Хутагт дээд богд Мяларайба бээр хомголзогч Линба хадын эм рагшийг номхотгосон дөтгөөр бөлөг.

Дөтгөөр бөлөг

Намо гүрү. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд, Нянан Зарма дахь хатагтай нугууд тэргүүлэн Нянан дахь өглөгийн эзэд суу хэмээн залбирваас бээр эс (17r) болоод, ламын зарлигийг бүтээхийн тул Жаргалангийн балгасан дахь Цог Бадрагч нэрт ууланд бясалгахаар одоод, Линба хадын агуйдаан хүрч тэр агуйд ийн хоромхон түгдам сэтгэн сууваас, нэгэн цагт үдшийн түүшин өнгөрсөн хойно, богдын суудлын зүүн этгээд дэх хаданд нэгэн завсар буй ажгуу. Тэр завсраас нэгэн их дуун цуугин бүхийд ийм юун болов хэмээн босч үзвээс юун бээр эс үзэгдвэй. “Аяа их дияанч би найралчилсан болов уу” хэмээн сэтгэж, жич басхүү орондоон сууваас тэр хадын завсраас нэгэн их гэрэл гарсаны үзүүрт хар хүдэр унасан нэгэн улаан хүн нэгэн гоо сайхан эмээр хүдэр юүгээн хөтөлгүүлж ирээд, тэр хүн Мяларайба ламыг тохойгоороо түлхэн асхиад нэгэн хуй болон үл үзэгдэн одвой. Тэр эм бээр нэгэн улаан өлөгчин болон хувилж ламын зүүн хөлийн эрхийг нь зуугаад эс тавьсанд, аяа энэ хэмээвээс хадны эм рагша буюу хэмээн мэдэж эдгээр шүлгийг номловой. 

Цаст уулын гутгаар бөлөг

Гутгаар бөлөг

Намо гүрү. Хутагт Мяларайба хэмээн алдаршсан тэр богд тэргүүн Лачи ууланд өөд болоод, хортон тэнгэр (10v) чөтгөрүүдийг номхотгов хэмээн хамгаа алдаршив. Нянан дахь хамаг улсаа мөргөгдөх тахигдахын орон боллоо. Үлэмж Үрможомо  бээр ном өчин залбирвай. Түүний Дамбажагпүва (dam pa rgyags phu pa.tib) хэмээх нялх хөвгүүн буй ажгуу. Жомо хатагтай өчрүүн: “Аяа хутагт аа, миний энэ хөвгүүн их болбоос чамд шавь болгон өргөсүгэй” хэмээн маш бишрэл төрлөө. Нянан дахь улс залж ирээд Шэндормо нэрт өглөгийн эзэн өргөн хүндэлсэнд, Мяларайба лам бээр балгасан дахь орчлонгийн үйлсийг үзээд, сэтгэлээ маш цөхөрч, “Аяа би энд сууваас зохис үгүй ажгуу. Лачи цаст ууланд одсугай” хэмээн зарлиг болбоос, Нянан Зарма дахь улс өчрүүн: “хутагт Мяларайба чамд амьтны тусаас өөр үйл үгүй буй за. Энэ өвөл энд сууж бидэнд нэжгээд хөтөлбөрийг номлон соёрх. Чөтгөрийг номхотгосон агуйд хэзээ бээр өөд болбоос бээр юун яарал. Бид бээр чиний хойноос даган одсугай” хэмээн өчвэй. Ялангуяа Шакьягүна багш хийгээд Шэндормо өглөгийн эзэн хоёр ятгаж өчрүүн: “Аяа лам эдүгээ өвөл болбой. Цаст ууланд хүйтэн бүхүйн тул яахин суун чадму”. Үлэмж ятган өчвөөс бээр Мяларайба лам зарлиг болруун, “Нарова их шидтэний үндсэн баригч хөвгүүн бид, цаст ууланд суухад юун ажиг. Богд Марва лозава бээр надур ийн захирлаа. Үймцэх хийгээд алгасангуйг тэвчин хүмүүн үгүй аглаг ойд шүт хэмээн номлолоо. Ялангуяа би балгасанд оршин сууваас бээр хэр зохимуй” хэмээн нэвтэрхийеэ зарлиг болбоос, тэдүй Зарма улс дахь иргэн маш яаран зооглолыг бэлдээд, тэнд заримууд нь бид бээр өвөлд ном өчихийн тул очмуй хэмээн болзвой. Тойн Шакьягүна багш хийгээд Шэндормо тэргүүтэн зургаан хүмүүн зооглол идээ ундааныг аваад ууланд хүргэсүгэй хэмээн Мүрзи хэмээх оронд хүрвээс, тэнд хутагт Мяларайба нь хоёр шянц гурил, нэгэн шянц тутарга, нэгэн (11r) хөл мах хийгээд хэсэг тос аваад, шумнасыг номхотгосон их агуйдаа өөд болж суувай. Хүргэж ирсэн тэдгээр нь чанагш харихуйд, зуур огторгуйд үүл үймцээд, маш их шуурга болоод мөр гэтлэх бэрх болж, чадан ядан одоод хүмүүн унтах цагт гэртээ хүрвэй. Тэр шөнөөс эхэлж арван найман өдөр шөнө болтол цасан орвой. Зургаан сар болтол Нянан дахь улс тэнд одох зам тасарвай. Нянан улс дахь лам нар хийгээд өглөгийн эзэд бүгдээр “Аяа Мяларайба лам магад нирван болбой за. Бид тэр богдын сэтгэлийг төгсгөхийн тул буян өргөөд ном уншсугай” хэмээлдээд ном уншин тахивай.

Ч.Билигсайхан: "XXI зуунд Монголд оюуны сэргэн мандалт болно"

Таван жилийн өмнө Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Билигсайхан агсантай яруу найрагч Ц.Дэлгэрмаа ийнхүү хөөрөлдөж байжээ. "Өнөөдрийн тойм" сонины 2008 оны 114/134/ дугаарт нийтлэгдсэн ярилцлага. 



XXI зуунд Монголд оюуны сэргэн мандалт болно


Д.Нацагдорж л нэр "цэвэр" байсан учраас...

...Монголчууд дээхнэ vед зохиолч гэхээр билиг авьяастай, ер бишийн хvн гэж ойлгодог байсан.Уран зохиол, зохиолч гэдэг бол нийлмэл ойлголт.Харин XX зуун гарч, Европын соёл дорно дахинд нэвтэрч уран зохиол өрх тусгаарласан. Тэгэхдээ Оросын уран зохиолыг дагах маягаар хөгжиж, 1921-1991 он хvртэлх 80 шахам жилийн хугацаанд уран зохиолыг "дэглэсэн" байдалтай байлаа. Уг нь Монгол уран зохиол урьд нь огт тийм байгаагvй юм.Нэг талдаа эрдэм шинжилгээний, нөгөөтэйгvvр хvний оюун ухааны, далд мэдрэмжийн шинжтэй байсан.Гэтэл социализмын жилvvдэд "социалист реализм" гэдгийг томъёолоод юм бvхнийг vзэл сурталжуулаад эхэлсэн.Энэ vед төрсөн авьяастнууд маш хvнд амьдралыг туулсан даа.Д.Нацагдорж л гэхэд хавчигдан зовж гучин хэдхэн насалсан.Тэр 37 онд их баривчилгаа эхлэхээс хоёр гурван сарын өмнө "Би энд байх юм бол хамгийн тvрvvнд баригдана.Тийм учраас архи уугаад тэнэж явъя даа.Архи уугаад гудамжинд тэнэж яваа хvнийг ямар хvн гэж тоож барьж авах юм" гэсэн байдаг.Тэгээд л архи ууж эхэлсэн. Гэсэн ч баривчлах гэж оролдоод л байсан юм билээ. 
Б.Ринчен, Ц.Дамдинсvрэн, Д.Намдаг гуай гээд мундаг зохиолчид 10 жил шоронд сууж, гарахдаа бүгд Дотоод яаманд бичиг өгсөн байдаг.Тэнд юу гэж бичиж өгснөө хэлэхгvй байсаар "явцгаасан" даа.

Өөд болж бясалгасан Сайн Уст Лачийн хоёрдугаар бөлөг.

Дэд бөлөг

Намо гүрү. Егүзарисийн манлай Мяла хэмээн алдаршсан тэр богд нь, Чонлүн хаданд суун бөлгөө. Тэндээс ламын зарлигийг бүтээхийн тул Tонла (thong la.tib) нэрт тэргүүрээр Лачи (la phyi.tib) нэрт цаст ууланд бясалгасугай хэмээн өөд болохын зуур, Нянанзарма (gnya nang rtzar ma.tib) нэрт улсад хүрвээс тэр улсад их хурим хийж суун ажгуу. Тэр хуримд хурсан бүгдээр өөр зуураа ийн өгүүлэлдрүүн, “Аяа Мяларайба хэмээгдэх идээн үгэгү ямагт хатуужил явдлаар элчил үгүй ууланд суугч, маш сайн номч хэмээн сонсдмуй” хэмээн Мяларайба хутагтын нэр алдрыг өгүүлэлдэн суун бүхүйд, Мяларайба тэдний хаалганд хүрч суун бөлгөө. Тэнд олон чимгээр чимсэн (6r) нэгэн залуу Лэгсэбум (legs se ‘bum.tib) хэмээх хатагтай гадагш гарч ирээд, ийн өгүүлрүүн: “Егүзари ээ, чи хаанаас ирэв” хэмээн асуусанд, Мяларайба лам зарлиг болруун:
 “Миний орон магад үгүй буй за. Ууланд суугч их дияанч Мяларайба хэмээгдэх буюу. Өглөгийн эзэн хатагтай надур идээн ундаан өг” хэмээн зарлиг болбоос, тэр хатагтай өгүүлрүүн:
 “Идээн ундаан өргөсүгэй. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд магад чи мөн буюухүү” хэмээн асууваас Мяларайба лам зарлиг болруун, “би юуны тул худал өгүүлмү” хэмээн зарлиг болбоос, тэр хатагтай маш баясаад, түргэнээ орж одоод, тэдгээр олон хүнд өгүүлрүүн, “Аяа сонсодхун та, бидний нэгэн нэгэндээ тийм сайн номч егүзари буюу хэмээн өгүүлэлдэгч тэр богд эдүгээ бидний хаалганд өөд болж ирж суун аму” хэмээн өгүүлбээс, тэдүй хамаг бүгдээр гадагш гарч одоод, зарим нь мөргөн, зарим нь учир шалтгааныг хичээж асуугаад, Мяларайба хутагт магад мөн бүхүйг мэдэж, гэртээ залаад хотол төгссөн сайнаар өргөн хүндлэвэй.

Хорвоогийн явдалд хоргодохын шалтгаан...


Махатма Гандигийн зурагтай арав хүрэхгүй дэвсгэртийн төлөө
Махаа идэж гучин хоног хөдөлмөрлөдөг
Жагар эрс цонхон дор минь хөлчүү дуулалдана
Жаргал гэдэг өнгөнд бус, мөнгөнд бус аа.
Амар сэлүүхэн амьдралын төлөө
Алаг дэлхийн альхан бөөрөнд ч
Адилхан хөвчрөн зүтгэж яваа
Аавын хөвүүд, ээжийн охидод
Үнэн гэдэг үзэмж бус, үхэл ч бус аа
Үүрдийн хайр нь зовлонгийн далайг туулах унаа
Үзвээс бас зол жаргалын шалтгаан юм аа. 
Нэгэн шад сэтгэлийн ураар энд сийлэгдэж
Нэхэн санаж шүүрс алдах ирээдүйн зүгт явна
Тэмүүлэх сэтгэлийн дэргэд гунигийн шад юухан бэ?
Тэгж санахын зуурт л сэтгэл цэлмэх юм аа. 
Сормуусан цаанаа нуусан гунигийн нөмрөгөө тайлахад чинь
Солиором гоо үзэсгэлэнд эхлэн автсан шигээ
Хоосны шидээр ховсдон баригч цагийг таягдаж
Хорвоогийн явдалд хоргодохын шалтгаан нь чи минь юм аа. 

2013.12.13
Бангалор

Гэтэлгэгч Мяларайбын тууж дэлгэрэнгүй ялгасан бум дуулал хэмээгдэх оршвой

Тэргүүн бөлөг


(1v) Намо гүрү. Егүзарисийн эрхэт Мяларайба хэмээн алдаршсан тэр богд нь, Чонлүнгардийн  хоргод махамудрагийн гэгээн гэрлийн агаарт тэгш агуулж суун бөлгөө. Нэгэн цагт идээн бэлдсүгэй хэмээн сэтгэж босоод, ийн тийн үзвээс, гурил давсан будааны холиосон үгүйг дэх юун өгүүлтэл [өгүүлэх], түлээн хийгээд усан ба гал үгүйг үзэж, “Аяа би ийм ёсоор сууваас зохис үгүй болму хэмээгээд, түлээ түүхээр одсугай” хэмээн (2r) сэтгэж өөд болон одвоос, орхимж дүүрэн түлээ олсонд, гэнэт их хий хөдөлж, орхимж юугаан бариваас түлээ нь хийсмү. Түлээгээ бариваас орхимж нь хийд хийсдэхүйд, сэтгэлдээ ийн сэтгэрүүн, “Аяа би урьд ууланд эдүй чинээ сууж бясалгаваас бээр би хэмээн баримтлах сэтгэлээ эсхүү огоорсон ажгуу. Би хэмээн баримтлахуй эс тэвчвээс, номыг бүтээвээс бээр юун хэрэг” хэмээн сэтгэж, “орхимжийг минь таалбаас орхимжийг минь ав, түлээг минь таалбаас түлээг минь ав” хэмээн өгүүлээд хоёр бүрийг огоорч суун бүхүйд, муу идээ зооглосны хүчээр хийд автаж, хоромхон зуур сэтгэлээ мэдээгүй болж суугаад сэрж үзвээс хий салхин устаж, орхимж нь нэгэн модны үзүүрээ өлгөгдөн байхыг үзээд уярахуй сэтгэл төрж, хонины тэдүй нэгэн чулуун дээр тэгш агуулсаны эцэст инү, дорно зүгийн Доволүнгийн нэрт зүгээс нэгэн цагаан үүлэн тодорхойяа гарваас, “Аяа тэр үүлний доор нь Доволүн (gro bo lung.tib) нэрт хийд бөлгөө. Тэнд дуун хөрвүүлэгч Марва лозава нэрт богд лам минь, эцэг эх очирт ах дүү нөхөр шавь нар лугаа сэлтийн төвд сууж, дандарсын утгасыг номлоод, (2v) авшиг хийгээд увдисыг соёрхсон ёсыг дурдан сэтгэж, “аяа эдүгээ бээр тэрхүү ёсоор сууваас, юунд бээр үл торон мөргөхөөр одсугай” хэмээн сэтгээд, урьд уярснаас, ламын ачийг ихэд санаж цаг үгүй уярах сэтгэл төрж, тасрал үгүй нулимсаа асгаран, уярах чин зоригоор ламыг дурдахын зургаан шүлгүүдийг номловой.

"Мялын бум дуулал"-ын цахим өртөө эхэлвэй...

Ном дор мөргөмүү. 
Энэ даваа гараг буюу өвлийн дунд хөх хулгана сарын шинийн долооны өдрөөс эхлэн "Гэтэлгэгч Мяларайбын тууж дэлгэрэнгүй ялгасан бум дуулал хэмээгдэх оршвой" судрыг та бүхэнд цувралаар хүргэхээр шийдэн тогтсон болно. Долоо хоног бүрийн даваа гарагт яруу найргийн охь шим, монгол орчуулгын ариун сан болсон энэхүү гайхамшигт намтрыг хуваалцах болсондоо баясахын ялдар итгэл хайрлан номын эхийг өгсөн номын ах Г.Нямочирт дор мэхийе.
Энэхүү намтар нь дан ганц үгийн урлаг төдий бус орчлонгийн явдлыг таньж, билгийн нүд нь нээгдсэн гэгээнтнүүдийн нэг Мял богдын гүн ухаан, учиг сургаал, үйл бүтээлийн чуулбар билээ. 
Энэ түрүүнд, эл намтарыг орчин цагийн бичгийн хэлнээ хичээнгүйлсэн судлаач Б.Няммягмарын оршил үгийг нийтэлж байна. 

“МЯЛЫН БУМ ДУУЛАЛ” ХҮН ТӨРӨЛХТНИЙ ОЮУНЫ СОЁЛД


Шинэ юм гэж мартагдсан хуучин зүйлийг хэлнэ гэсэн үг байдаг. ”Мялын бум дуулал” бол монголчууд бидний хувьд мартагдсан хуучин зүйл юм. Харин европ, өрнө дахины судлалд шинэ зүйл мөн юм.

ДОТОР ДУУН


Тоо томшгүй хичнээн агшиныг
Тоомсорлолгүй, тоосны чинээ ч саналгүй өнгөрөөснөө
Тооцож гаргах боломжгүйн адил
Амьдрал гэдэг санамсаргүйн орчил дахь
Анивчихын төдий агшин ч бил үү,
Хэн мэдлээ дээ, мэдээд ч яах юм
Хэн гэдгээ л мэдвэл барав.
Хэн гэдгээ мэдсэн өдрөөс
[Хэн биш ээ ухаарсан мөчөөс]
Хэнхдэг дотор минь таатайхан хоосорч
Хүйт даасан тэр мэдрэмж
Хүлээс бүхнийг минь тасдаж орхих шиг
Орхих шиг ч гэж дээ яг л тийм мэдрэмжийг
Оюун санаа минь тэмтрэх шиг болсон
Тэмтрэх ч гэж дээ чин үнэндээ
Тэр хамгийн үнэн мэдрэмж байсан.
Гэхдээ, тэр өдрөөс бие минь газар
Билэг минь тэнгэрт байж, 
Хуран сарних ахуй орчлонг
Хуурай нүдээр ширтэх болсон юм.
Ганцаас цааш ганц л алхахад
Оргүй хоосонд орно гэдгээ 
Ганц биш удаа мэдэрсэн ч , 
[ганцхан энэ удаа л]
Мэдрэмжээ биш сэтгэлээ дагах
Гарцыг сонгоод би эргэж ирсэн.
Хар багаасаа л би нар мандахыг харах гэж
Хар үүрээр эртлэн босдог байсан
Хар багаасаа л би харанхуйгаас айхдаа
Хашаан дотроо ч гарахаас жигшдэг байсан 
Ургах нарны сүүн туяа ус шиг л миний сэтгэлд нэвчиж
Унах нарны улбар туяа ухаан бодолд минь цус шиг шингэснээс
Гэгээрэгсдэд там мэт санагдах амьдралын харанхуй булангуудыг
Гэрэл тусган харах дуртай болжээ би.
Ямар азаар хар залуудаа хэн ч бишээ ухаарч
Ямар азаар эргээд хэн нэгэн болов оо
Одоо би айдас, мухардал, шунал, хүслэнг таниж
Орчих цагийг оюун санаандаа базаж чадахаар болжээ
Одоо би гоо сайхны мөн чанарт нэвтэрч
Голт зүрхний угаас дуулах цаг иржээ.

2013.12.05
Бангалор