ҮГ


Амьсгал татаж буй хүний сүүлчийн үгийг түлхэх хүч
Амьд энэхэн ертөнцийн эд эс бүхэнд шүглэснийг
Эцсийн мөчдөө ч үнэнийг ухаж амжилгүй
Эргэцэл, төөрөгдөлийн дунд нүд аниж магадгүйг
Тоост хотын дээрээс тонгойн ширтэх нарны
Тоомсор ягаан туяа хацар илбэхэд сэрэв.
Энэ оны эхний нар мандаж буй нь энэ
Энэ нар урьд урьдынхаасаа улам хурцаар төөнөх болсон
Энэ л өдрүүдэд би гэнэ гэнэхэн санаа алдаж
Энэ гэж нэрлэн өөрт хамаатуулах бүхнийхээ төлөө
Эцэс төгсгөлгүй түгшүүрлэх болсоноо анзаарав.
Түгшүүр минь айдас эс төрүүлэвч
Түүнээс ялгарах долгионд оюун санаа ховсдуулж
Жингүйдсэн амтат мэдрэмжүүдээ тасдан
Жирийн, ерийн амтаар цангах болов.
Газар гишгэж, гал үлээж буй үнэн минь
Гариг хоорондын таталцлаас илүүтэй
Бүтээн сөнөөгч чанад хүчний дуудлага гэдгийг
Бүдэг бадагдхан бас мэдрэх болов. 
Тэр чинь юу вэ? гэж хэн нэгэн асуувал
Тэмдэглэж хэлэх барим тавим зүйл даан ч алга
Үгээр илэрхийлж барамгүй учир шалтгааны гинжин холбоо
Үхэл мэт биднийг дагаж, тойрон хүрээлдэгийн дотроос
Аз завшаанаар онон барьж, мөрлөн бичсэн энэ үгсээс өөр
Амыг тань таглах зүйл надад одоохондоо алга.

2014
Бангалор

0 Сэтгэгдэл:

Post a Comment