Эхлэн бичигчид хандсан хатуу боловч үнэн үгс...

 Хүн бүхэн өөрийгөө зохиолч бичиж, зураг зурж, эсвэл дуулж бүр кино хийж чадна гэж санадаг ч урлахуйн төрөгдөл төдийхнөөр урлагийг бүтээдэггүй билээ.
Үгийг хэрэглэх гэдэг урлаг. Яралзтал сайхан тоглогдсон жүжгийн тайзны ард буцалсан их ажил ундарч, Шекспирийн гурван сард бичсэнийг амилуулах гэж мужаан, зураач, хөгжимчин, нүүр хувиргагч гээд асар өргөн баг нойроо хагаслан зүтгэдэг шиг тийм л хүнд хөдөлмөрийг бичгийн хүн нэгэн биендээ үүрдэг. Хичнээн төгс найруулга байх тусмаа төчнөөн дарамтыг бичигчдээ өгдөг. Олонх зохиолчид авьяасгүйдээ биш энэ нэргүй ажлаас зугатсандаа л ухвар мөчид юм хийж, түүнийгээ үхэн хатан хамгаалах буруу зам руу хальтардаг. Тиймээс бичиж туурвина гэдэг зол зовлонгийн үйлдэл.
Эдгээрийг үл үгүүлэн,  нэр мандсан зохиолчдын зүгээс эхлэн бичигчдэд хандсан хорин нэгэн иш  үгийг дор сийрүүлье.

ЭХЛЭН БИЧИГЧИД ХАНДСАН 
ХАТУУ БОЛОВЧ ҮНЭН 21 ҮГ

1. 

Анхны ноорог хэзээд хог байдаг. 
Эрнест Хэмингуэй
2. 

Этгээд, бүдүүлэг үг хэллэгээс байнга татгалзсанаар ул суурьтай, нийтээс дээгүүр, уялдаа сайтай, төв шударгуу мэт харагддаг. Энэ бол дүр эсгэсэн малнуудын таних тэмдэг юм.
Дэвид Огилви
3. 

Хэрэв чамд зохиолч болох эрмэлзлэлтэй залуу нөхөд бий бол тэдний төлөө хийх удаахь агуу тус чинь хэл найруулгын хувьд үнэ цэнэтэй хуулбарууд бүтээж үлгэрлэх явдал. Гэхдээ энэ бүхнээс өмнө, тэднийгээ жаргалтай байгаа дээр нь буудаж орхих нь буянтай хэрэг. 
Дороти Паркер
4

Олимпын аварга тамирчид амжилтын нууцаа ихэвчлэн ээжтэйгээ холбон тайлбарладаг. “Ээж өглөө болгон дөрвөн цагт намайг бэлтгэлд минь чирч аваачдаг байсан” гэж ирээд л... Бичнэ гэдэг уран гулгалт, эсвэл цана биш. Эх чинь чамайг зохиолч болоход туслаж чадахгүй. Тиймээс бичихийг хүсэж буй залууст би ганц л зүйлийг зөвлөдөг: “Төрсөн гэрээ орхи”.
Пол Теро

...Хариулт нь тэгээд амьдрал болно

РЕКВИЕМ


Ахуй ертөнц дуугаа хурааж
Анир алдарсан шөнө дөлөөр
Шивэрч эхэлсэн хүйтэн борооны
Шивнэж байсан гунигийн дуу
Шаналан тээсэн сэтгэлийн аязтай
Шамдан ирж нэгдэн мэгшээд
Өнгө улаан нулимас болж
Өр зуран дотогш урснам.
Хар усан жанчийг асааж
Харанхуй шөнөөр бие хийсэн
Уй гунигийн тэнэмэл сүнснүүд
Урд, хойгуур хэрэн нисэлднэм
Халуун нулимсаар минь ундлах жаргах
Харанхуйн сүнсэнд биеэ тушааж
Хор хорсол, гэгээн мөрөөдөл 
Хорвоогийн амьдралд хоргодох бүхнээ
Хоосолж сэтгэлээсээ үнсээр хийсгэнэм.
Халуун шатсан зүрх минь гэтэл
Хавирга дэлдэн лугшсан хэвээр
Зол заяа, зөн совин
Зориг тэвчээрийг тэнгэрт өргөж
Амь амьдралын яруу сайхныг
Амь тэмцэн дуудсан хэвээр
Анирдаж би зүрхээ чагнавал
Аялгуулж тэр ийн дуулнам,
"Аниргүй цэлийх тэнгэрийн хаяанаас
Ахиад нар мандаж өглөө болно
Дэрэн дээр нь наадах гэрлийн ширхэг бүхэн
Дэнслээд буй сэтгэлийг нь илбэж тайтгаруулна
Орчлонгийн шинэ өдөр болгоныг
Орчин тохиолдох учрал бүхнийг
Халуун сэтгэлээ дэлгэн тосоход
Хариуд нь жаргалан ирэх л болно
Хариулт нь тэгээд амьдрал болно".


2013.10.15
Бангалор

...чамаас өмнө энд Равжаа, Пушкин нар амьдарч байв.

ЯРУУ НАЙРГИЙН  АРВАН ЖИЛ


Арван жил тэнгэрийн сэргэлэн одод шиг холхин болзоонд яарав, би
Арван жил өглөөний нар шиг гоо бүсгүйн гарч ирэхэд үүрийн  одод шиг замхарч явав, би
Арван жил нар шиг гэрэлтэн шатаж, дэлхийн энгэрт цэцэг шиг олон шүлэг хатгав, би
Арван жил оддыг үзүүт тэдэнд тэнгэрийн эрх чөлөөг олгож,  уулсын цаагуур нуугдан оров, би
Арван жил давхар биетэй эх шиг ертөнцийн ирээдүйд  шаналан зовж зөөлхөн гишгэв, би 
Арван жил алдарсан сэтгэлээ дарсаар тайтгаруулж гашуун байтал түүнд дурлав, би
Арван жил хүүхдийн часхийх дууг сонсож, хүч түрэхийн баярыг малгай шидэлцэн тэмдэглэлцэв, би
Арван жил хөлдүү дэлхийг төмөр царилаар хяхруулан, бусдыг хөдөөлүүлэлцэж утгагүй хорвоог мэдрэв, би
Арван жил яруу найргийн өргөөний үүдэнд хавтас дүүрэн шүлгээ сугавчилж хулгайч шиг эргэлдэв, би 
Арван жил энэ шилтгээн рүү шавар бялтсан гуталтнуудын цуврахыг үзэв, би 
Арван жил тэрхүү шилтгээний босго зүрх сэтгэл минь болж ёолон гиншив, би 
Арван жил эргэлдсэн тэрхүү өргөөний үүдэн  дээр бичсэн нь
“Гутлаа сайн арчиж ор, чамаас өмнө энд  
Равжаа, Пушкин нар амьдарч байв” гэжээ
Арван жил,  би 
Арван жил

1995.09.17 
Мөрөн хот



МЗЭ-ийн шагналт Яруу найрагч 
Баттөрийн МЯГМАРЖАВ

Ой дуурсал II


Нойрсоно гэдэг оюун санаагаа 
Нам гүмээр дүүргэхийн нэр
Эсхүл, оюун санаа нам гүмээр дүүрэхийн...
...Бодит ухамсраас ангижрах агшинд ч гэтэл
Бодитоор оршин байна, энэ харц...

Зэмлэл гомдлын нулимс хурсан нүдэнд нь
Зэрлэг давалгаан босон сэтгэлийн байцыг хэмхчинэ
Хад чулуу мэт хүйтэн бодлууд нулимсанд үйж
Харин оронд нь хачин нам гүм далай долгилно

Энэ далайн гүнд залуу нас минь
Эгнэгт хорин тавтын дүрээр нойрсож байгаа
Адгуу цайлган тэр хүүгийн
Амь амьдрал нь миний зүрхэнд үргэлжилж байгаа

...Чичигнэх хуруу биед минь хүрэх шиг болж
Чимээ аниргүйн гүнээс би эргэн ирлээ
Тэр аниргүйн гүнээс төөнөх харцыг мэдрээд
Тэсгэл алдахдаа цурхиран уйлж эхэллээ.

2013.10.10
Банглор

Чин сэтгэлээсээ чамайг хайрласан л бол...


Санахын жаргал гэж үгүй
Хүсэхийн зовлон гэж бий
Сарних хоосон зэрэглээ мэт атлаа
Хүлэх төмөр гинж мэт орон зай бий

Энгүүн жаргаж суухад эс анзаарсан бүхэн
Эмтрэх шаналахын цагт биежин босож ирнэм
Орон цагийн хүлээсэнд орь ганцаар үлдэхэд
Оюун санаа минь сая үнэн дүрээ үзнэм

Чин сэтгэлээсээ чамайг хайрласан л бол
Чи өмнө нь мөнхөд буруутай
Амин хайранд нь сүүдэр унагавал
Амьдралаа өлмийд нь дэвсээд, өвдөг сөхрөх учиртай.

Банглор
2013.10.03