Эхлэн бичигчид хандсан хатуу боловч үнэн үгс...

 Хүн бүхэн өөрийгөө зохиолч бичиж, зураг зурж, эсвэл дуулж бүр кино хийж чадна гэж санадаг ч урлахуйн төрөгдөл төдийхнөөр урлагийг бүтээдэггүй билээ.
Үгийг хэрэглэх гэдэг урлаг. Яралзтал сайхан тоглогдсон жүжгийн тайзны ард буцалсан их ажил ундарч, Шекспирийн гурван сард бичсэнийг амилуулах гэж мужаан, зураач, хөгжимчин, нүүр хувиргагч гээд асар өргөн баг нойроо хагаслан зүтгэдэг шиг тийм л хүнд хөдөлмөрийг бичгийн хүн нэгэн биендээ үүрдэг. Хичнээн төгс найруулга байх тусмаа төчнөөн дарамтыг бичигчдээ өгдөг. Олонх зохиолчид авьяасгүйдээ биш энэ нэргүй ажлаас зугатсандаа л ухвар мөчид юм хийж, түүнийгээ үхэн хатан хамгаалах буруу зам руу хальтардаг. Тиймээс бичиж туурвина гэдэг зол зовлонгийн үйлдэл.
Эдгээрийг үл үгүүлэн,  нэр мандсан зохиолчдын зүгээс эхлэн бичигчдэд хандсан хорин нэгэн иш  үгийг дор сийрүүлье.

ЭХЛЭН БИЧИГЧИД ХАНДСАН 
ХАТУУ БОЛОВЧ ҮНЭН 21 ҮГ

1. 

Анхны ноорог хэзээд хог байдаг. 
Эрнест Хэмингуэй
2. 

Этгээд, бүдүүлэг үг хэллэгээс байнга татгалзсанаар ул суурьтай, нийтээс дээгүүр, уялдаа сайтай, төв шударгуу мэт харагддаг. Энэ бол дүр эсгэсэн малнуудын таних тэмдэг юм.
Дэвид Огилви
3. 

Хэрэв чамд зохиолч болох эрмэлзлэлтэй залуу нөхөд бий бол тэдний төлөө хийх удаахь агуу тус чинь хэл найруулгын хувьд үнэ цэнэтэй хуулбарууд бүтээж үлгэрлэх явдал. Гэхдээ энэ бүхнээс өмнө, тэднийгээ жаргалтай байгаа дээр нь буудаж орхих нь буянтай хэрэг. 
Дороти Паркер
4

Олимпын аварга тамирчид амжилтын нууцаа ихэвчлэн ээжтэйгээ холбон тайлбарладаг. “Ээж өглөө болгон дөрвөн цагт намайг бэлтгэлд минь чирч аваачдаг байсан” гэж ирээд л... Бичнэ гэдэг уран гулгалт, эсвэл цана биш. Эх чинь чамайг зохиолч болоход туслаж чадахгүй. Тиймээс бичихийг хүсэж буй залууст би ганц л зүйлийг зөвлөдөг: “Төрсөн гэрээ орхи”.
Пол Теро
5. 

Авъяас, чадвараа хөгжүүлэхээсээ өмнө зохиолч болох гэж улайрч буй хүнд мулгуу чанараа нууж, ухаалаг харагдаж сурахыг л зөвлөе дөө. 
Харпер Лии 
6. 

Онгод орохыг хүлээгээд нэмэргүй. Уушийн газар цэнгэж суухдаа ч онгодоо хөглөхийг хичээж бай.
Жек Лондон
7. 

Ном бичнэ гэдэг хүнд өвчинтэйгээ үхэлдэн тэмцэх мэт аймшигтай, тамир барсан ажил. Огт ойлгомжгүйн сацуу огоорч боломгүй адын хүчинд эзэмдүүлчихдэг тулдаа л зохиолчид бүтээлийнхээ ард гардаг юм.
Жорж Орвел
8. 

Роман бичих гурван дүрэм бий. Харамсалтай нь хэн ч тэдгээрийг мэдэхгүй.
Сомерсет Моэм
9. 

Их энгийн. Хэрэв уншихад цаг гаргахгүй бол чамд бичих цаг байтугай хугархай үзэг ч олдохгүй.
Стивен Кинг
10. 

Санаж ав. Хэрэв хүмүүс чиний зохиолд ямар нэг алдаа байна гэх атлаа тухайлан зааж чадахгүй байвал тэдний зөв. Харин чухам ямар алдаа гарсныг нь тодорхойлж, хэрхэн засахыг нь зааварлаад эхэлвэл ямагт тэдний буруу байдаг.
Нэйл Гаеман
11. 

Өөрийгөө үхэж байна гэж төсөөл. Чи эдгэшгүй өвчин туссан ч энэ номоо дуусгахыг хүсэж байна уу? Яагаад тэр вэ? Арван долоо хоног амьдрах хугацаа үлдсэн ч  ном чинь учир дутагдалтай санагдаад байна уу? Тэгвэл барьж аваад зас!  Харав уу?. Амархан байгаа биз. Одоо хэн ч үхэх шаардлагагүй боллоо.
Анна Энрайт
12. 

Зохиол бичих хэцүү санагдаж байвал хэцүү учраас л тэр. Энэ бол хүний хийж болох хамгийн бэрх үйл. 
Ульям Зинссер
13. 

Сайн бичих эхний дүрэм: Өгүүлбэрт өгүүлбэр бүү чих. Тэгвэл чи эр ч биш, эм ч биш хоёрын хооронд амьтан болж үзэгдэхээс хэтрэхгүй. Чи эргээд коллежийн нусгай жаал шиг л харагдана. 
Курт Воннегут
14. 

Хүүрнэл зохиол бол уран барилга болохоос дотоод засал чимэглэл биш.
Эрнест Хэмингуэй
15. 
Согтуу мэт бичиж, саруул ухаанаар зас. 
Эрнест Хэмингуэй
16. 

Аль болох хурдан эхний нооргийнхоо ард гар. Ингэхээс нааш зохиолын дүр төрхийг зохиолч өөрөө ч олж харахад хэцүү. 
Би зохиолынхоо эхний нооргийг дуусгаж цэг тавих үедээ, чөтгөр аваг, ямартай ч хэлбэрийг нь гаргаад авлаа гэж боддог. Гэвч би олон жилийг эхний нооргийнхоо тэн хагастай л  зууралдаж, ахин дахин засаж бичсээр бардаг.
Архаг зохиолчдын баримталдаг гол дүрэм:  “Эхний нооргоо тааруухан бичих зоригтой бай”. 
Жошва Вольфшенк
17. 

“Дэндүү” гэсэн туйлширсан тодотгол хэрэглэх тоолондоо “хараал идсэн” гэх үгээр сольчихож бай. Редактор энэ үгийг чинь дарах нь ойлгомжтой учраас хэлэх гэсэн санаа чинь байх ёстой хэмжээнээсээ хэтрэхгүй.
Марк Твейн
18. 

Зөвхөн өөрийн өгүүлж чадах түүхээсээ л өгүүлж эхэл, учир нь чамаас сайн зохиолчид чамаас сайн бүтээл туурвих л болно. Тэд өөрийн хүүрнэх ёстойгоо чинээнд нь тултал хүүрнэх ч, хэзээ ч, хэн ч чиний өгүүлэх түүхийг чамаас сайн өгүүлж чадахгүй. Учир нь чи бол цорын ганц.  
Нэйл Гаеман
19. 

Мугуйд, хөшүүн байдал бол уран сэтгэмжгүй хүний сүүлчийн хоргодох газар. 
Оскар Уайлд
20. 

Эрүүл бус сэтгэхүйгээр зохиолоо бич, тэгвэл чи элдэв бодит баримтуудад боомилогдохгүй. 
Рей Бредбери
21. 

Зохиол хэрхэн бичих тухай хэн нэгний зөвлөгөөг хэзээ ч битгий ноцтой хүлээж аваарай!
Лев Гросман



1 Сэтгэгдэл:

Arima Ts said...

Mash goy ugs tuuverlejee. Sogtuu met bichij saruul uhaanaar zas gj bn shuu ter Hemingway hehe
Bas Nail Gaiman bas Lev Grossman bas Orwell...

Post a Comment