ТЭВЧЭЭР


ТЭВЧЭЭР



Хөх түрүүнүүд дүнгэнэлдэнэ. Цамцаа тайлж тэр нүд чихгүй “дайснуудыг” ороолгон өлөн өвсний ёроол дахь усархаг хөрсөнл нүцгэн хөлөө шагайндаа тултал дүрж гүйдэг сэн. Хөх түрүүнүүд миний цамцан сэлэмний ирэнд өртөн, бөөн бөөнөөрөө нүүж, Мандарвай эмээгийн солжир хар үнээг сав саарал болтол бүчиж хучна. 
Хөөрхий хөгшин хар үнээ толгойгоо хэдэнтээ даялан хөдөлгөж, огтор сүүлнийхээ унгийг мурьс мурьсхийлгэн хөх түрүүнүүдийг үргээх гэж оролдоод, болохгүй нь дээ гэсэн шиг өндөр ургасан өвсөн дунд сөхөрч хэвтээд нүдээ аньсхийн огт өөр юм бодох мэт болно. Тэр хөөрхий үнээ хөх түрүүнүүдэд хариу хийж чадахгүйгээ ойлгоод шал өөрийг бодож, ертөнцийн амьдралын жам ёсны тухай элдвийг эрэгцүүлэн сатаарч байх шиг надад санагддаг сан. Урангоо над руу нэг, өвсөнд шургаад унаад өгсөн солжир хар луу нэг харснаа бидний дунд ямар нэгэн чухал харьцаа шижим үүссэнийг гадарласан бололтой чимээгүйхэн харцаа буулгаж харагдана. 
Солжир харын дух, нүдний арьс үрчийж хэд хэдэн үрчлээ тогтсон бөгөөд бие дээр нь сууж толгойгоо шигтгэн хатгах хөх түрүүнүүдийг хүзүү гуяныхаа махыг чичивгэнүүлэн үргээх аядна. Хөх түрүүнүүд солжир харыг сав саарал зүстэй болтол нь бүчиж, хэсэгхэн хугацаа өнгөрөхөд үнээний зүс улаавтар шаргал болчихсон шиг санагддаг сан. Үнэндээ үнээний цусыг сорж гэдсээ цэрийлгэсэн хөх түрүүнүүдийн гэдэс ягаарч байдаг сан. Би солжир харын нүд рүү бүүр эгцэлж харж билээ. Хөөрхий үнээ өвлийг хүсэх мэт хамраа яльгүй сартгануулна. “Салхи гараасай тэгвэл энэ муу хөх түрүүнүүд нэг тийшээ холын хол хийсч одно доо” гэж бодоод салхи дуудан “тогоруу тогоруу” хэмээн хашгирахад Урангоо энэ бол эр хүний хэрэг гэсэн мэт огтхон ч оролцохгүй. Ямар ч үг хэлэхгүй, дуугүйхэн инээмсэглэн байдаг сан. 
Тогоруу дуугарч салхины үндэс соёолохгүй, халуун нараар дүүрсэн бөглүү тэр газар улам бүнхийсэн байдал ноёрхоно. Би солжир харыг түр ч атугай амраах гэж ойрхон харагдах бургааснаас нойтон мөчир тасдаж ирээд түүнийг ороолгож гарлаа.
-Май чи, май чи, муу сайн чандруунууд гэж амьсгаадан солжир харыг толгой түрүү, нуруу ууц, хавирга сүвээгүй ороолгоход Урангоо,
-Яана аа чи, яаж байгаа юм гэж өрөвдсөн харцаар үнээ рүү харж сулхан дуу алдсан юм. Харин солжир хар надад талархах мэт биеэ сул тавин, хүзүүгээ сунгаж байгаад л ороолгуулахдаа дуртай байж билээ. Нойтон мөчрөөр шаб шабхийтэл ороолгох ажилдаа би бүр урамшин улайраад Урангоог мартаж орхижээ. Солжир харыг “жаргааж” байгаадаа би баярлаад орчин тойрноо ч мэдрэх сөхөөгүй болсон байлаа. Надаар зодуулсандаа жаргалтай байгаа солжир харын эзэн Мандарвай эмээ,
-Хөөе чихгүй толгой минь чи яаж байгаа юм. Хөгшин амьтныг ингэж болдог юм уу гэхэд л би цочиж юу хийж байгаагаа эрэгцүүлэх гэж толгойгоо өөд татаж билээ. Урангоо Мандарвай эмээгийн ард нуугдах шахам зогсоод дүрлэгэр хар нүдэндээ нулимс гүйлэгнүүлж байлаа. Мандарвай эмээ миний бяцхан гараас мөчрийг авч, 
-Чамайг ингэж нүүр нүдгүй ороолговол яах вэ? гэв. Би дуугарсангүй. Дэмий толгойгоо маажиж шавартай хөлнийхөө хурууг харж зогсов. Мандарвай эмээ миний нуруу руу зөөлхөн цохьсоноо мөчрийг шидээд майжигнасаар одов. Үнээг нь дайснаас хамгаалж байхад ойлгоогүй тэр эмгэнийг үзэн ядах сэтгэл төрнө. Гомдлын нулимс бүрхэж зэрэглээтсэн нүдээр Урангоог жигших мэт харав. Миний нулимстай нүднээс үзэн ядахын гал гялсхийгээгүй байх аа. Урангоо солжир харын хажууд очиж сөхрөн суугаад түүний хүзүү толгойг илж байна. Надад зодуулсан хөндүүрийг нь эмнэж эдгээж байгаа нь тэр байх нь. Харин солжир хар төвөгшөөх мэт толгойгоо зайлснаа үсрэн босч Урангоогийн гарыг оготор сүүлээрээ гөвдөж орхиод явчихлаа. Би тэссэнгүй инээд алдав. Нөгөө Мандарвай эмээд гомдож, Урангоод уурлаж байсан минь хийсэн одох мэт боллоо. Миний зогсож байсан тэрхэн газарт салхины хээ хуар татаад явчих шиг санагдаж байсан сан. Үнэхээр ч салхи хөдөлж, бургаасны мөчир найган ганхаж, солжир хар тааваараа идээшилж байв. 
Бага насны минь энэ явдал нэг их чухал зүйл биш мэт боловч миний санаанаас одоо хэр гардаггүй юм. Ялангуяа хөх түрүүнүүдэд хучигдаж, өнгө зүсээ гээхдээ хүрсэн солжир харын нүд заримдаа хаа нэгтээгээс намайг ширтээд байх шиг санагддаг гээч. 
Хөх түрүү шиг хатгаж хазсан бусармаг үгийг сонсохдоо солжир харын нүдээр ертөнцийг харахыг би хичээдэг. Бас хэн нэгний илж хөөрхийлсөн өрөвдлөөс дөлж солжир хар шиг босоод явчихдаг. Тээр жил л би өөрийгөө хүн болсон гэж хаа нэг боддог юм.


Зохиолч, сэтгүүлч Я.Мөнхжаргал


0 Сэтгэгдэл:

Post a Comment