Зохиолчид эвлэлээ шинэчилье гэвэл хандлагаа өөрчлөх хэрэгтэй

Зохиолч Цэнд-Аюушийн Буянзаяа өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрогт нэр дэвших үедээ “Маргааш дахин нар мандана” гэсэн уриа дэвшүүлсэнийг сонсоод би “Зохиолч хүн л улс төрийн сонгуульд ийм уриа дэвшүүлнэ дээ” гэж бодож билээ. Харин түүнийг “Монголын уран зохиолын түүхэн товч” хэмээх хоёр боть ном бичиж, эхний ботио хэвлэлээс аваад буйг нь дуулаад Монголын уран зохиолын өчигдөр, өнөөдөр, бас маргаашын талаар хөөрөлдөхөөр шийдсэн юм. 
Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос зохиолчид нийслэл хотноо цуглан, МЗЭ-ийн их хурлаа хийж буй энэ өдрүүдийг таширлан, Монголын их утга зохиолын дэлгэр түүхийг шинээр товчоолон бичсэн Ц.Буянзаяа зохиолчтой уншигчдаа уулзуулж байна. Тэрбээр уран зохиолын түүхэнд “Ерээд оныхон” хэмээн нэршсэн нэгэн сонирхолтой үед хамаардаг уран бүтээлч билээ. 


Ц.Буянзаяа: 
Зохиолчид эвлэлээ шинэчилье гэвэл хандлагаа өөрчлөх хэрэгтэй хэрэгтэй


-“Ерээд оныхон” гэж утга зохиолын нэгэн үе байсан нь өдгөө нэгэнт хүлээн зөвшөөрөгджээ. Энэ хуран үймээний дотор явсан хүний хувьд та бүхэн тэр үед тунхаглаж, хүсэн зорьсон зүйлдээ хүрсэн гэж боддог уу?
-Бидний үеийнхэн 17, 18 настайгаасаа л өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, уран зохиолын амьдралд идэвхтэйгээр орж ирсэн. Тухайн цаг үе бол шилжилтийн нийгэм байсан. Хүмүүс ямарваа зүйл дээр санал бодол зөрөлдөх, ойлголцох, үл ойлголцох, үл хүлээн зөвшөөрөх хандлагууд байсан. Ийм хандлагууд одоо ч байгаа. Өнөөдрөөс эргээд харахад хувийн ашиг сонирхол гэхээсээ цэвэр уран бүтээлийн язгуур эрх ашгийг тэргүүнд тавьсан, явцуу эрмэлзлэлээс ангид хөдөлгөөн өрнөж байж дээ. Хүн төрөлхтний уран зохиолын маш олон дэвшилтэт чиг хандлагууд социализмын хөшигний ард орчихсон байсан. Тиймээс бид шинэчлэл хийж, уран зохиолд олон ургалч үзэл, олон урсгал чиглэлийг бий болгохыг эрмэлзсэн юм.
Ер нь ерээд онд Монголын уран зохиолд шинэчлэл хийгдчихсэн. Одоо шинэчлэлээ цааш гүнзгийрүүлэн хөгжүүлэх, үндэснийхээ уран зохиолын онцлогийг тод тусган харуулсан бүтээл туурвих шаардлага урган гарч ирлээ. Уран зохиолд хэдхэн жил болоод л шинэчлэл гэж хашгираад байдаг юм биш. Энэ бол өөрийн зүй тогтолтой зүйл. Ер нь шинэчлэл гэдэг өөрөө уран зохиолын гол асуудал ч биш. Уран зохиол бол тогтмол. Шигшмэл алт мэт бүтээл хэзээ ч үнэ цэнээ алдаж хуучирдаггүй. Өнөөдөр хичнээн шинэчлэл гэж орилоод уран зохиолын сонгодог бүтээл болсон Монголын нууц товчоо хийгээд бусад зохиолуудыг давж гарахгүй.

...Намар байх болно...

Л.Ө.

You’re my reality. I’m your mirage.
Paul Celan

Аньсагыг минь бүлээцүүлж нарны гэрэл шиг төөнөхөд чинь сэрсэн ч гэлээ,
Гялбахгүйн тулд би урд насандаа нүдээ нээгээгүй юм.
Алган дээр минь шувуу шиг үүрээ засахыг чинь
Харахын тулд би хойт насандаа мод болно.
Нүдээ нээгээгүй ч гэсэн, яг л энэ дүрээрээ
Нүүрнээсээ инээд сацруулан зогсохыг чинь үзсэн.
Мартахгүйн тулд би мөнхийн санагалзлаараа
Манант он жилүүдийн төгөлд тэмдэг тавьсан.
Учирсан дороо чамайг таниад, өлмийд чинь
Навчис дэвсэхийн тулд би хойт насандаа мод болно.
Намайг ахиад л иржээ гэдгийг мэдрээрэй!
Намар байх болно.


Яруу найрагч Г.Аюурзана
"Бясалгал" түүврээс...

...ХАС ТЭМДЭГ, СТРУГАГИЙН ҮДШҮҮД БА ЕВРЕЙ ШҮЛЭГЧИД...


-МАКЕДОНЫ ТЭМДЭГЛЭЛ -

1.
Хүн гэдэг амьтан эх нутаг, төрөлх хот, орон гэртээ байхдаа огтын анзаараггүй байдгаа харь орон, бусдын нутгаар хэрэн хэсүүчлэн одооны хэлээр “жуулчилж” явахдаа мэдэрдэг аж. Нэг үгээр бол урьд өмнө олж хараагүй юм бүхэн сонин содон санагдахаас эхлээд хараагүй хүний сонсголын эрхтэн сайн хөгжсөн лугаа ажигламтгай болдог амой. Энэ бүхнийг Стамбул хотын түм түжигнэж бум бужигнасан онгоцны буудлын уудам саруул хүлээлгийн танхим дахь багшаархан цайны асарт суухдаа боджихуй. Ер нь онгоцны буудал, галт тэрэгний зогсоол болоод холыг зорьсон ихэнх газарт яарсан, үймсэн, сандарсан олон хүмүүсийг харахад хүн гэдэг амьтан үхдэггүй юм шиг, өвддөггүй юм шиг санагдах бүлгээ...