л даа. Сандал ширээний маргаанаа зогсоож, бодит үйл ажиллагаа явуулахгүй бол нийгэм дэх имиж нь унаж байгаа нь ч нууц биш. Өнгөрсөн жил л гэхэд С.Билэгсайхан гэж яруу найрагчийн зүтгэлээр “Алтан гөрөөс” гэж олон улсын яруу найргийн наадмыг монголд анх удаа зохион байгуулчихлаа. Утга зохиолын клубүүд ч олноор байгуулагдаж, уран зохиолын олон талт арга хэмжээг зохион байгуулах боллоо. Гэтэл МЗЭ маань бахь байдгаараа, наяад онд Д.Пүрэвдорж гуайн санаачилсан яруу найргийн наадмыг зохион байгуулах төдийхөн байгаа нь  халуун шүүмжлэл дагуулах боллоо шүү дээ?
-Энэ бол харин зөв, эрүүл шүүмжлэл. Зохиолчдын эвлэлд шинэчлэл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Олон арга зам байна. Энэ бол нийгмийн шинэчлэлийн салхинд тэсэж үлдсэн ганц төрийн бус байгууллага юм шүү. Монголд тэртэй тэргүй төрийн үйл ажиллагаа ч, олон нийтийн үйл ажиллагаа ч, бүх шатанд, бүх газарт дампуурал нүүрлэчихээд байна. Тэрний нэг жижигхэн хэлбэр нь  МЗЭ дээр ажиглагдаж байгаа. Төрийн энэ дампуу үйл ажиллагааны дэргэд МЗЭ дэх гажуудал арай гайгүй. Гэхдээ үүнийг өмгөөлөн хамгаалж буй юм биш. Энэ байгууллагын ажлыг сайжруулж орчин үеийн уран зохиолын байгууллагын байх ёстой жишиг, хандлага руу оруулах ёстой. Үүний тулд дэлхийн бусад адил төст байгууллагын туршлагаас суралцан, тодорхой хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх ёстой. Энэ бол итгэл хүлээсэн удирдлагын хийх ёстой ажил. 
Нөгөө талаасаа манай зохиолчид өөрсдөө сэтгэлгээний өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай. Хойшоо харж нэг байгууллагыг байшинтай нь муулчихаад л байж байдаг нэг их том зохиолчид. Гэтэл хэрэг дээрээ өөрсдөө, уран зохиолдоо хандах хандлагаа өөрчлөхөөс бүхнийг эхлэх ёстой. Таны хэлж буй зөв. Сандал, ширээ, цом энэ тэрхэн бодож, булаацалддаг нь үнэн. Энэ өвчин дийлэнх хэсгийг нь хамарсан. Юун түрүүн энэ хандлагаасаа татгалзах хэрэгтэй. Эвлэлийг шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд түүнийг хүлээж авах эрүүл хандлага хэрэгтэй. 
-Та нэлээд залуугаасаа энэ байгууллагыг шинэчлэх талаар бичиж, ярьж, нэгэн үе бодлого зохицуулалтын газрын даргаар нь ажиллаж байсан. Шинэчлэгч байр сууриа бодит ажил болгох боломжтой түвшинд ажиллаж байсан хүний хувьд та ер нь ямар зүйл хийсэн бэ? 
-Би 28 настайдаа МЗЭ-ийн Бодлого зохицуулалтын албаны даргаар очсон. Ажил хүлээж авсны дараа сэтгэлгээ, үйл ажиллагааны түвшинд хэд хэдэн өөрчлөлт хийхийг зорьж ажилласан. Нийгмийн шилжилтийн үед зарим авьяаслаг зохиолчид маань анхны номоо ч гаргаж амжаагүй л байсан. Тийм учраас анхны ном гэж хөтөлбөр хэрэгжүүлж, 10 зохиолчийн номыг нэг дор гаргаж байлаа. Дараагийн ээлжинд хүүхэд, зохиолч хоёрыг холбох асуудал байсан. Ингээд  ирээдүйн уншигчдаа бэлдэх зорилготой “Хүүхдийн номын сан” хөтөлбөр боловсруулж, 50 ном хэвлүүлэх санаачилга гаргасан. Үүнийг холбогдох яамны зүгээс дэмжилгүй байж байгаад, сүүлд Дэлхийн банкны санхүүжилтээр зохион байгуулж, тавхан ном хэвлэн үнэгүй ном тараагаад үлгэр болгочихсон. Уг нь эвлэлийн зүгээс зохиолын сонголт зэрэг дээр тусгай бодлого бүхий хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавьсан юм. Тэр үед манай саналыг дэмжчихсэн бол өнөөдөр насанд хүрч буй уншигчид дэлхийн сонгодог уран зохиолын тухай тодорхой төсөөлөлтэй хүмүүс болж төлөвших боломж байсан. 
Үүний дараа “Алтан өд” арга хэмжээг санаачилсан. Тэр үед МЗЭ-ээс Утгын чимэг, Болор цом гэсэн хоёр уралдаанаас өөр дорвитой зүйл хийдэггүй байсан. Тиймээс тухайн онд хэвлэгдсэн бүтээлүүдийг төрөл бүрээр нь шалгаруулж, шагнаж урамшуулах үүднээс “Алтан өд”-ийг санаачилсан. “Алтан өд” гарснаар уран зохиолын зогсонги байсан төрөл зүйлүүд сэргэж ирсэн. 2002 оноос өмнөх хүүрнэл зохиол бичигчид, шүүмжийн төрлөөр бичигчид, орчуулагчдын идэвхийг хараарай. Энэ оноос хойш ямар ямар даацтай бүтээлүүд гарсаныг харахад л энэ шагналын үр нөлөө анзаарагдах болно. Хэдий хожуу ч энэ бол үр дүнтэй алхам байсан. Одоо харин зохиолчид “Алтан өд” авах гэж “хөөцөлддөг” болсон байна лээ. Уг нь авах гэж хөөцөлдөх хэрэггүй, авах бүтээлээ туурвисан нь дээр юм. Ц.Гомбосүрэн гуай шиг “Гэм зэм”, “Мастер Маргарита”-г барьж аваад, сайн орчуулчихвал хүссэн хүсээгүй, гүйсэн гүйгээгүй энэ шагналын эзэн болно. 
Бидний хийсэн гол нэг ажил бол МЗЭ-ийн  статусыг тодорхой болгосон. Биднийг ажлаа авах үед МЗЭ төрийн байгууллага уу, олон нийтийн байгууллага уу гэдэг нь эргэлзээтэй, байр нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй, газар эзэмших гэрчилгээгүй байсан юм шүү дээ. Одоо хүн болгоны муулдаг энэ гурван давхар байшинг МЗЭ-ийн өмч болгон авч үлдэх гэж бид гурван жилийг зарцуулсан. Үүний үр дүнд өнөөдөр өөрийн өмчтэй, олон нийтийн байгууллага болж, үйл ажиллагаагаа явуулж байна.
Д.Нацагдоржийн музейг сэргээх ажлыг бидний үед эхэлсэн. Одоо энэ музей ямартай ч үйл ажиллага явуулах боломжтой болж, 40 гаруй сая төгрөгийн хуримтлалыг МЗЭ-ийн дансанд бэлэн байршуулж эхэлсэн. Д.Нацагдоржийн музей боссон нэгэнт өртгөө төлөөд, уран зохиолын түүхийн музей болгох ажлууд хийж байна. Ингээд яриад байвал ажлууд бий.
Ер нь бидний үеийнхэн, тэр үедээ бол залуус уран зохиолын байгууллагыг шинэчилнэ гэж тэмцсээр тодорхой эрх мэдэлд ажиллаж эхэлснээс хойш уран зохиолыг хаячихсан, энэ салбарт хэзээ ч амжилт олохгүй гээд итгэчихсэн явсан хүмүүс буцаж ирсэн юм. Шинэлэг сэтгэлгээтэй хүмүүс уран зохиолын ертөнцөд хөдөлмөрөө үнэлүүлж, амьдрах боломж нээгдсэн. Үнэндээ шинэ зуун гарах  үед МЗЭ хөшигний ард хэдхэн хүнийг авч үлдчихээд, бусдыг  нь талаар нэг тараагаад хаячихсан тийм л байдалтай байсан. Ингэж идэвхжүүлснийхээ төлөө зохиолчдынхоо зүгээс би есөн жорын гүтгэлэг амссан даа. Хүн алсан, хулгай хийсэн, хээл хахууль авсан гэх мэтээр бичсэн 70 гаруй сонины хайчилбарыг дурсгал болгож хадгалсан нь надад одоо ч бий. Энэ бол өөрчлөлт шинэчлэлт хийх гэсэн зориг эрмэлзлэлд манайхан хойрго ханддагийн энгийн нэг жишээ. 
-Энэ өдрүүдэд МЗЭ-ийн их хурал болж байна. Та бүхний хийсэн шинэчлэл, алхамуудын дараа МЗЭ хуучинсаг хэвээр харагдсаар л байна. Цөөнгүй хүмүүс өөрчлөлт шинэчлэлийн талаар ярьж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Ухамсраа л өөрчил гэж зохиолчдод хэлмээр байна. “Шинэчилье” гэж орилхоосоо өмнө уураг тархин дахь ухамсраа өөрчил. Үүний дараа бодитой алхамууд хийж болно. Уран бүтээлчийн хувьд, нийгэмд эзэлж буй байр суурьтаа сэтгэл дундуур байгаагийн шалтгаан, алдааг бусдаас хайдаг хандлага манай зохиолчдод их байна. Энэ шинэчлэл гэж яриад байгаа хүмүүсийг би ингэж л харж байгаа. Түүнээс биш нийгэм рүү харж хашгираад байлгүй, хурал цуглаан дээрээ авч хэлэлцээд шийдэлд хүрч, хийж л таарна. Арав гаран жилийн өмнө бид шинэчлэлийн талаар өнөөдрийн твиттер, фейсбүүкээр орилоод байгаа шиг барьцгүй юм ярьдаггүй байсан. Уран зохиолын олон талт чанарыг тэтгэе, одоо бид ганц цонхоор хараад байна гэж ярьдаг байсан. Энэ салбарын үнэлэмж, үнэлгээг хоцрогдмол, явцуу байгааг шүүмжилдэг байсан. Тэгээд бид олон цонхоор хардаг болгосон. Үүний үрээр өнөөдөр хэн ч мэдэхгүй, сайхан бүтээлтэй залуучууд түүнийгээ үнэлүүлэх боломжтой болсон. 
Гэтэл одоо энэ хүмүүс юуг барьж шинэчлэх гээд байгааг сайн мэдэхгүй юм. Миний хувьд бол нийтлэг эрх ашгаа хамгаалж чаддаг, бие биенээ хүндэтгэж чаддаг, өөрийнхөө эрх ашиг, үзэл санааг бусдад тулган хүлээлгэдэггүй хамт олон болох ёстой гэж бодож байна. Энэ л хамгийн гол шинэчлэл юм. Өнөөдөр энэ номыг бичиж, Монголын уран зохиолын түүхийг шинэ өнцгөөс харж, хүмүүст түгээн дэлгэрүүлэхийг эрмэлзэж буй маань миний шинэчлэл. 
Ер нь хурал бүхнээр шинэчлэл гэж ярьдаг. Сүүлийн 12 жилийн турш манай нэг үеийнхэн ингэж хашгирч байгаагүй. Бид 2002 онд ганцхан удаа л дуугарч, хөдөлсөн. Энэ байгууллага чинь хэдхэн хүний гарт орчихлоо гэдгийг зохиолчиддоо сонордуулсан. Гэтэл сүүлийн үед хурал болохоор л дуугардаг хэсэг хүмүүс бий болжээ. Бусад үед нь яагаад таг дуугүй болчихоод байдгийг нь би ойлгодоггүй. Зүй нь хурлаас бусад үед ярьмаар байна шүү дээ. Шинэчлэлийн үйл явц угтаа тасралтгүй байх ёстой. Зохиолчид их хурлаараа уг нь маш сайн хөтөлбөр боловсруулах учиртай юм. Өөрөөр хэлбэл элдэв популизм бус цэвэр хөтөлбөрийн өрсөлдөөн байх ёстой. Ингэснээр юм хийсэн хийгээгүй гэх мөнхийн хэрүүлд цэг тавина. 
-Зохиолчдын бүтээл нь амьдралын баталгаа болохгүй байгаагаас цаг зуурын нэр алдар, бай шагналын буулганд орчихоод байх шиг. Тэрнээс ч шалтгаалж таны яриад байгаа эрүүл бус үзэгдлүүд газар аваад байх шиг санагдах юм. 
-Нэгэнт л ард түмэн даяараа ардчиллын замыг сонгосон. Энэ бол хуучны ойлголтоор хөрөнгөтний нийгэм. Одоо хэн ч номыг маань үнэгүй хэвлэж, улс орон даяарх сүлжээгээрээ борлуулж өгөхгүй. Энэ нийгэмд хэн баялаг бүтээнэ, тэр хүн сайхан амьдардаг. Тийм учраас зах зээлийнхээ зарчмаар явахаас өөр замгүй. Зохиолч хүн уран зохиолын зах зээл дээр амьдрах чадвартай байх ёстой. Бусдаас юу ч хүсэх ёсгүй. Би зохиолч хүн, намайг тэгсэнгүй, ингэсэнгүй гэж гоншигнох нь өөрөө зохиолч хүний үйлдэл биш. Үзэг байна, цаас байна, өөр юу хэрэгтэй юм. Зохиолчид өмч хөрөнгөөр бус өөрийнхөө бүтээл туурвилаар юмыг хэмждэг, бусдын бүтээл туурвилаар ертөнцийг хардаг хүмүүс. Тийм учраас сайхан бүтээл туурвисан хүн өөртөө итгэлтэй, аз жаргалтай амьдарна л гэж би боддог. Энэ итгэл үнэмшлийг нь мөнгөөр хэмжих аргагүй. Зэрлэг гэнэ үү, ямар ч гэнэ үү энэ нийгэмд зохиолч хүн өөрийн итгэл үнэмшлээ хадгалан амьдрах чадвартай байх учиртай. Зохиолчийн амьдрал хэд нь баян байна, хэд нь ядуу байна гэж ярих нь өөрөө утгагүй асуудал. Магадгүй хамгийн эгэл борог амьдрал ч тухайн зохиолчийн сонгосон зам байж болно шүү дээ. 
Ерөөс уран зохиолын арга хэмжээ гэдэг нь нэг модны бөөрөнд улаан будаг нялж, хоёр хайс барьчихаад зурагт дуудаж сайрхах болсон энэ цаг үеийн үзүүлбэрүүдээс ангид зүйл.  Уран зохиолыг бүтээж буй хүмүүс маань дотоод халуун амиараа холбогдож, өөрсдийн ертөнцийг далд, нам гүм хэрнээ үнэ цэнэтэй байлгаасай гэж би хүсдэг. Оюуны өмчийг хамгаалах хууль эрх зүйн орчин бол хангалттай байгаа. Төр үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт асуудал байна. Төр үүнийгээ хэрэгжүүлж чадахгүй байвал зохиолчид дуугарах ёстой. Энэ л бидний нэгдэж тэмцэх асуудал. Хэрэв нэг нэгээр байвал хүчгүй шүү дээ. 
-Ерээд оны яруу найргийн давалгаа хүчтэй байсныг чухам энэ тэмцлийн нийтлэгээр нь одоо хүмүүс харж байна.  Тэгвэл тэмцэгчид маань уран бүтээлчийн хувьд өнөөдөр ямар хэмжээнд хүрэв?
-Бидний үеийнхэн олон өнгөтэй, өөр өөрийн ертөнцөө дуулж чадсан учраас өнөөдрийн өндөрлөгөөс “тэсрэлт” мэт харагдаж буй юм. Ерээд оныхны хөгжил, төлөвшлийн талаар би удахгүй хэвлэгдэх “Монголын уран зохиолын түүхэн товч”-ийн хоёрдугаар ботьдоо дэлгэрэнгүй авч үзсэн. Хоёрдугаар боть маань хараахан хэвлэгдээгүй учраас нэг чухал хэсгийнх нь талаар дэлгэрэнгүй ярьмааргүй байна. 
-Тэгвэл энэ удаагийн хөөрөлдөөнөө энд хүрээд эвхэе дээ. Монголын уран зохиолын тоймын хоёрдугаар ботийг хэвлэгдэн гарсны дараа ахин уулзаж ярилцана гэж найдаж байна. 
-Хоёрдугаар боть маань энэ ондоо багтаад хэвлэгдчихнэ байх. Тэр үед өөр шинэ сонинтой уулзана аа. 

Ярилцсан Я.Баяраа
МОНЦАМЭ агентлаг
www.montsame.gov.mn 

1 Сэтгэгдэл:

Frank said...

Сайхан ярилцлага байна. Гол нь нэг тийм мөлжүүртэй үгсийг ярианы эзнээс зулгааж чаджээ дээ. Асуултын онч, хариултын далайц зэргээс нь нэлээд ухаж мэдэрлээ.

Post a Comment