...чамаас өмнө энд Равжаа, Пушкин нар амьдарч байв.

ЯРУУ НАЙРГИЙН  АРВАН ЖИЛ


Арван жил тэнгэрийн сэргэлэн одод шиг холхин болзоонд яарав, би
Арван жил өглөөний нар шиг гоо бүсгүйн гарч ирэхэд үүрийн  одод шиг замхарч явав, би
Арван жил нар шиг гэрэлтэн шатаж, дэлхийн энгэрт цэцэг шиг олон шүлэг хатгав, би
Арван жил оддыг үзүүт тэдэнд тэнгэрийн эрх чөлөөг олгож,  уулсын цаагуур нуугдан оров, би
Арван жил давхар биетэй эх шиг ертөнцийн ирээдүйд  шаналан зовж зөөлхөн гишгэв, би 
Арван жил алдарсан сэтгэлээ дарсаар тайтгаруулж гашуун байтал түүнд дурлав, би
Арван жил хүүхдийн часхийх дууг сонсож, хүч түрэхийн баярыг малгай шидэлцэн тэмдэглэлцэв, би
Арван жил хөлдүү дэлхийг төмөр царилаар хяхруулан, бусдыг хөдөөлүүлэлцэж утгагүй хорвоог мэдрэв, би
Арван жил яруу найргийн өргөөний үүдэнд хавтас дүүрэн шүлгээ сугавчилж хулгайч шиг эргэлдэв, би 
Арван жил энэ шилтгээн рүү шавар бялтсан гуталтнуудын цуврахыг үзэв, би 
Арван жил тэрхүү шилтгээний босго зүрх сэтгэл минь болж ёолон гиншив, би 
Арван жил эргэлдсэн тэрхүү өргөөний үүдэн  дээр бичсэн нь
“Гутлаа сайн арчиж ор, чамаас өмнө энд  
Равжаа, Пушкин нар амьдарч байв” гэжээ
Арван жил,  би 
Арван жил

1995.09.17 
Мөрөн хот



МЗЭ-ийн шагналт Яруу найрагч 
Баттөрийн МЯГМАРЖАВ

2 Сэтгэгдэл:

Arima Ts said...

Юу ч хэлэхэв дээ үнэхээр сайхан шүлэг...

Д. Баярхүү said...

Тэххх. "Үнэхээр сайхан шүлэг" гээд дээр хүн биччихсэн болохоор өөр хэлэх үг олдохгүй юм.

Post a Comment