Райчүн бээр Са-ог агуйд бясалгаад гүн нарийн бясалгалын хязгаарт хүрч, Мяларайба лам лугаа эгэн уулзсан аравдугаар бөлөг

Аравдугаар бөлөг

Намо гүрү. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд вивангирид өгдсөн ёсоор Гүнтангийн (gung thang.tib) дээд эхэн дэх улсад хүрсэн цагт олон хүмүүн хот барьж байн ажгуу. Тэдэнд ийн хэмээн:
 “Надур идээн ундаан өг” хэмээвээс тэд өгүүлрүүн: “Бидэнд хот юугаан үйлэнд яаран чөлөөгүй. Чи бээр бидний үйл үйлдэх л бөгөөс бид бээр идээн өргөсү” хэмээсэнд Мяларайба зарлиг болруун:
 “Би өөрийн ёст хотыг байгуулж дуусгаад амарч суух маань энэ бөлгөө. Идээн үл өгөх л бөгөөс та ертөнц дахины хотны үйлсээн огоородхуун” хэмээн зарлиг болбоос тэд өгүүлрүүн:
 “Чиний өөрийн ёст хотын үйл ямар буй? Бидний хотын үйлийг огоорох шалтгаан нь юун буй” хэмээсэнд түүний хариу эдгээр шүлгийг номлоруун:

“Дэлхий газарт чин бат болсон миний бишрэл лүгээ нэгэн
Тэжээд хичээн үгүй г өндөр болгон байгуулсан лугаа хоёр
Тийнхүү хотыг ихэд зузаан болгосон лугаа гурван
Тэнсэлгүй билгийн зохист хайс лугаа дөрвөн.
Ай тэр дөрвийг нийлүүлсэн хот минь бөлгөө
Авирд чин бат болсон хот буюу
Арга зальт ертөнц дахин таны хот
Аюулт шумнасын хот буюу түүнийг огоородхуун”.
Тийн хэмээн номлосонд тэдгээр өгүүлрүүн:
“Тийм ёсон сэтгэлд бидний тус болой
Тийм бээр бөгөөс чиний ёсоор бидний гадаад
Тариалан хийгээд эд таваар ураг тариг
Эм хөвгүүд хийгээд суух харш хэр буюу чам дор
Эдүгээ бидний тийм үйлсийг огоородхуун хэмээх
Эрхэт чиний сайн болсон шалтгаан юун буй” хэмээсэнд
Эдгээр шүлгээр тэдэнд ийн хариулруун:
“Үндсэн муу сайн тариалан лугаа нэгэн
Увдисын хөрөнгийг сайтар цацсан лугаа хоёр
Оюуны ногоо маш сайтар ургасан лугаа гурав
Үлэмж гурван биеийн үр боловсорсон лугаа дөрөв.
Тэр дөрвийг нийлүүлсэн үйлс минь бээр
Тэжээд эвдрэлгүй үйлс буюу тэр
Таны ертөнц дахины үйлс аргадагч ёст буюу
Тийм тачаалт үйлсээ сайтар огоородхуун.
Хоосон чанарын барш үгүй сайн (39r) сан лугаа нэгэн
Хутагтын долоон эдээр баяжсан лугаа хоёр
Хотол арван буяны ороорох (uriyarqu) захиргаа лугаа гурван
Хомсдож үл барагдах их жаргалан лугаа дөрөв.
Тэр дөрвийг нийлүүлсэн эд таваар бээр
Тэжээд барш үгүй эд агуурсан буюу
Таны ертөнц дэх эд таваар аргадах ёст буй
Тийм илбийн хуурмагийг огоородхуун.
Бурхан хэмээх сайн эцэг өвөг лүгээ нэгэн
Богдосын номоор оморхогчин ах дүү лүгээ хоёр
Бурсан хуврагууд дэлгэрсэн улс лугаа гурван
Бүх номыг сахиулсан шүтээн баатрууд лугаа дөрвөн.
Тэр дөрвөн нийлсэн төр ёсон минь
Тэжээд үл цуцрах төр ёсон буюу
Таны ертөнц дахь ураг садан аргадагч болмуй
Тийм тэнчүүрүүлэгч нөхрийг сайтар огоородхуун.
Сайвар одсон төрхөм сайн лугаа нэгэн
Сайтар хольсон гэгээн гэрлийн амтат идээн лүгээ хоёр
Сайн өнгө зүст тунамал хослон орохуй лугаа гурван
Саарал үгүй ухсан ухааны үзэсгэлэнт дээл лүгээ дөрвөн.
Тэд дөрвийг нийлүүлсэн тэр хатагтай
Тэжээд хагацал үгүйеэ нөгцөх хатагтай буюу
Таны ертөнцийн хатагтай нугууд аргадагч буй
Тэдүрү тэмцэгч тийм хатагтайг огоородхуун.
Төрсөн ухааны маш сайн хөвгүүн лүгээ нэгэн
Тунамал бүлээн бэлгэсийг ихэд үүсгэсэн лүгээ хоёр
Тодорхойяа эеэр хялбараа сайтар өгүүлэгч лүгээ гурван
Туст бурхны язгуурыг баригч лугаа дөрвөн.
Тэд дөрвийг нийлүүлсэн тэр сайн хөвгүүн
Тэжээд үл хагацагч хөвгүүн буюу тэр
Таны ертөнцийн аргадагч ёст хөвгүүн буй
Тэдүрү орчлонгийн тэр хүлээсийг огоородхуун.
Гүнтан дэх үйлдэгч эрс эмс та
Гүн утгат Мяларайба хэмээх егүзари бидэн хоёр
Хөхөж ийн тийн асуусны шалтгаанаар
Хөдлөшгүй Удаянагийн улсад уулзалдая”.
Тийн хэмээн номлосонд
Тэдгээр маш бишрэлт болж идээнийг
Дээшид өргөн мөргөөд
Түүнээс хойногшид маш ихэд сүсэглэх болбой.
Тэндээс хутагт Мяларайба Ралагийн (ra la. Tib) эх (39v) Са-ог (sa ‘og.tib) нэрт агуйд суун бүхүйд Рала (ra la. Tib) улсын эцэг юүгээн үхэгдсэн, маш сайн үзэсгэлэнт их билигт нэгэн өнчин хөвгүүн буй ажгуу. Тэр хөвгүүн бээр эх хийгээд авга юугаан үхрийг адгуулан бөлгөө. Тэр хөвгүүн өчүүхэн бүхүй цагаас бичгүүдийг сайтар мэдэх ажгуу. Олон улс бүгдээр түүнийг урьж ном уншуулах ажгуу. Тэр хөвгүүн бээр хишгээн бээр авч ирэн бөлгөө. Нэгэн цагт тэр хөвгүүн илжиг юүгээн унаж, тэр голын эхнээс дээшид нь үхрээ тууж яваад, Мяларайбын бүтээх агуйн дэргэд хүрвээс, Мяларайба лам эгшиглэн ном номлохыг сонсоод маш гайхамшигт болж, илжигнээсээ буугаад үхрээ огоорч, ламын дэргэд нь хүрээд нүүрийг нь үзээд, өгүүлэн үл чадан, сэтгэлдээ самади төрүүлээд хором зуур харж байвай. Тэр хэмээвээс сэтгэлийн хөвгүүн Алдаршсан Очирт хэмээх буюу. Тэрбээр сайн заяат бүхүйн тул Мяларайба ламд чин бишрэл төрүүлж хүмүүний гэрт ном уншихаар одоод, хишгээ Мяларайба богдод өргөөд, ном өчин суун бүхүйд, эх авга хоёр нь хөвгүүнээ хаа одов хэмээн сураад хутагт Мяларайбын дэргэд суумуй хэмээн сонсвой. Хишгээн эс авчирсанд өглөгийн эзэд идээн эс өгсөн болов уу хэмээн сэтгэж, ном уншуулсан тэдгээр өглөгийн эздээс асууруун: “Та миний хөвгүүнд идээн өгөв үү” хэмээн асууваас тэд “өглөө” хэмээвээс, тэдүй эх хийгээд авга нь Мяларайба ламд өргөснийг нь мэдээд, хэдүй чинээ ятгаваас бээр эс болсонд, тэр хоёр хилэгнэж сайтар эс асарвай. Тэр хөвгүүн бээр хутагт Мяларайбад хөтөлбөрийг айлтгаад бясалгаснаар сайн ухаан төрж, зандалийн дулаанаар гагц бөс дээл өмсвөөс бээр үл даармуй. Түүний нэрийг нь Райчүн хэмээн нэрийдээд суун бүхүйд эх авга хоёр нь эрх үгүйеэ авч одоод газар хагалах үйлэнд оруулсанд, (40r) газрын эздийн өвчнөө хүртээд, тэр өвчиндөө тус болмуй хэмээн сэтгэж бясалган суун бүхүйд, таван азар ирээд идээн эрэхэд эх авга хоёр нь идтүгэй хэмээн буудай хуураад өгч илгээсэн ажгуу. Түүнээ тэдэнд өгч идэн атал тэдгээр нь “зий зий зула[1]” хэмээгээд хүзүүн өвчин бүхүйг мэдвэй. Райчүн тэднээс “ийм өвчинд тус болох арга буюу” хэмээн асууваас тэдний нэгэн эрхэн нь өгүүлрүүн “чи бээр анхан үлэмж сайн хөвгүүн ажгуу Миний лам Валозандрад мөргөвөөс чиний өвчинд тус болох бөлгөө. Чи Энэтхэгт од” хэмээсэнд тэдгээр Райчүн Төвдөд явахаа ятгаж, Энэтхэгт одсугай хэмээн тангараглаад хутагт Мяларайбад хутаг гуйн очвоос Мяларайба бошиг соёрхоод явах цагт нь эдгээр шүлгийг номловой.
“Хөдлөшгүй дээд ламд өчин залбирмуй
Хөвгүүн Райчүнд минь адистид өгөн соёрх
Хөвгүүн минь энэ насанд оюунаа номд дуршаатугай
Хүсэж лам ядан гурван эрдэм дор.
Сэтгэлээ чин бат зоригоор залбиртугай
Саад үгүйеэ Энэтхэгт одоод харьж иртүгэй
Самадсийн идээнийг идээн болгон идээд
Саарал үгүй охор бэлгэт дээл өмсөөд.
Илбийн хий сэтгэлийн морийг унаж
Яарч Энэтхэгт хүрээд иртүгэй
Ер хир үгүй сэтгэлийг сайтар арчаад
Ясинцаг тангаргийн хир үгүй мөнгөн толийг үзтүгэй.
Гэмших үгүй дурдахуй нас үргэлж үзээд
Хэтэрхийеэ Энэтхэгт хүрээд үтэр иртүгэй
Гэмт хулгуучин хойноос ирүүзэй хэмээн сэрж
Хэзээ бээр найман номыг сайтар бясалган огоородхуун.
Эрдмүүдийг сэтгэх үгүй агаарт нууж бүрүүн
Эндүүрэлгүй сайн сэтгэлээр хүрч иртүгэй
Энэ заяандаа хөвгүүндээ өвчин үгүй болох хутаг гуймуй”
Эцэг Мяларайба тийн хэмээн зарлиг болбоос.
Хадны агуйд богд Мяларайба суугаад
Хаалгыг нь Райчүн гаднаас хааж шаваад
Харил үгүй сэтгэлээр азарын хойноос дагаж (40v)
Гагц зоригоор Энэтхэг улсад хүрч бүрүүн.
Гэгээн ухаант Валозандра ламд мөргөвөөс
Гарди жигүүрт очирваанийн увдис соёрхсонд
Хэв ёсоор хичээн сайтар хичээн бясалгасанд
Гэмт тэр өвчнөөсөө сайтар тонилоод.
Төвдөд ирэхдээ жаргалант балгасанд хүрвээс
Тус болж нэгэн хүмүүнээс лам юугаан хаа бүхүйг асууваас
“Туст Мяларайба хэмээх нэгэн егүзари лам
Тунамал бясалгалаар ууланд сууму хэмээн сонсогдвой.
Эдүгээ хаа бүхүйг эс мэдвэй бид”
Эс мэдсэнд Райчүн ийн сэтгэмүй
Эрдэнэ лам минь нирваан болов уу хэмээн
Эмээж Са-ог агуйд хүрч үзвээс.
Цуцарсангүй урьд шавсан бүхүйг үзээд
Цөхөрч “лам минь нирваан болсон ажгуу” хэмээн сэтгэж
Цоолоод дотор орж үзвээс лам нь
Цогтойяа бясалгаж суун бүхүйг үзээд сац.
Сэтгэлдээ маш их баясгалант болж
“Сайтар бясалган суувай за, лам минь ээ” хэмээн өчвөөс
Сацлалгүй Мяларайба Райчүндаан
Сайшаагаад эдгээр шүлгийг хариулвай.
“Үндсэн ачит лам юугаан хөлд сөгдмү
Өөрийн ураг таригаас хагацсан амгалан
Өөд үгүй эцгийн орныг тэвчсэн амгалан
Улс иргэнээ сонжигдох үгүй амгалан.
Хуврагуудын эдэд эс халдсан амгалан
Хотод балгадыг огоорсон амгалан
Хомголзох таалах хэргийг тэвчсэн амгалан
Хутагтны эдээр баяжсан амгалан.
Сахих хадгалах үйлс үгүй амгалан
Саатаж хэвтэв завхрав хэмээх үгүй амгалан
Шамшааж барагдах аюул үгүй амгалан
Сэтгэлээ нэвтэрхийеэ цөхөрсөн амгалан.
Өглөгийн эзний нүүр дур харах үгүй амгалан
Уйдаж чилэх зовох үгүй амгалан
Үймэх засдаг үгүй явдал амгалан
Үйлс нь номын үйл болсон амгалан.
Алжаах чилэх үгүй явдал амгалан
Алагдах талагдах аюул үгүй амгалан
Аюулт булаан хулгайнаас хагацсан амгалан
Асар бясалгалын шалтгаан зохилдсон амгалан.
Буруу нүгэлт үйлсийг тэвчсэн амгалан
Буянт үйлсэд хичээн шамдсан амгалан
Будангуй (41r) урин хорт сэтгэлээс хагацсан амгалан
Бусцар омог найдангуйг тэвчсэн амгалан.
Найман номыг гэмт болгон үзсэн амгалан
Нийт тэгш хичээн тэгш агуулсан амгалан
Насад сэтгэлийг сэтгэлээр үзсэн амгалан
Нэрлэж хүсэх айх үгүй амгалан.
Аливаа баримтлах үгүй гэгээн төвт амгалан
Атгаг үгүй бэлгэ билгийн төвд амгалан
Аливаа өөсөөн бүтсэн агаарт амгалан
Ай зургаан чуулганыг огоорсон амгалан.
Таван хаалганы мэдэхүйг тод болгосон амгалан
Тэдүрү сэтгэлийн ирэх одох үгүй амгалан
Тийм амгалангийн ёсон олон буй надур
Түүгээр жаргалангаар эгшиглэндуулвай егүзари би.
Үлэмж бусад жаргаланг үл хүсмүй би
Үхвээс амгалан хэмээн нүглийг тэвчлээ би
Онц амгалангаар бясалгалыг нэмүүллээ амьддаа
Өглөгийн эзэд идээн ундаан өргөн барилаа.
Тийм үйлс лам хийгээд гурван эрдэнийн ач буй за
Тэгш амгалангийн тулд буюу егүзари би
Тансаг амгалант тус чинь бүтэв үү Райчүн аа”
Тийн хэмээн номлон зарлиг болсонд.
“Эцэг ламаа амгалан тус минь бүтлээ
Эдүгээ хөтөлбөрийн увдис хийгээдийг
Эрдэнэ богдоо өгөн соёрх” хэмээн өчвөөс
Эцэг лам бээр басхүү Райчүнд хөтөлбөрийг соёрхсонд Са-ог агуйд бясалгаад гүн нарийн бясалгалын хязгаарт хүрлээ. Хүрч ирээд Мяларайба лам лугаа уулзсан аравдугаар бөлөг.




[1][1]tzi tzi dzu la .tib. зэвүүцэн жихүүцэхэд уулга алдах төвдийн аялга үг.



МЯЛЫН БУМ ДУУЛАЛын 
өмнөх бүлгүүд

буй...

0 Сэтгэгдэл:

Post a Comment