Балдарбум охин лугаа уулзсан арван дөрөвдүгээр бөлөг.

Арван дөрөвдүгээр бөлөг

Намо гүрү. Мяларайба гэж алдаршсан тэр богд Даго (rta sgo .tib) нэрт цаст ууланд бясалгахаар одсугай хэмээн сэтгэж, намрын цагт Зүнги гадвалэсүм (gcung gi gad pa gle gsum .tib) нэрт улсад өөд болсон цагт тэдгээр улс иргэн тариа хадаад зөөж авч яван бөлгөө. Нэгэн их тариаланд бэлгэ билгийн дагинын бэлгэ лүгээ төгссөн, арвантаван тэдүй наст нэгэн охин тариа зөөж яван ажгуу.
Мяларайба тэдний дэргэд өөд болж одоод, ийн хэмээн:

 “Өглөгийн эздээ, надад сайн идээн ундаан өг” хэмээн зарлиг болбоос тэр охин өгүүлрүүн:
 “Егүзари ээ, чи тэр хотын хаалганд өөд болж суу. Би бээр хоромхон тэнд одсугай” хэмээвээс тэдүй Мяларайба лам тэр хотын хаалганд өөд болж хүрээд, гартаа барьсан бэрээгээр хаалгыг нь түлхвээс тэр хаалга нь чимээтэйеэ нээсэн даруйд тэр хотын дотроос үзэшгүй муу дүртэй нэгэн эмгэн нэгэн атга үнс атгаж ирээд, “гуйланч егүзари ээ, та зуны цагт цагаа гуйгаад, өвлийн цагт дарс гуйму за. Та бээр хэзээ бээр амар суух хаа буй. Чи хүн үгүй чөлөө бүхүй цагт миний охин хийгээд бэрийн чимгийг хулгайлж авсугай хэмээн ирвэй зэ” хэмээн биеэ дугтарч ачаад үнсээ цацсугай хэмээн завдаж маш ихэд хилэгнэвээс, хутагт Мяларайба ийн (50r) хэмээв.
 “Эмгэн ээ, чи бээр хойно их уурлаж хилэгнэвээс өөрийн зоригоор бол. Эдүгээ хоромхон миний эдгээр эгшгийг сонс” хэмээгээд есөн утга лугаа төгссөн энэ утгасыг шүлэглэрүүн:
“Тонилохуй сайн төрлийн жаргалан лугаа нэгэн
Дорогш гурван муу заяаны зовлон лугаа хоёр
Дундад хаа төрөх эрх үгүй лүгээ гурав
Тодорхойяа тэр гурав төгссөн цагт .
Тэмцэгч хэрүүлч муу ааль авирт чи
Тэмдэгтэйеэ оноод өөрийн сэтгэлээ шинжил
Тийм үйлээн огоорч богдсын номыг үйлд
Тэжээд төгс чанарт ламыг шүт.
Эн урьд эрдээ одохуй цагт
Ийм муу сэтгэл чамд буй болбоос
Эрт урьд яаран босохуй лугаа нэгэн
Эгнэгт шөнө хожид унтахуй лугаа хоёр.
Дуусгал үгүй үйлс лүгээ гурав
Тэр гурвыг төгссөн цагт
Тэмцэж олон өгүүлэгч муу авирт
Тийм муу авираа огоорч өөрийн сэтгэлээ үз.
Хийх л бөгөөс богдосын номыг үйлддэхүй
Хичээж шүтэх бөгөөс төгс чанарт ламыг шүттүгэй
Хямрах муу сэтгэлээ сайтар огоортугай
Хяналт хатагтайн ноён лугаа нэгэн.
Үхэх бөгөөтөл хэрэглэх албан авах лугаа хоёр
Үгүй болбоос бээр үл болох хөвгүүн лүгээ гурав
Омгоор өөрийн сэтгэлээ түлэгч муу авираа
Өөрийн сэтгэлдээ онож тийм муу юугаан огоордохуй.
Тасрал үгүй богдсын номыг үйлдвээс маш сайн
Тэжээд төгс чанарт ламыг шүтвээс маш сайн
Тийм болох, үл болох сэтгэлийг оногдохуй чи
Тэмдэгтэйеэ хүрэх бөгөөс хулгайлж авах лугаа нэгэн.
Олз үгүй булаагч дээрэм лүгээ хоёр
Үхэл шарх үгүй тэмцэлдэхүй лүгээ гурав
Үл удан тэр гурван төгссөн тэр цагт
Омог хилэнгээ тэвчигч муу аальт.
Тийм тиймийг сэтгэж өөрийн сэтгэлээ оногдохуй
Дээр богдсын (50v) номыг сайтар хичээгдэхүй
Төгс эрдэмт богд ламыг шүтэгдэхүй
Түүнчлэн өөрийн сэтгэлийг ийн буюу хэмээн дураддахуй.
Онц хүмүүний охины нүүр дур харахуй лугаа нэгэн
Өөрийн хөвгүүний ширүүн үг лүгээ хоёр
Олон ач үр хомголзохуй лугаа гурав
Олбор үгүй тийм гурав төгссөн цагт .
Хүлцэнгүй сайтар бясалгагч зоригт
Хөдөлш үгүй өөрийн сэтгэлийг шинжилдэхүй
Хүчин чадсаар богдсын номыг үйлддэхүй
Хүндлээд төгс эрдэмт ламыг шүтэгдэхүй.
Түүний хойно ийн болох үлхүүг сэтгэ
Түүгээр хүзүүндээн хөгнөө чирсэн хонь мэт нэгэн
Далдлан шувууг нууж барих ёсон лугаа хоёр
Түүнчлэн хэлбэгий газарт суухуй лугаа гурав
Үл удан тэр гурав төгссөн цагт
Өтөлвөөс бие нь бүхүй сэтгэлээ мунхармуй
Өөрийн сэтгэлдээ тийн бүхүйг сэтгэтүгэй
Үйлдэх бөгөөс богдосын номыг сайтар үйлдтүгэй.
Ханал үгүй шүтэх бөгөөс чанарт ламыг шүтэгдэхүй
Халагар ийм иймийг сэтгэж огоордохуй
Гадаад арьсаа сарьслан атирсан лугаа нэг
Хатаж махаан барагдсан ясан лугаа хоёр.
Тэнэг дүлий балай болсон лугаа гурав
Тэр гурав нэгнээ төгс нийлсэн цагт
Тэнчирч үзэш үгүй муу сайрт
Дайрах муу үйлийг огоорч өөрийн сэтгэлээ шинжил.
Эндүүрэлгүй үйлдэх бөгөөс богдсын номыг үйлд
Эгнэгт хичээх бөгөөс богдсын номыг хичээгдэхүй.
Эрдэмт богд ламыг сайтар шүтэгдэхүй.
Эдүгээ ийн болох үлхүүг болгоон сэтгэгдэхүй.
Хүчит будангуй идээ ундаа лугаа нэг
Хүнд навтархай хөнжил лүгээ хоёр
Хөсөр унтах амал үгүй орон лугаа гурав
Хөвчин тэр гурав төгссөн цагт .
Олонд гэсгээгдсэн (gesekigdegsen) муу авирт
Өөрийн сэтгэлдээ санан тиймийг огоордохуй
Үйлдэхүй л бөгөөс богдсын номыг үйлд
Үлэмж шүтэх л бөгөөс чанарт ламыг шүт.
Саваа үгүй ийм үйл эдүгээ буй үгүйг сэтгэ чи
Сайн төрөл хийгээд тонилох өдрийн одноос чухаг буй
Самуу орчлон ба (51r) муу заяа тоосноос олон буй
Сандарч бие сэтгэлээ ангижрахуй цагт .
Омог ихтэн хаа одохыг мэдээ үгүй буй за та нар
Өөрийн сэтгэлдээ сэтгэ тийм үйлсийг
Огоорч богдсын номыг сайтар үйлд
Үлэмж төгс эрдэмт богд ламыг шүт”.
Удирдагч лам тийн хэмээн зарлиг болбоос тэдүй тэр эмгэн Мяларайба ламын нигүүлсэхүй хийгээд сонсохуй мэт сайн эгшгийг сонсож, эрх үгүйеэ бишрэл төрсөнд гар дахь үнсээ салаагаараа цувруулж асгавай. Тэр эмгэн бээр урьд уурласнаа буруушаан гэмшиж, нулимс нь асгаран суун бүхүйд Мяларайба ламд хотын хаалга зааж өгөгч охин нь ирээд ийн хэмээн өгүүлрүүн: “егүзари ээ чи номч хүмүүнд адил бус ажгуу. Энэ эмгэнийг асхих шалтгаан чинь юун бэ” хэмээвээс эмгэн өгүүлрүүн:
“Охин минь ээ. Энэ ламд үл уурлатугай. Энэ лам намайг асхисан бус буй за. Би бээр ламд маш хилэгнэвээс хариу нь надур ном соёрхсонд, аяа надад гэмээс бус нэгээхэн бээр үгүй ажгуу хэмээн өөрийн сэтгэлээ цөхөрч, ном үйлдэн эс чадав хэмээн гэмшиглэн сэтгэлээр нулимс алдлаа би. Охин минь ээ. Чи миний мэт эмгэн бус буюу. Нас чинь өчүүхэн, эд таваар чинь баян, бишрэл чинь их бөлгөө. Энэ лам бээр Мяларайба хэмээх богд мөн ажгуу. Энэ ламыг өргөн хүндлээд ном авшиг увдис өч” хэмээвээс охин өгүүлрүүн:
“Тийм бээр бөгөөс та хоёр их гайхамшигт буюу. Ламаа чи егүзарисийн эрхэт Мяларайба мөн л бөгөөс эдүгээ чиний нүүр үзсэний төдүйгөөр буян хураасан буй за. Номчдод үндэслэсэн шалтгааныг номловоос шавь нарыг итгүүлэх болоод сэтгэлийг нь цөхрүүлж урвуулах увдист буй хэмээн сонслоо. Чиний тийм үндсэн лам хэн бүхүйг номлон соёрх” хэмээсэнд Мяларайба тэр охиныг (51v) нэгэн заяат шавь болох ажгуу хэмээн сэтгэж, үндсэн лам нарын эдгээр шүлгийг номлоруун:
“Тэгш түгээмэл номын биет Самандбадра лугаа нэг
Төгс бэлгэ үлгэрээр чимэглэсэн жаргалангийн бэлгэт Очир Дарь лугаа хоёр
Дээд хувилгаан биеэр амьтнаа туслагч шагжамуни лугаа гурав
Тэр гурав лугаа төгссөн егүзари бөлгөө би.
Үлэмж тийм гурван үндсэнд сүслэн бишрэгч
Охин ажгуу чи” хэмээн зарлиг болон номловоос охин ийн хэмээв:
“үндэс чинь их гайхамшигтай ажгуу
Үлгэрлэвээс усны тэргүүн цаснаас урссан мэт буюу чи.
Туст номын мэдэхүй дохиог гадаад ламд шүтэж
Дотоод төрөл үгүй номын бие магад орших хэмээмү
Тунамал өөрийн үндсэн лам хэр бүхүйг
Дулдуйдаж шүтсэн ёсоо номло” хэмээсэнд.
“үндсэн лам нар ийм буюу” хэмээн
Удирдагч хутагт Мяларайба лам нь
Үлэмж төгс чанарт лам нарыг шүтсэн ёсоо
Охины асуусан хариу нь ийн номлоруун:
“Мэдэхүй нь гаднаа тэмдэглэсэн гадаад лам
Магад ухааны үндсэнг дотор үзүүлэгч дотоод лам
Мэлзээ үгүй утгасын үндсэн үзүүлэгч утгасын лам
Мэдэхүй тийм гурван ламт егүзари бөлгөө би.
Тийм гурван ламыг бишрэгч охин буюухүү чи
Тийн хэмээн номлон зарлиг болсонд нь
Тэр охин “тэдгээр дээд лам чиний
Үлэмж тэнсэл үгүй хэтэрхий сайн лам нар ажгуу.
Үлгэрлэвээс алтан утсанд хэлхсэн оюу эрдэнэ мэт
Үлэмж болсон тийм ламд урьд ном өчихүйдээ
Үнэхээр авшгийг хэр авлаа” хэмээсэнд
Охины хариу нь хутагт лам ийн номлоруун:
“Оройдоо хумх тавигдсан гадаад авшиг
Өөрийн биеийг бурхан болгон бясалгах дотоод авшиг
Үнэн чанар лугаа тохиолдсон утгасын авшиг
Үлэмж гурван авшигт егүзари бөлгөө би.
Тийм гурван авшгийг өчигч охин буй болмой
Тийн хэмээн номлоод (52r) зарлиг болсонд
Тэр охин “авшиг чинь бээр маш гүн нарийн ажгуу
Тийм хэмээвээс араатны хаан арслан нь.
Хамаг араатныг цогоор дарах мэт нэгэн ажгуу
Гайхамшиг авшгийг өчсөний хойно ухааны мөр болгох
Харил үгүй утгасын хөтөлбөр буй хэмээн сонслоо
Халагар өчсөний хөтөлбөр хэр буй” хэмээвээс хариу номлоруун:
“үнэнээр сонсох сэтгэх бясалгах гурван гадаад хөтөлбөр
Ухааныг тодорхойяа болгогч дотоод хөтөлбөр
Оюун сэтгэл хураан хагацах үгүй утгасын хөтөлбөр
Үлэмж тийм гурван хөтөлбөрт егүзари бөлгөө би.
Тийм гурван хөтөлбөрийг өчигч охин буй болмуй
Тийн хэмээн номлоод зарлиг болсонд
“Тэр хэмээвээс арчмал толин дахь хөрөг мэт ажгуу
Тийм хөтөлбөрийг өчөөд ууланд оршин сууж.
Үлэмж явдлыг үйлдэх хэрэгтэй хэмээн сонслоо би
Удирдагчаа явдал чинь хэр буюухүү”
Хэмээвээс охины асуусан
Хариуд бээр өдүүлж ийн хэмээн шүлэглэн номлоруун:
“Аюулт ууланд суух гадаад явдал
Авирд цогцсыг хайрлал үгүй өгөх дотоод явдал
Асар гагц чанараар явагч ухааны явдал
Ариун тийм явдалт егүзари бөлгөө би.
Тийм сайн явдлыг өчигч охин буй болмой чи
Тийн хэмээн номлоод зарлиг болсонд
“Тийм явдал чинь хэмээвээс л
Дээр огторгуйд гарди нисэхдээ.
Хамаг жигүүртнийг цог жавхлангаар дарах мэт
Гайхамшигт маш сайн явдал бээр буй ажгуу
Хагархайяа тийм явдлаар муу шалтгааныг нөхөд болгоод
Хамгийг “пад” хэмээх гэрт оруулагч буй хэмээлээ.
Ай чи “падын” нэгэн утгыг номло” хэмээвээс
Ачит Мяларайба түүний хариу нь ийн хэмээн номлоруун:
“Атгаг хураасныг тархаах гадаад пад
Асар ухааныг {ухаан} бидүүрснийг сэргээгч дотоод пад.
Ахуй ёсны агаарт багтсан утгасын пад
Аюул үгүй тийм гурван “пад” лугаа төгссөн егүзари бөлгөө би
Асар тийм гурвыг дуурьсгагч { дуурьсагч } (52v) охин буй болмуй
Алдаршсан Мяларайба тийн хэмээн номлосонд.
Тэр охин Мяларайба ламд ийн өчрүүн.
“Тийм “пад” хэмээх нь маш их гайхамшигт буй ажгуу
Тэр “пад” их хааны аймаг цэргийн бүрээ хийгээд
Давж үл болох зарлиг мэт түргэнээ туслагч нэгэн ажгуу.
Залбиран бясалгахуй цагт оюун билиг хэр болмуй
Занги товч нь хэр болмуй” хэмээсний хариуд өгүүлрүүн
“Засдаг үгүй шүтээн их түгээмэл болон үзэгдмүй
Засдаг үгүй мөр нь нэвтэрхийеэ ихэд үзэгдмүй.
Үр нь бээр засдаг үгүй махамудра болон үзэгдмүй
Оюун билиг гурав лугаа төгссөн егүзари бөлгөө би
Огоот тэр гурвыг бүтээгч охин буй болмуй
Охины хариуд тийн хэмээн номлон зарлиг болбоос.
Тэр охин бээр Мяларайба ламд ийн өчрүүн
“Тийм оюун билиг нэмсэн чинь хэмээвээс
Дээд огторгуйд түгээмэл наран сайтар ургаваас
Тэмдэгтэйеэ хамаг бодосыг гийгүүлэхүйд адил.
Үлэмж их гайхамшигт буй ажгуу
Үнэн тийм оюун билгийг сэтгэлдээ бясалгаад
Утгасын гүн зориг хэр боллоо” хэмээсний хариуд өгүүлрүүн
“Оюунд тэнгэр чөтгөр үгүй нь үзлийн гүн зориг.
Сэтгэх алгасах үгүйг бясалгалын гүн зориг
Сэрэх эгээрэх үгүйн үрийн гүн зориг
Сэжиг үгүй тийм гурван гүн зоригт егүзари бөлгөө би
Сайн тийм гүн зоригийг хүсэгч охин буй болмуй”.
Тийн хэмээн номлоод зарлиг болсонд
Тэр охин бээр маш сайн бишрэл болж
Дээшид мөргөөд, хөлийг нь оройдоо тавьж
Дээд Мяларайба ламыг харшдаа залж одоод.
Өргөн хүндлээд ийн хэмээн өчмүй
“Удирдагч ламаа урьд би мунхагтаа түйдээд
Үнэн номыг эс бүтээлээ, эдүгээ чамайгаа дагасугай
Өршөөж ном соёрх” хэмээн гэмээ өчиж
Дээшид ном айлтгахын утга энэ шүлгийг өчрүүн:
“Дээд богд лам эрдэнэ минь ээ чи
Тийн төрөгсдийн манлай хувилгаан бие
Тэнчүүрэн мунхгаа маш түйдэж би.
Хотол энэ ертөнцийн жаргаланд ташуурч (53r)
Гурван зуны их хүчит үүлэнд бүрхэгдээд
Хорт сэтгэлийг гийгүүлээд наран ургасныг эс мэдвэй
Гурван өвлийн хүчит их хүйтэнд дарагдаж.
Цэцэрлэгийн сайтар дэлгэрснийг эс мэдлээ
Чилгэрт муу авьяас их хүчитийн тул
Чамайг шидэт ажгуу хэмээн эс танилаа
Чилээт бидний ёсыг өгүүлбээс л.
Муу заяаны эрхээр муу биеийг авбай
Муу төрөлт түйтгэрт түйдэж
Магад бурхан мөн бүхүйг эс танивай, бид
Маш зориг сэтгэл үгүйн тулд номыг үл сэтгэмүй.
Тунамал номыг үйлдэх болон атал зальхайяа автмуй
Төвшин сайн болбоос бээр өөрийн нөхөртөө автмуй
Төрөлхи муу болбоос нөхөддөө жигшигдмүй
Туст эцэг эх юүгээн хотолд огоормуй.
Амраг нөхрөө үхтэл өмөөрөн оролдмуй
Алжаан чилэн атал наадан цэнгэлдмүй
Авир ааль муут уур хилэнт болмуй
Ааль нь муу бүхүйн тул хүмүүнээ сонжигдмой.
Өөрийн гэртээ суун атал омогшмуй
Үлэмж эд таваар буй бөгөөтөл бээр
Өөд үгүй харам сэтгэлээр баримталж
Үхэж мөнх бус болохыг үл мэдмүй.
Бие дэх сүүдэр мэт дагамуй, нүгэл нүгүүд
Бахархаж дээд богдсын ном нугуудыг
Ба бүрэн хийсүгэй хэмээн сэтгэмүй би
Бас бээр тийм хялбараа мэдэн ухах нэгэн номыг.
Дээд богдоо надад өгөн соёрх
Тэр охин бээр тийн хэмээн өчсөнд
Түүний хариуд нь лам ийн номлоруун:
“Тэгш үгсийг минь нааш сонс Балдарбум охиноо.
Мэхт эмсийн энэ үлгэр ёсон хэмээвээс
Магтаж сайшааваас өөрөө омогшмуй
Муушааж доромжилбоос уур хилэн төрүүлмүй
Магад өчүүхэн сэтгэл барих цагт чинь хүрвэй.
Ноёгтой лугаа ханьцахуйгаа ятгаж
Нот сэтгэлээр эрдэмт ламыг шүтэх цаг болбой
Нөгчих энэ насны үйлээ тэвчиж бүрүүн
Нөгөө заяаны үйлээ бүтээх цаг болбой. (53v)
Агуурсан эдийг харамлахуйгаа тэвчиж л
Алагчлах үгүй өглөг өгөх цаг болбой
Асар тиймийг мэдвээс хэрсүү охин буй за чи
Ай бор болжморд адил буюу охид та.
Хэл нь урнаа өгүүлбээс богдсын номыг үйлдэгч нь цөөн
Хэлэгү шугуй дахь дуу нь шувуунд адил охид та
Хэзээ бээр өнгөө засаад богдсын номыг хэр хэрэглэмүй
Хэрэгт худалдаачны ашигт адил охид та нар.
Хуурмаг сэтгэлээр богдсын номыг хэр бүтээмүй
Хотол номын ёсоор бүтээсүгэй хэмээн таалбаас чи
Хойноос минь дагаад надад адил үйлдтүгэй
Хурднаа ууланд одоод увдисыг сэтгэ”.
Тийн хэмээн номлон зарлиг болбоос л
Тэр охин бас хутагт Мяларайбад
Дээшид ийн хэмээн сайтар өчөөд
Давтан бас шүлэглэн ийн өчрүүн.
“Ай эрдэнэ хутагт лам минь ээ
Уулзсан амьтныг туст болгогч егүзари ээ
Авирд дуусгал үгүй үйлс үтэр өнгөрмүй
Алдал үгүй шөнө тутам мунхаг нойронд дарагдаж.
Дээл идээний зардасун болмуй, өдөр шөнө насад
Дээд номыг үйлдэх чөлөө хаа болох түүнд”
Тийн хэмээн өчвөөс лам зарлиг болруун:
“Тэжээд чи богдсын номыг үйлдэх л бөгөөс.
Хотол ертөнц дахины үйлсийг дайсан хэмээн
Хол болон огоорох хэрэг буюу” хэмээгээд
Хутагт Мяларайба тэр охины хариу нь
Хорт үйлсээ тэвч хэмээн ийн номлоруун:
“Дүү охин Балдарбум минь ээ
Түүгээр сонс баялаг бишрэлт
Тэдүрү эндээс хойд заяанаа урт болмуй
Тийм хүнсээ сайтар бэлдэв үү.
Үлэмж тийм хүнсийг үл бэлдвээс
Өглөгийг бээр ханатал өгдөхүй
Өөд үгүй харам сэтгэлээр хайрлаваас.
Олз тус үгүй хорт болмуй.
Харам сэтгэлийг дайсан бүхүйг мэдэв үү
Хагархайяа мэдээд хармаа огоордохуй
Харил үгүй сэтгэлт Балдарбум охин минь ээ
Гагц энэ заяанаас хойд заяа харанхуй буй.
Зулыг бэлдэж сайтар үйлдэв үү
Зулыг сайтар эс бэлдвээс (54r)
Зохист нь гэгээн гэрэл буюу бясалгадхуун
Зохис үгүй мунхаг хэмээх энэ дайсныг.
Тус болох хэмээн бариваас хорт болмуй
Торгуульт мунхаг дайсан бүхүйг мэдэв үү
Түрвэл үгүй мэдээд хол болгон огоордохуй
Тунамал сэтгэлт Балдарбум охин минь ээ.
Үлэмж энэ ертөнцөөс хойтын аюул их
Удиргуулсныг бэлдэн үйлдэв үү
Удирдагчийг сайтар эс үйлдвээс л
Үлэмж ном бүхийн тул тиймийг бэлэддэхүй.
Садан ураг хэмээх ятгагч тэр дайсан
Сайн туст хэмээн бариваас бээр хор болмуй
саатуулах дайсан бүхүйг мэдэв үү чи
Сайтар мэдээд хол болгон огоордохуй.
Сэжгээс хагацтугай Балдарбум охин минь ээ
Сэрэгдэх мэт буй, эндээс хойт хавцгай урт
Сайн мөрийг сайтар засан үйлдэв үү
Сайн мөрийг сайтар эс засваас л.
Тийн хичээнгүй бүхүй тул сайтар хичээгдэхүй
Дайсан хэмээх нь урнаар аргадагч буй
Түүгээр тус болох хэмээн бариваас хор болмуй
Тэнчүүрүүлэгч зальхайг дайсан бүхүйг мэдэв үү.
Тэжээд тиймийг мэдвээс хол болгон огоордохуй”
Тийн хэмээн номлон зарлиг болсонд
Тэр охин бас дээшид ийн өчрүүн
“Дээд богд ачит лам минь ээ.
Хойдод хэрэгтэй юуныг бээр эс бэлдвэй
Хутагт лам чи гэгээндээ сэтгэж
Хоосон чанарын нэгэн хөтөлбөрийг номлон соёрх”
Хуурмаг үгүй чин сэтгэлээр өчсөнд.
Дээд лам маш баясаж үнэн чи номыг үйлдэх бөгөөс
Тиймийн тул нэр юүгээн {эс} арилжваас гэм үгүй болмуй.
Дээд нь энэ насанд бурхан болохын тул
Тийм бүхүйн тул үсээн дүйлэх ёсыг хувилгах
Үгүй болбоос бээр болох хэмээн номлоод
Үлэмж хөтөлбөрийг сайтар бясалгах хийгээд
Оюун билгийг нэмүүлэх дөрвөн үлгэр ба.
Утга лугаа зохилдох эдгээр тавыг номлоруун:
“Дуртгалт Балдарбум охин минь ээ
Түлэд баялагт чин бишрэлт охин чи
Тунамал энэ огторгуйд үлгэрлээд
Дунд хязгаар үгүй нэгнийг бясалга.
Гийгүүлэгч наран саран хоёрыг үлгэрлээд
Гэгээн түйтгэр үгүй нэгнийг бясалга
Хэзээ бээр энэ ууланд (54v) үлгэрлэж
Хэлбэрэл үгүйеэ нэгнийг бясалга.
Үлэмж их далайд үлгэрлэж
Ургамал гүн хязгаар үгүй нэгнийг бясалга
Өөрийн сэтгэлээ сайтар ухаж
Уйдах тотгор үгүй нэгийг бясалга”.
Тийн хэмээн номлоод биеийн засал хийгээд
Түүнчлэн сэтгэлийн оньсыг зааж бясалгуулсанд
Тэр охин бээр маш сайтар бясалгаад
Тэгүүдрэлгүй сайтар оюун билиг төрсөнд.
Сэжиг атгагийг арилгахын тулд
Сэтгэл <сэтгэх үгүйгээр> богдод ийн хэмээн өчвэй
“Сайтар нигүүлсвэй, эрдэнэ богд лам аа намайг
Сайнаар одсон хувилгааны биет ламаа.
Огторгуйг бясалгах нь хялбар буй за
Униарт үүлсийг бясалган үл чадмуй би
Үймцэх үүлсийг бясалгах увдисыг соёрх надур
Ургамал наран сарныг бясалгах хялбар бөлгөө.
Гариг нагшадарыг бясалгаж үл чадмуй би
Гариг нагшадарыг бясалгах увдисыг соёрх эдүгээ
Гэгээн уулсыг бясалгах хялбар буй за
Хэлэгү өвс модыг бясалгаж үл чадмуй би.
Тийм өвс модыг бясалгах увдисыг соёрх
Далайг бясалгах хялбар бөлгөө надур
Давалгаа долгиог бясалган үл чадмуй би
Давалгаа долгионыг бясалгах увдисыг соёрх.
Ай өөрийн сэтгэлийг бясалгаваас хялбар буй за
Атгаг сэжгийг бясалган үл чадмуй би
Атгаг сэжгийг бясалгах увдисыг соёрх надад (54v)
Адилтгаш үгүй богд та”, тийн хэмээн өчвөөс
Туст Мяларайба лам тэр охинд
Тунамал их бясалгал төрсөн ажгуу хэмээн баясаж
Тотгорыг нь арилган, бясалгалыг нь нэмүүлэхийн тул
Түрвэл үгүй ийн номловой, охины хариу нь.
“үнэн чин зоригт Балдарбум хатагтай охин оо
Үлэмж сэтгэлээр сонс баялаг хатагтай чи
Огторгуйг бясалгах хялбар болбоос л
Огторгуйн үүл бээр огторгуйн ридэс нь буюу.
Тунамал огторгуйг өөрийн агаарт агуулдахуй
Тодорхойяа гийгүүлэх наран сарныг бясалгах хялбар болбоос
Дулдуйдсан гариг нагшадар наран сарны рид буюу
Түрвэл үгүй наран сарныг өөрийн агаарт агуулдахуй.
Уулсыг бээр бясалгах хялбар болбоос л
Ай өвсөн модон (55r) уулсын рид нь буюу
Уулсыг өөрийн агаарт агуулдахуй охин чи
Ахуй их далайг бясалгах хялбар болбоос л.
Давалгаа долгио нь далайн рид нь буюухүү
Далайг өөрийн агаарт агуулдахуй охин чи
Тэмдэгтэйеэ өөрийн сэтгэлийг бясалгах хялбар болбоос
Тэнчүүрүүлэгч атгаг сэжиг сэтгэлийн рид нь буюу.
Ийм сэтгэлийг өөрийн агаарт агуулдахуй
Ийн хэмээн зааж бясалгуулснаар
Эрхэн сэтгэлийн номын ахуй ёсныг ухаж бүрүүн
Эцэст тэр охин энэ илбэ бие нь, чин гүн дуугаар [цэнгэлийн дуугаар] удиртгаж огторгуйгаар дагинасын оронд өөд боллоо. Хутагт Мяларайба лам дөрвөн охин дүү шавь нарын дотроос Жүнгигамбалэгсүм агуйд Балдарбум охин лугаа уулзсан арван дөрөвдүгээр бөлөг. 

0 Сэтгэгдэл:

Post a Comment