...сэтгэл зүрхнийхээ орон зайг хадгалан авч үлдэхийн тулд...

П.Батхуягийн  уран бүтээлийн тухай  товч тэмдэглэл буюу “Эсрэг цаг” хэмээх  утга зохиол – уран сайхны шүүмжийн ээлжит түүврийнх нь тухай  бяцхан эргэцүүлэл.

    Манай цаг үеийн тэргүүн бичээчдийн нэг П.Батхуягийн ээлжит ном хэвлэгдэн гарч байна. Ээлжит хэмээсэн учрыг утга зохиол, уран сайхны ертөнцөд шимтэн дурлагсад, ээнэгшин татагдагчид тэрчлэн түүний шүтэн бишрэгчид –  шинэ цагийн залуучууд андахгүй. Учир нь П.Батхуягийн туурвисан яруу найраг, өгүүллэг, тууж, роман, жүжгийн зохиолуудынх нь зэрэгцээ нийгэм-утга зохиол, соёл, оюун санааны амьдралын сэдвээр нэн өргөн хүрээг хамарч бичдэг уран сайхны эссе, нийтлэл, тэмдэглэл тэрчлэн судалгааны болон шүүмж судлалын олон арван бүтээлүүд нь ёстой л түүний өөрийнх нь нэгэнтээ бичсэн шиг “Оросын домогт Т – 34 –ийн гинжний хээ шиг үргэлжилж”, “1945 оны ялалтын хаврын явган цэргийн жагсаал шиг ар араасаа босож ирдэг”  бөгөөд тэдгээрийн агуулга, үзэл санаа, дүрслэл туурвилын ер бусын өнгө аяс нь чухамдаа л “Курскийн цүлхэнд ИЛ – 2 онгоц агаараас шунгах шиг тийм хурд”-аар бид бүхний зүрх сэтгэлд нэвтэрч “Красная вино победы” дууны ая шиг хэлж боломгүй тийм нэг зүйлд биднийг автуулдаг билээ.
     “Здравствуй мама! Возвратились мы...” “Сайн байна уу? Ээжээ бид...эргэж ирлээ” Ишлэл болгосон мөрөө  дараа бүтнээр нь авахыг амлая.

Эгшигийн жаалхан тэнгэр...



Хиртэшгүй ариун сэтгэлийн аглагт
Сэвтэшгүй тунгалаг үйлийн үр төрнөм
Өршөөл үгүй гоо үзэсгэлэнгийн алган дээр
Өглөө бүхэн халуу шатан сэрнэм

Оюут мандалын зүгээс сунгах мутрын хээгээр
Оюун бодлын чанадад дүүлэн нисэх агаад
Амар тогтуунаар чанагш нэвтрэх хоолой нь
Амьд ертөмцийн зүг намайг дуудан авчирлаа

Ахуй орчлонгийн хуран үймээнийг 
Ажрал үгүй туулах сэтгэлийн хүч болоод
Зүрхний минь лугшилттай цагийн урсгалыг нэгтгэх
Зүйргүй шидийг эрхшээгч охин тэнгэр минь

Ариусал минь, яруусал минь, амьсгал минь
Амьдрал минь, тайтгарал минь, таниж өөртөө нээсэн
Эгшин хормуудаас эгшин байж дэргэд минь үлдсэн
Эгшигийн жаалхан тэнгэр минь.


2013.11.15
Бангалор

Энэ бол солиорол эсвэл гэгээрэл..

ДУРЛАЛ


Эргэлзээ, шаналал, гутралаа нэгэн амьсгаагаар таягдаж орхих
Эгц халуун энэ мэдрэмж хэрхэн ирэв ээ?
Догдлон лугших зүрхнээсээ цочин чагнаархах зуур
Дотроос ямар нэг далдын хүч түлхэн өндөлзүүлэх юм.

Агаар мандалаас тасран алдан ниссэн шувуу
Аниргүй тэнгэртээ далиа амраан жингүйдэх шиг
Амьсгал дуулдам нам гүмхэн сэтгэлд минь
Агаар ус адил нэвчин тархах юм.

Хэмжээлшгүй амгалан сэтгэлд нэвтэрч 
Хэн байсныг минь ч мартуулж орхих шиг
Хэн гэдгээ эгнэгт мартаж, бүхнийг умартаж
Хэзээд чиний дэргэд үлдмээр юм шиг

Энэ бол солиорол эсвэл гэгээрэл
Эндээс цааш сайн сайхны хилд тулна
Илүү яруу сайхан гагцхүү бидний дунд
Инээд нулимс дэнслэн ирэх өдрүүдийн гилбэлгээн дунд
Ирж яваа нь мэдрэгдэнэ,
Тийм ээ, энэ бол гэгээрэл...
...эсвэл солиорол.


2013.11.12
Бангалор