ХАЙР


Хайр дурлал энэ бол ямар нэгэн шинэ зүйл
Түүнийг мэдрэх бүрийд шинэ шинэ мэдрэмжүүд ирдэг
Далайн гунигийг мэдэрч, тэнгэрийн цэлмэг өнгийг ойлгоно. 
Сэтгэл рүүгээ бид хардаг. Өөрийнхөө бас бусдын сэтгэлийг харж эхэлнэ.
Зөөлөн, дүрэлзсэн, бялхсан, энгүүн, хүчирхэг, бас нялуун
Дүрэлзсэн сэтгэл дэлхийг ч жижгэрүүлнэ... агуу их бүхэнтэй ойртохоор тэмүүлнэ.
Дурлал бол ямар нэгэн хүч... Байшин барьж, хүүхлийн ор бэлтгэж өмнө нь өөртөө байхгүй бүхнээ бүтээхээр зэхнэ. Жижиг хадаас ч том олз болно.
Алсыг харна. Холхи ирээдүйг ч ойртуулан авчирч үзнэ. 
Амьдралаа бүтнээр нь харж дүүргээд цангана. 
Их хүч хэрэгтэйг мэдрэх агшин тархины нарийн судаснуудыг цусаар тэлж өвтгөнө. 
Их далайн эрэг дээр хоёулхнаа зогсож буй мэт аймшиг, гайхамшгийг зэрэг амсана. 
Хайр энэ бол ямар нэгэн бэлэг
Нулимснууд, үнсэлтүүд, үгнүүд энэ үгнүүд бусад үгнүүдээс ангид сонсголонтой. 

Нууцлагаас ирсэн бэлэг бол хүн. Хүнийг бэлэглэдэг. 


Хүзүүн дээрх уруулын хээнүүд арьс руу өөр хүний амьсгалыг шингээнэ. 
Хэвлий рүү шингэн урсаж, удахгүй намайг хувирган эх хүн болгохоор завдана. 
Шинэ шинэ зүйлүүд ар араасаа ирнэ... зарим бэлгийг задалж ч үзэхээс айна. 
Зүүд рүү ч бэлэг ирнэ. Зүүд өөрчлөгдөж сонин содон болно. Өнгөнүүд нэмэгдэнэ.
Зөн билгүүд харван ирж, зүүдний үзэгдлүүд шинэчлэгдэнэ. 
Хайр ямар нэгэн өөр тийм зүйл.

Мэдрэмжүүдийг сэрээж, сэрлүүд хөдөлгөөнийг удирдана. 
Мишээл тодорч, ганцаараа инээмсэглэж галзуу мэт болж буйгаасаа өөрөө ч цочно.
Үгүй, энэ бол ганцаардал биш хэт ихээр дүүрсэн баяр хөөрийн дорой дүр. 
Үгүй, энэ бол ганцаараа мэт харагдаж буй ч дотроо хоёулаа болж буй гайхамшиг. 
Үгүй, энэ бол сэтгэл дотор өөр хүн амьдарч эхэлж буй нь аймшиг

Энэ бол тэс өөр ертөнцөд амьдрах цаг
Энэ бол бодит ертөнцөөс хий ертөнц рүү орох үеийн илрэл
Энэ бол гурав дахь хэмжээснээс халин дөрөв ба түүнээс дээш хэмжээс рүү очсон мөч
Хайр биднийг эзэлж эрхшээлдээ авч бид хайр дурлалд эзэмдүүлэн
Хуваагдал нэгдэл, таталцал түлхэлцлийн соронзон орон руу одно. 

Хайр, энэ бол агуу зүйл
Агуу энэ зүйл хэтэрхий энгийн
Хайр, энэ бол өчүүхэн байж болохгүй
Айхтар тийм л зүйл
Тийм ээ, энэ бол би өөрийгөө бусдын мэдэлд өгсөн өөдгүй мөн өгөөмөр явдал.
Тийм ээ, энэ бол хачирхмаар эгдүүтэй, инээдтэй, энгийн бас этгээд зүйл
Тийм ээ, сэрэхэд минь өглөө бүр миний хажууд нүцгэн байх болно.
Тэгээд үүрд тэр бид хоёр хамтдаа амьдрах болно. 
Танихгүй түүний төлөө би амьдарна... намайг мэдэхгүй тэр миний төлөө амьдарна

Энэ бол хайр.

Хайр үгүйгээр амьдарч болох уу?
Хайр яагаад зориулагддаг юм бэ?
Хайрыг хаанаас бэлэглэнэ вэ?
Хайрыг мэдэхээр зорих бүрт ямар нэгэн хязгааргүй рүү одно...
Хайрыг мэдрэхээр тэмүүлэх бүрт ямар нэгэн хүч чадал мэдрэгдэнэ
Хязгааргүй хүч чадлаар дүүрэн шинэ оршихуй үүдээ бидэнд нээнэ...
Хамгийн сонин нь тэр хязгааргүйн гэрэл гэгээнээс ирснээ мэднэ...
Тиймээс би хайрлан дурлах хүслэнтэй.
Тийм ээ...


2011 он.






Яруу найрагч  Б.БАТРЭГЗЭДМАА (REGZED)
Би дэлхийд нэр өглөө АСОАДАРЭ
яруу найргийн ном. 
20-22 дугаар талд буй.


0 Сэтгэгдэл:

Post a Comment