Өөд болж бясалгасан Сайн Уст Лачийн хоёрдугаар бөлөг.

Дэд бөлөг

Намо гүрү. Егүзарисийн манлай Мяла хэмээн алдаршсан тэр богд нь, Чонлүн хаданд суун бөлгөө. Тэндээс ламын зарлигийг бүтээхийн тул Tонла (thong la.tib) нэрт тэргүүрээр Лачи (la phyi.tib) нэрт цаст ууланд бясалгасугай хэмээн өөд болохын зуур, Нянанзарма (gnya nang rtzar ma.tib) нэрт улсад хүрвээс тэр улсад их хурим хийж суун ажгуу. Тэр хуримд хурсан бүгдээр өөр зуураа ийн өгүүлэлдрүүн, “Аяа Мяларайба хэмээгдэх идээн үгэгү ямагт хатуужил явдлаар элчил үгүй ууланд суугч, маш сайн номч хэмээн сонсдмуй” хэмээн Мяларайба хутагтын нэр алдрыг өгүүлэлдэн суун бүхүйд, Мяларайба тэдний хаалганд хүрч суун бөлгөө. Тэнд олон чимгээр чимсэн (6r) нэгэн залуу Лэгсэбум (legs se ‘bum.tib) хэмээх хатагтай гадагш гарч ирээд, ийн өгүүлрүүн: “Егүзари ээ, чи хаанаас ирэв” хэмээн асуусанд, Мяларайба лам зарлиг болруун:
 “Миний орон магад үгүй буй за. Ууланд суугч их дияанч Мяларайба хэмээгдэх буюу. Өглөгийн эзэн хатагтай надур идээн ундаан өг” хэмээн зарлиг болбоос, тэр хатагтай өгүүлрүүн:
 “Идээн ундаан өргөсүгэй. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд магад чи мөн буюухүү” хэмээн асууваас Мяларайба лам зарлиг болруун, “би юуны тул худал өгүүлмү” хэмээн зарлиг болбоос, тэр хатагтай маш баясаад, түргэнээ орж одоод, тэдгээр олон хүнд өгүүлрүүн, “Аяа сонсодхун та, бидний нэгэн нэгэндээ тийм сайн номч егүзари буюу хэмээн өгүүлэлдэгч тэр богд эдүгээ бидний хаалганд өөд болж ирж суун аму” хэмээн өгүүлбээс, тэдүй хамаг бүгдээр гадагш гарч одоод, зарим нь мөргөн, зарим нь учир шалтгааныг хичээж асуугаад, Мяларайба хутагт магад мөн бүхүйг мэдэж, гэртээ залаад хотол төгссөн сайнаар өргөн хүндлэвэй.
Тэндэх хамаг чуулагсдын дээд эхэнд нэгэн залуу идэр бүхүй Шиндормо (gshen rdor mo.tib) нэрт хөвгүүн суун бөлгөө. Тэрбээр Мяларайба багшаас учир шалтгааныг асууж мэдээд бишрэл төрж, “Аяа лам эдүгээ эндээс хааш өөд болох буй” хэмээн асууваас, лам зарлиг болруун, “Лачи цаст ууланд бясалгахаар одох буй” хэмээн зарлиг болбоос, тэр өчрүүн: “Аяа лам аа, тэр ууланд өөд болохуй ятгаад бидний Дрэлүн Жогмо (‘dre lung skyog mo.tib) нэрт газарт сууж, газрыг адистидлан суун соёрх, бид бээр чадан ядан өргөн хүндэлсүгэй” хэмээн өчвэй. Тэнд тэдний дотор нэгэн тойн багш буй ажгуу. Тэр ийн өгүүлрүүн, “лам өглөгийн эзэн хоёр найралдаж, лам бээр тэр оронд суух бөгөөс бид бээр чадан ядан буян өргөөд ном айлтгасугай” хэмээв. Тэр багшийн нэр нь Шакьягүна буюу. Түүний хойно тэр өглөгийн эзэн өгүүлрүүн, “эвий бидний адгуусны бэлчээрт нэгэн сайн газар бөлгөө. Тэр газарт чөтгөр илт бүхүйн тул, олон иргэн маш айж яван үл чадах бөлгөө. Лам тэнд үтэр өөд болтугай” хэмээн өчөөд, хамаг бүгдээр мөргөсөнд, лам зарлиг болруун, “би үтэр түргэнээ одох буй за. Таны тийм газрыг номхотгохын тул одох бус буй за. Би ламын зарлигаар тийм ууланд бясалгахаар одсугай” хэмээн зарлиг болбоос, тэд бүгдээр өчрүүн: “лам аа тийм ууланд өөд болох бөгөөс бид бээр ламд сайн идээн хийгээд хүндлэх хүнийг бээр илгээсүгэй” хэмээн өчвөөс, лам зарлиг болруун, “би ууланд суухуйдаан нөхөр хийгээд сайн идээнд шүтэж суух бус буй за. Эдүгээ би гагцаар одсугай. Таны хүндлэх үлэхийг хойно ухсугай” хэмээн зарлиг болоод, лам өөрөө гагцаар Лачи нэрт цаст ууланд одоод тэр уулын үзүүрт хүрвээс, хүмүүн бусад нь огторгуйд үүлэн үелзүүлэн хураагаад, маш айх мэт луу тачигнаад, гал цахилж догшин их хур мөндөр орсонд, энэ этгээд тэр этгээд дэх уул нь нурж, тэр гол усаар дүүрч, догшин их долгион хөдлөх, их нуур болон тогтвой. Тэдүй лам догшны ёсоор гар дахь бэрээгээ хөсөр дэлдвээс, тэр нуурын доороос нь цоороод үгүй болсонд, түүнийг Мүрзин (dmu rdzing.tib) хэмээн нэрийдэв. Тэндээс дорогш өчүүхэн өөд болбоос хүмүүн бусад энэ этгээд тэр этгээд дэх уулсыг нь нуруулсанд, усан их долгион давалгаанаар их чулуу урсч ирвээс, дагинас энэ этгээд тэр этгээд дэх завсарт могой орох гүйх мэт нэгэн уулыг зам гаргасанд, тэр замыг Дагинасын (7r) зам хэмээн нэрийдэв. Тэндээс өчүүхэн хүчтэн хүмүүн бусад өөрөө ядан одвой. Их хүчтэнүүд чөлөө хаалга эрж үл чадах бөгөөтөл чөлөө хаалга эрэн ахуйд дагинасын гаргасан замаар гарсаны хойно, Мяларайба лам чөтгөрүүдийг цогоор дарах тийм адистид хийсэнд, тэдгээр нүгэл ёр бэлгэс амарлиж, үгүй болбой. Тэнд нэгэн чулуу гишгэсэнд хөлийн мөрийн бэлгэ гарсан ажгуу. Тэндээс өчүүхэн өөд болбоос, бороо маш арилж огторгуй тунгалаг бүхүйд, сэтгэлээ баясгалант болж нэгэн гурвин дээр суугаад, хамаг амьтныг нигүүлсэхүй асрахуй самадид тэгш агуулан бясалгасанд, түгдам нь маш их тодорхой боллоо. Тэр гурвид “Асрахуй гурви” хэмээн алдаршвай. Тэндээс Сайн Устад өөд болж мөрний урсгалын бясалгалын агаарт суухуй цагт, гал барс жилийн намрын тэргүүн сарын арван шинийн шөнө дор, Балбын харо (bha ro.tib) нэрт ад тэргүүлэн хүмүүн бус чөтгөрийн цэргүүд, Сайн Уст голын огторгуй газар хүртэл ирээд, уул бээр нураад, аянга тэргүүтэн мэсэсийн догшин хур ороод, Мяларайба хэмээн дуудаад, баридхуун аладхуун цохидхуун хэмээх тэргүүтэн их муу дуун гаргаж, маш айх мэт үзэшгүй жийргэмшигт дүр үзүүлсэнд, Мяларайба ийн сэтгэрүүн, “Аяа хүмүүн бусад чөлөө хаалга эрэхээр ирсэн ажгуу” хэмээн сэтгээд шалтгаан үр үнэмлэхүй энэ номыг эгшиглэн номловой.
“Үндсэн лам нарт мөргөмүй
Үлэмж ачитдаа итгэмүй
Огоот эндүүрсэн нүдэнд үзэгдхүүн нүдний мөрөөр
Олонх эрс эмс чөтгөдийн муу бэлгэс үзэгдвэй.
Ай хөөрхий бирд чөтгөд та
Алдаршсан би бээр танаас үл аймуй за
Анх урьд хураасан муу үйлсийн
Ач үр эдүгээ биед тань хүрвэй зэ.
Огторгуйгаар явагч биетэн бирд та
Үндсэн муу сэтгэлийн нисванисаар хөдөлгөгдөж
Омогт муу ааль дүр дүрсээр
Огтол ал цохь хэмээн айлгаваас бээр.
Сэжиг алдарсан Мяларайба хэмээх егүзари би (7v)
Сэтгэш үгүй аюул үгүй чин зоригт үзэл надур буй
Сацлал үгүй баатар арслангийн явдлаар явмуй би
Шамшаах үгүй бурханы биеийн хоргод орлоо бие минь.
Хэл минь тарнисын хоргод орлоо
Гэгээн гэрлийн хоргод орлоо сэтгэл минь
Гэмт зургаан чуулган өөрийн мөн чанараар хоосон буюу
Хэтэрхийеэ тийм ёст егүзари буюу би.
Чөтгөд ад бирд хор хийх таныг [тань] яахин чадмуй
Чанар буян нүглийн үр дагах үнэн бөгөөтөл
Чилгэрт муу үйлсийг хураасны ачаар
Чивэлт муу заяанд одмуй за хөөрхий та.
Ай халаг хамаг чөтгөд бирд ээ
Ахуй ёсны утгыг эс ухсан хөөрхий
Аюул үгүй Мяларайба хэмээгдэх егүзари би
Аялгуулан эгшиглэн ном номломуй.
Огторгуй лугаа сац хамаг амьтан
Үндсэн эцэг эх эс болсон аль бээр үгүй
Өсгөгч ачит бүхүйн тул хайрлан сэтгэмүй
Оюундаан сэтгээд тийм хорт сэтгэлээ хариулагтун.
Ач үр буяныг сэтгэвээс сайн бөлгөө
Арван буянт номоор явбаас юутай сайн бөлгөө
Ариун сайн үгсийг шинжлэн тогтоон оногтун
Ав аль тийм утгасыг мэдээд сайтар сонсодхун”
[i]хэмээн номловоос, чөтгөдийн цэргүүд өгүүлрүүн, “чи бээр маш ичүүзэй, бид бээр тэргүүнээ төөрөх үгүй буй за. Бидний рид үгүй болбоос бээр чамайг хялбараа яахин талбимуй” хэмээлдээд, бас олон цэргүүд нэмээд ихэд айлгаваас, Мяларайба лам сэтгэлдээн мэдсэн ёсоор, чөтгөдийн цэргүүдийг бээр, ламын ачаар ахуй ёсыг ухсан егүзари бүхүйн тул, удирдагч чөтгөдийн рид бэлгэс сэтгэлийн чимэг буй за. Эдүгээ бээр ийм шалтгаанаар дээд бодь хутгийг олмуй за хэмээн номлоод, долоон их чимэгтийн энэ шүлгийг эгшиглэн номловой.
“Дуун хөрвүүлэгч Марва хутагтад сөгдмүй
Дэлхийн ахуй ёсыг ухсан егүзари би
Дээр их чимэгт нэгэн дуун дуулсугай
Та энд чуулан хурсан эр эм ад чөтгөд.
Түрвэлгүй чихний эрхтэнээр сайтар сонсодхун
Дундад уулсын хан Сүмбэр уул бөгөөд
Тодорхойяа биндэрьяагийн гэгээн гэрэл нь
Тунамал Замбутив дэх огторгуйн чимэг буюу.
Буулга баригч уулын дээрхэнээ
Бүрэн наран сарны гэрлээр гийгүүлэх нь
Бүх дөрвөн тивийг гийгүүлэгч их чимэг буюу
Буянт лусын ханы бодичид сэтгэлийн рид хувилгаан.
Огторгуй дахь төвөөс хур оруулбаас
Үлэмж этүгэн эхийн их чимэг буюу
Усан хийгээд гадаад (8r) далайн уураас гарсан
Огторгуйгаар түгээмэл болсон үүлс бээр.
Манжилгасын тэр үүлэн огторгуйн их чимэг буюу
Махбодийн дулаан чийгийг нийлсэний бэлгэсээр
Магад хөрст ууланд солонго татмуй, зуны цагт
Манлай солонго хөрст уулын их чимэг буюу.
Анубад их далайгаас мөрөн урссанаар
Алдаршсан Замбутив дэх өвс мод дэлгэрвээс
Аливаа хамаг амьтны их чимэг буюу
Ай уул баригч егүзари би бээр.
Сэтгэлийн хоосон чанарыг бясалгасны агуу хүчнээр
Самуу эр эм чөтгөдийн бэлгэс болбоос бээр
Сэжигт рид бэлгэс егүзарийн их чимэг буюу
Сайтар сонсодхун хүмүүн бусад та.
Нүүрийг минь танив уу та бүгдээр
Нүүрийг минь хэрвээ эс таниваас л
Няцал үгүй Мяларайба егүзари буюу би
Нэгэн үзүүрээр сэтгэсэн цэцгүүдийг сайтар өргөлөө.
Яруу сайн эгшгийн дохиогоор дуулж
Илт хэлээр үнэмлэхүй үгүй бээр ном номломуй
Ямагт туст сэтгэлээр өдүүлэн дурдмуй
Ялангуяа та бүгд бодичид сэтгэл үүсгэж бүрүүн.
Бус амьтанд тус хийх үгүй л бөгөөс бээр
Буян бус арван нүглийг тэвчээд
Бүрэн өөрөө тонилохуй жаргаланг яахин үл бүтээмүй
Буцал үгүйеэ миний үгээр явбаас тус нь их бөлгөө.
Хоромхон богдсын номыг хичээвээс л
Хол өнөд маш жаргамуй та хэмээн номлосонд
Хурднаа хүмүүн бусад тэдгээр чөтгөд адас
Хутагт Мяларайбад чин бишрэлт болж бүрүүн.
Тэдгээр муу ёр бэлгэс үгүй болоод
Дээд егүзари бээр их гайхамшигт болбой
Тийм дохионыг эс тайлбаас л
Тэгүүдэрч үл мэдэх бөлгөө бид бээр.
Эдүгээ чамд хор хийн үл чадах ажгуу
Үүнээс урьд ач үрийн ном номлосны ач их бөгөөтөл
Эндүүрсэн бид муу зузаан авьяаст дарагдаж
Ай сэтгэл бидний өчүүхний тулд эс тогтлоо.
Тиймийн тул цөөн үгт их утгат
Тэгүүдрэл үгүй хялбараа мэдээд бясалгах
Тийм нэгэн ном өчсүгэй, номлон соёрх
Төдүй Мяларайба долоон мөн бүхүйн энэ эгшгийг номловой.
Үлэмж сүсгээр Марва богд (8v) ламд сөгдмүй
Үнэхээр бодичид сэтгэлийг бясалгахуй адистид өгөн соёрх
Үнэмлэхүй үгүйгээс хагацсан утгасыг нь
Уярахуй дуугаар эгшиглэвээс пийпаагийн[1] дуун буюу.
Зохилдохуй ном эс мэдвээс л
Зохис үгүй үгсийг найруулбаас дууриан мэт буюу
Зохистойяа номыг сэтгэлдээ үл бясалган бөгөөтөл
Зөвшөөж мэдэв би хэмээгчин нь хуурамч буюу.
Ариун дандарсын утгасын увдисыг үл бясалгах л бөгөөс
Ууланд сайтар оршвоос [оршивч] өөрөө зовюу
Амгалан туст богдсын номыг үл үйлдэх бөгөөс
Ав аль үйлсийг үйлдвээс зовлонт үйлс болмуй.
Үнэн ач үрийг сайтар хичээж эс мэдвээс л
Үгсээр сургаваас зохис үгүй буюу
Үг утгасыг сэтгэлдээн эс бүтээвээс л
Олон номловоос бээр хуурмагч буюу.
Нүгэлт үйлсийг тэвчвээс өөсөөн бүтмүй
Няцал үгүй буяныг бүтээвээс жавхлангаар бүтэюү
Нэгэн чанар болгон хураахыг сэтгэлдээн автугай
Нялхасын олон үгсээр номловоос хэр тус болох.
Тийм утгасыг сэтгэлдээн аваад
Тийн хэмээн номлосонд ном өчигчид
Тэдгээр чөтгөд Мяларайбад бишрэл төрүүлж
Дээш мөргөөд олонтоо эргэж бүрүүн.
Хамаг чөтгөд өөрийн өөрийн орон дороо одсонд
Гагц харо (bha ro.tib) ад эхэлж хэдэн нөхөд сэлт
Хатуужиж муу ридийг үзүүлбээс л
Гайхамшигт энэ ач үрийн ном номлоруун:
Үндсэн Марва ламын хөлд сөгдмүй
Үгсийг минь эдүгээ сонсодхун хүмүүн бусад та
Огторгуйгаар түрвэл үгүйеэ явагч биетэнээ
Өөд үгүй муу сэтгэлийн авьяаст дарагдаж.
Бөх нисванисын соёогоо арзайж
Бусдыг айлгасан тэр нүгэл өөрт хүртэюү
Бүрэн үнэмлэхүй шалтгаан үр хоосон үл болмуй
Буян нүглийн ач үр сүүдэр мэт дагамуй.
Та өөрийн биеэ өөсөөн энэлгэх буй за
Тэнчүүрэгч бирд чөтгөд найралчилсан шалтгаан
Тэмцэгчин таны үйлдсэн ач үр буюухүү
Тийм тиймийг сэтгэвээс зүрхний хий хөдөлюү.
Эрт урьд муу үйлсийг хурааснаар
Эдүгээ бээр муу үйлс үйлдэхийг таалму
Элдэв алах нүгэлт (9r) үйл үйлдсэнээр
Энд бээр идээн хийгээд мах цусыг таалму та.
Үйлс тань амьтнаа хорт үйлээр хөнөөмү
Одогч зургаан зүйлийн дотор бирд биетэн та
Онц хилэнц үйлдсэнээр муу заяанд төрмүй
Үтэр бөгөөд муу үйлийг тэвчээд номд орогтун.
Тэрхүү үйлд үтэр түргэнээ жаргалант болму
Тийн хэмээн номлосонд тэдгээр өгүүлрүүн
Тийм номыг бидэнд номловоос мэргэмших бөлгөө
Түүнчлэн чи бээр өөрийн оюундаан бүтээсэн.
Сэтгэлд чинь ямар гүн нарийн зориг төрлөө
Саарал үгүй тийм ёсоор асуусанд
Сацлал үгүй Мяларайба хутагт бээр гүн нарийн
Сайн зоригт эдгээр шүлгийг номловой.
Төгс чанарт Марва ламын хөлд сөгдмүй
Дээр үгүй үнэмлэхүйг ухсан егүзари би
Түүнчлэн шүтээн төрөл үгүйн агаарт чин зориг үүсгэж
Тэмцэх мөрийг түрийтгэх үгүй зэргээр төгсгөвэй.
Арга бээр их нигүүлсэхүй дохиогоор найруулж бүрүүн
Ариун номын төвөөс чанарт нэгэн эгшиг дуулсугай
Ааль тану зузаан муу үйлсийн нүгэлд түйдэж
Ахуй ёсны магад утгасыг үл мэдмүй зэ та.
Эдүгээ бээр шударга нэгэн утгат ном номломуй би
Эрт хамгийг мэдэгч бурханы номлосон
Эрдэнэт хир үгүй судар дандарсын номын дотор
Эгнэгт ач үр үйлсийн номыг хичээн номлосон ажгуу.
Тэр богд бээр хамаг амьтны гагцхүү аврал бөлгөө
Тийм үл аргадагдах магад үнэн утгат буюу
Дээд асрахын зарлигийг та сонсодхун
Тэгш сэтгэлдээн ухаан арилсан егүзари би.
Гадаад эндүүрэхүй сэтгэлээр чөтгөдүүдийг
Харж үзвээс төрөлгүй сэтгэлийн рид бэлгэс мөн бүхүйг мэдвэй
Ханал үгүй ухааны сэтгэлээр янагш харж үзвээс
Халагар сэтгэлийн мөн чанар хэмээвээс язгуур нь хоосон буюу.
Үндсэн тэрхүү богд лам адистид өгсөн хийгээд
Өөрөө гагцаар бясалгасны эрдмүүдээр
Үлэмж их Нарова шидтэний үндсэн бүхүйг ухав
Үнэн утгасыг эндүүрэлгүй ялгуугсад (9v) тааллаар бясалгаму.
Гүн нарийн дандарсын аймгуудын тааллыг нь
Хөдлөшгүй лам оньсоор тайлж л
Хөвчин үүсгэх төгсгөхийн мөрийг чин бясалгасны хүчээр
Хөлбөрөл үгүй дотоод судлын ахуй шүтэн барилдуулахуй мэдэхийн тул.
Гадаад үзэгдхүүн тотгороос үл аймуй би
Гайхамшиг их бярманы үндсэн баригч бидэнд
Хагархайяа огторгуй мэт егүзари олон буюу
Ханал үгүй сэтгэлээр хоосон чанарыг арилгасанд .
Хотол эндүүрэхүй сэтгэлийг үгүй болголоо
Хор хүргэгчин хийгээд хор хийгчнийг эс үзвэй би
Хоцрол үгүй зарлиг номуудыг нээж үзвээс л
Хотол чанарт үүнээс үлэмж үгүй бөлгөө.
Тийн хэмээн номловоос харо (bha ro.tib) ад нөхөд сэлт
Тэдгээр өөр өөрийн малгай юугаан мөлтөлж
Дээш мөргөөд олонтоо эргэж бүрүүн
Дээд лам чамд нэгэн сарын зооглолыг өргөсүгэй
Тийн хэмээгээд солонго арилахуй ёсоор үл үзэгдэн одвой.
Манагар үүр гийж наран ургаваас
Манлай тэр харо (bha ro.tib) нөхөд сэлт бээр
Магад сайн чимгээр чимсэн бхаримаг
Маш олон нөхдөөр хүрээлүүлж ирээд.
Үзмийн дарс хийгээд олон дарсыг
Үлэмж эрдэнэсийн савсыг дүүргээд
Онц тутарганы будаа хийгээд мах тэргүүтэн
Олон зүйл идээгээр сайн тэвшийг дүүргээд өргөж.
Хойногшид чиний зардсан болж зарлигийг чинь
Хоцрол үгүйеэ сайтар бүтээсүгэй хэмээгээд
Хутагт Мяларайбад мөргөөд олонтоо эргэж
Хоосон үл үзэгдэн одсон дор
Түүнийг нь Тандэм[2] хаан хэмээн нэрийдвээс болмуй за
Тэр бээр чуулганы эзэн их тэнгэр буюу
Түүний хойно Мяларайбын түгдам сэтгэл үлэмж нэмлээ
Тэнхэрч бие нь амгалан жаргалан болсон агаараар.
Бүхэл нэгэн сар болтол өлсөх ундаасах үгүй болж
Богд Мяларайба Лачийн сайн усан дахь
Бүх орондоон ахуй ихэд бясалгаад
Босч Лачийн Найтил (gnas mthil.tib) оронд өөд болсонд.
Тэр мөрт бээр хулст их тал буй ажгуу
Түүний төвд нь нэгэн хаданд нэгэн их чулуун бөлгөө (10r)
Түүнд хоромхон бясалгаж суух цагт
Тэнд олон дагинас ирээд мөргөж л.
Элдэв сайн тахил нугуудыг бээр өргөөд
Эргэж олонтоо мөргөсөнд
Эх дагинас хөлийн өлмийд чулуун гишгэсэнд
Эндүүрэл үгүй тодорхойяа хоёр мөр гарлаа.
Огторгуйгаар солонго арилсан мэт одов
Өчүүхэн одвоос бас хүмүүн бусад нугууд нь
Удирдагчийн өөд болох хамаг мөр дор
Үлэмж их ридэсийн бэлгэсийг үзүүлсэнд
Хутагт Мяларайба догшны дүрээр
Хотол нууц орныг бэхлэн өөд болсонд
Хурднаа есөн бэлгэс нөгчсөний завсарт
Хутаг тогтсон орны шим хураасан нэгэн чулуунд.
Чин зориг сэтгэлээр догшны үзэхүй ёсоор зохиовоос
Чөтгөдийн хамаг ридэс үгүй болж бүгд амарлисанд
Чиг тэр газар Есөн гол Есөн даваат хэмээн алдаршвай
Чилгэр үгүй Найтил (gnas mthil.tib) оронд өөд болох цагт .
Бас урьд тэр харо[3] угтаж ирээд
Барш үгүй тахил нугуудыг өргөөд тавцанд суулгаж
Баясгалант сэтгэлээр мөргөөд
Бал мэт ном номлон соёрх хэмээн өчсөн дор
Тэр богд Мяларайба нь ач үрийн номуудыг
Тэгүүдрэл үгүй номлосны эцэст бээр
Тэр тавцангийн өмнө нь нэгэн их чулуун буй ажгуу
Тэдүй харо тэр чулуунд шингэж одвой.
Шидэт Мяларайба Найтил (gnas mthil.tib) оронд маш баясан өөд болоод
Саарал үгүйеэ нэгэн сарын тэдүй сууж
Сэтгээд бас Нянанзарма (gnya nang rtzar ma.tib) нэрт улсад хүрч
Сайн сүсэгтэн өглөгийн эзэдэд зарлиг болруун
Таны Дрэлүн Жогмо[4] хэмээх чөтгөдийн орон мөн ажгуу
Тэдгээр чөтгөдийг номхотгож өдгөө би бясалгах орон болголоо
Тэнд бээр би бас одож бясалгах бөлгөө
Тийн хэмээн сайтар номловоос л.
Өглөгийн эзэд бээр сайтар баясч
Үнэн чин бишрэл төрүүлээд
Өргөн хүндлэн маш сайтар тахивай
Өөд болж бясалгасан Сайн Уст Лачийн хоёрдугаар бөлөг.

[1] Pipa гэсэн галигтай, түлхэх татах гэсэн утгатай хятад үг.
[2] than ‘grem. Tib
[3] bha ro.tib
[4] ‘dre lung skyog mo.tib


МЯЛЫН БУМ ДУУЛАЛын 
өмнөх бүлгүүд
буй...

0 Сэтгэгдэл:

Post a Comment