залуу насыг минь өндөг шиг сорох хором мөчүүд...


Модны биен дотроос цоо ширтэх нүднээс
Биен дотроо нүдтэй модноос
Мойног хуруунуудынхаа завсраар залуу насыг минь өндөг шиг сорох хором мөчүүдээс
Зэгзгэр ногоон, мэлхий шиг вааглагч өвснүүдээс
Зүүднийхээ хананаас эгнүүлэн өлгөсөн өөрийнхөө дүр төрхүүдээс
Тэнгэр доторх тэнгэрт хөрвөөх азарга цагаан үүлнээс
Тэгээд бас оюун санаанд минь хадан хавцал шиг цуурайтагч ой дурдатгалуудаас
Ус уухаар тонгойх болгонд урдаас минь өмөлзөх уруулаас
Уул нуруудын ботгирсон хөх манан руу даллан дуудсаар байх явган жимээс
Хий үзэгдлүүд, сахиусан тэнгэрийн ч мэдэхгүйг мэддэг хэрнээ
Хэлгүй дүлий юм шиг өөдөөс минь ширтэх сарнаас
Хүсэл тачаалын шуургаар сэтгэлийг минь намрын өвс шиг бөхөлзүүлэгч
Чиний харцны эргэлт, ичимдэг ягаанаас чинь
Амьдрал хэмээх халуун усны цонхоор опера хоолойгоор
Утга учиргүй дуу гинших төрөл нэгтнүүдээс
Үнэний цөөрөм рүү нүгэл буяны навчисыг ангилан үлээх
Ховсдогч хөгжимчнөөс
Цөмөөхэй минь хоёулаа

Нуугдах газар яаж олох вэ?



Яруу найрагч Г.Баяр
ТАНИХГҮЙ ЦЭЦГИЙН ҮР /2013/ номоос 

...Хоосон чанар өөрөө хоосон чанар болохын цагт...

ХАТАН ГОЛЫН ГҮҮРЭН ДЭЭР


Артай шаргал торго шиг
Хатан голын хөвөөнд
Араншинг чинь өвчиж төрсөн
Шүлгийг чинь дуудлаа, Нямлхагва аа

Эзний минь зүрхийг шархлуулж
Эрдэнэ шиг биед нь мэс өргөсөн
Хараал идсэн үзэсгэлэнтэй Гүрвэлжин гоо хатны 
Халуун амийг авсан ялгуулсан энэ голын

Чиний мөн чанар шиг авах гээхийн урсгалд
Миний зориг зүрх шиг эргийн чулуу мөлийнө
Чиний залуу нас шиг хуйлран оволзох усан
Миний алдсан бүхэн шиг сураггүй жилийж одно

Салхийг гартаа атган зогсоно...



Салхийг гартаа атган зогсоно
Салаагаар минь амьсгалж буйг нь сонсоно
Дэлгэчихвэл бүх юмс хуйсагнан эргэх мэт бодогдоно
Дэндүү чанга атгана
Хүнтэй ч гар эс барина
Бас дуугаа хураана
Догшин дүртэй харагдана
Дотроо бол уйлж байгаа нэгэн
Хацрыг чинь илбэхгүй
Нулимсыг чинь ч арчиж чадахгүй
Дүн өвлийн модод шиг хүйтэн
Дүнсгэр
Хэлгүй мэт бодогдоно
Харин дотроо хашгирч байгаа нэгэн
Салхийг гартаа атган зогсоно
Салаагаар минь амьсгалж буйг нь сонсоно
Үнэндээ алгаа дотогшоогоо дэлгэвэл
Үүрд мөнх тэнд хоосон байсныг мэднэ. 


2014.

Г.Хашбаатар
"Хас дорно" бүлгэм

"Хүрэл зүрх"-нээс үүдсэн үгс

"ХҮРЭЛ ЗҮРХ"-НЭЭС ҮҮДСЭН ҮГС...


Танил зураач минь єєрийгєє тєгс тєгєлдєр бvтээл хийнэ гэсээр шар махтайгаа хатаж явна хэмээн цєхрєн сєхєрч буйн гунигт шvvдрийг нvдэндээ гялтгануулж билээ. Мань эр бол vнэхээр хичээнгvй, ємднийхєє резинийг тааруулжээ гэвэл сунаад хvрчихийг нь мэдсээр ч цєєнгvй хэмжиж байж огтлох хvн л дээ. Тvvнийг яваандаа мухардалд орж, магадгvй єєрийгєє тєхєєрєх гээд балиус бариад гvйж явж мэдэх юм гэж би нэгэнтэо бодсонсон. Хєєрхий тэр хvн социализмын vеийн “алдаагvй” бvтээл хийх гээд л байгаа санаатай юм шvv дээ.
Сэтгэлгээний ядуурал гэдэг хvнийг ийм болгоод хаячихаж байна шvv. Хvнийг ч гэж дээ, нийгмээрээ ийм байж чадаж байгаа юм чинь тэр юундаа ч ичиж, ухаарах гэж яарах билээ. Урлаг гэдэг дvvрэн гvйцэд “тєгс тєгєлдєр”-тєє бус дутуу дулимаг, алдаа мадагтайдаа аугаа байдаг гэж би хар багаасаа л боддог, тvvндээ итгэчихсэн нэгэн. Тэгээд хачин гоё алдаатай шvлэг бичиж “алдаж” байсан минь олон. Урлагийн бvтээл гэж ойлгох /зураг, баримал, хєгжим, яруу найраг г.м/ зvйлийнхээ алдааг яаж хийснээр нь уран бvтээлийг сайн муу, сайхан муухай гэхчилэн ёстой дураараа нэрлэж, бvр хочилж ч болох мэт. Алдаа гэдэг урлахуйн маш том зэвсэг бєгєєд ухамсартай, ухамсаргvй аль ч байдлаар хэрэглэж болно. Тvvнийг харин сэтгэлгээ гэдэг юм гэсэн. Мєхєс би 90-ээд оны эхээр шvлэг мvлэг оролдож, тэгэхдээ Монголын уран зохиолыг шинэчлэх гэж зуун жил байтугай зургаан секунд ч дайтах сонирхолгvй явлаа. Vнэндээ тэгэх ч шаардлагагvй байв. Одоо ч гэсэн тийм шаардлага алга. Гэхдээ болсон болоогvй цаас цоохорлодог хэвээрээ л, бас сулхан ч гэсэн амьсгаатай л байна. “Зvс бvгэг андууд” бvлгэмийн нэг гол зорилго бол том зохиолч болох явдал биш “том” зохиолчдыг ичээх явдал байсан юм. Тэр зорилго одоо хангалттай биелсэн. Гэхдээ манай томчуудын нvvрний арьс нас гvйцсэн шарын зоо нурууны арьснаас зузаан билээ л… Тэд ичнэ гэж ёстой байхгvй. Том зохиолчдын тоо толгой эрс цєєрєхийг /нvгэл байгаа даа/ уран зохиолын шинэ vеийнхэн хvлээн азнасаар, бас нас ахисаар… Зарим нь том болох гэж яарч, зарим нь том болохыг vхэлд тооцсон хэвээр, бvгдээрээ л нэгэн сайн цагийг хvлээсээр. Бас энэ зуур М.Уянсvхийн “Асагч сарны шvлгvvд”, Л.Єлзийтєгсийн номууд сонирхол татсан ч сонирхож байгаа хvн алга, сонирхсон ч тоогоогvй царайлах нь тод ажиглагдана.

Жалшри ууланд Бригомрайва лугаа уулзсан арван зургадугаар бөлөг

Арван зургадугаар бөлөг


Намо гүрү. Хутагт Мяларайба гэж алдаршсан тэр богд Ладод Жалжи Шри (la stod rgyal gyi shri’.tib) ууланд бясалган суун атал нэгэн цагт (jag pa .tib) нэгэн хэдэн лам шавь нар лугаа хамт сэлт тэнд ирээд Мяларайба ламд эд таваар хийгээд зохилдох шалтгаан юун бээр үгүй бөгөөтөл ном бясалгах тийм шалтгааныг нь үзээд, бишрэл төрүүлж өчрүүн:
-       “Лам аа, ус нь муу, зохилдох шалтгаан юун бээр үгүй. Ийм оронд ямар хэргийн тул суумуй. Бидний улсад өөд болон соёрх өргөн хүндэлсүгэй” хэмээн өчвөөс Мяларайба лам зарлиг болруун:
-       “Энэ орны зохилдох шалтгаан чухаг болоод ус нь муу болбоос бээр надур хэрэгт, самади дияаныг арвитган нэмүүлэх бөлгөө. Таны улсад зохилдох шалтгаан төгс буй болбоос бээр үл одмуй би. Тиймийн тулд та өөрийн хувь ба зуурам үйлст болбоос л Жалшри ууланд бясалгахаар ирэдхүүн” хэмээгээд эдгээр шүлгийг номлоруун:
“Гайхамшигт Жалшри уулан дахь энэ орон
Газар хол дахь болбоос бээр гэтлэх бээр дөт
Гайхамшигт төгс хувьтан буй болбоос Шри ууланд ирэдхүүн
Харил үгүй чин зоригтон буй болбоос Шри ууланд ирэдхүүн.

Жижигхэн нахиа өөр ертөнцөөс яаран ирээд...


Жижигхэн нахиа өөр ертөнцөөс яаран ирээд
Жирийн л моддыг яруу сайхнаар хучнам
Хар турлиахнуудын шаагилдаан
цав цагаан цагираг үүсгээд
Нугын дээгүүр эргэлдэхэд
Нууцын гүнд нулимс өнхөрөөд,
Хавар болмуй

2010.04.23


Яруу найрагч П.МАЙНБАЯР
"Огторгуйн нугаас түүсэн шүүдэр" 
яруу найргийн номоос...

Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэнээг уншдаг, би...

Монгол Улсын ар­дын уран зохиолч, тө­рийн шагналт Ша­равын Сүрэнжав гуайнд хүрч очлоо. Гэргийтэй­гээ хоёул байж байна. "Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэ­нээг уншдаг, би. Ер нь тэгээд Эрдэнэ, Түдэв хоёрын зохиол надад ойр юм" хэмээсээр угт­сан. Залгуулаад "Хүр­гэн маань энэ хөөр­гийг надад дурсгаад" гэж гартаам хөөргөөр тамхилангаа, "Адууны мах иднэ биз дээ. Манай Төв аймгийн Засаг дар­га байсан Энхбат на­дад адуу өгөөд. Түүнийг нь очиж авлаа. Цэндээ намайг адууны махны шөлөнд оруулдаг юм, ядаргаа тайлдаг юм гэсэн". Ийм л ая дан­тай бид хоёрын яриа эхэллээ.   


Зургийн тайлбар:

-Төв аймгийн Авдарбаян сумын уугуул хүүд цэргийн зарлан ирсэн өдөр 
онцгой үйл явдалтохиож байгаа мэт санагдсан гэсэн. 
Зургаа гарахыг нь хүлээсээр гурав хонож байсан гэдэг. 1958 он



-Та бол "Насны ном Цэнд, насны хань Цэнд" гэж хэлдэг хүн. Тантай уран бүтээлийн талаар зөндөө ярилцаж байлаа. Эл удаагийн яриагаа гэргийтэйгээ хэрхэн танилцсанаар эхэлбэл ямар вэ?
-Хүн амын техни­кумын оюутан Цэндтэй ойртож дотноссон минь 1959 он юм. Тэгэхэд би Монгол Улсын их сур­гуулийн оюутан байлаа. Эхний хагас жилийн шал­галтаа онц өгчихсөн додь­горхон нөхөр өөрөөсөө хэдэн насаар дүү охиныг болзоонд урьчихлаа. Цэнд ч татгалзсангүй. Тэгээд одоогийн Төрийн ордны өмнөх талбайн сааданд анх болзож билээ. Цэндээ шар торгон дээлтэй охин зогсож бай­сан сан.
Намайг харсан хэрнээ огт хараагүй юм шиг, таньсан хэрнээ таниагүй юм шиг хажуу­­гаар зөрж өнгөрөөд л. Одоо бодох нь ээ, сэтгэлтэй болсных нь шинж юм уу даа. Манай зохиолч найрагчид дурлалт бүсгүйчүүддээ зориулж нэрнийх нь үсгийн дарааллаар шүлэг бичдэг жишгийг би тогтоочихсон байх шүү. 


-"Нэрээр бичсэн шүлэг" анхны номонд тань орсон байх шүү?
-Ханьдаа зориулж нэр­нийх нь үсгээр бичсэн шүлгээ жаран хоёр онд хэвлэгдсэн "Шөнө ургасан цэцэг" номон­доо оруулж байлаа.
"Цээлхэн дуугий чинь хөгжим гэвэл
Эгшгэнд нь уярсан нь би билээ
Найртай сэтгэлийг чинь нар гэвэл
Дулаацаж жаргасан нь би билээ
Эрэвгэр нүдийг чинь цэцэг гэвэл
Эргэлдэх эрвээхэй нь би билээ" гэсэн шүлэг л дээ. Тэртээ жараад онд бичсэн шүлгийг минь саяхан гавьяат тээвэрчин, инженер С.Иш­бал­­­жир орос руу хөр­вүүлс­нийг ханьдаа зориул­сан номын­хоо эхэнд оруул­сан. Жараад онд бичсэн шүлэг гэснээс жаран он миний хувь амьдралд өлзий билгээ өгсөн жил. Зун нь би Увс аймаг руу Намын төв хорооны үзэл суртлын брига­дад одоогийн ардын багш Бавуугийн Цэ­рэн­доржтой хамт явах бол­лоо. Хоёр сарын томилолтын зардал гэж 1600 төгрөг өгдөг юм. Тухайн үеийн 1600 төгрөг гэдэг их мөнгө л дөө. Түүнээс гэргийдээ цаг авч бэлэглээд, хоёул ижил өнгийн даалим­баар дээл хийлгэж байснаа мартдаггүй. Намар нь том охин Хишигсүрэн төрж Цэнд бид хоёр ижий аав болоод хөөр баярт умбасан. Яг тэр үед радиогийн уралдаанд шог өгүүллэг маань түрүүлж түүний шагнал болох цөөнгүй хэдэн төгрөгийг Доржийн Гом­­божав "МОНЦАМЭ"-гээс олж өгч түүгээр том охиныхоо угаалгыг хийж байсан түүхтэй.
Манай Цоодол ч анхны бүтээл "Нутгийн зургаан өнгө"-ийнхөө шагналаар дунд охин Хулангаа угааж байсан гэдэг. Уран зохиолын буян тэгж л эхэлдэг юм даа. 

Зургийн тайлбар:
-Нэрт яруу найрагч Р.Чойном агсантай тэрбээр үй зайгүй найзууд байжээ. 
Ш.Сүрэнжавын эхнэр Л.Цэндээ тухайн үедээ залуусын гангардаг байсан том захтай 
эрээн цамцыг тэр хоёрт хийж өгсөн өдөр тэд зургаа татуулжээ. 1962 он 


-Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэнээг уншдаг гэж хэллээ. Ингэ­хэд Эрдэнэ баавайтай ойр дотно явсан он жилүүдээ дурсаач?
-Монголын уран зохиолд хувь заяагаар төрсөн хүн бол Сэрүүн Галттай нутгаа сэтгэл сэнсэртэл санадаг Сэнгийн Эрдэнэ юм.

САЙН НӨХРӨӨ САНАХУЙ НАМРЫН САЛХИН УЙТАЙ...


Яруу найрагч Б.Лхагвасүрэн

САЙН НӨХРӨӨ САНАХУЙ НАМРЫН САЛХИН УЙТАЙ(дурсамж)




Гурван гүрэн гурван талаас нь залбиран байдаг их цаст Алтайн уулсын элгэн дэх Монгол улсын хилийн 1-р баганын харалдаа торгон хилийн застав дээр гялалзсан олон од түгсэн хүйтэн шөнө “ Таны найЛхагваа насан өөд болов. яаралтай ир” гэсэн цахилгаан авч билээ. Үнэмшмээргүй гэнэтийн мэдээ байдаг ч энэ “хутга” шиг мэдээ намайг бодох ухаангүй болтол оносон… Намайг хүүхэд шиг дагадаг найз минь надтай цуг явж монголын их уулсыг үзнэ гэж олон хоног хөл хөөрцөг болсон доо. Хөдөө явахын урьд орой над руу утасдаж – Ажил их би явж чадахаа байлаа… гэж дуу муутайхан ярьсан. Лхагваа явахаа болилоо гэхээр миний ч урам хугарсан. Гэхдээ бид хоёрын дундуур орох их хагацлын чимээ тийм ойрхон сонсогдож байсныг анзаарах сөгөө байсангүй. Яг явах өдрийн өглөө Лхагва эрт утасдаж – сайн яваарай гэж хэлсэн үгээр бид хоёрын нарны дор ярих яриа дууссан байна лээ…Лхагвааг би дагаж, үгүйдээ бид 2-т утсаар ярилгүй өнжсөн өдөр арван хуруунаас цөөхөн байсан даа.Намайг явахад даралт нь байн байн 240 хүрч байсан.- би нэг л ядраад гэж хааяа хэлдэг ч үхэхийн тухай үг цухуйлгаж байгаагүй. Битүү цагаан цасан дундуур гаргасан жимээр баахан алхлаа.Зайчилсан хунгар миний бүсэлхийгээр татаж байв.

Ерөөл хараалаас ангид хол газар...

Яруу найрагч Данзангийн НЯМСҮРЭН


БОЛОР ЦОМЫН ДАРААХ ДУУЛЬ


Юм бүхэн байгальдаа байхад би оршдог
Ертөнцийн сар үүлэн цаагуур ороход
Ерөөл хараалаас хаа хамаагүй хол газар
Ердийн нэг дан байшинд амьдран суудаг би.

Хаа нэгтээ навчис унах, ус дуслах
Хананд өлгөөтэй цаганд зүрх минь цохилох
Хаяагаар гүйх оготоной, намайг харсаар байгааг,
Харанхуйд шувуу дуугарах бүүр түүрхэнд би дуртай. 

Гүнгэрвааны өмнөх алтан зул цэцэг бадамлахын цаг дор
Гүмүд цэцэг цомирлогоо сарны туяанд задалдаг
Гөрөөс бухирах баруун голын бургас
Гүн нойронд минь сэвэлзэн байгаа нь харагддаг.

Цаг хугацааг хүмүүнээс хэсэглэн авсан
Цагаан дэрсний хажуугаар явахад
Сүмийн ширээний лаа шиг шүлгийн мөрүүд гэрэлтэж
Чоно болоод амьтад түүгээр гүйлдэх нь үзэгддэг.

Цас орсон өглөөгүүр явсан тэрэгний мөр зурайж
Цааш одсон хөсөгний чахар чухар эргэх чимээ 
Цаглашгүй гүн огторгуйд дуурсан шингээд
Цайвар манан үл үзэгдэх ахуйд би дуртай.

Ерөөл хараалаас ангид хол газар
Юм бүхэн байгальдаа байхад би байдаг
Ертөнцийн сар үүлэн цаагуур ороход
Ердийн хуучин байшиндаа нуугдан суудаг.

1998.01.28


Умард Гара хачийн чуулах харшид Сэванрайва лугаа уулзсан арван тавдугаар бөлөг

Арван тавдугаар бөлөг

 http://www.imdb.com/title/tt0499238/

Намо гүрү хутагт Мяларайба гэж алдаршсан тэр богд умард Даго (rta sgo .tib) ууланд бясалгаад Шри (shri’ .tib) ууланд бясалгахаар өөд болохын умард Баруун Гар (gyas ru .tib) хэмээх умар дахь нэгэн зочдын харшид сууваас Ягрүтанба (gyag ru thang pa .tib) нэрт нэгэн лам олон шавь нараар хүрээлүүлж, тэр харшид ирж суун амуй.
Зандрачандмань (zla pa nor bu .tib) нэрт сартваахь бээр олон эд таваар нөхдөөр хүрээлүүлж суун бөлгөө. Богд Мяларайба Зандрачандмань нэрт сартваахиас идээн гуйваас сартваахь өгүүлрүүн:
“Егүзарис та хүмүүнээс гуйн идэн атал өөрийн эд таваараа идэж сууваас жаргалан бус уу” хэмээн хилэгнэвээс Мяларайба лам зарлиг болруун. “Ай, та эдүгээ энэ ертөнцөд жаргах мэт буй за. Ийм үйлээр хойд ертөнцөд зовохоо үл мэдмү зэ та. Тиймийн тул миний эдгээр үгсийг сонс” хэмээгээд найман дурдахуйн энэ шүлгийг номлоруун:

“ШҮҮРС” ХЭМЭЭХ НОМЫГ ШҮҮРС АЛДАЖ УНШААД...

Дэлхийн яруу найргийн өдрийн мэнд болгож нэгэн бичлэгээ нийтэлж байна. Эл бичлэг "Үндэстний уран зохиол" сэтгүүлийн анхны дугаарт хэвлэгдсэн юм.

“ШҮҮРС” ХЭМЭЭХ НОМЫГ ШҮҮРС АЛДАЖ УНШААД...


“Би говьд намар оройн тэнгэр дор төрсөн.
Бидний үеийнхэн ажин түжин, амгалан цайлганы үр сад юм”. Энэ мөрийг уншаад надад ямар нэг нандин зүйлээ алдсан юм шиг, алдсан тэр зүйлийнхээ өмнө би буруутай юм шиг, мэдсээр байж тэс буруу замаар явж өдий хүрээд, түүнийгээ эс анзаарах л гэмээ хаацайлах ганц арга болсон юм шиг мөхөсдсөн мэдрэмж төрж билээ. Хурааж цомносон бүхэн нь эцсийн мөчид ямар ч үнэ цэнэгүйг мэдрэх ямар байдаг бол? Эсрэгээрээ бүтээж, цуглуулж буй бүхэн нь үлдэнэ, энэ ертөнцөд өөрийг нь зөвтгөх ямар нэгэн учир шалтгаан, мөн чанар оршин байх болно гэдгийг мэдрэхийн жаргал ямар байдаг бол? Энэ мэдрэмж амьдралын төгсгөлд л бидэнд төрөх учиртай юу? Эсвэл үүнийг урьдчилан харах боломжтой, тэгж харж чаддаг билэг авьяастнууд бидний дунд байдаг уу? 
Жам ёсны өмнө зогсоо хүн гээч энэ сэтгэгч амьтаны оршин байхуйн тухай үй түмэн асуулт, асуудал бий. Бид түүнд өөр өөрсдийнхөөрөө, хэр чадлынхаа хэрээр л хариулт өгч ирсэн. Сэтгэлээ хуурах үедээ хуурч, эрэл хайгуулынхаа гүнд нэвтрэв гэтэл тэр нь төөрч будилмаар, бүр хэн гэдгээ ч мартмаар харанхуй хонгил болохыг мэдэх, бодол, бясалгал ханахад учир шалтгаангүй баясгалан төрөх нь ч бий. Эргэлзээ, айдас, эгээрэл гэгээрэлийн торгон агшин хүн бүхэнд ирдэг. Хэн алийг нь сонгов, хэрхэн мэдэрч, өөртөө авч үлдэв гэдэг л хүнийг тодорхойлдог. Гэтэл хүн гэдэг байгалийнхаас гадна нийгмийн амьтан. Бидний харилцаа, нийтлэг үнэлэмж бодьгал мөн чанараас минь өрсөн биднийг тодорхойлох нь бий. Хүний нийгмийн нас уртасч, бидний хамтдаа томъёолсноор “хөгжих”-ийн хирээр энэ зохиомол үнэлмжүүд улам бүр жам ёсны санагдах болж, амьдралын эс ширхэг бүхэнд агаар ус мэт нэвчиж байна. Яруу найрагч Ц.Төртайван энэ тухай “Шүүрс” хэмээх номондоо “...Бидний үеийнхэн ажин түжин, амгалан цайлганы үр сад юм” хэмээн санааширсан байх юм. Тэгээд цааш нь...

Хэрхэн зохиол туурвих талаар Хэмингуэйн долоон зөвлөгөө


Эрнест Хэмингуэй зохиол хэрхэн туурвих хийгээд өгүүлэхүйн урлагийн нууцын талаар хэзээ ч тусгайлан бичиж байсангүй. Гэвч түүний уран бүтээл, захидал, сэтгүүлд зориулсан өгүүлэл сэлтээс нь энэ талаар хөндөж, тусгасан олон арван санаа, зөвлөгөөг олж уншиж болно. Ларри В.Пиллипс гэгч эрхэм эдгээрээс нь түүвэрлэж, “Эрнест Хэмингуэй туурвихуйн тухай” хэмээх номыг 1984 онд хэвлүүлж байжээ. “www.openculture.com” цахим хуудаснаа эл номноос сонгосон долоон зөвлөгөөг нийтэлсэн байна.

1. Ганц  үнэн өгүүлбэр бичихээс бүх зүйл эхэлдэг. 

Хэмингуэй зохиолчид учирдаг бэрхшээлийг давах энгийн аргатай байжээ. Хорьдугаар зууны хориод  онд Парист өнгөрөөсөн он жилүүдийнх нь дуртгал болох нь “Moveable feast” номондоо тэр ийн өгүүлжээ: 
Заримдаа шинэ өгүүллэг эхлэх гээд нэг л болж өгөхгүй байвал би ил галын өмнө суугаад, жүржийн базсан хальс галд хийж, хөхөлбөр туяа татуулсан дөл гаргасаар чад пад хийн шатахыг нь хардаг байв. Парисын сууцныхаа дээвэр дээр гарч эргэн тойрныг ширтэнгээ “Санаа зоволтгүй дээ. Чи ямар ч үед бичиж байсан, одоо ч бичих л болно. Гол нь ганц үнэн өгүүлбэр л бичих хэрэгтэй байна. Санаанд буй хамгийн үнэн өгүүлбэрээ биччих” гэж өөртөө шивнэдэгсэн. Эцэст нь би тэр үнэн өгүүлбэрээ бичиж, тэгээд л цаашаа хөвөрч өгдөг байлаа. Миний мэдэх эсвэл хаа нэгтээ харсан, хэн нэгнээс сонссон ганц үнэн өгүүлбэр хэзээд бэлхэн явдаг учраас ингэх нь хялбар байв. Хэрвээ би хэн нэгнийг танилцуулах, ямар нэгэн зүйлийн тухай нягт нямбай өгүүлэх хэрэгтэй болвол угалз мэтгэж, уран нарийн ур гаргахыг урьтал болголгүй, анхны, энгийн үнэн,өгүүлбэрээ зоож авдагсан. 

Балдарбум охин лугаа уулзсан арван дөрөвдүгээр бөлөг.

Арван дөрөвдүгээр бөлөг

Намо гүрү. Мяларайба гэж алдаршсан тэр богд Даго (rta sgo .tib) нэрт цаст ууланд бясалгахаар одсугай хэмээн сэтгэж, намрын цагт Зүнги гадвалэсүм (gcung gi gad pa gle gsum .tib) нэрт улсад өөд болсон цагт тэдгээр улс иргэн тариа хадаад зөөж авч яван бөлгөө. Нэгэн их тариаланд бэлгэ билгийн дагинын бэлгэ лүгээ төгссөн, арвантаван тэдүй наст нэгэн охин тариа зөөж яван ажгуу.
Мяларайба тэдний дэргэд өөд болж одоод, ийн хэмээн:

...Энэ дууны аялгуунд амьдралын нууц бий...


БҮҮВЭЙ...


Сэрэмж алдаж, нэгэн агшинд дэнсэлсэн
Сэтгэлийн гүнээсээ бүүвэй аялаж суунам
Хэзээ л ингэж, эр сэтгэл миньн ялхраад
Хэнхдэг дотроо хайлахын чинээ саналаа
Эртийн амин үгийг хэн нэгэн шивнэх шиг
Энэ дууны аялгуунд амьдралын нууц бий
Энэ дууг аялсаар зүрхнээс зүрхэнд өртөөлсөн
Эрт балрын совин судсанд минь лугшиж бий
Агуйн хүний гунигаар одоо би гуниж
Анх гал үзсэн мэт хөөрөн баясаж
Сонор хэнгэрэгт минь энэ аялгуу үүрлэснээс л
Солиорчихолгүй өдий хүрснээ ухаарч байна.


2013.11.11
Бангалор

Алчуур намирах шиг чичрэхээ болио доо...


Санах л юм, чамайг санах юм
Сарны доогуур гол чимээгүй урсахыг санах юм
Модон гүүр тохойлдоод зогсоход
Мойл нүд чинь сормуусандаа чийгтэхийг санах юм
Тэртээ хөндийд бороо цаашилахад
Тэрлэгний чинь заамаар туяа гийхийг санах юм
Арилсан борооны солонго гэзэгнээс чинь зүүгдээд
Арын ууланд хөхөө донгодохыг санах юм
Чисчүү тэрлэгний богино хормой задалж
Чилгэр үдшийн бороонд гүйхийг чинь санах юм
Шанзны чинь эгшгээр гэрэлтэй тооны чинь олж
Шарилжны дундуур очдог хашааг чинь санах юм
Сөхөрсөн согоо шиг чинэрсэн гоолиг биеий чинь
Цөөрөмд булхах сар шиг ариухан гэж санах юм
Аян холын харгуйд учрахгүй л юмсан чамтай
Алчуур намирах шиг чичрэхээ болио доо гэж санах юм
Сахал байтугай салхинд ч хиртмээр арван найман насы чинь
Сарниахгүйн эрхээр чамтай уулзахгүй юм сан гэж санах юм.



Зохиолч До.Цэнджав

Нянан улс дахь агуйд тойн Шакьягүнаг нигүүлссэн арван гуравдугаар бөлөг

Арван гуравдугаар бөлөг.

Намо гүрү. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд Мангийн (mang. Tib) улс дахь Жаргалант балгадаас Нянанд (gnya nang.tib) өөд болсонд тэндэх урьд өглөгийн эзэд цаг үгүй баясгалант болж, ламыг нас торхар Нянан (gnya nang.tib) улсад суун соёрх хэмээн залбиран өчвэй. Зангийн (btzan .tib) Дод (sdod .tib) Шод (shod .tib) хоёрын завсарт гүзээ мэт нэгэн чулуун дээр нэг этгээд дэх агуйд суун бүхүй цагт Шакьягүна тэргүүлэн Нянан (gnya nang.tib) улс дахь хатагтай нугууд ламд мөргөхөөр ирээд ийн өчрүүн: “аяа лам эрдэнэ минь ээ, өөр бус улс дахь ууланд оршин сууж түгдам сэтгэлээ нэмүүлж гүн зоригийг хэр төрүүлбэй” хэмээн өчсөний хариу эдгээр шүлгийг номлоруун:

...сэтгэлийн хөвгүүн Санжайжав лугаа уулзсан арван хоёрдугаар бөлөг

Арван хоёрдугаар бөлөг

Намо гүрү. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд Монюл (mon. Tib) улс дахь Жаргалант балгасанд уйтгарыг сэргээх хийгээд идээн гуйхаар одвоос нэгэн балгасны төвд олон хүмүүн чуулж байн ажгуу. Тэдэнд ийн хэмээн, “өглөгийн эздээ егүзари надур энэ өдрийн идээн өг” хэмээн зарлиг болбоос тэд өгүүлрүүн, “егүзари ээ, Pагма (rag ma.tib) улсад суун аму хэмээн сонсдогч чи буюухүү” хэмээн асууваас “би бөлгөө” хэмээн зарлиг болбой. “Тийм бээр бөгөөс их гайхамшигт буюу хэмээн сонслоо бид” хэмээгээд хамаг бүгдээр маш сүсэг бишрэлт боллоо. Тэдний дотор нэгэн хөвгүүн бээр үгүй, охин бээр үгүй, эр эм хоёр бөлгөө (43r). Тэр хоёр Мяларайба ламыг залж одоод өргөн хүндэлж ийн өчвэй. “Ламаа чиний улс хийгээд ураг тариг хаа буй” хэмээн асууваас лам зарлиг болруун, “би бээр ураг таригаа огоороод, ураг тариг бээр намайг огоорсон нэгэн гуйланч бөлгөө би” хэмээн зарлиг болбоос, “тийн бээр бөгөөс бидний хөвгүүн болон суун соёрх. Бидэнд суух орон тариалан бээр буй бөлгөө. Сэтгэлд чинь таалагдах мэт нэгэн охин авч өгсүгэй” хэмээн өгүүлбээс “тийм тийм үйлс надад хэрэг үгүй” хэмээгээд эдгээр шүлгийг номлоруун:

Гэгээн гэрлийн агаарт Запүрайва лугаа уулзсан арван нэгдүгээр бөлөг.

Арван нэгдүгээр бөлөг

Намо гүрү. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд Са-ог агуйгаас Ронпүгийн (ron phu .tib) гэгээн гэрэлт агуйд өөд болж суух цагт, Запү (rtza phu .tib) улс дахь хэдүйхэн залуус нугууд, Мяларайба ламд мөргөхөөр ирээд ийн хэмээн өчвэй. “Ламаа чи урьд дайсныг дараад эдүгээ ном үйлдсэн нь маш гайхамшиг буюу. Бид бээр чиний дэргэд хүрч ирсэн цагт номыг хийсүгэй хэмээн дуршаамуй. Гэртээ хариад ертөнцийн үйлсийг үйлдсүгэй хэмээн дуршаамуй. Хэрхвээс сайн болму” хэмээн өчвөөс бээр Мяларайба лам зарлиг болруун: (41v) “Төрөх, өвдөх, өтлөх, үхэх тэргүүлэн орчлонгийн зовлонгоос тонилох тийм чин зориг буй л бөгөөс юун үйлдвээс амгалан буюу за. Тийм бус л бөгөөс энэ заяаны зовлонгоос хойд заяаны зовлон их бүхүйн тул хойд заяанд туст үйл ийм болмуй” хэмээгээд эдгээр шүлгийг номлоруун:

Райчүн бээр Са-ог агуйд бясалгаад гүн нарийн бясалгалын хязгаарт хүрч, Мяларайба лам лугаа эгэн уулзсан аравдугаар бөлөг

Аравдугаар бөлөг

Намо гүрү. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд вивангирид өгдсөн ёсоор Гүнтангийн (gung thang.tib) дээд эхэн дэх улсад хүрсэн цагт олон хүмүүн хот барьж байн ажгуу. Тэдэнд ийн хэмээн:
 “Надур идээн ундаан өг” хэмээвээс тэд өгүүлрүүн: “Бидэнд хот юугаан үйлэнд яаран чөлөөгүй. Чи бээр бидний үйл үйлдэх л бөгөөс бид бээр идээн өргөсү” хэмээсэнд Мяларайба зарлиг болруун:
 “Би өөрийн ёст хотыг байгуулж дуусгаад амарч суух маань энэ бөлгөө. Идээн үл өгөх л бөгөөс та ертөнц дахины хотны үйлсээн огоородхуун” хэмээн зарлиг болбоос тэд өгүүлрүүн:
 “Чиний өөрийн ёст хотын үйл ямар буй? Бидний хотын үйлийг огоорох шалтгаан нь юун буй” хэмээсэнд түүний хариу эдгээр шүлгийг номлоруун:

О.Дашбалбарын нартад мэндэлсэн өдөр



Орчлонгийн өдөр бүхэн урьд хожид дуулдаагүй яруу сайхны дуудлагатай авч, чухам энэ өдөр юу юунаас ч онцгой нь юм. Учир юун гэвээс, өнөөдөр бол яруу найрагч Очирбатын Дашбалбарын ертөнцөд мэндэлсэн өдөр.

Одоогоос жил гаруйн өмнө "Эх орон" телевизээр цацагдсан утга зохиолын судлал, шинжлэлийн "Эсрэг цаг" нэвтрүүлгийн их найрагчийн тухай  энэхүү дугаарт хөтлөгч, редактороор Ө.Үлэмжтөгс ажиллаж, С.Начин яруу найрагчийн шүлгийг уншиж, судлаач П.Батхуяг болон миний бие уран бүтээлийнх нь талаар үзэл бодлоо хуваалцсан юм.

Монгол хэлний эгшиглэнт үзэгдэл болсон их найрагчийн оюун санаа одоо ч амьд, монгол хүн бүрийн сэтгэлд, монгол хэлний үг бүхний утгын бүрхэвчид оршин буйд мунхаг би итгэдэг. 

Брагжа очирт хоргийн урьд есдүгээр бөлөг.

Есдүгээр бөлөг

Намо гүрү. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд Брагжа (brag skya.tib) очирт хоргод өөд болоод Брагжа (brag skya. Tib) нэрт хадны агуйд түгдам сэтгэл нь маш нэмэн арвижих цагт Гүнтан (gung thang.tib) улс дахь нэгэн (36r) агва Мяларайба лам дээр мөргөхөөр ирээд маш бишрэлт болж ийн өчрүүн:
“Аяа ламаа би бээр бясалгаваас болох болом уу? Тийм нэгэн ёсыг үл мэдмү би. Надад тийм нэгэн оньст увдисыг өгөн соёрх” хэмээн өчвөөс хутагт Мяларайба зарлиг болруун: “Чи бээр тиймийг бясалгах л бөгөөс оньс бүхүйг мэдэгдэх хэрэг” хэмээгээд зургаан буй бүхүйн эдгээр шүлгийг номловой.

Хүүрзгэнэ болон хувилсан тэнгэрийн охидын бөлөг...

Наймдугаар бөлөг

Намо гүрү Мяларайба хэмээн алдаршсан тэр богд Ёлмо (yol mo.tib) цаст уулнаас төвдөд өөд болоод Гүнтангийн (gu thang.tib) уул дахь нэгэн агуйд хирсийн эвэр мэт гагцаар суугаад гэгээн гэрлийн агаараар тэгш агуулахуй цагт алтан сүйхт нэгэн хүүрзгэнэ ирээд, биеэ бөхийн тэргүүнээрээ мөргөх ёсоор эргээд, нэгэн этгээд дэх ариун хаданд нисч одвоос, богд Мяларайба бээр хүмүүн бусын урин залахыг айлдаж бүрүүн, түүний газар өөд болж, нэгэн овоолсон цагаан тутаргадаан тэр хүүрзгэнэ хошуугаа хатгаж эргэх ёс лугаа урьд мэт мөргөх хийгээд эргэн үйлдээд нисэн одсоноос, Мяларайба лам сэтгэлээ баясаад гайхамшигт болж, эдгээр шүлгийг номлоруун:

ЯРУУ НАЙРГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨЛӨӨХ ЗУУН ЖИЛИЙН ДАЙН


А HUNDRED YEARS' BATTLE FOR THE POETRY REFORMATION 


Golden autumn. Silver moon. Bronze cloud.
As in Golden autumn. Silver moon. Bronze cloud's gap 
A drunkard goblet, on poet-like desk
Standing in deep thought like a philosopher
And a light-like dog's bark, at night like sadness
Is heard like a girl with a flashlight sighs
Golden autumn. Silver moon. Bronze cloud.
As in Golden autumn. Silver moon. Bronze cloud's gap 
A lover-like bottle. Philosopher like vodka
A poet-like goblet. On a desk like a moonlight 
My guests are seen on a desk
Like a classic painting 
Golden autumn. Silver moon. Bronze cloud.
As in Golden autumn. Silver moon. Bronze cloud's gap 
The drunkard goblet staggers reading a poem like a poet
The sweet and elegant poet slumbers like desk
The bottle enters a deep thought like a philosopher
The lamp goes out by the sound of cut's yawning
An alarm is heard from the desk clock like frog
Golden autumn. Silver moon. Bronze cloud

1991

GALSANSUKH Baatar
"ADVICE TO GOD" postpunkpoems [UB., 2012]

Ёлмо цаст уулын долдугаар бөлөг.

Долдугаар бөлөг.


Намо гүрү. Егүзарисийн манлай Мяларайба хэмээн алдаршсан тэр богд ламын зарлигийг бүтээхийн тулд Огторгуйн хоргоос Ёлмо (yol mo .tib) нэрт ууланд өөд болж Сингалин (sing ga gling. Tib) тив дэх шугуй ойд Брингийн үүр арслангийн хоргод (stag phug seng ge rdzong. Tib) суух цагт Ёлмо (yol mo .tib) уул дахь дэлхийн эзэд эмс бээр урьд амарлисан биеийг үзээд зарлигийг бүтээгч боол болсугай хэмээн ам аваад, элдэв зүйлээр өргөн хүндлэвэй. Тэндээс богд Мяларайбын түгдам сэтгэл маш ихэд нэмэх цагт Мон (mon. Tib) улс дахь идэр бүх таван тойн банди ном айлтгахаар ирээд өчрүүн: “
“Аяа Богдоо. Энэ орны айх дүр нь их бөгөөтөл түгдам сэтгэл чинь маш нэмэх ажгуу. Ламаа тийм буюухүү” хэмээн өчсөний хариу тэр орныг магтах хийгээд түгдам сэтгэлийн нэмсэн ёсыг шүлэглэж ийн хэмээн номлоруун:

“...цементнээс гэнэт ургасан бадма лянхуа цэцэгнээс өөрөө дэлбэрэн гарсан”


“ХҮРЭЭ ХӨВГҮҮД”-ИЙН П.БАТХУЯГ


Монгол улсад ардчилсан хувьсгал өрнөж, бас ялж асан тэртээ хувьсгалт он жилүүдэд Пүрэвхүүгийн Батхуяг хэмээх шавилхан бор хүүтэй ойр дотно танилцах хувь төөрөг ноогдсон байж. МУИС-ийн Утга зохиолын нэгдлийн цугларалт дээр гялалзсан нүдтэй, гавшгай шалмаг хөдөлгөөнтэй байрын сэргэлэн хүү манай дугайлангийн хүүхдүүдтэй хамт явах нь байнга үзэгдэх болж, тэр тусмаа манай утга зохиолын нэгдэл, миний даасан ангийн хөвгүүдтэй /өдгөө хэдийн нэрд гарсан уран бүтээлчид: зохиолч Д.Энхболдбаатар, зохиолч орчуулагч Д.Дашмөнх, нийтлэлч, хэвлэл мэдээллийн ажилтан Б.Бадрал, Г.Батнасан, төвдөч, уран зохиол судлаач Г.Ням-Очир.../ найзлан, дугуйланд шүлэг зохиолоо уншиж асан үе саяхан мэт санагдах ч хэдийн 20-иод он улирчээ. Тэд маань ажил мэргэжилдээ эзэн болцгоожээ.

ХАЙР


Хайр дурлал энэ бол ямар нэгэн шинэ зүйл
Түүнийг мэдрэх бүрийд шинэ шинэ мэдрэмжүүд ирдэг
Далайн гунигийг мэдэрч, тэнгэрийн цэлмэг өнгийг ойлгоно. 
Сэтгэл рүүгээ бид хардаг. Өөрийнхөө бас бусдын сэтгэлийг харж эхэлнэ.
Зөөлөн, дүрэлзсэн, бялхсан, энгүүн, хүчирхэг, бас нялуун
Дүрэлзсэн сэтгэл дэлхийг ч жижгэрүүлнэ... агуу их бүхэнтэй ойртохоор тэмүүлнэ.
Дурлал бол ямар нэгэн хүч... Байшин барьж, хүүхлийн ор бэлтгэж өмнө нь өөртөө байхгүй бүхнээ бүтээхээр зэхнэ. Жижиг хадаас ч том олз болно.
Алсыг харна. Холхи ирээдүйг ч ойртуулан авчирч үзнэ. 
Амьдралаа бүтнээр нь харж дүүргээд цангана. 
Их хүч хэрэгтэйг мэдрэх агшин тархины нарийн судаснуудыг цусаар тэлж өвтгөнө. 
Их далайн эрэг дээр хоёулхнаа зогсож буй мэт аймшиг, гайхамшгийг зэрэг амсана. 
Хайр энэ бол ямар нэгэн бэлэг
Нулимснууд, үнсэлтүүд, үгнүүд энэ үгнүүд бусад үгнүүдээс ангид сонсголонтой. 

Нууцлагаас ирсэн бэлэг бол хүн. Хүнийг бэлэглэдэг. 

Жанпан огторгуйн хоргийн зургадугаар бөлөг

Зургадугаар бөлөг

Намо гүрү. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд, Pагма (rag ma.tib) дахь уулнаас Жанпан (sgyang phan.tib) нэрт огторгуйн хоргод өөд болж суугаад бясалгах нэгэн цагт нэгэн бичин туулайг унаад, туулайн чинээ нэгэн бамбай үүрээд, дэрсээр хийсэн нум сум бариад, чөлөө хаалга эрэхээр ирсэнд, Мяларайба лам инээвээс тэр өгүүлрүүн, “Аяа чамайг айлгасугай хэмээн ирлээ. Үл айх бөгөөс харисугай” хэмээн өчсөнд Мяларайба зарлиг болруун, “би бээр үзэгдхүүнийг сэтгэл бүхүйг мэдээд, сэтгэлийн чанарыг номын бие болгон тохиолдуулсаны тул чөтгөр чи ямарваа рид үзүүлбээс бээр егүзари миний инээх элэг буюу” хэмээн зарлиг болбоос, тэр бээр “Аяа чамайг чадан ядан хүндэлсүгэй” хэмээн ам аваад солонго арилсан мэт үл үзэгдэн одвой. Тэр хэмээвээс Дотангийн (gro thang.tib) хаан буюу. Тэндээс Дотангийн улс дахь өглөгийн эзэд Мяларайбад мөргөхөөр ирээд ийн өчрүүн: “Аяа лам эрдэнэ ээ, энэ орны эрдмүүд хэр бүхүйг номлон соёрх” хэмээн өчвөөс тэдний хариу нь эдгээр шүлгийг номловой:

ТЭНГЭРТ ТОГТСОН БҮРГЭД



ТЭНГЭРТ ТОГТСОН БҮРГЭД


Гал цогтой найрагч О.Дашбалбартай би ганцхан удаа уулзсан юм. 1995 оны хавар. Бүр тодруулбал гуравдугаар сарын хорины өдөр. Он сар тийм чухал биш ч, одоо бол тодосгож өгмөөр санагдлаа. Яруу найрагч Ч.Дагвадорж гуай, өөр хэдэн хүний хамт манайд ирсэн юм. Ажил албаны гэхээсээ илүү уран бүтээлчийн шугамаар л явсан болов уу, сайн хэлж мэдэхгүй байна.

Тэр үед би Хөвсгөл аймгийн Арбулаг суманд амьдарч байв. Аравдугаар анги төгсөөд хоёр жил болох гэж байсан үе, жинхэнэ уйтгар, жинхэнэ ганцаардал гэгч тэнд л байв шүү. Гэрэл цахилгаан өвөлдөө л гурав дөрвөн цаг асдаг, утасны шонд өлгөсөн цагаан хоолой нь цахлай шиг дуугардаг, өөрөөсөө өөр хүнтэй бол бараг л уулзахгүй шахуу тийм сууринд миний амьдралын тав орчим жил өнгөрсөн юм даа. Зурагтаар эхлээд мэдээ, дараа нь хүүхэлдэйн кино, тэгээд аар саар нэвтрүүлэг, ярилцлага, дундуур нь дахиад мэдээ, төгсгөлд нь, аз таарвал, хуучны оросын ч юм уу нэг кино гарна. Ингээд л гүйцээ. Заримдаа кино дуусаагүй байтал гэрэл унтардагсан. Базаад хэлвэл нэг иймэрхүү л дүр зураг санаанд бууна. Тэнд мөн ч зожиг, түгжигдмэл, буланд хоргодсон сүүдэр шиг амьдарч байж дээ. Нэгэн хэвийн давтамжтай, гадаад ертөнц хаалттай, бөглүү тийм сууринд би шүлэг бичих дон тусаж билээ. Шороогоор барагтай л бол шуурдаггүй сонин суурин шүү.
“Хуучирч навтайсан хэдэн байшин нь одоо ч нүдэнд харагдаж, турлиахнууд нь дээврийн хөндий рүү шургалан орох нь сонсогдох шиг. Худгийн онгоц дээрээс хэдэн бор шувуу сархийн нисэх шиг. Эмнэлэгийн цагаан байшингаас нь эртний хүн гарч явах шиг. Тэндхийн бүх юм тэнгэрт хөвж яваа цагаан үүлний тусгал шиг. Энэ үеэс надад үлдсэн юм гэвэл: Хэн нэгнийг хүлээсэн догдлол, /хэн юм бэ бүү мэд/ хэлж боломгүй гуниг, усны мяралзаан шиг уйтгар, тэгээд л дуугүй суух юм уу даа.” 
Дуугүй суух дуртай болсон тэр л насандаа би жинхэнэ яруу найрагчийн барааг харав. Эхлээд олон хүнээс баахан дөлсхийн гадаа зогсож байлаа. Ээжийг дуудахад л гэртэй орсон сон. Гэрийн хойморт хөө хуяг шиг хөх саарал ноосон цамцтай, сагсгар нохой гуталтай, хийморьтой яруу найрагч Дашбалбар, хажууд нь нутгийн найрагч буурал Дагвадорж гуай, тэгээд доошоо дагалдагсад нь суужээ. (Хүүхдийн зохиолч Д.Давааням гуай явсан юм байна шүү) Дотно халуун яриа ид өрнөжээ. Би хатавчны хавьцаа л суусхийлээ. Дашбалбар найрагч л голдуу ярьж, бусад нь сонсоно. Түүх соёл, дурсгалт газар орны тухай ихэд бахтай хүүрнэж байсан нь сэтгэлд тод. Хөгтэй явдлуудаа ч ярин хөхрөлдөж байв. Үе үе танхайдуу үг амнаасаа унагах агаад үүнийг нь хүмүүс үл тоох бөлгөө. Алт унасан юм шиг л тосож авах аж. “Сүрлэг найрагчийн сүүдэр хүртэл дулаахан байдаг юм шиг ээ.” Надад бол: Юу юугүй нисэх гэж буй уулын бүргэд шиг л харагдсан.

ТЭВЧЭЭР


ТЭВЧЭЭР



Хөх түрүүнүүд дүнгэнэлдэнэ. Цамцаа тайлж тэр нүд чихгүй “дайснуудыг” ороолгон өлөн өвсний ёроол дахь усархаг хөрсөнл нүцгэн хөлөө шагайндаа тултал дүрж гүйдэг сэн. Хөх түрүүнүүд миний цамцан сэлэмний ирэнд өртөн, бөөн бөөнөөрөө нүүж, Мандарвай эмээгийн солжир хар үнээг сав саарал болтол бүчиж хучна. 
Хөөрхий хөгшин хар үнээ толгойгоо хэдэнтээ даялан хөдөлгөж, огтор сүүлнийхээ унгийг мурьс мурьсхийлгэн хөх түрүүнүүдийг үргээх гэж оролдоод, болохгүй нь дээ гэсэн шиг өндөр ургасан өвсөн дунд сөхөрч хэвтээд нүдээ аньсхийн огт өөр юм бодох мэт болно. Тэр хөөрхий үнээ хөх түрүүнүүдэд хариу хийж чадахгүйгээ ойлгоод шал өөрийг бодож, ертөнцийн амьдралын жам ёсны тухай элдвийг эрэгцүүлэн сатаарч байх шиг надад санагддаг сан. Урангоо над руу нэг, өвсөнд шургаад унаад өгсөн солжир хар луу нэг харснаа бидний дунд ямар нэгэн чухал харьцаа шижим үүссэнийг гадарласан бололтой чимээгүйхэн харцаа буулгаж харагдана. 

Утгасыг сонсоод тэдгээр нь бишрэл төрүүлсэнд өөр өөрийн гэртээ харьсан pагма (rag ma.tib) дахь урьд тавдугаар бөлөг

Тавдугаар бөлөг

Намо гүрү. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд лам, Линба хаднаас Цог Бадрагч ууланд бясалгахаар одсугай хэмээн сэтгэж өөд болсонд, Pагма (rag ma.tib) улс дахь өглөгийн эздэд Цог Бадрагч ууланд одох шалтгааныг зарлиг болсонд тэд өчрүүн: “лам аа Цог Бадрагч уулнаас өөр, Цог Бадрагч уулын адагт элчил үгүй нэгэн амгалант хорго бөлгөө. Түүнд сууж бясалгаваас зохист болму. Цог Бадрагч ууланд одох газарч бидэнд үгүй бөлгөө. Тэр хоргод суух бөгөөс бид газарч илгээсүгэй” хэмээн өчвөөс, Мяларайба лам ийн сэтгэрүүн, урьд тэр хоргод суугаад, хойно Цог Бадрагч ууланд одсугай. Эдний газарч надад хэрэг үгүй буюу за хэмээн сэтгэж ийн зарлиг болруун, “чиний газарч надур юун хэрэг. Би өөрөө газарчилж одму” хэмээн зарлиг болбоос, тэд өчрүүн: “газарч үгүй болбоос яахин олму. Тийн бээр бөгөөс чамдур газарч буюу” хэмээн өчвөөс, Мяларайба “надур газарч буй” хэмээн зарлиг болбоос, “ямар газарч буй” хэмээн өчвөөс хариу нь эдгээр шүлгийг номловой.

ҮГ


Амьсгал татаж буй хүний сүүлчийн үгийг түлхэх хүч
Амьд энэхэн ертөнцийн эд эс бүхэнд шүглэснийг
Эцсийн мөчдөө ч үнэнийг ухаж амжилгүй
Эргэцэл, төөрөгдөлийн дунд нүд аниж магадгүйг
Тоост хотын дээрээс тонгойн ширтэх нарны
Тоомсор ягаан туяа хацар илбэхэд сэрэв.
Энэ оны эхний нар мандаж буй нь энэ
Энэ нар урьд урьдынхаасаа улам хурцаар төөнөх болсон
Энэ л өдрүүдэд би гэнэ гэнэхэн санаа алдаж
Энэ гэж нэрлэн өөрт хамаатуулах бүхнийхээ төлөө
Эцэс төгсгөлгүй түгшүүрлэх болсоноо анзаарав.
Түгшүүр минь айдас эс төрүүлэвч
Түүнээс ялгарах долгионд оюун санаа ховсдуулж
Жингүйдсэн амтат мэдрэмжүүдээ тасдан
Жирийн, ерийн амтаар цангах болов.
Газар гишгэж, гал үлээж буй үнэн минь
Гариг хоорондын таталцлаас илүүтэй
Бүтээн сөнөөгч чанад хүчний дуудлага гэдгийг
Бүдэг бадагдхан бас мэдрэх болов. 
Тэр чинь юу вэ? гэж хэн нэгэн асуувал
Тэмдэглэж хэлэх барим тавим зүйл даан ч алга
Үгээр илэрхийлж барамгүй учир шалтгааны гинжин холбоо
Үхэл мэт биднийг дагаж, тойрон хүрээлдэгийн дотроос
Аз завшаанаар онон барьж, мөрлөн бичсэн энэ үгсээс өөр
Амыг тань таглах зүйл надад одоохондоо алга.

2014
Бангалор