ГОО САЙХАН ГЭДЭГ...



Гоо сайхан гэдэг
Түүний минь зүрхэн тус газар оршдог
Тод үзэсгэлэн юм
Голын цүнхээлд загас цойлох үдшийн
Хацар шүргэсэн бүдэгхэн хүсэл юм
Гоо сайхан гэдэг
Түүний минь зүрхэн зүгээс нисэн алдах
Түг, түг анир юм
Үсийг нь илэх төдийхөнд
Өвсөн дээр алчуур унах мөч юм
Гоо сайхан гэдэг ямагт
Өндөгөн дотроо донгоддог шувуутай адилгүй юм
Гоо сайхан гэдэг үргэлж
Үнэр анхи бүсгүйн царайд гэрэлтэгч биш юм
Гоо сайхан гэдэг ердөө
Намрын жимсний гашуун амт юм
Гоо сайхан гэдэг зөвхөн
Эмэгтэй хүн гунигаа залгих агшин юм
Гоо сайхан гэдэг энгийнээр
Хорвоо бид хоёрын дундын өмч юм
Гоо сайхан гэдэг эцэстээ
Хайр гэдэг үгний өргөмөл охин юм
Гоо сайхан гэдэг
Надад оршиж
Надаар хэмжигдэнэ
Гоо сайхан гэдэг
Бүсгүйн ээмэг газарт унахад үлдэх
Нүцгэн биеэс цааш
Бүр хэний ч олж үзээгүй
Миний төсөөллийн гүн дэх
Ягаанхан хацартай охины
Инээмсэглэл юм аа.

2012.12.12.


















Яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзулын 
"Болор цом" наадмын тайзнаа дуудсан энэ шүлэг 
сэтгэлийг ихээр хөдөлгөсөн билээ.