Алчуур намирах шиг чичрэхээ болио доо...


Санах л юм, чамайг санах юм
Сарны доогуур гол чимээгүй урсахыг санах юм
Модон гүүр тохойлдоод зогсоход
Мойл нүд чинь сормуусандаа чийгтэхийг санах юм
Тэртээ хөндийд бороо цаашилахад
Тэрлэгний чинь заамаар туяа гийхийг санах юм
Арилсан борооны солонго гэзэгнээс чинь зүүгдээд
Арын ууланд хөхөө донгодохыг санах юм
Чисчүү тэрлэгний богино хормой задалж
Чилгэр үдшийн бороонд гүйхийг чинь санах юм
Шанзны чинь эгшгээр гэрэлтэй тооны чинь олж
Шарилжны дундуур очдог хашааг чинь санах юм
Сөхөрсөн согоо шиг чинэрсэн гоолиг биеий чинь
Цөөрөмд булхах сар шиг ариухан гэж санах юм
Аян холын харгуйд учрахгүй л юмсан чамтай
Алчуур намирах шиг чичрэхээ болио доо гэж санах юм
Сахал байтугай салхинд ч хиртмээр арван найман насы чинь
Сарниахгүйн эрхээр чамтай уулзахгүй юм сан гэж санах юм.



Зохиолч До.Цэнджав

0 Сэтгэгдэл:

Post a Comment