Цаст уулын гутгаар бөлөг

Гутгаар бөлөг

Намо гүрү. Хутагт Мяларайба хэмээн алдаршсан тэр богд тэргүүн Лачи ууланд өөд болоод, хортон тэнгэр (10v) чөтгөрүүдийг номхотгов хэмээн хамгаа алдаршив. Нянан дахь хамаг улсаа мөргөгдөх тахигдахын орон боллоо. Үлэмж Үрможомо  бээр ном өчин залбирвай. Түүний Дамбажагпүва (dam pa rgyags phu pa.tib) хэмээх нялх хөвгүүн буй ажгуу. Жомо хатагтай өчрүүн: “Аяа хутагт аа, миний энэ хөвгүүн их болбоос чамд шавь болгон өргөсүгэй” хэмээн маш бишрэл төрлөө. Нянан дахь улс залж ирээд Шэндормо нэрт өглөгийн эзэн өргөн хүндэлсэнд, Мяларайба лам бээр балгасан дахь орчлонгийн үйлсийг үзээд, сэтгэлээ маш цөхөрч, “Аяа би энд сууваас зохис үгүй ажгуу. Лачи цаст ууланд одсугай” хэмээн зарлиг болбоос, Нянан Зарма дахь улс өчрүүн: “хутагт Мяларайба чамд амьтны тусаас өөр үйл үгүй буй за. Энэ өвөл энд сууж бидэнд нэжгээд хөтөлбөрийг номлон соёрх. Чөтгөрийг номхотгосон агуйд хэзээ бээр өөд болбоос бээр юун яарал. Бид бээр чиний хойноос даган одсугай” хэмээн өчвэй. Ялангуяа Шакьягүна багш хийгээд Шэндормо өглөгийн эзэн хоёр ятгаж өчрүүн: “Аяа лам эдүгээ өвөл болбой. Цаст ууланд хүйтэн бүхүйн тул яахин суун чадму”. Үлэмж ятган өчвөөс бээр Мяларайба лам зарлиг болруун, “Нарова их шидтэний үндсэн баригч хөвгүүн бид, цаст ууланд суухад юун ажиг. Богд Марва лозава бээр надур ийн захирлаа. Үймцэх хийгээд алгасангуйг тэвчин хүмүүн үгүй аглаг ойд шүт хэмээн номлолоо. Ялангуяа би балгасанд оршин сууваас бээр хэр зохимуй” хэмээн нэвтэрхийеэ зарлиг болбоос, тэдүй Зарма улс дахь иргэн маш яаран зооглолыг бэлдээд, тэнд заримууд нь бид бээр өвөлд ном өчихийн тул очмуй хэмээн болзвой. Тойн Шакьягүна багш хийгээд Шэндормо тэргүүтэн зургаан хүмүүн зооглол идээ ундааныг аваад ууланд хүргэсүгэй хэмээн Мүрзи хэмээх оронд хүрвээс, тэнд хутагт Мяларайба нь хоёр шянц гурил, нэгэн шянц тутарга, нэгэн (11r) хөл мах хийгээд хэсэг тос аваад, шумнасыг номхотгосон их агуйдаа өөд болж суувай. Хүргэж ирсэн тэдгээр нь чанагш харихуйд, зуур огторгуйд үүл үймцээд, маш их шуурга болоод мөр гэтлэх бэрх болж, чадан ядан одоод хүмүүн унтах цагт гэртээ хүрвэй. Тэр шөнөөс эхэлж арван найман өдөр шөнө болтол цасан орвой. Зургаан сар болтол Нянан дахь улс тэнд одох зам тасарвай. Нянан улс дахь лам нар хийгээд өглөгийн эзэд бүгдээр “Аяа Мяларайба лам магад нирван болбой за. Бид тэр богдын сэтгэлийг төгсгөхийн тул буян өргөөд ном уншсугай” хэмээлдээд ном уншин тахивай.

Хойно Сага сар өнгөрсөнд, бас урьдах тэр лам өглөгийн эзэн бүгдээр Мяларайбын хүүрийг залж ирсүгэй хэмээн, сүхээр цасыг хагалсаар одоод ойртсон цагт , нэгэн тавцан дээр амарч сууваас, нэгэн чулуун дээр нэгэн их ирвэс гараад үүр болтол суугаад үгүй болбой. Тэд бүгдээр нэгэн нэгэндээ өгүүлэлдрүүн, “Аяа тэр ирвэс магад хутагтын хүүрийг идвэй зэ. Эдүгээ дээл хувцасны хэсэг бусаг хоцров за. Үс нь бээр бас хоцров за. Түүнээс бус юун олдох” хэмээлдээд сэтгэлээ маш зовниж одвоос, ирвэсийн харайж одсон орноос чанагш хүмүүний нэгэн мөр үзэгдвэй. Бэлийн хөндлөн замд барс ирвэс хувилж одсоны тул тэр замыг Барс Ирвэсийн зам хэмээн нэрийдвэй. Тэдгээр одогчин сэжиг төрж, тэнгэр чөтгөр болов уу хэмээн сэжиглэсээр одвоос, шумнасыг номхотгосон их агуйд ойртвоос Мяларайба лам дээр их дуугаар эгшиглэн ном номлохуй сонсвой. Сонсоод тэд ийн сэтгэрүүн, “Аяа гөрөөчин идээн ундаан өргөв үү, эс бөгөөс араатны алсан улинхай олж идэв үү” хэмээн сэтгэсээр хүрвээс, лам зарлиг болруун: “Аяа мунхгууд та эрт айсуй бөлгөө. Эдүгээ болтол хаана суувай. Идээ ундаа тань хөрүүзэй. Агуй дотор үтэр орогтун” хэмээн зарлиг болбоос тэд бээр маш их баясч, хамаг бүгдээр Мяларайбын (11v) гар хөлөөс нь ноцоод уйлбаас, Мяларайба зарлиг болруун, “эдүгээ бүү уйлагтун, идээ ид” хэмээн зарлиг болбоос, тэд бүгдээр босоод мөргөж, амгалан мэндийг нь өчин асуугаад, ийн тийн харж үзвээс, урьд тэр хүнсээ ганц шянцыг нь бараагүй ажгуу. Нэгэн шянц  тутарга юугаан мах лугаа хольж чанан суун ажгуу. Тэр Шакьягүна өчрүүн: “богд лам аа бидний ирэхийг сэтгэлээр мэдэв үү” хэмээн өчвөөс, Мяларайба зарлиг болруун, “би нэгэн их чулуун дээрээс үзвээс, та бүгдийг нэгэн дэвсэг дээр амарч суун бүхүйг үзлээ” хэмээн зарлиг болбоос, бас тойн Шакьягүна өчрүүн: “Аяа лам аа бид бүгдээр чулуун дээр нэгэн ирвэс бүхүйг үзлээ. Богд лам чамайг эс үзлээ. Тэр цагт богд лам чи хаа бөлгөө” хэмээн өчвөөс, богд Мяларайба зарлиг болруун, “тэр ирвэс хэмээвээс би бөлгөө. Хий сэтгэлд эрхэшсэн егүзари би дөрвөн махбодийн төрлийг цогоор дарсанаар, биеэ ямар болгон хувилж рид үзүүлэн чадах бөлгөө. Энэ явдалд би бөгөөд та бүгдийг төгс хувьт бүхүйн тул биеийн зохионгуй ридийг үзүүллээ. Миний тийм хувилах ёсыг хүмүүнд бүү өгүүл” хэмээн номловой. Шэндормо бас өчрүүн: “богд лам чиний биеийн өнгө урьдахаас бээр үлэмж маш сайн ажгуу. Хүмүүний явах хоёр замыг цасан боож хүндлэх хүн ирэх үгүй бөгөөтөл, тэнгэр чөтгөд хүндлэв үү, гөрөөдүйн улинхай олов уу, хэр болов” хэмээн өчвөөс, Мяларайба зарлиг болруун, би бээр олон самадид тэгш оролдохуйд идээн юун хэрэг. Сайн өдөрт дагинас чуулганы хурим хийснээс нэжгээд хувийг өргөлөө. Заримд нэжгээд халбага гурил идлээ. Ялангуяа урьд морин сарын сүүлд, миний сэтгэлд лам нар хийгээд өглөгийн эзэд та бүгдээр миний дэргэд хурж ирээд, олон идээн ундаан өргөх мэт болоод, олон хоног болтол идээн идэх дур минь үгүй болбой. Тэр цагт та юун хийлээ” хэмээн зарлиг болбоос, тэд бүгдээрт өдрийг тохиолдуулбаас, сэтгэлийг төгсгөхүй лүгээ тахил өргөсөн лүгээ учирсаныг дэлгэрэн үгүйеэ өвчөөс, Мяларайба зарлиг болруун:
 “Ертөнц дахин та бүгдээр буян үйлдвээс зуурдад тус болох бөгөөтөл түүнээс эдүгээ зуурдыг огтлох үйл хийвээс сайн буюу” хэмээн зарлиг болбоос, тэд бүгдээр Мяларайба хутагтыг Нянан улсад залахыг хичээн өчвөөс, Мяларайба зарлиг болруун, “би энд сууваас сэтгэл минь баясгалант болоод самади минь нэмэх бөлгөө. Би бээр үл одму. Та бүгдээр од” хэмээн зарлиг болбоос, тэд бүгдээр өчрүүн: “эдүгээ лам аа чи өөд эс болбоос Нянан улс дахь иргэн биднийг, та Мяларайба хутагтыг үхүүлсэн ажгуу хэмээн муу үгээр хөнөөмү зэ биднийг. Ялангуяа Үрмо хатагтай Мяларайбыг минь авч ир хэмээн улам улам элч илгээлээ. Аяа лам үл одох л бөгөөс, бид бүгдээр энд суусаар үхсүгэй” хэмээн Мяларайба ламд хичээж өчсөнд, “өөд болсугай” хэмээн аман авбай. Мяларайба ламд дагинас, “Мяларайба аа, чамд өвлийн цагт хэрэг үгүй бөгөөс бээр, ирээдүй цагт чиний үндсийг баригч шавь нарт хэрэгт бүхүйн тул, ийм аргаар цасыг гэтэлж яв” хэмээн дагинасын сургасан ёсоор тэр гутлыг аваад, хойд манагар  нь янагш өөд болж даваанд хүрвээс, Шэндормо урьд одоод, Зарма улс дахь хатагтайд өгүүлрүүн, “Мяларайба ламын бие амгаланаар өөд болж айсуй” хэмээн сайн үгсийг алдаршуулбай. Мяларайба хутагт нөхөд шавь нар лугаа хавтгай цагаан чулуун дээр идээ зооглон бүхийд, сайн үг сонссон нэгэн өвгөн залуу эрэгтэй эмэгтэй бүгдээр Мяларайба ламын өмнөөс угтаж ирээд, хамаг бүгдээр Мяларайба ламын биеэс ноцоод эмгэнэн уйлж, биеийн амгалан мэндийг асуугаад олонтоо мөргөн эргэвэй. Тэр цагт Мяларайба ламд нэгэн хулсан бэрээ буй (12v) бөлгөө. Тэр бэрээгээ эрүүндээ тулж, цас гэтлэх тэр гутлыг хөлдөө өмсөөд, хавтгай цагаан чулуун дээр олон хурж чуулсан эрэгтэй эмэгтэй бүгдэд амгалан мэндийг асуусны хариу эдгээр шүлгийг эгшиглэн номловой. 
Өлзий хутаг оршсон энэ сайн өдөр дор
Өргөн хүндлэн ирэгсэд эрэгтэй эмэгтэй өглөгийн эзэд
Удирдагч Мяларайба егүзари над лугаа 
Үхэл үгүй эдүгээ учирсан тань юутай сайн бөлгөө
Өтөлсөн би бээр дуулах эгшгийн сан бөлгөө
Үнэнээр мэндийг асуусан таны хариуг эгшгээр хариулмуй
Огоот чихээ өгч сайтар сонсодхун та
Омогт барс жилийн сүүл цагт нь.
Туулай жилийн эн тэргүүнд бээр
Тодорхойяа үнэг улих тэргэл цагт (ыг)
Торгуульт орчлонгоос сэтгэл минь цөхрөөд
Тунамал Лачи тэрхүү цаст ууланд .
Хөлбөрөх үгүй тэр аглаг ойд одлоо би
Хөвчин огторгуй газар хоёр зөвлөж
Хүүгчин  хий салхийг элч болгон илгээж
Хөдлөх махбодь мөрөн усанд тэмцэн хөдөлсөнд.
Гийсэн огторгуй дахь хөхөмдөг үүлээр нийсүүлбэй
Гэрэлт наран саран хоёрыг өрхлөн баривай
Гэм үгүй хорин найман нагшадарыг шижмээр баривай
Хэтэрхийеэ найман рахыг засаглан хүлбэй.
Огторгуйн оёдлыг чанд дарвай 
Өчүүхэн одод нь шуурганд автвай
Онц шуурга хөдөлсөний эцэст 
Үргэлж есөн шөнө есөн өдөр цасан орлоо.
Арван найман өдөр шөнө хоёр орсонд 
Аяа орсон их цасан нь навчны тэдүй буюу
Асар шувуун үелзэн явах мэт орлоо
Аль өчүүхэн нь зоосын тэдүй хүү буюу.
Олонх нь зөгийс мэт эргэн орлоо
Өчүүхэн буурцаг хийгээд гичийн төдүй
Өдөр шөнө гилтгэнэ мэт өмхрөн орвой
Оюунаар яахин мэдмүй цасны их бага чинээг.
Цаст уулын үзүүр нь огторгуйд хүрмүй
Цаг үгүй ой шугуй өвсөн модыг хэвтүүлэн дарвай
Цагаан дээл өмслөө хар уулс бээр
Цалгих (13r) давалгаат нуур нугуудыг мөсөн болговой.
Хөхөмдөг мөрөд усыг хөндийд орууллаа
Хөвчин газрыг өндөр богино тал болголоо
Хөсөрт тийм цасан орсоны мөн чанараар
Хөдлөх хар тэргүүтнийг эрүүнд орууллаа.
Дөрвөн хөлт адгуусанд зуд турхан боллоо
Тун хүчин үгүй гөрөөдийн идээн нь тасарлаа
Түрвэл үгүй нисэгч шувууны идэш нь тасарлаа
Доод оготно хулганыг санд дарлаа.
Тэдүрү араатны ам нь зуурлаа
Тийм болсон цагийн хувьд 
Тэнсэл үгүй Мяларайба миний хувь хишигт
Тэнгэрээс орсон шуурган хийгээд.
Өвлийн хүйтэн цаг дахь салхин ба
Эмээл[х] үгүй Мяларайба миний бөс дээл гурвуул
Эгнэгт цаст ууланд эвдрэлдлээ
Эдүгээ ихэд орсон цасан мөрт хайлбай.
Өөрийн орондоон амарливай, их хүнгэрсэхүй салхин бээр
Өрвөлзөх гал мэт болбой, бөс дээл минь
Үлгэр бүхүйн тул тэмцэл тэнд боллоо
Онц мэсэсийн үйлсийг тэнд болголоо.
Баатархаж тэр байлдааныг тэнд дарвай
Ба бүрэн номчинд үлгэр болговой
Басхүү ялангуяа их бясалгагчинд хууль болговой
Бадрагч зандали дээлийн чанарыг үзүүлбэй.
Дөрвөн хураангуй өвчнийг жинлүүрт жинлэвэй
Төвшнөө гадар доторт эвдрэх үгүй цааз батлавай
Түрвэл үгүй хийн халуун хүйтэн хоёрыг эрхэндээн оруулбай
Түрвэл үгүй ямарваа захиргааг хийсүгэй хэмээн аман авбай.
Хоцрол үгүй шуурга цасыг эсэргүүлэгчдийг дарлаа
Хойногшид хөдлөх үгүй оршуулан байгуулбай
Хотол аймаг чин болсоныг эс ухвай би
Хортон хямрагчдыг эдүгээ ялгуувай егүзари би.
Урьд өвгөний ач нь барс дээлт би
Урьд үнэгний дээл өмсч эс сурлаа би
Үндсэн эцгээс төрсөн баатар хөвгүүн би
Уринт дайсан бээр яахин дармуй намайг.
Омогт араатны хаан арслан язгуурт би
Орон минь цаст уулаас өөр үл суумуй би 
Өөд үгүй аюулаас яахин аймуй би
Өтөг (13v) миний үгэнд утга буй л бөгөөс.
Бүтээгч үндэсний шашин дэлгэрмүй зэ хойногшид
Богд эдүй тэдүй шидтэн ирж төрмүй
Буянт Мяларайба егүзари би бөгөөд
Бүгд улсад огоот алдаршмуй за.
Шавь нар өглөгийн эзэд сэтгэн бишрэл төрүүлж
Сайн үгсийг хойногшид дуурьсгамуй
Сацлал үгүй егүзари би мэнд амгалангаар ирвэй
Саад зэтгэр үгүйеэ мэнд суувай за, та бүгдээр.
Тийн хэмээн номловоос тэнд чуулсан бүгд
Тэнсэл үгүй маш баясаад босч бүжсэнд
Дээд Мяларайба бээр сэтгэлээ баясч
Тэдний ёсоор бүжиглэсэнд.
Олон бүгдийн гишгэсэн чулуу шавар мэт нурж
Үлэмж гар хөлийн бэлгэс чулуун дээр
Үзэгдэн бүх мөр чулуун дээр тодорхойяа гарлаа
Үес мэт үзэсгэлэн болбой, нурсаны бэлхүүс нь.
Түүнийг урьд хавтгай цагаан чулуу хэмээх бөлгөө
Түүнээс хойногшид Хөлийн Тэмдэгт хэмээн алдаршвай
Тэндээс хатагтай нугууд Нянан Зармад залаад 
Дээш ач хариулахын тул буян өргөвэй.
Улс иргэдийн дотроос Лэгсэбум хатагтай бээр 
Үндсэн ачит богд ламыг
Өөд болж эдүгээ энд ирсэнд нь 
Үлэмж маш сайтар баясав бид хэмээгээд.
Сацлал үгүй өнгө чинь урьдахаас асар сайн буюу
Сэтгэлд чинь бясалгал сайтар төрөв үү 
Сэжиг үгүй дагинас нугууд бээр өргөн хүндлэв үү хэмээн
Сайтар өчсөний хариу эдгээр шүлгийг номловой.
Ачит ламын хөлд оройгоороо сөгдмүй
Адистидын шид хийгээдийг дагинас өглөө
Аливаа тангаргийн рашаанаар их тус боллоо
Ариун сүсэгтэн тахилаар эрхтэнийг дэгжүүллээ.
Саарал үгүй тэд бүгдийн хүндлэл маш сайн
Сэтгэлд минь хоосон чанарын үзэл үзэгдвэй
Сайтар оногтун тэдний мөн чанар нь тоосны тэдүй үгүй буюу
Самуу үзэлтний үзлийг тархаан одвой.
Үзэгдхүүнийг ухсан ёсыг сайтар болголоо
Усан мөрний урсгал гэгээн гэрлийн бясалгал буюу
Ойд бясалгахуй үес завсрыг барих (14r) юун бээр үгүй 
Үнэн бясалгаад бясалгагчийг тархаан одвой.
Тэгш хичээж бясалгал бээр сайн боллоо
Түүнчлэн явдлын үйл үйлдэгч гэгээн гэрэл хийгээд
Тэмдэгтэйеэ шүтэн барилдуулсныг хоосон хэмээн нэвтэрлээ
Түүгээр үйлдэгч үйлдүүлэгчдийг тархаан одвой.
Асар сайн болбой, явдлын үйлдэх ёсон
Алагчлахуй утгасыг чанарт шингээвэй
Аливаа ил эчнээ найман номыг үл таалмуй би
Аяа сахигдхуун хийгээд сахигчдыг тархаан одвой.
Тангаргийг сахих ёсон сайн болбой
Тэмдэгтэйеэ өөрийн сэтгэлийг номын бие хэмээн нэвтэрвэй
Тэгүүдрэл үгүй өөр бусдын тус бүтсэний тул
Тэгш бүтээгдхүүн бүтээгчнийг бээр тархаан одвой.
Үр бүтсэний ёсон нь сайн боллоо
Өтөг миний дуулсан жаргалант энэ эгшиг
Үнэн бишрэлт хатагтай таны өчсөний хариу буюу
Үнэхээр бүтээхүйд цасаар завсарлан боовой.
Идээгээр дагинас өргөн хүндэлбэй
Ямагт цаст билүүтэд орсон ус ундааны дээд буюу
Илт хэн бээр бүтээх үгүй өөсөөн бүтвэй
Ялангуяа үйл үйлдэх үгүйеэ сайтар төгслөө.
Хоромхоноо зөөж хураах үгүй бээр сан минь дүүрвэй
Хоосон сэтгэлийг үзвээс хамаг бүгд үзэгдэюү
Хуурмаг үгүй өчүүхэн сэтгэлт болбоос хааны төрд хүртэюү
Хотол төгссөн энэ нь богд ламын ач буюу.
Өглөгийн эзэн шавь нар нөхөд сэлт бүгдээр 
Үлэмж бишрэлээр өргөн хүндлэгчин танд 
Үнэн номын үгсээр ач хариулмуй
Үнэхээр сэтгэлдээн агуулагтун энд ирэгсэд та.
Тийн хэмээн зарлиг болсонд 
Төдүй Шакьягүна тойн босч мөргөөд
“Тийм их цаснаас бэрхшээл үгүй өөд болж ирсэнд
Түүгээр нөхөд шавь нар өглөгийн эзэн бүгдээр.
Саад зэтгэр үгүйеэ уулзсан үүгээр
Сэтгэлд минь маш их баясгалан болбой
Сайн зарлигаар энэ өдөр бидэнд (14v 
Сайвар одсоны номоор ач хариулбай хэмээх маш сайн.
Аяа богд лам хутагт аа
Адилтгаш үгүй сэтгэлд бидний тус болох
Ач туст тийм нэгэн номыг номлон соёрх” хэмээн өчвөөс
Асар Шакьягүнаунын хариу зургаан товчит эдгээр шүлгийг номловой.
“Эрдэнэ богд ламын хөлд мөргөн сөгдмүй
Эндүүрэл үгүй аглагт бясалгасан ухаан нугууд
Энэ өлзийт чуулганы дотроос 
Өдүүлж тойн Шакьягүна эхлэн.
Нэгнээ хамт чуулсан шавь нар өглөгийн эзэд
Няцал үгүй хутаг гуйн ерөөсний хүчээр
Ил өглөгийн эзэн Шэндормо хатагтай хийгээд
Ямагт номоор тангаргийг барилдуулсан буюу.
Тойн хийгээд өглөгийн эзэн ийн хэмээн та бүгдээр 
Тунамал нэгэн номыг номлон соёрх хэмээн
Түлдэд өчсөний хариу нь ийн буюу
Торгуульт орчлонгийн номоос сэтгэлээ цөхрүүлж.
Уйдаж цаст Лачи ууланд одлоо
Омогт шумнасыг номхотгосон аглаг агуй дор
Удирдагч Мяларайба хэмээх егүзари би 
Үргэлж зургаан сар бясалгаснаар оюун минь дэлгэрлээ.
Гайхамшиг үндэсний зургаан товчийг дуулан эгшиглэмүй
Гадаад зургаан вишайг бээр үлгэрлэж бүрүүн
Хагархайяа дотоод зургаан гэмийг тохиолдуулмуй
Халаг тонилох үгүй хүлээсний зургаан чөдрийг.
Аргаар тайлбаас зургаан мөр үзэгдэюү
Асар зургаан зүйл гүн болбоос бээр 
Ариун сэтгэлд зургаан зүйл жаргалан төрюү
Аяа тэр дуун эгшгийг жич давтан эс эгшиглэвээс.
Тэр утгасыг сэтгэлдээн ухан үл чадахын тул
Тийм үсийг дохиогоор тайлбаас ийн буюу
Тэдүрү торох бөгөөс огторгуй бус
Тэнсэж тоолох бөгөөс одон бус. 
Хөдлөх л бөгөөс уул бус
Гүн нь нэмэх буурах бөгөөс далай бус
Хөөргөөр х[г]этүйдэх бөгөөс мөрөн бус
Хүмүүнд баригдах л бөгөөс солонго бус.
Тэр хэмээвээс гадаад зургаан үлгэр буюу
Түүнчлэн (15r) баримтлах бөгөөс үзэл бус
Тэнчүүрэн бидүүрхэх догшрох бөгөөс дияанч бус
Тэгш авах гээх бөгөөс явдал бус.
Атгаг сэжиг буй л бөгөөс егүзари бус
Аяа дорно өрнө буй л бөгөөс бэлгэ билиг бус
Авирд төрөх үхэх бөгөөс бурхан бус
Ангид дотоод зургаан гэм буюу эдгээр нь.
Харгис урин их болбоос тамын чөдөр
Харам ихт болбоос бирдийн чөдөр 
Гань мунхаг их болбоос адгуусны чөдөр
Ханал үгүй тачаангуйт болбоос хүмүүний чөдөр.
Дээрэн үгүй их найдангуйт болбоос асурийн чөдөр
Тэнсэл үгүй их омогт болбоос тэнгэрийн чөдөр
Тэдгээр хэмээвээс тонилох үгүй хүлээсний зургаан чөдөр буюу
Тэжээд бишрэл ихт болбоос тонилох мөр.
Богд мэргэдийг шүтвээс тонилох мөр
Бүрэн тангараг ариун болбоос тонилох мөр
Буцал үгүй ууланд сууваас тонилох мөр
Бүтээж гагцаар сууваас тонилох мөр.
Хагархайяа сайтар бясалгаваас тонилох мөр
Гайхамшиг аргаар тайлбаас зургаан мөр буюу
Хамт нэгнээ төрсөн хэв хэзээний гүн 
Гадар дотор үгүй ухааны гүн.
Гэгээн түйдэх үгүй болбоос бэлгэ билгийн гүн 
Хэтэрхийеэ түгээмэл дэлгэсэн номын гүн 
Хэлбэрэх урвах үгүй бөгөөс дуслын гүн
Хэзээ бээр тасрал үгүй бөгөөс бясалгалын гүн.
Тэдгээр хэмээвээс зургаан гүн хэмээгдэюү
Тэнсэл үгүй зандали бадарваас бие амгалан 
Тэгш хий лалана расана дхүдид багтваас амгалан
Дээд цээжнээс бодичид сэтгэлийн урсваас жаргалан.
Бөгс тунамал дуслаар түгээмэл болбоос жаргалан
Бүх цагаан улаан учран нийлбээс жаргалан
Бүдүүн биед цувирал үгүй амгалангаар ханаваас жаргалан
Буянт егүзарисийн бясалгалын зургаан жаргалан буюу энэ.
Ямагт оньсоны зургаан товчийн чанарт шүлгүүдийг
Эл зургаан сар бясалгасны бэлгэс энэ эгшгийг 
Ялангуяа чуулагсад та (15v) баясгалан үүсгэгтүн
Инагш сайн хүмүүн олон чуулсан эдүгээ хүү буй за.
Уух рашааны дарсыг бөгөөд оллоо
Өтөг миний ихэд эгшиглэн дуулсан энэ нь 
Үлэмж шавь нар өглөгийн эзэд таны нүүр дур буюу
Номын өглөг өгч мордуулбай эдүгээ таныг бээр.
Сэтгэлээ баясаад хутаг оршсон номыг хичээ
Сайн заяатан таны гуйсан хутаг бүтэх болтугай”
Саарал үгүй тийн хэмээн номловоос Шэндормо өглөгийн эзэн
“Сайвар одсоны гурван цагийн бурханд адил лам лугаа.
Уулзаж сайтар өргөн хүндлээд
Ашид шавь болж ном үйлдэх юун өгүүлэх
Атаархаж үл бишрэгчин тэдгээр хүмүүн нь 
Адгуусанд адил мунхаг хүмүүн буюу бид” хэмээн өчвөөс.
Цогтойёо зарлиг болбой Мяларайба богд
“Цухал оюутан намайг эс биширвээс л 
Чөлөөт хүмүүний эрдэнэ биеийг олоод
Цог жавхлант бурханы шашин лугаа учирсан энэ цагт .
Үлэмж номыг үл хичээгч амьтан нугууд
Үргэлжид маш хирүүдэд дарагдсан
Уйтгарт тэнэг мунхаг буюу” хэмээн
Удирдагч тийн номлоод эдгээр шүлгийг эгшиглэрүүн
“Дуун хөрвүүлэгч Марва ламын хөлд сөгдмүй
Та сонсодхун чин бишрэлтэн өглөгийн эзэд
Дээдсийн ном хамгаа дэлгэрсэнд
Тэдүрү нүгэл үйлдэгчин асар мунхаг бус уу.
Хатуужлаар олсон энэ чөлөөт бие хийгээд
Гавьяат хүмүүний насыг бээр хоосон болгомуй, мунхаг амьтан
Ханжирах  ёст балгасан дахь үхээр дор
Ханал үгүй нотлон суух нь маш мунхаг буюу.
Олонх чуулсан зочин мэт эр эмс та
Оморхон эсрэг тэсрэг тэмцэгчин (16r) тэнэг буюу
Үргэлжид сонссон сайн үгсийн алдар илбийн үгэнд
Өслөн муу сэтгэгч амьтан маш мунхаг буюу.
Баатархах урин дайсан үгүй болох бөгөөтөл
Байлдаад өөрийн амиа таслагчин маш тэнэг буюу
Балмад ургийн хуурмагаар аргадах хэврэг насыг
Барж үхвээс бээр гашуудагч маш мунхаг буюу.
Хэврэг ёст эд таваар нь агссан сүүдэр мэт бөгөөтөл 
Хэтэрхийеэ хармын зангиагаар хүлэгдсэн маш тэнэг
Хэлбэрэх буртгаар дүүрсэн туламт энэ биеийг
Хээрхэж чимэглэгч амьтан маш тэнэг.
Ариун увдисын рашааны энэ идээг
Ашиг эдийн тул худалдагчин маш тэнэг
Агулихай [аймхай] олон мунхгууд энд чуулагсад та
Авирд богдсын номыг тогтоовоос өөрөө тонилмуй.
Тэгүүдрэл үгүй егүзари надур адил үйлдэгтүн”
Тийн хэмээн номлон зарлиг болсонд 
Тэнд чуулсан хатагтай нугууд ийн өгүүлрүүн
“Дээд хутагт аа, маш сайтар нигүүлсвэй биднийг 
Тэнсэл үгүй богд чиний мэт эс болбоос
Тэнчүүрэгч мунхаг тэнэг амьтан нугуудаас
Тэгш амгалан сайн болохыг чадан ядан үйлдсүгэй
Дээд лам бидний энэ зүгт суун соёрх
Урьд амьд бүхийд ном номлогч лам болоод
Өнгөрсөн амьтны сүнсийг удирдахын тул
Үргэлжид нотлон суун соёрх” хэмээн өчвөөс 
Удирдагч Мяларайба богд зарлиг болруун
“Адистидат Марва ламын зарлигаар цаст уулан дахь 
Аглагт одму би, таны нүүр дурын тул энд үл сууму
Арга зальт номын явдлыг үл мэдмүй би
Амгалангаар аглагт одсугай” хэмээгээд эдгээр шүлгийг номловой
“Гайхамшиг Марва богд ламын хөлд сөгдмүй
Хамаг энд чуулсан эрс эмс өглөгийн эзэд 
Гагцаар бясалгагч Мяларайба хэмээх (16v) егүзари надур
Харил үгүй чин сүжиг сэтгэлээр бишрэгчин.
Ил эчнээ үгүй маш сайтар залбирагтун
Ямагт нэгэн оронд сууваас л 
Ялангуяа ханьцваас маш уйдаад 
Нялхас нугууд бээр дадаж басмуй за намайг.
Маш үүрдвээс зохис үгүй болмуй
Муу аалиар тангаргаа эвдэн хямармуй
Муу нөхрөөр сайн буянаа түйдмүй
Магад сайнаа түйдээд хилэнцсийг хураамуй.
Авир муугаар дайсан болон хөдөлмүй
Алагчлах хуурмагаар нүглийг хураамуй
Авирд бишрэлээ муу сэтгэлд түйдмү
Аяа үхсэн хүүрийн ашгийг яахин шингээмүй.
Олон хүний лам болон хэр суумуй
Өнөд дадваас уйдах болмуй
Үхэхүйдээн зовмуй за, улсын ноён нь 
Үргэлжид уулд суугч егүзари би.
Балгадад оршвоос хэр зохиму
Баатар алагчлах үгүй ууланд одму би 
Ба бүрэн төгс бишрэлтний хүндлэл их гайхамшиг
Бас энд чуулсан эрс эмс өглөгийн эзэд.
Тахисугай энд суу хэмээх тань сайн авьяас буюу
Тэжээд хутаг гуйсны ачаар бас бас уулзмуй за”
Тийн хэмээн номлон зарлиг болсонд
Тэдгээр хатагтай нугууд ийн сэтгэрүүн.
“Хэрвээ энд сууваас сэтгэлээ уйдму хэмээх ажгуу
Гэгээн сэтгэлд нь улам улам ятган өчвөөс
Хэрэглэж энд бээр үлхүү сууму
Хэтэрхийеэ Лачид өөд болбоос улам улам нигүүлсэн соёрх” 
Тийн хэмээн өчөөд олон буян өргөвөөс
Тэр богд бээр тэднийг эс авсанд 
Тэнд чуулсан бүгдээр гайхамшигт болж 
Тэдгээр бээр маш баясан чин бишрэлт болбой. Цаст уулын гутгаар бөлөг. 

МЯЛЫН БУМ ДУУЛАЛын 
өмнөх бүлгүүд
буй...

0 Сэтгэгдэл:

Post a Comment