...Хариулт нь тэгээд амьдрал болно

РЕКВИЕМ


Ахуй ертөнц дуугаа хурааж
Анир алдарсан шөнө дөлөөр
Шивэрч эхэлсэн хүйтэн борооны
Шивнэж байсан гунигийн дуу
Шаналан тээсэн сэтгэлийн аязтай
Шамдан ирж нэгдэн мэгшээд
Өнгө улаан нулимас болж
Өр зуран дотогш урснам.
Хар усан жанчийг асааж
Харанхуй шөнөөр бие хийсэн
Уй гунигийн тэнэмэл сүнснүүд
Урд, хойгуур хэрэн нисэлднэм
Халуун нулимсаар минь ундлах жаргах
Харанхуйн сүнсэнд биеэ тушааж
Хор хорсол, гэгээн мөрөөдөл 
Хорвоогийн амьдралд хоргодох бүхнээ
Хоосолж сэтгэлээсээ үнсээр хийсгэнэм.
Халуун шатсан зүрх минь гэтэл
Хавирга дэлдэн лугшсан хэвээр
Зол заяа, зөн совин
Зориг тэвчээрийг тэнгэрт өргөж
Амь амьдралын яруу сайхныг
Амь тэмцэн дуудсан хэвээр
Анирдаж би зүрхээ чагнавал
Аялгуулж тэр ийн дуулнам,
"Аниргүй цэлийх тэнгэрийн хаяанаас
Ахиад нар мандаж өглөө болно
Дэрэн дээр нь наадах гэрлийн ширхэг бүхэн
Дэнслээд буй сэтгэлийг нь илбэж тайтгаруулна
Орчлонгийн шинэ өдөр болгоныг
Орчин тохиолдох учрал бүхнийг
Халуун сэтгэлээ дэлгэн тосоход
Хариуд нь жаргалан ирэх л болно
Хариулт нь тэгээд амьдрал болно".


2013.10.15
Бангалор

0 Сэтгэгдэл:

Post a Comment