Цэнхэр шувуу


Хөндий чээжийг минь зад татан
Хүчирхэг жигүүрээ дэлгэхийг хүсэгч
Үзэсгэлэнт нэгэн цэнхэр шувуу
Өр зүрхний минь мухарт буй. 
Харин би түүнд хэтэрхий хатуурхаж
Хамаг итгэлийг нь нугачин дараад
Наанаа байж бай, би чамайг
Наранд гаргаж харуулахгүй гэнэ.

Хөндий чээжийг минь зад татан
Хүчирхэг жигүүрээ дэлгэхийг хүсэгч
Үзэсгэлэнт нэгэн цэнхэр шувуу
Өр зүрхний минь мухарт буй.
Харин би түүний тэргүүн дээрээс
Хундага хундагаар нь виски цутган
Тамхины утааг араас нь угсруулж
Тархи толгойг нь манартал утна.
Завхай хүүхнүүд, уушийн газрын үйлчлэгчид
Замын дэлгүүрийн худалдагчид хүртэл
Зайлуул, түүнийг мэдэхгүй ээ. 

Хөндий чээжийг минь зад татан
Хүчирхэг жигүүрээ дэлгэхийг хүсэгч
Үзэсгэлэнт нэгэн цэнхэр шувуу
Өр зүрхний минь мухарт буй.
Харин би түүнд хэтэрхий хатуурхаж
Доошоо суу, намайг баллах чинь дутаа юу
Дорвигүй ажлуудаас минь халуулчихаад
Хэдэн номын минь борлуултыг Европоор нэг
Хий хөөргөдөхийг хүсээ юу, чи? гэж загнана. 

Хөндий чээжийг минь зад татан
Хүчирхэг жигүүрээ дэлгэхийг хүсэгч
Үзэсгэлэнт нэгэн цэнхэр шувуу
Өр зүрхний минь мухарт буй.
Гэвч би түүнээс ухаантай болохоор
Гэрэлгүй шөнөөр хаяахан гаргаж
"Дотор минь байгааг чинь мартаагүй ээ.
Дорой царайлахаа одоо боль" хэмээн
Амьтан хүний хурхиралдах чөлөөнөөр
Аргадаж тайтгаруулсан хэдэн үг хэлчихээд
Буцаагаад байранд нь хийчихнэ. 

Өнөөх маань тэндээ жаахан жиргэх аядсанаа
Өрөвдмөөр царайлаад дуугаа хураачихна. 
Үхүүлчихгүй шиг тэгсгээд байлгаад байхаа
Үнэндээ би сайн мэднэ. Тэгээд л, 
Нууцхан гэрээгээ чанд сахиж
Нугдайгаад хоёул хамт нойрсоно.
Эр хүнийг уйлуулж дөнгөх шиг
Элдэвтэй таашаал үгүй биз.
Харамсалтай нь би уйлдаггүй юм аа.
Харин та яадаг вэ?





Америкийн яруу найрагч Чарльз Буковски 

МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО-ЖҮЖГИЙН ЗОХИОЛЫН НАЙМАН ГАРЦААГҮЙ


Судлаач (Ph.D) П.Батхуяг


  Чухам өөрийнхөөрөө “гарцаагүй” гэж гүжирдсэн цуврал эсээ минь үргэлжилсээр байна. Зарим нэг нь их л эмзэг хүлээн авч байгаа ч ХХ зууны Монгол уран зохиолын түүхээ хувь судлаачийн хувьд энэ мэт “багцлан” авч үзэх хүсэл минь хэвээрээ. Чамгүй хугацаанд Өрнө, Дорны театр, жүжгийн зохиолын түүхийг сурвалжлан судлав. Эцэст нь ийм нэгэн эсээ бичихээр зориг шулуудсан минь үнэн. Учир нь бидэнд жүжгийн зохиолын ямар өв байна вэ? гэдгийг хожмын залуус нягтлан харахад “шат” болох л хүсэлтэй. Одоохондоо өөр зүйлгүй. 

* * *

1. ДОНРОВЫН НАМДАГ 
1930-аад онд бүгд л жүжиг бичиж байлаа. Бүгд гэдэг нь Ши. Аюуш, М.Ядамсүрэн, С.Буян-нэмэх, Д. Нацагдорж. Гэвч Д.Намдаг гуайн дурссанаар бүтэлтэйгээсээ бүтэлгүй нь олон байжээ. Үнэндээ баахан “ухуулж” сэнхрүүлэхийг эрмэлзсэн жүжгүүд байсан ажээ. Хэрэв хүсвэл Ши. Аюуш “Театрын уран сайхан”, Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой /анхны эх/ зэргийг үзвээс зохино. Бусад нь яахав дээ? Харин “ Хярааны хонхорт”, “Шинэ байшинд”, “Ээдрээ” , “Оролмаа эх” гарснаар “жүжиг” гэж ярих юмтай болсон билээ. 


Тэр тусмаа “Ээдрээ” бол үнэхээр ээдрээ санагддаг. Монголын сурвалжит язгууртнуудын дүрийг би одоо ч зөвхөн “Ээдрээ”-гийн Мөнх-Очир ноёноор л  төсөөлдөг. Цэрэнжав /Хярааны хонхорт/ шиг “эх оронч” дээр нь тийм “цөлх” Монголын дүрийг Д.Намдагаас өөр зохиолч бичээгүй юмдаг. Бүх юм нарийндаа Д.Намдагаас эхэлсэн юм. Театр, жүжиг, театр судлал, шүүмж. Тэр 1980 онд ингэж бичсэн билээ. “Харин жүжгийн зохиолын шинэчлэлийн талаар бол Лодойдамба, Ванган, Чимэд бид хэдүүл хэлбэр агуулга хоёрыг шинэчлэх гэж их оролдож эхэлсэн. Зохиол бүр дээр оролдож эхэлсэн. Юмыг шинэчлэх гэдэг бол хэнд ч , хэзээ ч тийм амар биш” гэсэн байналээ. Тийм л дээ? “Нүгэл буян” киноны Тоо Хуар хүрээ авгайчуулын бараг л хэвшмэл дүр болтлоо шинэ үеийн уран зохиолд давтагдсан. Аргагүй л дээ? Намдагаас хойш бүх зохиолч түүн шиг Хүрээ авгайчуултай хундага тулгаж явсангүй.  Шинэчлэх хэцүү, хараагүй юмаа шинэчлэх бүр хэцүү. “Шинэ байшинд” яагаад гурван айл байгаа юм. Тэр чинь өнгөрсөн, одоо, ирээдүй гурав л даа? Гэтэл гурвуулаа “шинэ байшинд” орчихсон байдаг. Эндээс л “зөрчил” гаргаж ирсэн нь тэр аргагүй жүжгийн зохиолч гэдгийг батлаад байгаа юм. Одоо ч “Шинэ байшинд” хуучин хүмүүс амьдрах юм даа?

Уудмын цээлдээ уусган нэгтгэх сэтгэл...


Аагим халуун элсэн дээр хөл нүцгэн гишгэх шиг
Амьдралын тавцан дээр би зүрх алдан гарсан
Цаазын илд шиг эргэлдэх цагийн урсгалыг
Цайз хэрмийг эвдэх дайчин шиг сөрсөн

Хүлээлт миний хүч тамир, хүсэл тачаал минь эм болж
Цөхрөл миний хэм хэмнэл, цөлх ухаан минь таяг болж
Гал усыг ялгалгүй залгилсаар энэ хүрэхдээ би
Ганц л зүйлийг олсон байна, тэр нь "Би"

Хайрга шаргиа, хатуу хөтүүхэн амьдралыг
Хайлуулж чаддаг хайр түүнд бий
Усан нулимас түлхэж ирэх зовлонг
Уудмын цээлдээ уусган нэгтгэх сэтгэл бий.

Баатар хот
2013 он