...сэтгэлийн хөвгүүн Санжайжав лугаа уулзсан арван хоёрдугаар бөлөг

Арван хоёрдугаар бөлөг

Намо гүрү. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд Монюл (mon. Tib) улс дахь Жаргалант балгасанд уйтгарыг сэргээх хийгээд идээн гуйхаар одвоос нэгэн балгасны төвд олон хүмүүн чуулж байн ажгуу. Тэдэнд ийн хэмээн, “өглөгийн эздээ егүзари надур энэ өдрийн идээн өг” хэмээн зарлиг болбоос тэд өгүүлрүүн, “егүзари ээ, Pагма (rag ma.tib) улсад суун аму хэмээн сонсдогч чи буюухүү” хэмээн асууваас “би бөлгөө” хэмээн зарлиг болбой. “Тийм бээр бөгөөс их гайхамшигт буюу хэмээн сонслоо бид” хэмээгээд хамаг бүгдээр маш сүсэг бишрэлт боллоо. Тэдний дотор нэгэн хөвгүүн бээр үгүй, охин бээр үгүй, эр эм хоёр бөлгөө (43r). Тэр хоёр Мяларайба ламыг залж одоод өргөн хүндэлж ийн өчвэй. “Ламаа чиний улс хийгээд ураг тариг хаа буй” хэмээн асууваас лам зарлиг болруун, “би бээр ураг таригаа огоороод, ураг тариг бээр намайг огоорсон нэгэн гуйланч бөлгөө би” хэмээн зарлиг болбоос, “тийн бээр бөгөөс бидний хөвгүүн болон суун соёрх. Бидэнд суух орон тариалан бээр буй бөлгөө. Сэтгэлд чинь таалагдах мэт нэгэн охин авч өгсүгэй” хэмээн өгүүлбээс “тийм тийм үйлс надад хэрэг үгүй” хэмээгээд эдгээр шүлгийг номлоруун:

“Балгад улсад урьд жаргалан мэт болбоос
Бие хэл сэтгэл гурвыг баригч торгууль буюу
Бас идэр бүхийд чилтэл тариан тариад
Баахан хөрөнгө цацваас янагш ургах үгүй.
Эмээл[х]т улс дахь зудат тэр балгасан
Эндүүрүүлэгч гандирсын балгас лугаа адил
Эцэст тус үгүй огоорч одогч бөгөөд
Эгнэгт хилэнцийг хураагч балгад сэтгэлийг хямруулму.
Ахуй зуурдын тийм энэлгээт гууг үл таалму
Ай таны тийм хөвгүүн хэр болох би бээр”
Ачит Мяларайба лам тийн хэмээн зарлиг болбоос
Асуугч тэр хоёр “ламаа тийм зарлиг бүү бол.
Сэтгэлд чинь зохист маш таалагдах мэт
Сайн эцэгт нэгэн охиныг бэр гуйж
Саарал үгүй өргөсүгэй” хэмээн өчвөөс
Сацлал үгүй Мяларайба хариуд нь ийн шүлэглэвэй.
“Урьд гэргий ану тэнгэрийн охид инээлгэгч буюу
Үзвээс нүүр нь булилах үгүй болмуй
Өнөд нөхцвөөс жидэр нүдэт эм рагша (ro mig ma .tib) буюу
Үгсийг нэгэн өгүүлбээс янагш хоёр өгүүлмүй.
Үснээс бариваас хөлөөс нь ноцму
Өшиж шийдмээр жанчваас шанагаар эсэргүүлмүй
Өтөлвөөс аваш үгүй муу болмуй, эцэст
Өөд үгүй уринт эм рагшийг хэн хэрэглэмүй.
Тийм эм чөтгөр лүгээ тэмцэхээ тэвчсэн
Таны тийм үгсийг үлхүү таалму би”
Тийн хэмээн зарлиг болбоос тэр хоёр өчрүүн
“Тийм үнэн бөгөөтөл өөрт хөвгүүн үгүй болбоос л
Үл болох ажгуу” хэмээн түүнийг хүү сэтгээд
Үлэмж биднийг нигүүлсэж
Үүрд бөгөөд үрийг (43v)
Үл таслан нигүүлсэн соёрх” хэмээн өчвөөс
Удирдагч хариу нь эдгээр шүлгийг номлоруун:
“Хөвгүүн бээр нялх бүхүйдээ сэтгэлд зохист болмуй
Хөөрхөн (k`ger~ken) хэмээгээд маш сайтар таалму за
Хүчит идэр бүхүйдээ ийм иймийг авч ир хэмээмүй
Хөлгөн тэргүүтэн хамгаа өгвөөс бээр үлхүү суумуй.
Амраглан янаг болгомуй за, хүмүүний охиныг бээр
Ачит эцэг эх юүгээн гадаад болгому
Амрагласан эцэг нь дуудваас хариу үл өгүүлмүй
Авай хэмээн эх нь дуудваас тийнхүү болмуй.
Өөр ангид хагацаж ачийг умартмуй
Өтөл хэрүүр баруураар тэмцэлдмүй
Өөрт төрсөн уринаар сэтгэлийг хямруулмуй
Орчлонгийн тийм хүлээсийг тэвчвээс маш сайн .
Таны ертөнцийн хөвгүүнийг үлхүү таалмуй би”
Тийн хэмээн номлон зарлиг болсонд
Тэр эр эм хоёр дээшид ийн өчрүүн
“Дээд ламаа өөрөөс төрсөн хөвгүүн бээр.
Үнэнээр тийм дайсан мөн л бөгөөс
Оюуныг баясгах нэгэн охин буй болбоос
Өсөж туст болмуй за” хэмээсэнд
Удирдагч Мяларайба тэдний хариу ийн номлоруун:
“Урьд эн тэргүүн сэтгэлд зохист охин буй
Үлэмж эд таваарыг авч одогч эрхэт буй
Өнөд өгвөөс ач үл хариулагч буй
Үргэлжид эцгээсээ ил бөгөөд авч одогч буй.
Ай эхээсээ эчнээ далд хулгаж авмуй за
Ав аль эд таваарыг өгвөөс ханах үгүйеэ
Ачит эцэг эх юүгээн зүрхний хийг хөдөлгөмүй
Ааль муут улаан нүүрт эм чөтгөр буй эцэст.
Сайн болбоос бусдын цогийг сайтар үүсгэмүй
Самуу муу болбоос өөрийн аалиа эвдмү
Сэжигт муу авирт эм рагша сэтгэлийг хутхалмуй
Шамшаагч тийм охиныг бээр тэвчсэн буюу би.
Тэмцэлдэн эвдрэлдэгч тийм охиныг яахин хэрэглэмүй би”
Тийн хэмээн номлон зарлиг болсонд нь
Тэр хоёр бээр басхүү ийн хэмээн өчрүүн
“Дээд лам хөвгүүн охин хэрэг үгүй болбоос бээр.
Өмөгших нэгээхэн нөхөр бээр үгүй бөгөөс л
Онц бус хүмүүн амьтнаа басагдаад
Үл тэсдэх зовлонт болмуй за” хэмээсэнд
Өчсөний хариу ийн хэмээн шүлэглэрүүн.
“Эн тэргүүн ураг садныг үзвээс баясалцмуй
Энд ир, тэнд суу хэмээн угтан хүндлэлдэмүй
Үүр болтол мах дарсаар дайлалдмуй (43v)
Эдийг чанагш нэгэн өгвөөс янагш нэгэн өгмүй
Атаархагч гэмшиглэнгийн савтан бээр
Айн эмээхүй цагтаа тусыг үл сэтгэмүй
Амгалан цагт идээнийг бээр хомсотгогч
Ай ертөнц дахины ураг садныг үл таалмуй би”.
Тийн хэмээн номловоос бас тэр хоёр ийн хэмээн өчрүүн: “Аяа ламаа, чи ураг садныг үл хэрэглэх л бөгөөс, бид эд таваараар маш баян бөлгөө. Тэдгээр эд таваарын эзэн нь болон суун соёрх” хэмээн өчвөөс Мяларайба лам зарлиг болруун: “Нэгэн өчүүхэн улсын харанхуйг арилгахын тул наран саран хоёр түдэж яахин сууму. Би бээр бүтээхүй хийгээд хамаг амьтны тусыг огоорч энэ хоёрт асрагдсан хөвгүүн болон сууж хэр чадах. Над лугаа учирсаны төдүйгөөр та хоёрын энэ ба хойдын тус бүтэв зэ. Хойд заяанд Удраянагийн оронд золголдохуй хутаг гуйн ерөөсүгэй” хэмээн ерөөгөөд эдгээр шүлгийг номлоруун:
“Булилах ханах үгүй буюу эд таваараар
Бүгд төгс буй болбоос бээр үлхүү ханаму
Будангуй харам сэтгэлд батад хүлэгдвээс
Буяны зүгт заран яахин чадмуй.
Дайсан чөтгөр хоёрыг даллагч эд таваарыг
Тэгш өөрөөн хурааснаан хүмүүнээ эдлэгдмүй
Тийм эд таваараар өөрийн аминд хүрмүй
Дайсан мэт эд таваарыг хичээвээс сэтгэл зовмуй.
Орчлонгийн аргадагч тиймийг тэвчсэн буюу би
Өөд үгүй шумнасын тэр хуурмагийг үл таалмуй”
Үндсэн лам тийн хэмээн зарлиг болсонд
Өглөгийн эзэд хоёул чин бишрэлт болж.
Хамаг эд таваараа буяны зүгт зараад
Мяларайба ламд увдис айлтгаж бясалгасанд
Үхэх цагт мөрийн хязгаарт хүрч
Үргэлжид муу заяаны зовлонгоос тонилоод зэргээр бодь хутгийг олжээ.
Тэндээс Мяларайба лам жич бас Рагма (rag ma.tib) бодь хутгийн хоргод өөд болж суух цагт урьдах өглөгийн эзэд идээн зооглолоор өргөн хүндлээд, түгдам бясалгалыг нэмүүлэн бясалган суун бөлгөө. (44v) Нэгэн цагт хоёр адгуусчин хүмүүн Мяларайба ламд мөргөхөөр ирээд өчүүхэн адгуусчин бээр өчрүүн: “Ламаа нөхөр үгүйеэ гагцаар яахин сууму” хэмээвээс лам бээр “надур нөхөр буй” хэмээн зарлиг болбой.
Тэр өчрүүн “ламаа чиний нөхөр хэн буй” хэмээвээс лам зарлиг болруун:
“Миний нөхөр бодичид сэтгэл буй” хэмээн зарлиг болбой. Тэр өчрүүн:
 “Лам аа, тэр эдүгээ хаа буй” хэмээвээс лам зарлиг болруун:
 “Тэр эдүгээ мэдэхүй хамгийн шүтээний харшид буй”. “Мэдэхүй хамгийн шүтээний харш аль буй хэмээн асууваас лам зарлиг болруун: “тэр бээр миний бие буй хэмээн номловоос нөгөө их адгуусчин өчрүүн. “Тийм бээр бөгөөс ламаа чамд хэрэгт юун бээр үгүй ажгуу. Харьсугай бид” хэмээвээс өчүүхэн нь өчрүүн:
 “Ламаа мэдэхүй хэмээсэн нь сэтгэл хэмээх буюу. Энэ бие нь сэтгэлийн харш буюу” хэмээсэнд лам “мөн буй” хэмээн зарлиг болов. Бас өчрүүн:
 “Хүмүүний харшийн дотор нэгэн хүмүүн суух буюу, олон хүмүүн суух буюу. Биений харшийн дотор нэгэн сэтгэл буюу, олон сэтгэл бээр буй буюу. Хэдүй чинээ буй болбоос ямар дүрт буй” хэмээн өчвөөс лам зарлиг болруун:
 “Хөвгүүн ээ нэгэн бүхүй, олон бүхүйг чи өөрөө үзэж ир” хэмээн зарлиг болбоос, “ламаа тийн хийсүгэй” хэмээгээд хоёул харьж одвой.
Хойд манагар тэр өчүүхэн адгуусч ламын дэргэд ирээд ийн өчрүүн.
“Лам аа, би бээр энэ шөнө сэтгэлийг хэдүй бүх ямар дүрт бүхүйг шинжлэн үзвээс, сэтгэл нь нэгэн сэтгэлээс өөр үгүй. Тэр нэгэн сэтгэл бээр нууваас үл олом. Хөөвөөс бээр үл гүйцэгдэм. Бариваас бээр үл баригдам. Дарваас бээр үл дарагдам. Талбибаас бээр үл суум. Илгээвээс бээр үл одом. Хурааваас бээр үл цуглам. Үзвээс бээр үл үзэгдэм. Болгоовоос бээр үл мэдэгдэм. Буй атал үгүй болом. Үгүй буюу хэмээн сэтгэвээс нэвтэрхийеэ ирэм. Гэнэн хагадаар бүргэлзэн үл үзэгдэх, юун бээр үл мэдэгдэх тийм нэгэн ажгуу. Лам аа, тийм ямар бүхүйг үзүүлэн соёрх” хэмээн өчвөөс лам эдгээр шүлгийг номлоруун:
“Адгуусч хөвгүүн чи, янагш сайтар сонс
Амтат бурмын энэ дээд амт нь
Асар төгс эрдмүүдийг (45r) сонсон амсагдах үгүй буюу
Ариун сэтгэлд мэдвээс амт нь үл амсагдмуй.
Түүнийг хэлэндоо талбиваас амт нь мэдэгдмүй
Түүнчлэнхүү сэтгэлийн мөн чанар хэмээх нь
Түүнийг бус хэмээн нөхдийн дохиогоор үл мэдмүй
Тэгүүдэрч сонсон мэдвээс л.
Үл үзэгдэн атал дохионд дулдуйдаж
Онож эрвээс сэтгэлийн тэрхүү чанар нь
Үзэгдэн аму за, магад тийм ёсон бээр
Үнэн сэтгэлээр тиймийг оногдохуй адгуусчаа”.
Тийн хэмээн зарлиг болсонд тэр бас өчрүүн:
 “Ламаа тийм бээр бөгөөс дохиосын тийм утгасыг надур номлон соёрх. Би энэ шөнө шинжлэн ирж, манагар ирсүгэй” хэмээн өчвөөс лам зарлиг болруун:
 “Адгуусчаа тийм бээр бөгөөс чи энэ шөнө сэтгэлийн өнгө цагаан улаан тэргүүтэн ямар бүхүй дүрийг ёсон нь урт дүгэриг ямар бүх, тэргүүнээс хөлийн өлмий хүртэл алинд бүхүйг шинжлэн үзээд ир” хэмээн зарлиг болбоос, тэрээр хойд манагар наран мандах цагт адгуусаа адгуулаад ламд мөргөхөөр ирвээс лам зарлиг болруун: “Адгуусчаа, чи энэ шөнө сэтгэлээ эрж олов уу хэмээн зарлиг болбоос тэр өчрүүн: “Лам аа, эрж оллоо” хэмээн өчвөөс, “ямар ажгуу” хэмээн зарлиг болбоос тэр өчрүүн:
“Хөдөлгөгч тунамал тодорхой нүүрээ таних үгүйеэ, өнгө зүс нь бүтсэн үгүй, нүдэн лүгээ нийлэлдэж үзэх, чихэн лүгээ нийлэлдэж сонсох, хамар лугаа нийлэлдэж үнэртэх, хэл лүгээ нийлэлдэж өгүүлэн амсах, хөл лүгээ нийлэлдэж явах, эх нь хөдлөх, адаг нь хутхалах, эдүгээ дэх энэ хамаг сэтгэлийн боол нь ажгуу. Биеийг сайн бүх цагт нь зараад тааллаар үйлдмү. Биеийг өтөлж, манаж, хэргээс өнгөрвөөс буртагийг арчсан чулуу мэт огоорогч, өчүүхэн улаан хялбараа явах тийм нэгэн ажгуу. Тэр нь цогцос биеийг муушаасны ачаар төвшин аалиар сууж үл болму. Онц зовлонгуудын хийд одму. Шөнө унтваас бээр өөрийн найраар явму. Түүнд олон чилэх алжаах бээр буй болму. Түүний ачаар бид өөрөө зовму”. Тийн хэмээн өчвөөс Мяларайба (45v) лам энэ хоёр шүлгийг номлоруун:
“Адгуусч хөвгүүнээ янагш сайтар сонс
Ай бие ану хоёр мунхгийн завсарт
Аливаа их нүгэл хилэнцэт мэдэхүй сүнс нь
Авирд муу заяанд зовоогч түүнийг
Орчлонг сайтар тэвчин огоорч л
Үлэмж сайн төрөлт тонилох балгасанд
Одохыг таалбаас язгууртны хөвгүүнээ
Үнэнээр явах л бөгөөс удирдсугай би”.
Тийн хэмээн номловоос тэр өчрүүн:
“Ай эрдэнэ ламаа, сэтгэлдээн өршөөн соёрх намайг” хэмээн өчвөөс лам зарлиг болруун: “Нэр чинь хэн буй” хэмээн асууваас тэр өчрүүн: “
 “Санжайжав нэрт увш[1] бөлгөө би” хэмээн өчвэй. “Нас чинь хэдий чинээ буй” хэмээн асууваас: “Ламаа, арванзургаан наст бөлгөө би” хэмээвэй. Тэдүй лам итгэл явуулахуй удиргуулсан өгөөд итгэл явуулахын ач тусыг өчүүхэн номлоод, энэ шөнөөс хойногшид итгэл явуулах нь, бие сэтгэл хоёрын аль бүхүйг шинжлэн мэдээд, манагар нар мандахын цагт ир хэмээн зарлиг болбоос тэр бээр хойд мангар нь ирээд ийн өчрүүн: “Ламаа, би бээр энэ шөнө өөрөө итгэл явуулах бие буюу, сэтгэл буюу хэмээн шинжлэн үзвээс, тэр хоёр бээр бус ажгуу. Биеийн эхнээс хөлийн уланд хүртэл, тус тусдаа нэгэн нэртэн ажгуу. Бас итгэл явуулах нь бүх биеийн цогцос тэр буюу хэмээн сэтгэвээс, бие сэтгэл хоёр хагацваас, хүүр хэмээх ажгуу. Итгэл явуулах нэр үгүй буюу. Тэр хүүр бээр цуцарч, тархваас хүүрийн нэр бээр үгүй болму. Тийн атал итгэл явуулах нь сэтгэл буюу хэмээн шинжлэн үзвээс итгэл явуулагч сэтгэл хэмээхүй хэр зохиму. Сэтгэлд итгэл явуулагч буй хэмээвээс сэтгэл хэмээвээс хэр зохих. Хэрвээ урьд тэр сэтгэлд сэтгэл хэмээгээд хойдод итгэл явуулагч мөн буюу хэмээвээс итгэл явуулагч хэмээн нэрийдэх цагт урьд хойд хоёр сэтгэлийг түрдгэгдсэний тул эдүгээ дэх сэтгэл ба ирээдүй дэх сэтгэлд бээр нэрийдэх хэрэг буй за. Урьд хойд хамаг сэтгэлд нь итгэл явуулах хэмээн нэрийдсэн мөн л бөгөөс сэтгэлд үхэх үгүйн тул урьд хойд (46r) хамаг төрөлд зургаан зүйл алинд бээр төрвөөс амьтан итгэл явуулснаар болмуйза. Урьд төрөлд хэр үйлдсэнийг үл мэдмүй. Хойд заяанд ямар үйл үйлдэхээ үл мэдмүй. Урьд он хийгээд урьд өдөр тэргүүтний сэтгэл нөгчиж дууслаа. Манагарын сэтгэл нь эдүгээд үл хүрмүй. Эдүгээгийн сэтгэл нь зэргээр үл ахуйн тул үл мэдмүй. Аяа лам эрдэнэ минь ээ номлон соёрх. Аяа лам чи бээр гэгээндээ сэтгэж номлон соёрх” хэмээн өчвөөс Мяларайба лам түүний хариу эдгээр шүлгүүдийг номлоруун:
“Би үгүй ахуй ёсонг ухсан лам дор
Бидний гурван хаалганы сүсгээр залбирмуй
Би хийгээд намайг даган орогч шавь нарт
Би үгүй ахуй ёсонг онох адистид өгөн соёрх.
Атгагт улсаас нигүүлсэж, тонилгон соёрх
Адгуусч хөвгүүнээ чи янагш сонсдохуй
Авирд би хэмээн баримтлах энэ мэдэхүүнийг
Анхаарч эрж үзэхүйгээн эс мэдлээ би.
Үнэн махамудра бясалган чадах л бөгөөс
Үзэх үгүй ёсоор үзэх буй болмуй
Үлэмж махамудра бясалгах л бөгөөс бээр
Оюундаа сүсэг бишрэлийг ихэд хичээх хэрэг.
Орчлонгийн ач үрийг мэдэхүй хэрэг
Үрийг нь тод илт болгосугай хэмээвээс
Үндсэн ламаас авшиг увдисыг авах хэрэг
Увдисын савт болох л бөгөөс бээр.
Буян хураасан шавь маш сайн
Будангуй зовлон жаргалыг сэтгэлээр огоордохуй
Бусцар үхэх цагт аюул үгүй хэрэг
Бүтээхийг маш хичээдхүүн хөвгүүн чи.
Тиймийг бүтээвээс бээр зуурам үйл чамдур буй
Тэр мэт үл бүтээн шалтгааныг номловоос юун хэрэг
Тэгүүдрэлгүй сэтгэлдээн сэтгэсэнд чи
Дээрэнгүй би хэмээн баримталсныг эс олсон тэр.
Бодьгалийн би үгүй хэмээх нь тэр буюу
Бүрэн номын би үгүйг ухсугай хэмээн хүсвээс
Буцал үгүйеэ арванхоёр он миний хойноос дагаж
Бүргэлзэх үгүй сэтгэлийн нүүрийг таних болмуй.
Хөвгүүнээ, тэр мэтийг сэтгэлдээ агуулдахуй”
Хэмээн зарлиг (46v) болбоос тэр өчрүүн: “Лам аа, би бээр чамд биеэ боол болгон өргөсүгэй. Миний энэ сэтгэлийг нэвтэрхийеэ мэдэхийг лам чи мэд” хэмээн өчвөөс лам сэтгэлдээ ийн сэтгэмүй. Үүнийг бясалган чадах үлэхийг болгоосугай хэмээн сэтгэж гурван эрдэнэд залбираад, “хөвгүүнээ чи өөрийн өмнө дэх хамрын үзүүрийн тэдүй дээр энэ мэт нэгэн бурхан багшийн биеийг бясалгагдахуй” хэмээн номлоод, амарлин ахуйн нэгэн бясалгалыг соёрхоод явууллаа.
Тэр хөвгүүн долоо хонотол гэртээ эс харьсан ажгуу. Долоохоносон хойно тэр хөвгүүний эцэг нь ламын дэргэд ирээд, “ламаа миний хөвгүүн долоо хонотол эс ирвэй. Тэр хөвгүүн минь эдүгээ хааш одов” хэмээн эрэхээр одвоос, түүн лүгээ ханьссан адуучин ийн өгүүлбэй. “Хөвгүүн чинь ламын дэргэд ном сонсож суун бөлгөө” хэмээв. Тийм бээр бөгөөс харьж ирмү зэ хэмээн сэтгэж эс ирэв. “Аяа лам чиний дэргэд ирэв үү” хэмээн өчвөөс лам зарлиг болруун: “Энд эс ирсээр долоо хонов” хэмээн зарлиг болсонд эцэг нь уйлсаар харьж одоод эрвээс, нэгэн хонгилд биеэ шударгад засаад, нүдээ ширтэж суун амуй. “Чи энд юуны тул сууму” хэмээн асууваас хөвгүүн нь өгүүлрүүн: “Би ламын увдисыг бясалгаж суумуй” хэмээвээс “долоо хоног болтол үл ирэх чинь юун буй” хэмээн асууваас тэр хөвгүүн өгүүлрүүн:
 “Чи худал бүү өгүүл, би долоо хоносон үгүй бөлгөө. Турхар бясалгалаа би” хэмээвээс “түүнийг худал хэмээх бөгөөс, чи нарны эрт бүхүйг үз” хэмээхэд, “би үдэш бясалгалаа. Эдүгээ эрт буюу. Энэ юун болов” хэмээвээс эцэг нь ийн сэтгэрүүн: “Энэ хөвгүүн минь нэгэн сайн ёст хөвгүүн буюу. Үүнийг өдөр бүр эрвээс чилж алжааму би” хэмээн сэтгээд хөвгүүндээ өгүүлрүүн: “Хөвгүүнээ чи ламын дэргэд одом уу юу”. Хөвгүүн өгүүлрүүн: “Эцэг минь ээ. Би ламын дэргэд одсугай” хэмээгээд, тэдүй идээн хүнс өгч, ламын дэргэд хүргэлээ. Лам бээр түүнд убшигийн санваар (47r) өгөөд ач үрийн ном номлосны эцэст хамт төрсөн нэгэн бясалгалын хөтөлбөрийг соёрхсонд, тэрбээр сайтар бясалгасанд, түүний сэтгэлд сайн бясалгал төрвөөс, лам маш баясч, эдгээр шүлгийг номлоруун:
“Аяа цогт Нарова Мидровагийн адистидласан
Ачит дуун хөрвүүлэгч Марвын хөлд сөгдмү
Амаар ном үйлдэгч их багш нар та
Асар ном номлохуйд мэргэн болбоос бээр.
Хэзээд бие сэтгэл ангижрахуй цагт
Гийсэн тунамал огторгуйн амаар номлосон номоор
Гэгээнээр түйдэж гэрэл үгүй харанхуй болмуй
Гэнэнээр үхэхэд номын бие аюул эмээлт болмуй.
Авирд насаа бартал судар нугуудыг судалбаас
Ай бие сэтгэл ангижрахуйд хэр тус болох
Амарлин ахуйг ихэд бясалгагчин та
Алжаас сэтгэлээр бясалгах сэтгэлд.
Үлэмж үзэхүй бясалгамуй хэмээн ажиг үгүй суугчин
Үхэхүйд номын биеийг үлэмж үзэхүйд
Үнэн гэгээн гэрэл эх хөвгүүн эс тохиолдвоос
Урьд амарлин ахуйд бясалгаваас үхэхэд юун тус.
Адгуусны төрөлд жич бас төрөх болуузай
Ай хөвгүүн чи тийм ёсыг сонс янагш
Амгалан биеийг тэгш агуулсан цагт
Атгаг үгүй үзэгдхүүнийг түрдсэн.
Тэр хэмээвээс амарлин ахуйг шударгадсан буюу
Түүгээр дурдахуй мэдэхүй тод болсон цагт
Тэгүүдрэлгүй өөрөө гэгээн болмуй, зул мэт
Дэлгэрсэн цэцэг мэт өөрөө тунамал болмуй.
Арилсан огторгуйг нүдээр үзсэн мэт
Асар ухаан хоосон тодорхойяа үзэгдэх
Атгаг үгүй тунгалгаар гийсэн тэр
Амарлин ахуй сэтгэлээр үзэгдсэн буюу.
Сэтгэлдээ үзэгдсэн түүнийг шүтээн болгож
Сайтар гурван эрдэнэд залбирсан мэт
Сэтгэж сонсох бээр номыг нэвтэрхийеэ ухаж
Самуу бие үгүй онолт үлэмж үзэхүй дор.
Амарлин ахуйн сэтгэлийг сайн шижмээр уягдахуй
Асран нигүүлсэхүй төгс хүчит төрөлхийтөн бээр
Ай бусдад (47v) туслах чин бат хүчээр
Ариун хутаг гуйснаар дээш удирдсанд .
Маш арилсан үзэхүй мөрийг илт бөгөөд
Магад үзэхүй бээр үлэмж үзэхийг ухмуй
Манжиж сэрэхүй эгээрлээр сайн ухааныг тэнд үзмүй
Манлай бурхны газарт одох үгүй бээр хүрмүй.
Эс үзвээс бээр номын биеийг тэр цагт үзмүй
Эс бүтээвээс бээр өөсөөн бүтмүй дуршил
Иймийг сэтгэлдээ агуултугай увшиг хөвгүүнээ”
Эрдэнэ хутагт лам тийн хэмээн номлоод, тэр хөвгүүнийг дэргэдээ авч, авшиг увдис соёрхоод бясалгуулснаар бясалгалын хязгаарт хүрсэн сэтгэлийн хөвгүүн Санжайжав лугаа уулзсан арван хоёрдугаар бөлөг.



[1] Upasaka,dge bsnyen


МЯЛЫН БУМ ДУУЛАЛын 
өмнөх бүлгүүд
буй...

0 Сэтгэгдэл:

Post a Comment