“...цементнээс гэнэт ургасан бадма лянхуа цэцэгнээс өөрөө дэлбэрэн гарсан”


“ХҮРЭЭ ХӨВГҮҮД”-ИЙН П.БАТХУЯГ


Монгол улсад ардчилсан хувьсгал өрнөж, бас ялж асан тэртээ хувьсгалт он жилүүдэд Пүрэвхүүгийн Батхуяг хэмээх шавилхан бор хүүтэй ойр дотно танилцах хувь төөрөг ноогдсон байж. МУИС-ийн Утга зохиолын нэгдлийн цугларалт дээр гялалзсан нүдтэй, гавшгай шалмаг хөдөлгөөнтэй байрын сэргэлэн хүү манай дугайлангийн хүүхдүүдтэй хамт явах нь байнга үзэгдэх болж, тэр тусмаа манай утга зохиолын нэгдэл, миний даасан ангийн хөвгүүдтэй /өдгөө хэдийн нэрд гарсан уран бүтээлчид: зохиолч Д.Энхболдбаатар, зохиолч орчуулагч Д.Дашмөнх, нийтлэлч, хэвлэл мэдээллийн ажилтан Б.Бадрал, Г.Батнасан, төвдөч, уран зохиол судлаач Г.Ням-Очир.../ найзлан, дугуйланд шүлэг зохиолоо уншиж асан үе саяхан мэт санагдах ч хэдийн 20-иод он улирчээ. Тэд маань ажил мэргэжилдээ эзэн болцгоожээ.
Тэд өөрсдийгөө “Хүрээ хөвгүүд” хэмээн нэрийдэж ”Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадмыг зохион байгуулан, монголын орчин үеийн уран зохиолын тухайн үеийн болон ирээдүйн дүр төрхийн талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн өсч өндийснийг өдгөө гэрчлэх олон хүмүүн буйгийн нэг нь би лавтай мөн юм. Тиймээс ч тэдний тухай “Уран зохиол: онол, түүх, шүүмжлэл” нэвтэрхий толь бичиг /2012/ номдоо дараах нэгэн бичвэрийг оруулсан билээ.
“Хүрээ хөвгүүд” (“Huree /city/ boys”) 1990-оны эхээр нийгмийн оюун санаанд томоохон тэсрэлт болж, шинэ ардчилсан засаг төр байгуулагдаж, ардчилал бодит хүчин зүйл болж, уран бүтээлийн ертөнцөд чөлөөт сэтгэлгээний урь унаж эхэлсэн тэр цагт МУИС-ийн уран зохиолын нэгдэлд дээрх залуус орж ирсэн бөгөөд соцреализмын уран зохиолд шүүмжлэлтэй хандаж дэлхий нийтийн жишиг түвшинг чиг баримжаа болгосон эрс шинэчлэл хэрэгтэй хэмээн өрнө, дорны соёл урлаг, уран зохиолын үртэй туршлагыг мөрдөн хайж, монголын уран зохиолыг олон талтай баялаг сайхан болгох юмсан хэмээн мөрөөдөж байсан бөгөөд өөрсдийнх нь хошигносноор /1992/ “...цементнээс гэнэт ургасан бадма лянхуа цэцэгнээс өөрөө дэлбэрэн гарсан” залуу уран бүтээлчдийн бүлэглэл юм.
"Хүрээ хөвгүүд" яруу найраг,туульсын зохиол, жүжиг, уран зохиолын судлал шүүмжлэлийн чиглэлээр зохиол бүтээлээ туурваж, сэтгэлгээний шинэчлэлийн төлөө туйлбартай зогссон урсгал байв. Тэд уран бүтээлдээ "Бид шинэ юм биш ч хуучин байхыг үл хүснэ" хэмээх уриаг барьж байв. Уран бүтээл- туурвил зүй- сэтгэлгээний чиг хандлага нь ерөнхийдөө дорно, өрний урлаг, уран сайхны эрт эдүгээгийн янз бүрийн чиг хандлагат урсгал чиглэлүүдийн туршлага, нөлөөг дагасан шинж тэмдэгүүд нэлээд тод харагдаж байсан ч тус тусдаа монгол үндэсний уран зохиолын бичлэг сэтгэлгээг баялагжуулах, шинэ туршилтууд хийх сонирхол, олон талт туршлагад суурилсан хэлбэршил бүхий шинэ сэтгэлгээ, арга барилыг эрэлхийлсэн уран зохиолын төлөө эрэл хайгуул байв. Тэдний уран бүтээлд өрний модернизм, постмодернизм, дорны зөн билиг, нүд сэтгэлэг, хийсвэрлэл, болзолт дүрслэл, шашны уран зохиолын өвөрмөц туурвил зүйн хэв төрх тод үзэгддэг. Нөгөө нэг онцлог нь монголын орчин үеийн /1921-1990/ уран зохиолыг улстөржсөн, суртал ухуулгын зээлдмэл уран зохиол хэмээн оношилж, Люмпенпастухын " уран зохиол" хэмээх шүүмжлэлийн цуврал өгүүллүүдээ өөрсдийн шүлэг зохиолын хамт ном болгож хэвлүүлсэн нь тухайн үедээ уран зохиолын туурвил зүй, судлал шүүмжлэлийн салбарт шинэ үзэгдэл байв.
Тэд монголын уран зохиолыг зуун зуунаар механикаар зааглаж системчлэхийг эсэргүүцэн 1927-1987 он буюу XYI жарны монгол уран зохиолыг "Люмпенпастухын уран зохиол" хэмээн тодорхойлж дүрслэлийн гол обьект "мал", гол баатар нь "малчин", хэл нь "аман зохиол сүнстэй бичгийн зохиол сүүдэртэй "хий үзэгдэл", судалгааны арга нь "догма" гэж тодорхойлсон бөгөөд тухайн үеийн уран зохиолд ямагт нүд үзүүрлэгдэж асан "хотын уран зохиол", хотыхны өнөөгийн дүр төрхийг хамгаалан хотын сэдвийг дэвшүүлжээ. Тэр цагт эдгээр залуусыг шуудхан анархист" гэж нүд үзүүрлэх хүмүүс ч олон байв. Тэд орчин цагийн дэлхийн шинэ урсгалын чиглэлийг баримжаа болгож байсан хэтэрхийлэл бий хэдий ч үндэсний уран зохиолын түүхэн сурвалж туршлага руу бүх чиглэлээр гүнзгийрэх эрэл хайгуул хийж байсан нь үндэсний уран зохиолын судалгаанд багагүй түлхэц үзүүлсэн билээ. Хэдийгээр дээрх томъёоллууд нь тухайн үедээ хэтэрхий эрс мэт байсан ч өдгөө уран зохиолын онол номлолд олонх зарчим санаа нь шингэж чадсан юм.
Чухам энэ бүлэглэлийн оюун санааны гол удирдагчдын нэг нь П.Батхуяг бөгөөд өдгөө уран зохиолын ертөнцөд хэн хүнгүй хүлээн зөвшөөрсөн утга зохиол судлаач, шүүмжлэгч болж төлөвшжээ. Судалгаа шүүмжлэлээс гадна уран сайхны бүтээл ялангуяа хүүрнэл зохиол, нийтлэл, яруу найргийн бүтээлүүд нь өдгөө цагийн уран зохиолд өөрийнх нь өнгө аяс, ур сэтгэлгээний төлөөлөл болж, олон тооны сонирхогч, шавь суралцагчид нь хүндэтгэн хүлээж авч, басхүү дагалдан эрдэм оюуны бүтээлээр нь хүмүүжиж байгаа нь түүнийг эрийн цээнд хүрсэн тулхтай эрдэмтэн болсныг харуулдаг юм.
Энэ нь нийгмийн шилжилт, ардчилсан хувьсгал, уран бүтээлийн чөлөөт сэтгэлгээний зарчим зүй, онол номлол ид хүчээ авч асан түүхэн цаг үетэй давхцаж 1989 оны МЗЭ-ийн ээлжит бус их хурал, 1991 оны ээлжит их хурлын үеэр баруун хязгаараас сурвалжтай Г.Бадамсамбуу тэргүүт “Зүс бүгэг андууд” залуу яруу найрагчдын бүлэглэл багагүй шуугиан тарьж, төд удалгүй манай сургуулийн Утга зохиолын нэгдлийн гол цөмийг бүрдүүлж асан “Хүрээ хөвгүүд” түрлэг болж монголын орчин үеийн уран зохиолын түүхийн нэгэн үеийг залгасан содон үзэгдэл, нэг шинэ үеийн эхлэл уриа дуудлага болсон гавъяатай.
П.Батхуягийн таны гарт очиж буй эл ном өөрийн амьдарч буй цаг үе, нийгэм, боловсрол, соёл-утга зохиолын янз бүрийн асуудлыг хөндөж, үзэгдэл үйл явцыг өөр хооронд нь нягт холбож, шинжлэх ухаан-урлагийн онолын үүднээс буурь суурьтай, гярхай задлан шинжилсэн, оюутан суралцагчдад нэг талаасаа онол арга зүйн дадал дүй олгох, урлагийн шүүмжлэлийн онол- арга зүй эзэмших, дадал дүй олоход сургалт-эрдэм шинжилгээ-практикийн олон талын ач холбогдолтой ном болжээ. Урлагийн шүүмжлэл, онолын нарийн үзэгдлүүдийг задлан шинжилсэн түүний шүүмжлэл судлалын бүтээлүүд нь оюутан суралцагчид, залуу халааг бэлтгэх, дадал зүй эзэмшүүлэхэд чухал үлгэрлэл болох юм. Түүний урлаг, уран зохиолын шилдэг бүтээлүүдийг задлан шинжилсэн шүүмж өгүүллүүд нь орчин үеийн нийгэм- урлагийн холбоо хамаарлын эмзэг нарийн асуудлууд, тухайлбал боловсрол, эх хэл, утга зохиол, ёс суртахууны асуудлуудыг хөндсөн нийтлэл бичвэрүүд нь зөвхөн хувь хүний бодол санаа төдий бус өөрийн улс орны урлаг соёлын салбарт ажиллагчид, суралцагчдад ихээхэн ач холбогдолтой сургалтын хэрэглэгдэхүүн болж, олсон онолын мэдлэгээ практикаар бататгах, мэргэжлийн чиг баримжаа олох, арга зүй эзэмших, мэдлэгээ баяжуулахад чиглэсэн нь бүр ч сайшаах зүйл билээ.
Сайн үйлсийн төлөө зүтгэж, монголын урлаг соёл, утга зохиолын ирээдүйд санаа зовнин, сайн мэргэжилтэн бэлтгэх их үйлсийг хошуучлан яваа шавиараа багш би бахархмуй.



МУИС-ийн Профессор, ШУ-ны доктор (Sc D)
Дашлхүмбийн Галбаатар

0 Сэтгэгдэл:

Post a Comment