Хэрхэн зохиол туурвих талаар Хэмингуэйн долоон зөвлөгөө


Эрнест Хэмингуэй зохиол хэрхэн туурвих хийгээд өгүүлэхүйн урлагийн нууцын талаар хэзээ ч тусгайлан бичиж байсангүй. Гэвч түүний уран бүтээл, захидал, сэтгүүлд зориулсан өгүүлэл сэлтээс нь энэ талаар хөндөж, тусгасан олон арван санаа, зөвлөгөөг олж уншиж болно. Ларри В.Пиллипс гэгч эрхэм эдгээрээс нь түүвэрлэж, “Эрнест Хэмингуэй туурвихуйн тухай” хэмээх номыг 1984 онд хэвлүүлж байжээ. “www.openculture.com” цахим хуудаснаа эл номноос сонгосон долоон зөвлөгөөг нийтэлсэн байна.

1. Ганц  үнэн өгүүлбэр бичихээс бүх зүйл эхэлдэг. 

Хэмингуэй зохиолчид учирдаг бэрхшээлийг давах энгийн аргатай байжээ. Хорьдугаар зууны хориод  онд Парист өнгөрөөсөн он жилүүдийнх нь дуртгал болох нь “Moveable feast” номондоо тэр ийн өгүүлжээ: 
Заримдаа шинэ өгүүллэг эхлэх гээд нэг л болж өгөхгүй байвал би ил галын өмнө суугаад, жүржийн базсан хальс галд хийж, хөхөлбөр туяа татуулсан дөл гаргасаар чад пад хийн шатахыг нь хардаг байв. Парисын сууцныхаа дээвэр дээр гарч эргэн тойрныг ширтэнгээ “Санаа зоволтгүй дээ. Чи ямар ч үед бичиж байсан, одоо ч бичих л болно. Гол нь ганц үнэн өгүүлбэр л бичих хэрэгтэй байна. Санаанд буй хамгийн үнэн өгүүлбэрээ биччих” гэж өөртөө шивнэдэгсэн. Эцэст нь би тэр үнэн өгүүлбэрээ бичиж, тэгээд л цаашаа хөвөрч өгдөг байлаа. Миний мэдэх эсвэл хаа нэгтээ харсан, хэн нэгнээс сонссон ганц үнэн өгүүлбэр хэзээд бэлхэн явдаг учраас ингэх нь хялбар байв. Хэрвээ би хэн нэгнийг танилцуулах, ямар нэгэн зүйлийн тухай нягт нямбай өгүүлэх хэрэгтэй болвол угалз мэтгэж, уран нарийн ур гаргахыг урьтал болголгүй, анхны, энгийн үнэн,өгүүлбэрээ зоож авдагсан. 


2. Хэрхэн үргэлжлүүлэхээ мэдэж байхын тулд хэрэгтэй үедээ зогс.

Жигд, тогтвортой ажиллахын тулд өдөрт бичих үгээ хэмжиж, хазаарлах нь Хэмингуэйд, төсөөлөлийн ертөнцөө тултал нь шавхахгүйг ямагт хичээдэг зуршилаас нь дутуугүй чухал байжээ. 1935 оны 11 дүгээр сард “Esquire”сэтгүүлд хэвлэгдсэн “Маэстрогийн дотоод хүүрнэл: Задгай тэнгисээс илгээх захидал” өгүүлэлдээ тэрбээр, залуу зохиолчдод дараах зөвлөгөөг санал болгожээ:
Хамгийн сайн арга бол урагштай бичиж байхдаа, цааш нь  юу бичихээ мэдэж байхдаа л зогсох. Хэрэв чи өдөр бүхэн ингэх юм бол, зохиолоо гацалгүйгээр үргэлжлүүлэн бичиж чадна. Энэ л чамд хэлж, санаж явахыг захих хамгийн үнэтэй зөвлөгөө минь юм даа.  

3. Ажиллаагүй үедээ зохиолынхоо тухай огтоос бүү бод.

Энэ удаа Хэмингуэй өмнөх санаагаа лавшруулан, амсхийж, шинэ өдрийг хүлээх үедээ зохиолынхоо талаар бодохгүй байхыг зөвлөж байна. “Ингэснээр чиний далд ухамсар ямагт сонор соргог байна. Харин чи энэ талаар ухамсартайгаар бодож, эсхүл санаа зовоод эхэлвэл тархи чинь бичихээсээ өмнө туйлдаж хоцорно”. Энэ талаар тэрбээр “Moveable feast” номондоо мөн дэлгэрэнгүй өгүүлсэн байна.
Зохиол бичих явцдаа,  гараас гаргасан хэсгээ  унших нь надад амин чухал байдаг. Хэрэв чи сая бичсэнээ эргэцүүлж бодоод эхлэх л юм бол, дараа  бичих зүйлээ үрэн таран хийж буй нь тэр. Бодохгүйн тулд биеэ сульдтал дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.  Бас хайртай хүнтэйгээ янагийн цэнгэл эдлэх хамгаас сайхан арга байна. Харин дараа нь  дотор чинь хоосрох үед  бодох юмгүй, ажилдаа санаа зоволгүй, эргээд бичихтэйгээ болтлоо эмх цэгцтэй нь аргагүй унш. Туурвихуйн худаг усаа шавхах учиргүйг би хэдийнээ ухаарч, ёроолд нь багахан ус үлдэхэд ямагт ажлаа зогсоох болсон юм. Шөнөдөө худаг минь эх булгаасаа даргилан дүүрч хонодог билээ. 

4. Ажлаа үргэлжлүүлэх цаг болоход өмнө бичсэнээ эргэн уншихаас эхэл.

Өмнө дурьдсан өгүүлэлдээ Э.Хэмингуэй үргэлжлүүлэн, бичсэнээ унших дадлын талаар өгүүлсэн байна:
Хамгийн шилдэг арга бол хянан тохиолдуулах маягаар өдөр бүр эхнээс нь  эхэлж, өмнөх өдөр нь хаа зогссон тэр хүртлээ унших юм. Хэрэв хэтэрхий уртдаад байвал өдөр бүр өмнөх бичсэнээсээ гурван бүлгийг, долоо хоног бүр эхнээс нь унших хэрэгтэй. Ингэж байж л сая бүх зүйл нэгэн цулд зангилагдах боломжтой.

5. Сэтгэл хөдлөлд бүү хөтлөгд. Яг л хий.

Амьдралыг ойроос ажих нь сайн бичихийн үндэс гэж Хэмингуэй хэлсэн юм. Түлхүүр нь зөвхөн үйл явдалын өнгөн талыг ойроос үзэж сонсохдоо биш, өөрийнхөө дотор буй мэдрэмжийн уг шалтгаан, ул мөрийг шинжин гаргаж тавихдаа юм. Хэрэв та зохиолдоо тодорхой үйлдэл эсвэл мэдрэмжээ хүний сэтгэлд хүртэл нь оновчтой, бүрэн дүүрэн илэрхийлж чадсан л бол уншигчид түүнд автах нь дамжиггүй. “Үдээс хойших үхэл” номондоо Хэмингуэй үүний тулд хэрхэн хөдөлмөрлөдөг байснаа дурьджээ:
Бичихээр оролдох тутамдаа би яг юу мэдэрсэнээ үнэн мөнөөр өгүүлэхийн сацуу, юу мэдрэх учиртайгаа,  ямар учралаар үйл явдал нөхцөлдсөнийг буулгаж, тулгарсан сорилт, сэтгэлийн хөдөлгөөнөө биежүүлэх гэх мэтчилэн асар их бэрхшээлийг өмнөө үүтгэж орхидог. Сонины бичвэрт бол тэр өдөр чухам  юу болсоныг  нэг л аргаар өгүүлж, зарим зүйлийн тухай цаг үеэ олсон баримтуудыг сэтгэгдэл төрүүлэм байдлаар дэлгэн тавьхад л хангалттай. Харин уран зохиолын хувьд, нэг жил, эсвэл бүр арван жилийн турш үнэ цэнээ алдахгүй баримтыг үйл явдалын дэс дараатайгаар, аз байвал хангаллттай тодорхой өгүүлэхийн тулд би хэрээсээ хэтэрсэн хөдөлмөр зарцуулах хэрэгтэй болдог.

6. Харандаагаар бич.

Хэмингуэй захидал, эсвэл сэтгүүлд өгөх өгүүлэлээ ихэвчлэн бичгийн машин дээр харин гол бүтээлээ харандаагаар бичдэг байжээ. Энэ талаараа тэрбээр “Esquire”сэтгүүлд нийтлүүлсэн нэгэн өгүүлэлдээ дурьдсан байна: 
Эхлэн бичих үед алхам бүхэн чинь чамд хөөр бахдал төрүүлдэг ч, уншигч түүнийг чинь мэдрэхгүй. Илүү  хялбар, таатай учраас бичгийн машин хэрэглэх нь дээр санагдаж магадгүй. Бичиж гаршсаны дараа бол хамаг зорилго чинь  сэрэл таамнал, харууц, мэдрэмж, газар орон, сэтгэл хөдлөл гээд бүхий л зүйлсийг уншигчид бүрнээ хүргэх явдал болдог. Ингэхийн тулд бичсэнээ сайтар нягталдаг байх хэрэгтэй. Харандаагаар бичвэл уншигчид хүргэхийг хүссэнээ илэрхийлэх боломж гурав дахин нэмэгдэнэ.  Юун түрүүнд бичих зууртаа уншина, шивэх явцдаа сайжруулах боломжтой болно, эцэст нь дардсан дээрээ ажиллана. Чингэснээр бичвэр чинь торолгүй хөвөрч засаж нягтлахад ч амар болдог.

7. Товчхон бай.

Хэмингуй бол өөрийнх нь өгүүлснээр, “Бичгийн машиндаа үгүй гэж хэлж сураагүй”, биеэ тоосон зохиолч билээ. Тэр 1945 онд өөрийн хэвлэн нийтлэгчдээ хандаж ийн бичжээ: 
“Геттисбургийн илтгэл”* товчхон байгаа нь санамсаргүй хэрэг огтоос биш. Хүүрнэхүйн хууль гэдэг угаас нислэг, математик, физикийн зарчимуудын адил хөдлөшгүй, нэгэнт тогтсон зүйл билээ.



----------------------------------
*Америкийн иргэний дайны үеэр, 1863 онд  Геттсбургт болсон цус асгаруулсан тулаанд амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулж Абрахам Линкольны хоёр минут хүрэхгүй хугацаанд хэлсэн товчхон боловч утга төгөлдөр үг тус улсын түүх, уран зохиолын үнэт дурсгал юм.

0 Сэтгэгдэл:

Post a Comment