"Мялын бум дуулал"-ын цахим өртөө эхэлвэй...

Ном дор мөргөмүү. 
Энэ даваа гараг буюу өвлийн дунд хөх хулгана сарын шинийн долооны өдрөөс эхлэн "Гэтэлгэгч Мяларайбын тууж дэлгэрэнгүй ялгасан бум дуулал хэмээгдэх оршвой" судрыг та бүхэнд цувралаар хүргэхээр шийдэн тогтсон болно. Долоо хоног бүрийн даваа гарагт яруу найргийн охь шим, монгол орчуулгын ариун сан болсон энэхүү гайхамшигт намтрыг хуваалцах болсондоо баясахын ялдар итгэл хайрлан номын эхийг өгсөн номын ах Г.Нямочирт дор мэхийе.
Энэхүү намтар нь дан ганц үгийн урлаг төдий бус орчлонгийн явдлыг таньж, билгийн нүд нь нээгдсэн гэгээнтнүүдийн нэг Мял богдын гүн ухаан, учиг сургаал, үйл бүтээлийн чуулбар билээ. 
Энэ түрүүнд, эл намтарыг орчин цагийн бичгийн хэлнээ хичээнгүйлсэн судлаач Б.Няммягмарын оршил үгийг нийтэлж байна. 

“МЯЛЫН БУМ ДУУЛАЛ” ХҮН ТӨРӨЛХТНИЙ ОЮУНЫ СОЁЛД


Шинэ юм гэж мартагдсан хуучин зүйлийг хэлнэ гэсэн үг байдаг. ”Мялын бум дуулал” бол монголчууд бидний хувьд мартагдсан хуучин зүйл юм. Харин европ, өрнө дахины судлалд шинэ зүйл мөн юм.
Яагаад хуучин мартагдсан зүйл вэ? гэвэл Мялын намтар хийгээд түүний айлдвар зарлиг, үйлс зохионгуй нь Төвд, Монголын газар нэр цууриатаж, олон зуун жилийн турш эгэл ардын унших дуртай яруу найргийн цомирлог нь, бахархан бишрэх үлгэр дууриал нь, номч мэргэдийн бясалган бүтээх гарын авлага нь болж иржээ. Мяла Богдыг нэгэн насандаа нэгэн биеэрээ ”бурхан” болсон буюу сэтгэлийнхээ гэм бүхнийг арилгаж, эрдэм бүхнийг дэлгэрүүлж “арилан дэлгэрсэн”, ”бурхан болсон” хэмээн биширдэг билээ. Энэ нь эдүгээчлэн ойлговол ”тэсвэр тэвчээрээр өөрийгөө ялж, хүний сэтгэлийн мөн чанарт нэвтэрсэн онол ухаарлаа   уран яруу шүлэглэл, ухаанаар бусдыг гэгээрүүлсэн” гэсэн утгатай.
Мяла богдыг яг хэдий үед амьдарч байсан талаар хоёр санал байна. Зарим хүмүүс МЭ-ий 1040-1123 онд амьдарч байсан гэж үзэж байгаа бол зарим нь МЭ-ий 1052-1135 амьдарч байсан хэмээн баталж байна?. Юутай ч Wikipedia-д хойтхи он цагийг нь үнэн хэмээн нотолсон байна. “Мяла” (mid la.tib) гэдэг нь овгийн нэр бөгөөд “залгилаа” гэсэн утгатай төвд үг юм. Түүний дээд язгуур өвөг ад чөтгөрийг номхотгоход мэргэн нэгэн байсан агаад Зандод нутагт нэг их хүчтэй чөтгөр гарч бусад хэн ч ном гүрэм уншихад эс дарагдах байтал түүнийг ном уншихаар ирэхийн чимээгээр айж балмагдан “мила, мила” хэмээн дуудсан нэрээр түүний овог алдаршсан гэдэг. Тэгвэл энэ ”Богд” хэмээх үгийг монгол судар номын хэлэнд “Биеэрээ эртэй чадалтай дийлдэшгүй хүмүүнийг баатар хэмээмүй. Бие сэтгэл хоёулангаар эртэй чадалтай хүмүүнийг хүмүүний эрхэн богд хэмээмүй” хэмээн өгүүлсэн байдаг. Манай сонгодог утга зохиолын дотор цөөхөн хэдэн хүнийг Богд хэмээн цоллож, намтар түүхийг нь бичиж байжээ. “гүр хайлах” гэдгийн цаад шалтгаан нь нууц тарнийн бясалгал хийсний үр дүнд хоолойн зангилаа судлан хүрд алдарсаний хүчээр сэтгэлд төрсөн онол эрдмийг бусдад сурган номлох үед аяндаа шүлэг дууллаар гадагшаа урсаж хайлж байдаг тийм сэтгэлийн эрдэм чадлын онцгой илрэл юм. Мяла богдын олон гүр дуулал төвд ардын дуу мэт түгэн дэлгэрсэн төдийгүй хаяа хатавч залгаа, хөрш зэргэлдээ монголын соёлд ч нөлөөлжээ. Нийт хоёр мянга найман зуугаад гүрийг Мяла богд дуулан эгшиглэсний хоёр мянгыг нь ханд дагинас тэнгэрийн оронд аваачсан гэж “Очирт дууллын” дотор бичжээ.
Түүнийг таалал болсноос хойш 300 гаруй жилийн дараа түүний бодитой хувилгаан гэж алдаршсан Хэрүга Рүйвийн Жанжан (1452-1507) хэмээх нэгэн бүтээлчин хүн Төвдөд гарчээ. Түүний өөр нэг нэр нь Санжаажанцан гэдэг бол монголчууд түүнийг Үхээрийг Туурвигч Ясан Чимэгт егүзари хэмээн нэрлэдэг. Энэ хүн Мяла богдын намтар хийгээд түүний зохиосон олон гүр дуулалыг эмхэтгэн, 1488 онд Лхошэлпүгт модон бараар хэвлэн гаргаснаар сая төвдүүд төдийгүй монголчууд ч гар дамжуулан унших болжээ. “Мялын бум дуулалыг” Төвдөд төвд хэлээр хориод удаа модон бараар, Монголд төвд хэлээр Их хүрээний Гунгаачойлин дацан, Заяын хүрээ, Ламын гэгээний хүрээ, Буриадад тус тус хэвлэжээ. XVII зууны эхээр монгол бичгээр Бээжинд Сүнжүсэ сүмийн бард Гүүш цорж, Дай гүүш Агвандампил нарын орчуулгаар, олон янз аман судрын орчуулгаар гэх мэтчилэн нэн өргөн дэлгэр тархжээ.
Шинэ гэхийн учир нь юу вэ? Мялын намтар, дуулал нь XX зууны үед гадаадын олон хэлээр орчуулагдсан нь монгол, дорно дахинаас хэдий хожмын хэрэг боловч, европ, өрнө дахинд шинэ тутам дэлгэрсэн хэрэг байлаа. Үүнд Францын эрдэмтэн Жакус Бакот 1925 онд намтрын товчилсон орчуулгыг хэвлүүлжээ. Сиккимийн эрдэмтэн Кази Даваасамдүвын бүрэн орчуулгыг Бакотоос бүр өмнө 1902-1917 онд хийснийг хожим орчуулагчийг өнгөрсний дараа Эванс Венц 1928 онд оршил бичиж хэвлүүлжээ. Даваасамдүвийн орчуулгаас хойш 15 жилийн дараа Ладакын эрдэмтэн Лувсан Лхалүнба намтрын шинэ англи хувилбарыг хэвлүүлжээ. Эдүгээ Америкийн төвдөч Эндрю Кюнтман Мялын намтраар нэг сэдэвт зохиол бичиж, 2010 онд намтрыг шинээр орчуулжээ. Төвдийн яруу найрагч Дондүвжал латин хэлээр мөн хөрвүүлсэн байна. Япон хэлээр 1931 онд Икай Кавагучи орчуулжээ.
“Мялын бум дуулал” хэмээх бидний толилуулж буй энэ номыг Гарма Чанг хэмээх хятад хүний орчуулгаар “The Hundred Thousand Songs of Milarepa” нэртэйгээр 1977 онд Америкт хэвлэгдсэн бол хятад хэлээр Цэвээнноров гэдэг төвд хүн 2001 онд гурван ботиор орчуулан гаргажээ.
Үнэндээ бидний хэсэг хүмүүсийг төвдийг судалдаг, төвд судлаач гэхээр ”хуучин”,”хуучирсан” хэрэггүй зүйлийг судалдаг мэтээр ойлгох ойлгоц нь зөвхөн монголд л түгээмэл байх шиг байна. Гэвчиг дэлхийн шинжлэх ухаан, соёлт хүн төрөлхтөнд энэ мэдлэг ухаан гайхамшигийн гайхамшиг болоод байгаа нь нууц биш ил болжээ. Тэр дундаа ”Мялын бум дуулал” зохиол хийгээд Гарма Гаржүдвийн сургуультны ”Сонсгоод ихэд тонилгогч” судар бол барууны шинжлэх ухаанд хамгийн их судлагдаж, анхаарал татаад зогсохгүй, өөрчлөгдөн буй соёл иргэншлийнх нь суурь итгэл үнэмшил, концепци болж байгаа билээ. Бид ч мөн тэдэн шиг л болохыг зорьж яваа шүү дээ. 
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын секторийн эрхлэгч доктор, профессор Л.Хүрэлбаатар багш энэхүү зохиолын ”шинэ хуучны зааг, мартагнах санагалзахын чөлөө”-нд нарийн нягтад судлах хэрэгтэй хэмээн зөвлөсний учир, Жагарын оронд суралцахын цагт төвдийн мэргэдээс авсан эш лүнг, монгол лам нарын дүймин, дэлбэ, аман уламжлал, чихэн дамжлагаар сэлбэж, Хөх хотын Гүүш цорж хийгээд Авгын танхай Дай гүүш Агвандампил нарын сонгодог монгол орчуулгыг үгийн шинэ хуучин, утгын далд ёгт, ухааны хашилт хаалтанд уран сайхны амт шимтийг нь алдуулалгүй төвд эх лүгээ нийлүүлэн шүүж монгол бичгээс хөрвүүллээ. 
Энэхүү номыг хэвлэхэд гүн туслалцаа үзүүлж өглөгийн эзэн болсон Төмөр, Соёлмаа, Ханас нартаа гүн талархал илэрхийлье. Та бүхний минь юу санасан есөн хүсэл сэтгэлчлэн бүтэх болтугай.

ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн
Төвд судлалын секторын
Эрдэм шинжилгээний ажилтан 
Б.Няммягмар

0 Сэтгэгдэл:

Post a Comment