...сэтгэл зүрхнийхээ орон зайг хадгалан авч үлдэхийн тулд...

П.Батхуягийн  уран бүтээлийн тухай  товч тэмдэглэл буюу “Эсрэг цаг” хэмээх  утга зохиол – уран сайхны шүүмжийн ээлжит түүврийнх нь тухай  бяцхан эргэцүүлэл.

    Манай цаг үеийн тэргүүн бичээчдийн нэг П.Батхуягийн ээлжит ном хэвлэгдэн гарч байна. Ээлжит хэмээсэн учрыг утга зохиол, уран сайхны ертөнцөд шимтэн дурлагсад, ээнэгшин татагдагчид тэрчлэн түүний шүтэн бишрэгчид –  шинэ цагийн залуучууд андахгүй. Учир нь П.Батхуягийн туурвисан яруу найраг, өгүүллэг, тууж, роман, жүжгийн зохиолуудынх нь зэрэгцээ нийгэм-утга зохиол, соёл, оюун санааны амьдралын сэдвээр нэн өргөн хүрээг хамарч бичдэг уран сайхны эссе, нийтлэл, тэмдэглэл тэрчлэн судалгааны болон шүүмж судлалын олон арван бүтээлүүд нь ёстой л түүний өөрийнх нь нэгэнтээ бичсэн шиг “Оросын домогт Т – 34 –ийн гинжний хээ шиг үргэлжилж”, “1945 оны ялалтын хаврын явган цэргийн жагсаал шиг ар араасаа босож ирдэг”  бөгөөд тэдгээрийн агуулга, үзэл санаа, дүрслэл туурвилын ер бусын өнгө аяс нь чухамдаа л “Курскийн цүлхэнд ИЛ – 2 онгоц агаараас шунгах шиг тийм хурд”-аар бид бүхний зүрх сэтгэлд нэвтэрч “Красная вино победы” дууны ая шиг хэлж боломгүй тийм нэг зүйлд биднийг автуулдаг билээ.
     “Здравствуй мама! Возвратились мы...” “Сайн байна уу? Ээжээ бид...эргэж ирлээ” Ишлэл болгосон мөрөө  дараа бүтнээр нь авахыг амлая.
                                  хх                     хх                     хх
      Сүүлийн үед манай утга зохиолын хэлэнд “хос морьтой хүн”, “хос морьтой уран бүтээлч” гэх мэт сайхан сайхан нэр томьёо, адилтгал зүйрлэл их хэрэглэгдэх болжээ. Зохиол бичдэг бас орчуулга хийдэг эсвэл эрдэмтэн судлаач хүн мөртлөө бас шүлэг бичдэг г, м хоёр өөр салбарт идэвхтэй ажилладаг хүмүүсийг ингэж нэрлэдэг бололтой. Гэтэл би П.Батхуягийг уран бүтээлч хүнийх нь үүднээс хүндэлж явдагийн хувьд нэг их сайхан морьтой хүн гээд нэрлэчихье гэтэл чухам ямар морьтой хүн гэж хэлэх вэ гэдэг тал дээр гацчихав!. Ямар 5 морьтой эсвэл  6  морьтой хүн гэлтэй биш!.  /Цаана нь хэд ч байгаа юм билээ/  За энэ ч яах вэ...бяцхан наргиа.
   Үнэхээр манай П.Батхуяг уран бүтээлийн олон салбарт зэрэг ажилладаг ёстой л “пишущий человек” /homo scriptopis/  билээ. Учир нь тэрээр яруу найрагч, өгүүллэг, тууж, роман гээд үргэлжилсэн үгийн бүх төрлөөр бичдэг, бас хэд хэдэн жүжигтэй өөрөөр хэлбэл үгийн урлагийн бүх төрөл жанраар туурвидаг, дээр нь утга зохиол-уран сайхны шүүмжийн чиглэлээр үнэхээрийн идэвхтэй ажиллаж байгаа /бараг өнөөдөр “амьд” байгаа цорын ганц шүүмжлэгч гээд хэлчихмээр/ харьцангуй залуу хүн билээ. Дээр нь судалгааны ажил хийдэг,  их сургуульд багшилдаг, бас зохиолчдын хороо мороогоор гүйдэг гэж сонссон тэгэхээр олон нийтийн ажилд бас идэвх зүтгэлтэй хүн байх нь!.  Залуу хүн аргагүй аргагүй гэж хэлэхэд ч багадах тайлбар биш гэж үү?! Тиймээ! Үнэхээр сайхан ажиллаж байгааг нь бид харж байгаа билээ. 
   Дээр үед Леонид Ильич маань Лениний 7 одонтой байсан гэдэг шиг П.Батхуяг маань оны шилдэг бүтээл шалгарууулдаг “Алтан өд” шагналыг 7 удаа хүртсэн хүн билээ.  Хэдийгээр шагнал урамшуулал гэдэг аливаа юмны эцсийн хэмжүүр биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл боловч долоогийн долоо удаа уран бүтээлийн шилдэгт эрэмбэлэгдэнэ гэдэг хөдөлмөр хийгээд хүндэтгэл бас ч бахархал биш гэж үү?
   Тэгэхээр түүний тухай, түүний тухай ч юу байх вэ? түүний уран бүтээлийн тухай бүгдийг нь хамруулан бичье гэвэл нэг хоёр хуудас өмнөтгөл үгийн хэмжээ – хүрээнд үнэхээрийн боломжгүй буюу зохимжгүй бөгөөд тэр тусмаа над шиг залхаг залхуу хүнд ахдах болон бэрхшээх ажил болох билээ.
                                             хх                хх                  хх
   П.Батхуягийн дээр дурдсан олон талт үйл ажиллагааны дотроос миний хамгийн их олзуурхан харж, шүүрдэн уншдаг сэдэв нь утга зохиол – уран сайхны шүүмжлэлийн салбар дахь бичлэгүүд нь юм.
   Өнгөрөгч зууны 60-аад онд дэлхий дахинаа тэр дундаа баруун Европд роман хэмээх бичлэгийн том төрөл зүйл нийгэм цаг үеийн хэрэгцээ шаардлагаас шахагдаж эхэлсэн тухай янз бүрийн төвшинд ярьж бичиж, шуугицгааж байсны нэгэн адил өнөөдөр манайд /манайд гэдэг нь Монголыг хэлж байгаа болно/  уран сайхны шүүмж, шүүмжлэл гэдэг зүйл нэгэнт үеэ өнгөрөөсөн “ерөөсөө нэг хүний бодож, сэтгэж, бичсэн юмыг шүүмжлэгч хэмээх нөгөө нэг нөхөр үнэлж дүгнээд байхдаа ч яах вэ дээ, ёстой утгагүй” гэх маягийн хэл яриа – бодол санаа ихээхэн газар авсан билээ!!! Тэнэгүүдийн аль тэнэгтэхийг тэр гэх вэ гэлээ гэхэд бүр миний хүндэлж явдаг, бас ч үгүй нөгөө хэдийгээ бодвол гайгүй уншдаг, гайгүй боловсролтойдоо ордог гэж миний бодож, итгэж явдаг Монгол Улсын төрийн шагналт зохиолч Дарма Батбаяр гуай хүртэл сонин хэвлэл дээр иймэрхүү сургаал “номлол” айлдах болсоныг уншаад үнэндээ гутах шиг болсон шүү!  Уул шугамандаа гэгчээр уг нь бол орчин цагт тэр тусмаа бүр өнөөгийн пост – пост  энэ цаг үед тэрхүү нүд үзүүрлээд байгаа шүүмж, шүүмжлэл гэгч уран сайхны аливаа текстийг задлан шинжлэх, тайлбарлах үйл ажиллагаа нь харин ч хүн төрөлхтний оюуны сонирхол, танин мэдэхүйн хэрэгцээ шаардлагад хамгийн их нийцэж, хамгийн их үгүйлэгдэх болсон ажил гэдгийг буурь суурьтай эхний сурах бичиг сөхөөд харахад л, нэр хүндтэй захын текстүүдээс ухаарч ойлгож болох билээ.
   Шүүмж, шүүмжлэл гэдэг нь өнөөдөр нэг нь нөгөөгөө муулдаг, өс хонзонгоо авдаг, шараа тайлдаг,  эс бөгөөс даган баясаж далдганадаг, нэр хүндийн хийгээд шагнал урамшууллын өчүүхэн бизнес хийдэг, бяцхан карьер  босгодог тийм нэг хэвлэл мэдээллийн шалигхан  үйл ажиллагаа, “үзэл суртлын зэвсэг” гэж ойлгодог социализмын үеийн хоцрогдсон гутамшигт үзэл бодол, өчүүхэн наймаачны ойлголт ухамсраасаа салах цаг болсон. 21-р зуун гарчихаад бүхэл бүтэн 13 жил өнгөрөөд юу юугүй талдаа орох гэж явна шүү дээ!!! Гэтэл өнөө л аль 50, 60 жилийн өмнөх шигээ шүүмжлэгч нь нэг юм “өгч” буюу бичиж гялайлгадаг, шүүмжлүүлэгч нь нэг юм /нэр хүнд ч юмуу/  олж  “авч” гялайдаг, эсвэл шүүмжлэл нь “алж” адлуулдаг, шүүмжлүүлэгч нь “алуулж” адалдаг гэх мэт нөгөө л чөтгөрийн тойрог – тамын тогоон дотроо бужигнан пор пор буцалцгаагаад байх нь ядаж л яршиг төвөгтэй биш гэж үү?
                                       хх                      хх                      хх
   Тэгээд ч өнөөдөр уран сайхны  шүүмж, шүүмжлэл буюу уран сайхны аливаа текст дээр ажиллах герменевтик үйл ажиллагаа гэгч нь чанарын огт өөр цоо шинэ /цоо шинэ мах зарна гэдэг шиг/ шатанд гарчихаад байгаа билээ.
   Орчин цагийн Герменевтик салбар  нь аливаа бичвэрийг тайлбарлах, ойлгох хамгийн ерөнхий зарчмуудыг боловсруулсан.  Энэ утгаар нь герменевтикийг “шинжлэх ухааны шинжлэх ухаан” буюу шинжлэх ухааны философи гэж нэрлэх болсон бөгөөд энэ тохиолдолд герменевтик нь хүмүүнлэгийн ухаан болно. Хүмүүнлэгийн ухаан болохынхоо хувьд мэдээж уран сайхны бичвэрийг онцлон үздэг. Иймд герменевтикийн хамгийн идэвхтэй нэгэн салбарт уран зохиол шинжлэл, түүний дотор утга зохиол - уран сайхны шүүмж судлал ордог байна. Тэгээд ч орчин цагт post-century  гэж нэрлээд байгаа өнөөгийн бидний толгой эргэм  kiber - virtual  ертөнцөд хүн гэгч бодгаль өөрийгөө танин мэдэх, эргэцүүлэх, ойлгож ухамсарлах шаардлага хамгийн чухал, бүр амин хэрэгцээ, оршихуйн цорын ганц эх үндэс нь болсон гэдэгт философичид, нийгэм судлаачид, сэтгэлзүйчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрөх болсон байна. Гэтэл энэхүү амин чухал зорилтыг зөвхөн “хэлний ахуй” гэж нэрлээд байгаа тэр орчныг ухамсарлах замаар л өөрөөр хэлбэл бидэнд ойлгомжтой үгээр илэрхийлбэл зөвхөн текстийг задлан шинжлэх замаар л хэрэгжүүлэх бололцоотой гэж  орчин цагийн постмодерн философидолтод  тухайлбал  Витгенштейний хэлний философи чиглэлийнхэн, тэдний өнөөгийн залгамж халаа үеийнхэн үзэх болсон. 
   Орчин цагийн герменевтикийн салбарыг үндэслэгчдийн нэг Германы шашны онолч, нэрт философич Ф.Д.Шлейермахерын бүтээлүүдэд тодорхойлсоноор “...аливаа уран сайхны текстийг тайлбарлагч буюу шүүмжлэгч /сургалт явагдаж байгаа тохиолдолд  багш –С.Э/ хүн тухайн зохиолыг зохиогчоос нь өөрөөс нь илүү ойлгож мэдэрдэг байх ёстой”.
    Чухам энэ чанар, чухам энэ л эрхэм чанар П.Батхуягийн уран сайхны шүүмжлэлийн хүрээний текстүүдэд онцгой илэрдэг. Манай үеийн нандин охин Л.Өлзийтөгсийн уран бүтээлийн тухай “Эмэгтэй хүн”, манай үеийн хэтийдсэн элбэрэлт ухаантан Д.Урианхай гуайн “Хүн төвт уран зохиол ба Д.Урианхай”, манай үеийн нандин уран бүтээлч Батжаргалын Одгэрэл, Цэндийн Доржсэмбэ нарын яруу найргийн тухай “Ариун гар”, энэ номонд орж буй Ө.Үлэмжтөгсийн “Абсурд зүүдний - хот” романаас үүдэхүй “Негатив зүүдний зарим – өнцөг” зэрэг өгүүллүүд чухам  дээрх үзэл баримтлал хичнээн үнэн зөв, хичнээн  их магадлалт чанартайг харуулах нэг сайхан жишээ баримтууд гэж би бодож байна.
   Ерөөс орчин үеийн утга зохиолын  шүүмжлэгчид герменевтикийн ерөнхий санааг маш олон хувилбараар ашигладаг. Тухайлбал барууны алдартай утга зохиол шинжээч Н.Фрай уран зохиолыг ойлгох үйл явцад шүүмжлэгчдийн үзүүлэх нөлөө  асар их гэдгийг онцлон тэмдэглээд анх Ф.Д.Шлейермахерийн хэлсэн суут ухаантан ч гэсэн өөрийнхөө бүтээлийг хөндлөнгөөс нь хараад үнэн зөв дүгнэлт өгч чаддаггүй гэсэн санааг давтсан байдаг.
                                      хх                  хх                хх
   Зарим тохиолдолд П.Батхуягийн уран сайхны шүүмжүүдэд бүтээлчээр задлан шинжлэх, асуудалд обьектив хандах, судалгааны болон онол аргазүйн үндэслэлтэй тайлбарлах чанар илт орхигдож, өөрийнх нь субьектив хандлага, сэтгэлийн хөөрөл, хувь хүний эмоци ихээхэн давамгайлдаг. Үүнийг би П.Батхуягийн уран сайхны шүүмжлэлийн бүтээлүүдийн зарим нэг сул тал гэх үү? эсвэл бүр эсрэгээр давуу тал нь  гэх үү, сайн хэлж мэдэхгүй байна! Түүний л нэг онцлог юм болуу даа. Учир нь тэрээр өөрөө яруу найрагч, уран бүтээлч хүн билээ. Жишээ нь: залуу яруу найрагч Ч.Ууганбаярын “Нимбэгэн сарны шүүс” номын тухай “Ч.Ууганбаяррын “Яагаад”-ууд...” хэмээх тэмдэглэл бол Ч.Чулуунбаатарын номны тухай гэхээсээ илүү П.Батхуягийн өөрийнх нь эмоцийн нэг дүр зураглал, өөрийнх нь  онгодтой бичсэн  нэг бэсрэг зохиол ч гэж хэлж бас болох билээ. 
    Чухам энэ тухай, иймэрхүү тохиолдлуудын тухай Америкийн судлаач Э.Д.Хирш авч үзсэн байдаг. Тэрээр уран зохиолыг өөр өөрсдийнхөөрөө ойлгон, үнэлэлт дүгнэлт өгдөг хандлагыг танин мэдэхүйн атеизм /шашингүйн үзэл/ гэж нэрлээд энэ нь хэтэрхий их хийсвэрлэл /субьективизм/ болон хуурамч субьектив – идеалист үзэлд /релятивизм/ хүргэнэ гэж үзсэн байна. Энэ судлаач үзэхдээ аливаа  текстийг зохиогчийн дэвшүүлж байгаа хэтийн төлөвийг тооцолгүйгээр салангид тайлбарлаж болохгүй. Хэрэв ингэвэл тэр нь тайлбар, задлан шинжилгээ бус харин шинжээч нь буюу шүүмжлэгч нь  өөрөө зохиогч /авторство/ болно гэж үзсэн ажээ. 
                                     хх                           хх                            хх
   П.Батхуягт байдаг нэг эрхэм чанар бол хүнд зөвхөн уран бүтээлийнх нь хувьд ханддаг хүнлэг сэтгэл нь гэж би боддог. Анхны түүврээ гаргаж байгаа оюутан залуу ч байсан, алс хөдөөнөөс аялгуу эгшиг дамжуулсан замын яруу найрагч  ч байсан,  ер нь хэн л бол хэн, шүлэг бичдэг, тэр нь өөрт нь хүрсэн л бол үзгээ авдаг, ухаанаараа бус элгээрээ уран бүтээлд ханддаг эрхэм чанартай. Залуучууд болон үеийнхэнийхээ тухай тэрчлэн уран бүтээлчдийн шинэ ном, шинэ түүвэр бүрийг амжиж харах ёстой, заавал уншсан байх ёстой  гэсэн алтан дүрэмтэй, тэр ч сайхан чанараараа энэ цаг үеийнхээ яруу найраг, утга зохиолын амьдралын нэг амьд барометр, шударга индикатор болж чаддаг төдийгүй эдүгээ үеийн уран сайхны түүхийг бүтээлцэгч, бас ч тодорхой хүрээнд чиглүүлэгч,  дизайнер, яруу найргийн  ертөнцийн нэг архитектор гэж түүнийг хэлж болно. Бяцхан маазарч цаг тооны бичиг дэх өдөр  алгасалгүй шахам онгод түрэн  бичсэн түүний цуврал  сэтгэгдлүүдийг нэг ёсондоо энэ цаг үеийн манай үгийн урлаг дахь өвөрмөц нэгэн газрын зураг ч  гэж  ойлгож болох билээ..  
   “Ээдрээний эцэст” ээдрэх энэ хорвоод эрхэм дотны  Ч.Билигсайхан багшийгаа дурсаж,  “Мягаа ах минь, муу Мягаа ах минь”, “Очирбатын Дашбалбаргүй орчлонгийн өдөр хоногууд” зэрэг  өгүүллүүдийг уншихад үнэхээр л нэгэн биеэрээ, алдрайхан ааш араншингаараа /60 хүрч байгаа хүн шүү дээ/,  бүр бүх л амь амьдралаараа тэр чигээрээ “амьд яруу найраг” болсон хөөрхий муу шар Мягаа ах минь нүдэнд харагдаж, Очирбатын Дашбалбар хэмээх нэгэн цагийн гэнэн хөвүүн – гэрэлт найрагчийн тухай гэгээн гуниг сэтгэлд хурганам билээ. Үүнийг би сайхан сэтгэл, хүнлэг ёс, хайрлах дурсамж, яруу найрагчийн зүрх сэтгэл, шүүмжлэгчийн билиг, П.Батхуягийн эрхэм чанар  гэж  хэлэх гэсэн юмаа. 
                                    хх                            хх                           хх
    Мэдээж сайхан сэтгэл, дурсамж хоёр аливаа төгөлдөршил, аливаа хөгжил хөдөлгөөний ганц эх сурвалж биш. Гэхдээ л хүн төрөлхтөн “хүний төрхөөрөө” байсан цагт сэтгэл зүрхнийхээ орон зайг хадгалан авч үлдэхийн тулд бидэнд сайхан сэтгэл, санан дурсах хэрэгцээ гэдэг юм үгүйлэгдсээр байх болов уу?  Чухам ийм л учраас бидэнд урлаг уран сайхны ертөнцийг туурвин бүтээх, тэрхүү “бүтээсэн” ертөнц дотроосоо өөрөө өөрийгөө “харах”  хэрэгцээ, өөрийгөө болон бусдыг бясалгах хэрэгцээ тулгардаг бөгөөд аливаад шүүмжлэлтэй, бүтээлч хандах чадвар хэрэг болдог бөгөөд  муу ч  сайн ч  орчин цагийн утга зохиол уран сайхны шүүмжлэл нь  шинэ үеийн монголын уран зохиол болон уран бүтээлчдийн хэд хэдэн үед гүн ухаан гоозүйн үзэл баримтлалын үндсэн чиг баримжаа болж, уран сайхны туурвилзүйн өсөлт хөгжилтөд нь онцгой бүтээлч үүрэг гүйцэтгэсэн бүхэл бүтэн  түүхтэй  билээ. Мэдээж бидэнд түүхийн алдаа эндэл олон байсаан. 
   “Өнгөрсөн үеийн улс төрийн прагматизм уран зохиолыг үзэл суртлын зэвсэг болгон ашиглаж ирсэн бол өнөө үеийн эдийн засгийн прагматизм нь уран зохиолыг арилжааны хэрэгсэл болгох хандлагатай байна. Ийм ч учраас уран сайхны шүүмжлэл улс төрийн прагматизмтай нийлэн нэгдэж түүний зорилгоо биелүүлэх нэг арга хэрэгсэл болж хувирсан өнгөрсөн үеийн гашуун туршлагаас сургамж авч, урлаг уран зохиолыг чөлөөт зах зээлийн эдийн засгийн прагматизмаас хамгаалах нь өнөө үеийн уран сайхны шүүмжлэлийн гол үүрэг мөн” хэмээн манай цаг үеийн эрхэм сайхан хүний нэг доктор Ц.Банзрагч агсан нэгэнтээ тэмдэглэж байсан билээ.  Чухам тийм ч учраас П.Батхуягийн энэхүү ээлжит түүвэрт орсон “Оюуны сулрал”, “Оюунлаг зэрлэгшил”, “Сэтгэлийн орон харанхуйлваас”, “Сайтар угаагдсан тархинууд буюу савангийн дууриудын гавьяа”, “Ном хөтөлбөр” түм түм наслатугай, гэвч...” өгүүллүүдийг  ёстой л нөгөө дээр үеийн бүх нийтийн суботник гэдэг шиг бүх нийтээрээ унших аян өрнүүлэх юмсан.
    Муу ч сайн ч  орчин цагийн утга зохиол уран сайхны шүүмжлэл нь  шинэ үеийн монголын уран зохиол болон уран бүтээлчдийн хэд хэдэн үед гүн ухаан гоозүйн үзэл баримтлалын үндсэн чиг баримжаа болж, уран сайхны туурвилзүйн өсөлт хөгжилтөд нь онцгой бүтээлч үүрэг гүйцэтгэсэн  төдийгүй  үе үеийн нийгэм-иргэншлийн  оюун санааны  амьдралд асар их эерэг, гэгээрүүлэх үүрэг гүйцэтгэсэнийг хэн ч үгүйсгэшгүй билээ. Чухам энэ түүх, энэ үүрэг үргэлжилж байгааг харах сайхан байна.

                                 хх                               хх                                    хх

      Нөгөө талаар сайхан сэтгэл дурсамж хоёр  нь  философи   гэсэн үг биш боловч орчин цагийн хамгийн гол эмгэнэл, олон олон зовлон шаналлын шалтгаан нь философийн болон шүүмжлэлт сэтгэлгээний  хомсдолд оршино гэж эдүгээ үеийн тэргүүлэх философичид  тэмдэглэх  болсон байна.Чухам энэ тухайд өнгөрсөн зууны Германы сэтгэгч Г.Хайдеггер философи бол “хүнийг бүхэлд нь бөгөөд байнга эзэмдэж байгаа сүүлчийн зэмлэл бөгөөд сүүлчийн маргаан” юм хэмээн тодорхойлсон байдаг. Философийн үүрэг зорилго бол хүний заяа тавилангийн эрэл хайгуул юм, хачирхалтай энэ ертөнцөд хүний оршихуйг ханган хамгаалах явдал юм. 
    Одоогоос 20-иодхон жилийн өмнө философи уран зохиол хоёр олон тохиолдолд салгахын аргагүй үзэгдэл болсон тухай тэмдэглэхэд “цэцэрхлээ”, “философичирхлоо” гэж ил далд хэлдэг, ярьдаг хүмүүс аль ч төвшинд олон байлаа. Харин өнөөдөр энэ тухай шүлэг бичдэг захын залуу ёстой л “цэцэрхэж” явдаг болжээ. Энэ нь нэг талаар бяцхан хийрхэл  /зарим тохиолдолд/ боловч нөгөө талаар үнэхээр л танин мэдэхүйн болон сэтгэлгээний хувьд манай уран сайхны амьдрал урагш нэг шат ахисаны илрэл яах аргагүй мөн билээ. Энэ бол чухамдаа  социализмын он жилүүдэд Орос болон Германы философийн дэг сургуулиудаар дамжсан манай философичдын бахархам боловсрол, өндөр зэрэглэлийн сэтгэлгээ, дээд эрэмбийн бүтээлүүд, юуны түрүүнд тэдний орчуулгын бүтээлүүдийн бидэнд үзүүлсэн  зүйрлэшгүй нөлөө, эрхэм ач, сүслэм гавьяа бөгөөд бас ч нөгөө муу  байнга л нүд үзүүрлэгдэж явдаг “муу нэртэй, луу данстай”  хэдэн нийтлэлчид - шүүмжлэгчдийн  хүч хөдөлмөрийн нэг үр дүн гэж хэлж болох билээ.  Нэн ялангуяа манай энэ цаг үеийн нийгэм - улс төр -  эдийн засаг -  соёл - оюун санааны амьдралын бүх хүрээн дэх нэгэн суу билигт үзэгдэл болсон Б.Баабар болон манай уран сайхны амьдрал дахь нэг бахархал болсон Г.Аюурзаны соён гэгээрүүлэх үйл ажиллагаа 1990-ээд оноос хойшхи нэн шинэ үеийн Монголын уран зохиолд үлэмжийн нөлөө үзүүлсэн буюу үзүүлсээр байгаа билээ. “Ер нь уран зохиол, философи гээд салгаж ярих ч хэцүү болсон...” /Г.Аюурзана 2013.11.1 /  В.Канкегийн “Философи”, Г.Фрейзерийн “Алтан гишүү”, Зигмунд Фрейдын “Онгон шүтлэг ба хорио цээр”, Карл Гюстав Юнгийн “Бэлгэдэлт амьдрал”, Лэви Стросын “Бүтэцийн антропологи” зэрэг алдарт бүтээлүүдийг орчуулсан манай сургуулийн /МУБИС/ философийн тэнхимийн багш Ж.Отгонбаяр гүүшийн ярих нь утга зохиол – философи, эсбөгөөс философи – утга зохиол гэсэн хослолоор мэргэжлийн багш бэлтгэх нь өнөө цагийн хамгийн үр дүнтэй төслийн нэг байх ажээ. Юм мэддэг, юм уншдаг хүмүүсийн яриаг ойлгохгүй ч гэсэн сонсож суух хүртэл сайхан байдаг л...
                                   хх                       хх                   хх
   Энэхүү бяцхан тэмдэглэлийн эхэнд би өөрийн хамгийн хайртай, хамгийн их сэтгэл хөдөлдөг, алдарт “День победы” дууны анхны мөрийг зориуд дутуу ишилсэн билээ. “Сайн байна уу? Ээжээ бид... эргэж ирлээ.” Тиймээ! Үнэхээр Г.Аюурзана, П.Батхуяг нараар төлөөлүүлж, нэн шинэ үеийн монголын уран зохиолын ертөнцөд  уран сайхны шүүмжлэл буцаж ирлээ гэж  хэлэхийг би хүссэн юмаа!!!
   Харин одоо тэмдэглэл маань төгсөх боллоо. Цагаахан магтаал, цагаахан бахархал маань өндөрлөж байгаа тул  өмнө амласан ёсоороо ишлэлээ бүтэн авах цаг болжээ!
    “Здравствуй мама! Возвратились мы не все” “Сайн байна уу? Ээжээ? Бид бүгдээрээ биш.., бидний хагас нь.., бидний зарим нь.., бидний тал нь л эргэж ирлээ!” 
             Яагаад тал нь, яагаад хагас нь, яагаад зарим нь гэж ?
                              хх                           хх                      хх
   Өндөр насны тэтгэвэр - гавьяаны амралт, хойд нас - бурханы оронд, зах зээлийн ертөнц - амьдралын буулганд, зүрх сэтгэлийн  хийгээд авьяас билгийн хомсдол гэх мэт олон олон учир шалтгааны улмаас ОҮМУЗ-ын алтан үеийнхэн алслан холдоцгоосон энэ цаг үед чухамдаа л шинэ үеийнхэн түүний дотор яруу найрагч, судлаач, шүүмжлэгч, эрдэмтэн, багш  П.Батхуягийн уран бүтээл  “нацизм нуран унасан тэр жил Рейхстагийн оройд хатгасан улаан туг шиг сүр жавхлантайгаар Монголын яруу найргийн тэнгэрт намирсаар байх болно гэдэгт”  би огтхон ч эргэлзэхгүй  байнаа.
      
                                                                                                             

 Утга зохиол судлаач, доктор
С.ЭНХБАЯР  
 /МУБИС-ийн Утга Зохиолын Тэнхимийн эрхлэгч/
2013.11.11

   



   

0 Сэтгэгдэл:

Post a Comment