Ёлмо цаст уулын долдугаар бөлөг.

Долдугаар бөлөг.


Намо гүрү. Егүзарисийн манлай Мяларайба хэмээн алдаршсан тэр богд ламын зарлигийг бүтээхийн тулд Огторгуйн хоргоос Ёлмо (yol mo .tib) нэрт ууланд өөд болж Сингалин (sing ga gling. Tib) тив дэх шугуй ойд Брингийн үүр арслангийн хоргод (stag phug seng ge rdzong. Tib) суух цагт Ёлмо (yol mo .tib) уул дахь дэлхийн эзэд эмс бээр урьд амарлисан биеийг үзээд зарлигийг бүтээгч боол болсугай хэмээн ам аваад, элдэв зүйлээр өргөн хүндлэвэй. Тэндээс богд Мяларайбын түгдам сэтгэл маш ихэд нэмэх цагт Мон (mon. Tib) улс дахь идэр бүх таван тойн банди ном айлтгахаар ирээд өчрүүн: “
“Аяа Богдоо. Энэ орны айх дүр нь их бөгөөтөл түгдам сэтгэл чинь маш нэмэх ажгуу. Ламаа тийм буюухүү” хэмээн өчсөний хариу тэр орныг магтах хийгээд түгдам сэтгэлийн нэмсэн ёсыг шүлэглэж ийн хэмээн номлоруун:

“Богд ламын хөлд мөргөн сөгдмүй(29v)
Буян хураасны тул дээд лам лугаа уулзвай
Богд ламын вивангирид өгсөн оронд хүрвэй
Бүх Мон улс дахь амгалан модот уулын хаданд.
Хөрст уул цэцгүүдээр сайтар чимэглэсэн
Хөдлөн бүжиглэгч найлзуур моддын дотор
Хөгжимлөн самж гөрөөс хийгээд бичин бээр наадан тогломуй
Хөхөө тэргүүтэн элдэв шувуу яруу сайн дуун гаргаму.
Элдэв зөгийс жиргэрэн наадмуй энэ орон дор.
Өдөр шөнө солонгоор дүүрэн тогтмуй
Өвөл хийгээд зун үгүй нарийн хур ормуй
Эгнэгт намар хавар будангаар бүрхмүй.
Тэр мэт аглаг оронд
Тэнсэл үгүй Мяларайба егүзари би
Тэгш сэтгэлийн хоосон чанарыг бясалгасан гэгээн гэрлээр
Төгсгөөд мэдэн ухваас маш амгалан.
Өндөр богино болбоос их амгалан
Өчүүхэн муу үйлс үгүйеэ төрөлхийт бие минь амгалан
Онц элдвээр маш хямарваас амгалан
Үлэмж их аюулт болбоос маш сайн амгалан.
Ай нисванис төрөх үхэхээс хагацсан амгалан
Алгасуулагч хортон олон болбоос маш амгалан
Авирд өвчин тахал үгүй болбоос амгалан
Аливаа зовлонг жаргалан болговоос амгалан.
Оюунд хийн бясалгал бясалгаваас амгалан
Үтэр гүйн харайн бүжиглэхүй амгалан
Үргэлжид хэлний эрхээр дуулан эгшиглэхүй амгалан
Үгс ану зөгийсийн дохиогоор эгшиглэх маш амгалан.
Дууны чуулган болгох их амгалан
Төгс омогт сэтгэлийн самбаа чанарт амгалан
Түүнчлэн өөсөөн болсон нь маш амгалан
Түүнээс элдэв болон үзэгдвээс үлэмж амгалан.
Оюундаан амгалан жаргалан төрсөн егүзарийн
Үнэн бишрэлээр уулзахаар ирсэнд баяссан эгшиг буюу”
Удирдагч Мяларайба тийн хэмээн номлоод
Увдис авшиг хийгээдийг соёрхож бүрүүн.
Саарал үгүй бясалгалд оруулж бясалгуулан
Сэтгэлдээн сайн ухаан төрсөнд нь
Сайтар баясаад Мяларайба богд увдисын рашааныг
Сацлал үгүй эдгээр шүлгийг эгшиглэн номлоруун:
“Эрдэнэт лам номын биет бурхан
Эндүүрэлгүй тонилох мөрийг сайтар үзүүлэгч
Эгнэгт нигүүлсэхүйгээр амьтнаа туслагч
Эхэн дэх чимэг болон үл хагацан суумуй за. (30r)
Та энд суусан номыг бүтээн хичээгчин
Дээдсийн номыг бүтээгчин олон болбоос бээр
Тэнсэлгүй мөрийг бясалгагч сайн хувьтан
Тэнд та нэгэн насанд бурхан болон бүтээхүй цагт
Өөрийн дээрэнгүй сэтгэлээ дар энэ насандаа
Омгийг их болговоос элдэв нүглийг үйлдмүй
Үйлдвээс муу заяанд магад төрмүй зэ
Үндсэн ламаа хүндлэх цагт (ыг).
Сайтар хүндлэв хэмээн маш бүү омогш
Сэтгэлээ омогшвоос багш шавь хоёрт сэжигт болму
Сэжигт болбоос сэтгэсэн тус яахин бүтмүй
Санваар тангаргаа сахихуй цагт (ыг).
Хэтэрхийеэ дүр [эгэл] хүмүүний балгасанд үл оршигдохуй
Хэрвээ оршвоос ижилдэж муу сэтгэл төрмүй
Хэлбэрэх сэтгэл төрвөөс тангараг санваар эвдэрмүй
Хэзээ бээр сонсон сурахуй цагт (ыг).
Омогт сэтгэлээ маш тэвчидхүн та
Омогт сэтгэл төрвөөс таван хор язгуураас хөдөлмүй
Оюундаан омог төрүүлбээс бясалгах сэтгэл хямарюу
Үргэлжид нөхөр лүгээ хамт бясалгах цагт
Олон үйлээ сайтар тэвчигдэхүй
Үйл олон болбоос гүн нарийн бясалгалыг алгасуулму
Оюунаа алгасуулбаас богдосын номын хувь тасармуй
Үлэмж аргасын мөр чихнээс үндэслэгсдийг бясалгах цагт .
Чөтгөрийг номхотгох адистид үл хийгдэхүй
Чөтгөрийг үлдэх л бөгөөс өөрийн сэтгэл
Чөтгөр болон босвоос балгадын номд хичээмүй
Цогтойяа оюун сэтгэлээ тодорхойяа болговоос.
Үзэлгэч зөнч буюу хэмээн үл өгүүлэгдэхүй
Өгүүлбээс нууцасын дохио аялгуугаа алдмуй
Өөд үгүй алдваас мөрийн бэлгэс түрдмүй
Үтэр бөгөөд огоородхун гэм бүхүйг мэдэж.
Хуурмагийн нүгэлт идээнийг идэхүй хийгээд
Хотол үхэгсдийн сүнсний тул авсан ба
Хомголзох үгүй нүүр дурыг харах үгүй
Хурдан сэтгэлийг өчүүхэн бариад өөрөө тонилодхун”.
Тийн хэмээн номлон зарлиг болсонд
Тэдгээр “өөрийн бие өөрөөн тонилох ёсыг
Тийм ямар бүхүйг номлон соёрх” хэмээн өчвөөс
Дээд Мяларайба тэдний хариу эдгээр шүлгийг номлоруун:
“Хутагт ачит ламдаан (30v) залбирмуй
Гуйланч надур хялбар бүтээхүй адистид өгөн соёрх
Хоромхон сая төрсөн иргэн та
Хомголзох арга зальт буян бус нүгэлт балгасанд
Богдосын номыг сонсогч хөвгүүд та
Буруу мөрт үл одон над лугаа учраад
Буяныг хураасны ачаар бясалгалыг бүтээмүй
Богд ламын адистидаар сайн ухаан сэтгэл төрвэй зэ
Төрвөөс бээр тус үгүй, өөрөө тонилодхун
Туст өөрөөн тонилох энэ увдисыг
Тунамал нигүүлсэхүйгээр номлосугай, чихээ өгч сонс
Түрвэл үгүй аглаг оронд суухуй цагт (ыг).
Балгасан дахь үйлийг үл дураддахуй
Балгасны үйлийг дурдваас өөрийн сэтгэлийг шумнас аргадмуй
Ба бүрэн сэтгэлээ өчүүхэн агуулаад өөрөө тонилодхун
Бас бээр хянаж бясалгахуй цагт (ыг).
Хэзээ үхэх магадгүйг сэтгэх хийгээд
Гэмт орчлонгийн зовлонгуудыг дурдан сэтгэж
Хэлбэрэх энэ насны жаргаланг үл дурдан
Хэтэрхийеэ хатуужил үүсгээд өөрөө тонилодхун.
Гүн нарийн хөтөлбөрийг бясалгах цагт (ыг)
Хөдөлж сурахуй үйлд үл хичээгээд
Хөхөж сурахыг хичээвээс балгадын номыг хичээмүй
Хүмүүний насыг хоосноор барагдмуй түүгээр.
Өчүүхэн сэтгэл бариад өөрөө тонилодхун
Оюундаа эдүй тэдүй ухаан төрсөн цагт
Өгүүлэхүй тааламжаар өөрөө үл хүндэрхэгдэхүй
Өгүүлэхүй олон болбоос эх дагинас бээр хямралдмуй.
Алгасал үгүй бясалгаад өөрөө тонилодхун
Ачит лам лугаа хамт явах цагт
Алиныг бээр сайн муу хэмээн үл шинжлэгдэхүй
Авирд шинжилбээс гэмийн цогцос бүхүйг үзэгдмүй.
Гэмүүдийг үл шинжлэн сүсгээр өөрөө тонилодхун
Хэдүй бүх нөхөд лүгээ авшигт суух цагт
Хэтэрхийеэ эхэнд нь суувай хэмээн үл оморхогдохуй
Хэрвээ атаархах сэтгэлт болбоос тангараг эвдэрмүй.
Сайтар зохилдон нөхцөөд өөрөө тонилодхун
Самуу балгасанд явахуй цагт (ыг)
Сэжигт хуурмагаар бусдыг үл (31r) хомслогдохуй
Сэтгэлээр нэгэн нэгэн хомсолбоос тамд одмуй.
Ямарваа үйлийг шударгаар үйлдээд өөрөө тонилодхун
Ер хав хаа бээр сууваас л
Ертөнц дахинд би хэмээн үл хүндэрхэгдэхүй
Ихэдгэвээс номч дүрээр номд түйдмүй.
Олонхи хуурмаг үгсээ тэвчээд өөрөө тонилодхун
Өөрөө тонилогч төрөлхийтөн хүмүүн нүгүүдэд
Өөрт ачит болох увдисыг бээр
Өөр бусдын тусын тул эдүгээ өгсүгэй.
Тэрхүү өглөгийг минь зүрхэндээ баридхуун”
Тийн хэмээн номлон зарлиг болсонд
Тэдгээр бээр маш хичээж энэ насны жаргалангаа тэвчиж
Тэжээд бясалгахуй үйлийг маш хичээгээд.
Алтан мандлыг богд ламд өргөөд
Ариун үзэл бясалгалын явдлын увдисыг гуйн өчсөн дор
Ачит лам “өргөсөн алтаа бүтээхүйдээн хүнс хийдхүн” хэмээн
Адилтгаш үгүй үзэл бясалгалын гадасны шүлгийг номлоруун:
“Үлэмж ламын үзэл бясалгал явдлын чанарыг
Өөсөөн бүтээн орших адистид өгөн соёрх
Үзэлд бээр эдгээр гурван гадсыг шаагаад
Үлэмж энэ бясалгалд бээр гурван гадсыг шаагтун
Энэ явдалд бээр гурван гадсыг шаагтун
Энэ үрт бээр гурван гадсыг шаагтун
Эдүгээ үзлийн гурван гадас аль буй хэмээвээс
Эдүгээ үзэгдхүүн бүгдийг сэтгэлдээн хураан багтаамуй.
Сэтгэлийн чанар нь тодорхойяа агаарт
Сэтгэлийг ийн буюу хэмээн үл баримтлагдахуй
Сацлал үгүй бясалгалын гурван гадсыг номловоос л
Сэжиг атгаг үгүй номын бие болон тонилмуй.
Ухааныг гийгүүлсэн амгалант агаарт оршмуй
Үнэн засдаг үгүй тэгш агуулахуй гадсан буюу
Үлэмж явдлын гурван гадсыг номловоос
Үргэлжид арван буянт явдал өөсөөн бүтмүй.
Арван нүгэл бээр өөрийн оронд арилмуй
Ариун ерөндөгөөр гэгээн хоосныг засахуй үгүй
Ач үрийн гурван гадсыг номловоос
Амарлисан нирвааны хутгийг бусдаас үл эрэн бүтээмүй.
Орчлон бээр бусдаас үл орчимуй (31v)
Өөрийн сэтгэл бурхан бүхүйг нэвтрэн мэдэдхүүн
Үнэхээр гурван гадасны нэгэн гадсыг нь шаамуй
Оюуны гадас нь номын чанарыг хоосон болгох гадсан буюу.
Шаагч нь дээд лам буюу
Саарч олонтоо шааваас олж үл шаамуй
Сайтар нэгнээ хамт оновоос шаан чадсан буюу
Сэтгэш үгүй хамаг номчдын нийт дэх энэ эдийг.
Тэднийг оюундаа онождуулвай егүзари би
Та хөвүүд шавь нар сэтгэлээ баясадхуун”
Тийн хэмээн зарлиг болсонд
Тэдгээр шавь нар дээшид ийн хэмээн өчрүүн:
“Ай ламаа биднийг тийнхүү эндүүрэл үгүй эе дороо авагч
Ачит газарч үндсэн ламд чин үнэнээр залбирахуй нь
Авирд үүнээс үлэмж илүү үгүй буюу” хэмээн өчвөөс
“Аливаа газарчийн үндсэн үүнээс салсан буюу” хэмээн эдгээр шүлгүүдийг номлоруун:
“Ачит лам хийгээд увдис шавь нар гурван
Асар хичээнгүй хийгээд хатуужил бишрэл гурван
Ариун билиг хийгээд нигүүлсэхүй сайн ааль гурван
Алдаршсан эдгээр нь үргэлжид газарч буюу.
Самуу үгүй элчил үгүй энэ аглаг орон нь
Самади дияаныг нэмүүлэгч газарчин нь буюу
Сацлал үгүй шидэт дээд богд лам нь
Сэжигт харанхуйг арилгагч газарч буюу
Тэнчүүрэн чилэх уйдах үгүй энэ бишрэлээр
Дээд төрөлд удирдагч газарч буюу
Таван зүйл эрхтэний атгаг сэжиг нь
Дарж сайтар тонилгогч газарч буюу
Хутагт зарлигийн үндсэн ламын увдис
Гурван биеийг илт үзүүлэгч газарч буюу
Хомсдолгүй аврагч энэ гурван эрдэнэ
Хурьцахуй эндүүрэхүй үгүй газарч буюу
Зургаан газарч бээр мөрийг удирдаж
Жавхлан амгалант талд одмуй егүзари
Жигшигдэх самуу атгаг үгүй агаараар сууму
Жаргаму за өөрөө мэдээд өөрөө тонилсноор
Утга чанар мэдсэнээр өөрөө түвшнээ суугаад
Олон хүмүүн үгүй аглаг хоосон ууланд (ыг)
Үргэлжид жаргаж луу мэт дуулму егүзари би
Үнэн сайн алдрын хурыг арван зүгт оруулмуй
Буянт нигүүлсэхүйн цэцэрлэг навч цэцгүүдийг дэлгэрүүлмүй (32r)
Бодичид сэтгэлийн үрсийг нь боловсон болгомуй
Бодь хутгийн үйлсийг хамгаа түгээмэл болгомуй”
Богд Мяларайба тийн хэмээн сайтар номловоос.
Тэдгээр бишрэлтэн сэтгэлдээ ийн сэтгэмүй
Дээд лам бидний хаа сууваас болох ажгуу
Тэгүүдрэлгүй бид улсдаа залсугай хэмээн сэтгэж
Дээш ламд “аяа ламын түгдамд нь.
Самуу үймцэх тэргүүтнээр саарах үгүй ажгуу
Сэтгэлээр нигүүлсэж бидний улсад өөд болоод
Сайн өглөгийн эздийн өргөсөн буяныг авч л
Сацлал үгүй номоор амьтнаа туслан соёрх”.
Тийн хэмээн өчвөөс Мяларайба зарлиг болруун
“Тэнд таны улсад үл одон энд сууваас
Түүгээр амьтнаа тус болоод хичээх үгүй болбоос бээр
Дээд ууланд сууваас баатар буюу” хэмээн эд шүлгийг номлоруун:
“Үлэмж бүтээхүйгээр ламын ачийг хариулсугай
Үндсийг минь боловсон болгох адистид өгөн соёрх
Үнэхээр энд суусан төгс хувьт номчин таньд
Үнэн гүн утгасын увдисыг эгшиглэн дуулсугай.
Алгасал үгүй чихний эрхтнээ өгч сонсодхун та
Авирд цаст ууланд үзүүрхэгч тэр арслан
Аливаа араатан хийгээд гөрөөдийн чуулганд (ыг)
Аюул үгүйеэ үзүүрхэгч нь баатрын ёсон буюу.
Улаан хадан дахь шувууны манлай тэр хажир нь
Огторгуйгаар жигүүрээ сунгаж нисэн явахуй дор
Унах мэт аюул хаа болох түүнд
Өндөр огторгуйгаар халих нь баатрын бэлгэ буюу.
Доод газар дахь их мөрөн далай хийгээдэд
Тул загас нь ийн тийн гүйлдэн хүчээ тэнсэлдмү
Торох бүтэх аюул хэр болох, тэр загасанд
Түрвэл үгүйеэ гүйлдэх нь баатрын ёсон буюу.
Үргэлжид Мон улс дахь уулын модны мөчирт
Онц самж гөрөөс хийгээд бичин наадан цэнгэлдэхдээ
Унах аюул хэр болох тэдгээр гөрөөдөд
Олон зүйл өөрийн аалиар наадан цэнгэлдмү
Зузаан ой шугуй дахь төвийн дунд нь
Зохистойяа хүчээ тэнсэлдэхүйд араатан барс бээр
Зүдэж айх хаа болох, тэдэнд (32v)
Зоригт омгоор аюул үгүйеэ аму за.
Саарал үгүй сингали зузаан ой шугуйд
Сайтар бясалгамуй хоосон чанарыг Мяларайба егүзари би
Саатуулах сэжиг хаа болох бясалгалд минь
Сацлал үгүй авирд бясалгах баатрын бэлгэ буюу.
Маш арилсан номын чанарын мандалд нь
Муу алгасангуй үгүйеэ эеэр сайтар авахуйд
Магад утгасыг эндүүрүүлэх сэжиг хаа болох надур
Манжиж оньслон бясалгах баатрын бэлгэ буюу.
Дусал судал хийг дотроо бясалгахад
Тотгордох эндүүрүүлэх хямрах хийгээд
Тус үгүй гэмт номууд хэр болох, надур
Тодорхойяа бэлгэсийг үтэр болгогч бардам буюу би.
Өөрт болсон явдлын эеэр болохуй дор
Өндөр богино олон зүйлт болбоос л
Осол сэжиг атгаг төрөх хаа болох
Олон зүйл бэлгэ зохиох бэлгэс болмуйза.
Ач үр үйлсийн хүчин боловсон болсонд
Аливаа буян нүгэл учирваас түүгээр
Асар бясалгалыг эндүүрүүлэх сэтгэл хэр болох
Ангид ангид үнэн тод болгох үнэн үгс буюу.
Өөрийн ёсныг чадагч их бясалгагч егүзарис
Үргэлжид ертөнц дахинд өчүүхэн хурьцалтан
Өгүүлэх таалал олон дахь буй бөгөөтөл
Үтэр хоромхон дотроо жигшсэн бэлгэ буюу.
Гүн нарийн номуудыг бясалгагч егүзари би
Хөдлөх үгүйеэ уул хаданд сууж бясалгах нь
Хөлбөрөх хуурмаг хийгээд атгаг сэжиг бус буй за
Хүсэж нэгэн үзүүрт сэтгэлээр бясалгах өөрийн таалал буюу.
Ай Мяларайба миний олон эгшгээр дуулсан нь
Алгасангуй таалалт хуурмаг үгсээр дуулсан бус буй за
Ариун бишрэлтэн энд чуулсан шавь нар дор(ыг)
Авирд туст зүрхний гүн нарийн увдис буюу”.
Тийн хэмээн номлосонд тэд бүгд өчрүүн
“Тийм бээр бөгөөс ямагт ууланд сууснаар
Тэгш дияаны агаарыг зохилдуулах шалтгаан буюу
Тийм хэрэгт бүхүйн тул бүтээн соёрх” хэмээн өчвөөс.
Хутагт Мяларайба “надур тийнхүү самадсийг бясалгахуй
Хот тэргүүтэн зохилдох шалтгаан ийм буюу” хэмээн
Хоосон чанар лугаа нийлүүлсэн эгшгүүдийг
Холбож эдгээр шүлгүүдийг ийн хэмээн номловой.
“Эрдэнэ чандмань эцэг юүгээн хөлд сөгдмүй
Энд хөвгүүн надур зохист сайн хэрэгтнийг өгөн соёрх
Эгнэгт өөрийн биеэ бээр бурхны биеийн (33r) хотон дор
Эндүүрэлгүй магад мэдэн судлахыг өгөн соёрх.
Айх болуузай хэмээн сэтгэж нэгэн хот байгууллаа
Ай хот нь хоосон номын чанарын хот буюу
Асар цуцарму хэмээн үл сэтгэмүй би
Авирд дааруузай хэмээн нэгэн дээл хийлээ би.
Дээл хэмээвээс охор “А”-ын дүрт зандалийн дээл буюу
Даарах хэмээн үл сэтгэмүй би тэр дээлийн хүчээр
Тэдүрү үгүйрүүзэй хэмээн нэгэн эд эрлээ би
Тэрбээр үл барагдах хутагтны долоон эд буюу.
Эдүгээ үгүйрэхийн аюулаас үл айму би
Энд өлсүүзэй хэмээн нэгэн идээн эрлээ би
Энэ идээн хэмээвээс номын чанарт самадсийн идээн буюу
Эдүгээ өлсөхийн аюулаас үл айму би.
Ундаасуузай хэмээн сэтгэж нэгэн ундаа эрлээ би
Ундаа нь дурны мэдэхүй рашааны дарсан буюу
Өнөд ундаасахын аюулаас үл айму би
Уйдуузай хэмээн сэтгэж нэгэн нөхөр эрлээ би.
Амгалан хоосон нь үргэлжид ханилах нөхөр буй
Алжаах уйдах үгүй буюу эдүгээ надур
Алгасан эндүүрүүзэй хэмээн сэтгэж нэгэн мөр эрлээ би
Ахуй их тэр мөр хослон орох мөр буюу.
Эдүгээ эндүүрэх сэтгэл хэр болох надур
Эндүүрэлгүй төгс утгат егүзари би
Эгнэгт аль оронд сууваас амгаланаа суумуй
Энэ ёлмо (yol mo .tib) брингийн үүрт арслан хоргод.
Барсын дуун хүрхрэн хөдөлвөөс л
Батад төвшин дияанд тэгш агуулмуй би
Балмад барсын зулзагыг өршөөн сэтгэмүй
Бас эрхгүй бодичид сэтгэлийг бясалгамуй
Дуугаа жиргэрүүлэн наадан цэнгэлдмү, бичид бээр
Түүнд эрх үгүй нигүүлсэх сэтгэл төрмүй
Тэдгээр бичний зулзагийн дууг сонсоод инээд төрмүй
Түүнчлэн эрхгүй бодь сэтгэлийг чанад бясалгамуй.
Хөхөө шувууны сайн дуугаар сэтгэл минь уяраад
Хүсэх мэт дуунд үл тэсэн нулимс алдмуй
Хөхөө болжморууд сайхан дуугаар жиргэрэн амуй
Хөлбөрөлгүй (33v) яруу сайн дуу чихэнд сонсдоод.
Элдэв шувууны яруу сайн дуунд нь
Эгнэгт суугч егүзарийн сэтгэлд тус болмуй
Ийм оронд сууваас машид сайтар жаргамуй
Энд нэгээхэн бээр нөхөр үгүй болбоос л.
Түүгээр нэн үлэмж сайн жаргалант болмуй
Тэнсэлгүй егүзари би жаргасан ёсоо
Дээр их дуугаар эгшиглэн дуулснаар
Тийнхүү арилах болтугай амьтны зовлонгууд нь”.
Тийн хэмээн номловоос тэдгээр шавь нарт уярах сэтгэл хийгээд магад гарах сэтгэл төрж, уулнаас бус этгээдэд бүү одсугай хэмээж тангараглан бясалгаад ямагт бясалгалын хязгаарт хүрлээ. Тэндээс Мяларайбад ядам бурхан нь ийн вивангирид өгвэй.

“Ай, эдүгээ чи төвд улсад одоод элчил үгүй оронд бясалгах агаараар амьтнаа тус үйлддэхүй. Тийн үйлдвээс шажин болоод амьтнаа тус болох болмуй хэмээн вивангирид өглөө. Тэндээс Мяларайба төвдөд өөд болов. Ёлмо (yol mo .tib) цаст уулын долдугаар бөлөг.


МЯЛЫН БУМ ДУУЛАЛын 
өмнөх бүлгүүд
буй...

0 Сэтгэгдэл:

Post a Comment