САЙН НӨХРӨӨ САНАХУЙ НАМРЫН САЛХИН УЙТАЙ...


Яруу найрагч Б.Лхагвасүрэн

САЙН НӨХРӨӨ САНАХУЙ НАМРЫН САЛХИН УЙТАЙ(дурсамж)




Гурван гүрэн гурван талаас нь залбиран байдаг их цаст Алтайн уулсын элгэн дэх Монгол улсын хилийн 1-р баганын харалдаа торгон хилийн застав дээр гялалзсан олон од түгсэн хүйтэн шөнө “ Таны найЛхагваа насан өөд болов. яаралтай ир” гэсэн цахилгаан авч билээ. Үнэмшмээргүй гэнэтийн мэдээ байдаг ч энэ “хутга” шиг мэдээ намайг бодох ухаангүй болтол оносон… Намайг хүүхэд шиг дагадаг найз минь надтай цуг явж монголын их уулсыг үзнэ гэж олон хоног хөл хөөрцөг болсон доо. Хөдөө явахын урьд орой над руу утасдаж – Ажил их би явж чадахаа байлаа… гэж дуу муутайхан ярьсан. Лхагваа явахаа болилоо гэхээр миний ч урам хугарсан. Гэхдээ бид хоёрын дундуур орох их хагацлын чимээ тийм ойрхон сонсогдож байсныг анзаарах сөгөө байсангүй. Яг явах өдрийн өглөө Лхагва эрт утасдаж – сайн яваарай гэж хэлсэн үгээр бид хоёрын нарны дор ярих яриа дууссан байна лээ…Лхагвааг би дагаж, үгүйдээ бид 2-т утсаар ярилгүй өнжсөн өдөр арван хуруунаас цөөхөн байсан даа.Намайг явахад даралт нь байн байн 240 хүрч байсан.- би нэг л ядраад гэж хааяа хэлдэг ч үхэхийн тухай үг цухуйлгаж байгаагүй. Битүү цагаан цасан дундуур гаргасан жимээр баахан алхлаа.Зайчилсан хунгар миний бүсэлхийгээр татаж байв.
Тэр их уулын өвөр цас унах биш, үүл тэр чигээрээ сунаж царцдаг юм шиг санагдсан… Цухал хүрч цээж багтран төдхөн нулимс унаж өгөхгүй нүд чинэрэн- Би яаж байна даа хэмээн өөрийгөө сэхэх тэнхэлгүй болсныг хожим мэдэрсэн…
Пийшинд чихсэн гишүү дөлтэй тэрсэлдэн пис пас хийн тэрүүхэндээ тэсэрнэ… пийшингийн амнаас гарсан галын гэрэл тэрхэн орчиндоо томорч багасч албинтана. Тэр шөнө нойр гэдэг манант дарс миний ойр битгий хэл тэр хавьд ч алга. Толгой дотор Лхагва бид 2-ын гол дүрд тоглосон амьдралын кино л гарч байлаа. Бүүр мартчихсан үйл явдлууд хүртэл хаанаас гараад ирэв гэмээр тод үзэгдэнэ.Лхагваагийн амьдрал хүн болгонд хүртээлтэй дэлгэр үйл явдалтай байсан юм. Тэр хүн хорвоогийн дундуур “Галилейн” сүүлт од мэт гэрэл хөглөрүүлэн өнгөрсөн…
Алив юманд үнэн голоосоо хандана. Харин энэ нь ой ухаан бие сэтгэлд нь нэвт шингэсэн зүйлд л гардаг байсан. Наанаа бол хүний амьдрал гээчтэй хөөцөлдөж тоглож байгаа хүүхэд шиг харьцдаг байлаа. Бодит үнэн гэж бодож байсан бүхэн минь ганцхан хар эгшинд алга урвуулах мэт өөрчлөгдөн дурсамж болон үлддэг байна. Хүмүүн гэгч гэгээн дурсамжийн босго дэрлэн унадаг бололтой. Бидний сэрүүн зүүдэлж явахдаа авахуулсан олон зураг л үлдэж дээ…Бодол болгон үхэлд тулж төгсч байв. Үхэл ямар том аугаа гашуун болохыг үлдэгсдэдээ ойлгуулах гэж жамын хаалгыг цувж алхдаг бололтой…”Жанжин” жагсаалын цэрэг бидэн он цагийг эгнэн гишгэлсээр атал бүтэн гэгдэх бүхэн эмтрэн байдгийг мэдэрсээр байх нь ухаарлын хаан номыг зузаалсаар байнам.Сайн нөхрийн тухай халуун дурдатгал хөвөрсөөр…

1968 оны хаврын салхи өвөр суйлсан өдөр Улсын их дэлгүүрийн зүүн талын номын дэлгүүрт “Саарал даага” гэдэг жижигхэн ном хорин ширхгийг авч байгаа махлагдуу, нүүрэндээ томдсон алаг нүдтэй, И.Репиний зурсан “Мусоргскийн хөрөг"-тэй жигтэйхэн адилхан хүнтэй таарч,- Хүүхдийн баяраар бэлгэнд боох нь уу? гэж миний мулгуутан асуухад нөгөө хүн: – Миний бичсэн ном хүүхэд та хоёрт ахдах болов уу? гээд тагжгар шар шүдээ гарган инээсэн сэн… Бид хоёрын яриа хонин амаар нийлж, дэлгүүрээс гаран хамт алхах зуураа би бас л тэсэлгүйтэн шүлэг бичдэг санаатай гэж хэлтэл нөгөө хүн цочих мэт эвгүйхэн харснаа- Яруу найрагт чиний багтах зай байгаа юмуу гэж хэлчихээд нэг хүнийг дуудсанаа уулзаж, дуу шуу бололдон надад баяртай ч гэж хэлэлгүй явж одов. Араас нь харахад майга хөлний дундуур хуйларч байсан бүлээхэн салхи намайг дайрч дэнжигнүүлэх шиг болж билээ. Тэр хүн миний муу Лхагва байсан юм.
- Оройн галт тэргээр буцна ч гэх шиг нөгөө сүйд болсон хүнтэйгээ ярих нь сонсогдоод тэр хоёрыг явахад хөдөө суудаг зохиолч л юм даа гэж бодсоор олны шуугиан дунд живсэн. Би орчлонгийн олон хүмүүн дундаас ингэж л Лхагваагийн зүсийг нүд сэтгэлдээ нээж билээ… Түүнээс хойш бид 2 Зохиолчдын хороо, гэрт нь, Р.Хорлоогийнд, Д.Урианхайнд, Д.Батбаярынд, Л.Дашнямынд, хөдөө хотгүй, Бээжинд, уран үгсийн чуулганд, ер хаа сайгүй, сайндаа сар хүрэхгүй завсарлагатайгаар гучин жил уулзаж хооронд нь хэрсэн адуу мэт үерхэж дээ.
Лхагваа минь надтай хамт миний нутагт очиж тав хонож билээ. Миний нутгаас буцахдаа нутгийн минь уулсыг харснаа,- Чиний шүлэг шиг уул, ус юм гэж хэлсэн сэн… Зуны дэлгэр цагийн ногооны униар дунд бид хоёр тарваадсан морьд шиг явсан… Чамайг би нутагтаа аваачна. Миний унасан газар, Гурван хөвсгөл,Гуа тээг,Авлайг минь нэг үзээрэй, бие биендээ яаж заяав даа гэмээр нутаг бий гэхэд нь үнэтэй хөөрөгний толгой шиг хамрын самсаа нь сарталзан хэдэн том нулимс унасан нь одоо миний дэвтэр дээр под под хийн дусах мэт. Лхагва минь морин хуур сан бол биен дундуураа далд нэвт урссан чавхдастай хуур байж билээ…

Аман дээрээ хэн нэгэнд шууд эв дүйгүй хатуу үг хэлж суухдаа дотор чавхдас нь энэрлийн аялгуу хайлж байдагсан. Хүнтэй мөн ч амархан танилцана. Хоёр гурван үг сольсныхоо дараа Дурак минь гээд л ярьж гарна. Хэнийг ч хамаагүй загнана. Тэгснээ анекдотоо урсгаж эхэлнэ. Нэг хүнд нэг явган шогийг нэг л удаа ярина. Дахин давтагдахгүй их ойтой. Шар шүдээ гарган мартагдахын аргагүй инээнэ. Хүмүүстэй наргиж суугаад “Лхагваагийн ам чинь эмийн аптек юм шүү дээ” гэхэд-Яг. Миний ам ганцхан “Биомицин” зардаг юм шүү дээ. Надад үнсүүлсэн хүүхнүүдийн ханиад дороо эдгэнэ гээд л нэг их инээнэ. Шинэ янжуур аваад тагийг нь сөхөхөд Лхагва инээж байгаа юм шиг байдаг гээд хэлсэн чинь- Хуцаад бай.Дурак минь гэж загнасан. Их таатай юм өөрт нь хэлбэл Битгий хуцаад бай гээд л инээнэ. Таагүй юмандаа духаараа хараад л суучихна. Бөжигнөсөн өтгөн дуу гаргаад л дуулна.Лхагвааг дуулж байхад нь хэн бугай ч дуулах шаардлагагүй буюу,”хүчингүй” болно.Дуулж дуусаад "би чинь тавимал хоолойтой гоцлон дуулаач юм шүү дээ. Ардаа хоорын дуучид зогсоочихоод урд нь дуулж байгаа гоцлон дуулаач гэдэг чинь “ханан хадны өмнө асч байгаа зул шиг харагддаг юм" гээд ярьж гарна. Лхагваагийн дэргэд мэдэхгүй дууг нь дуулна гэж горьдохын хэрэггүй. Шинэ хуучин дууг бүгдийг нь мэднэ.Их амархан уйлна.
“Мал сүрэг хотолсон үдшээр чамайгаа
Санаад санаад ханашгүй еэ хө” гээд дуулахад – Тэгэхэд л нэг хүн санах зав гардагийм.. гээд уйлна. Лхагва жинхэнэ хөдөөний хүүхэд. Ярьж суухад нь үгнээс нь ааруул,агь хоёр үнэртэх шиг болдогсон.Бага сургуульд байхад нь залуу эхнэртэй өвгөн Лхагвааг дуудаж өргөдөл бичиж өгөөч гэж гуйжээ. Залуу эхнэр нь хөдөө дургиж,сумын төвд суудаг өвгөнөө их л гомдоосон бололтой гэнэ. Өвгөн,- За чи номтой хүн ,бичээд бай.

…Хөгшин намайг үхсэн мэт болвол
Хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг минь
Хөвсгөл сумын захиргаанд авчирч тушаа” гэж бичүүлсэн гэдэг. Гуравхан мөр энэ өргөдлөөр миний хорвоогийн амьдралтай хутгалдах их гараа эхэлсэн гэж нэгэнтээ ярьж билээ… Нутгаа их санана. Насаараа гэгээн сайхан нялх цагаан инээд цухалзсан уянга ухааны тэмцлийн эрэлд хатаж явсан даа.
Бидэнд үхэл ,хагацал баяр баясгалан, ер нь хуваалцаагүй зовлон жаргал юусан билээ… Ёстой л… “Уулан хэцийн салхинд сүүлэн ширэлдээ задалж,усан дээр буусан сарыг тэнцүү хуваан залгилж” явсан даа. Дурсахын амтыг үйрүүлж хичнээн гаславч, шинэдийн саран,нарны дор дахин уулзах гэдэг нэгэнт өнгөрчээ. Лхагва минь жамын бугуйл намируулсаар , амьдралд хоргодсоор шингэх нартай цуг,мөнхийн хөтлийг дэндүү эрт, дэндүү гэнэт давж одлоо.
Тэр орчлонгоос зөндөө юмыг эрдэг байсан. Огт хүн хэлээгүй үгийг,санааг, охиндоо ирэх аз жаргалыг эрдэг байсан… Өөрийнхөө төрсөн эцгийг эрдэг байсан… Нэгэнтээ надад – Өчигдөр нэг сэтгүүлч надад ирээд "Эмнэлгээс саяхан гарлаа, надтай цуг хэвтсэн нэг өвгөн яг чиний эцэг байсан" гэж хэллээ…Би хөл ул болж гүйгээд очсон чинь тэр өвгөн эмнэлгээс гараад явчихсан байна… гээд урамгүйхэн ярьснаа,- Миний эцэг Цагаан гэрийн заставт алба хааж байсан цэргийн дарга хүн юм гэнэ лээ. Төв аймгийн хүн байсан гээд санаа алдсансан. Хүнд загнуулах дургүй,загнасан хүний өөдөөс үгээ эвлүүлж хэлж чадахгүй дүлэгнэн “ухааны уучаар” нөгөө хүнээ хэлтрүүлдэг. Нэгэнтээ "Лхагвасүрээн , элдвийн хүнд загнуулах ер нь дэмий шүү.Хүний загнаад байх нь ер нь ус цацаад байх шиг. Ханьдаа бол яахав дээ. Манай Цэцэгмаа чинь сүү цацаж байгаа юм шиг загнана.Орой хариад гадуур хувцсаа тайлахад загнасан үг нь баатар вангийн хувцаснаас унадаг сум шиг асгараад уначихдаг юм" гэж билээ. Ханьдаа чанадын хайртай хүн байлаа. Орчлонг орхихынхоо өглөө ханьдаа сүүгээр бульдсан цай чанаж өгөөд гарсан гэдэг. Тэгээд эргэж ирээгүй. Тээр жил охиндоо Нарандулам гэдэг нэр өгчихөөд “Наран эх “гэдэг нэр өглөө.Дулмаа гэдэг чинь түвдээр эх гэсэн үг хэмээн баярлан ярьж ,-намайг нар элс хоёр хүн болгосон гэж хөхүүн суусан сан.
Сайн нөхөр маань үе үе яс янгинатал бодогдох юм. Алив юманд түүртэгдэхгүй их бодож,ярьж явж явж, суугаад л бичнэ.Ухааны их нөөцтэй агаад зарим юман дээр бид хэдийг маргаж суухад духаараа хараад л суугаад байна. Хэтийдсэн ухааны өндөрлөгөөс биднийг харахад инээдэмтэй байдаг байсан бизээ…Одоо бодоход…
Гэрт байхдаа гал их түлэх дуртай, хоол яггүй хийнэ.Алив юманд тухлах дуртай байсан. Бүхий л амьдралдаа ан ав гэж яриагүй хүн байх. Буу, хутга ч гэж дурсахгүй. Жаахан халамцуу оройтох тоолондоо малгайгаа их булаалгана. Нэг жилийн өвөл гурван ч сэгсгэр булаалгасан дуулдана. Нэгэн удаа толгой руу нь цохиод малгайг нь булаасан хүний хойноос ,- чи толгой руу цохиод байхдаа яадаг юм. Малгай л авна биз. Толгой нь надад хэрэгтэй , малгай нь чамд хэрэгтэй л юм байгаа биз гэж хашгирсан гэдэг…Хэтэрхий хэнэггүй гудиггүй хүн гэж Лхагва минь л байсан…
Нэг удаа Т.Галсан, П.Пүрэвсүрэн,Ж.Лхагва бид дөрөв Тэрэлжийн амралтанд амрах, уран бүтээл хийхээр явцгаалаа.1982 он юмсан. Дөрвүүлээ хачин сайхан байцгаасан. Инээж хөхөрч, бие биенээ шоолж, шоглож, бүтээлээ хийж, гол ус атаархам амарцгаав. Амралтаас ирээд хоёр ,гурван сарын дараа Урианхай ,Батбаяр хэдүүлээ Лхагваагийндаа цуглаж орой болтол наргицгаалаа. Нэлээд халамцсан Лхагва маань амралт ярьж гарснаа,- Амралт ч яахав дээ сайхан байсан даа, Үсчин хүүхнүүд энэ тэр Лхагвасүрэнг тойрч эргэлдээд, би Лхагвасүрэнгийн голсныг нь дагуулаад болоод л байлаа гэж ярих нь тэр. Манай эхнэрийн нүүр ул бутраад явчихлаа. Надад орох газар олддоггүй,- Үгүй Лхагва чи юу яриад байнаа гэсэн чинь Баасан та хоёр шиг салах нь өнгөрсөн улсуудад л зориулж ярьж байна гэдэг байгаа… Дэндүү гудиггүй эр хүн сэн…
Тэрэлжийн шар шугуйд би саяхан эхнэр хүүхдүүдээ дагуулж нэг очлоо. Хаашаа л харвал Лхагва бид нарын явж суусан газар.Намрын шар навчны халуун , үл мартагдах нөхрийн тухай дурсамж шажигнаж,хүүрнэж гишгэх газар олдохгүй мэт санагдаж,найзын минь гэгээн мөр өөр юуг ч бодуулахгүй сэтгэлийг хаанчлан байлаа. Бид хоорондоо дэндүү их дассан, олон он жилүүдийг хамт туулж дээ. Тэгэхдээ бүр бие биенийхээ сэтгэлд хумсын чинээ бөрт унагалгүй шүү. Бид тавын үерхэл нөхөрлөл тэр болгонд тийм амархан заяахааргүй хэлхээ юм. Хэдийгээр нэгэн цул гэлээ ч хэн нь ч хэнийгээ нөхөж чадахгүй бие хүмүүс билээ гэдгийг хоногийн эрхийг эргүүлэх тоолондоо ойлгож сууна.

Хүн гэдэг хагацал харуусалтай хэдий эртний танил гэлээ ч үхэл болгон адилхан мөртлөө шинэ юм шиг ирж элэг эмтэлнэ. Гүн ухаан гэдэг хамгийн энгийн юмны хэцүү тайлбар шиг санагддаг шиг… Баяр баясгалан хэзээ ч бие биетэйгээ адилхан байдаггүй аж… Лхагва маань яруу найраг, үргэлжилсэн үг хоёрын бие биедээ үл уусах хутганы мөр шиг зайг дүүргэж оюуны бяраар ширээсэн уянгын өгүүллэгийн эзэн байлаа.Тэр зай зөвхөн Лхагвааг хүлээсэн орон зай юм шиг санагддаг… Хатуу хүүрнэлийн дэгийг мэдсээр мөртлөө, уянгаар түрэмгийлдэг нь өөрийн олсон жимээс гадна хөндлөнгөөс харахад олсоор торго нэхэх шиг ховор чухагаар мэдэгддэгсэн… Балжирын Догмидыг Лхагваагийн дэргэд сууж байгааг нь харахад сая гарсан нойтон унага эхийгээ түшин дэнжигнэж байх шиг харагддагсан. Лхагваагийн олсон уянгын эрлийг Догмид өө хэлсэн хүнд нялуун болгосон юм… Лхагва гаднаа юманд зовдоггүй хүн шиг дүр эсгэдэг мөртлөө дотуураа их шанална. Догмид бол Лхагваад бурхан даалгаж өгсөн “зовлон”,”жаргал” хоёр нь байсан. Догмидыг сайн саар алин явахад дандаа үгүйлж сууна. Догмидын хөдөөх гэнэн баяр гунигийг зэмлэж, соргог уянгын сэрлийг нь тэнгэрт тултал дэвэргэж явна. Амьтны хэл ам алив бүгдээс өмгөөлж “амандаа хүлхэж” өдий дайтай “нэрт зохиолч” болгосон гэхэд ташаа үл болмуй. Дутна дутна гэхэд дундуур болтол дутах анд минь хүн шиг хүн байлаа…

Тэнэгхэн би вээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа,- Намайг үхэхэд Лхагва эзгүй ч байж мэднэ. Тэгэхдээ үхэхэд минь ирсэн хүмүүсээс илүү гуньж явах найз минь … гэж хэлсэнсэн. Гэтэл энэ өгүүлбэр орвонгоороо эргэж Лхагваагаа насан өөд болоход нь харин би эзгүй байдаг байгаа. Нутаглуулах өдрөөс нь өмнө амжиж ирэх гэж Ховд хотын онгоцны буудал дээр өдөржин суухад , хот руу нисэх онгоц битгий хэл шувуу ч байгаагүй өдөр таарч билээ.

Яруугийн мод ургаж байдаг Ховд хотод дулаахан нар ээж байлаа… ашгүй дээ маргааш хот дулаахан байх нь… Найзын маань нарнаас нуугдах өдөр тэнгэр цэлмэг байгаасай… гэж бодож холхиж өнжсөн урамгүй тэр урт өдөр, уйт өдөр…жигүүргүй төрсөндөө харамссан өдөр…
Лхагва маань дандаа өөдөөсөө айсуй яваа цагаан унага бичдэгсэн. Гэтэл тэр минь өөрөө харанхуй мунхаг,шог хорвоогийн амьдралыг орхин алсын цэнхэр талын хөтөл дээгүүр, хагацлаар төөрсөн цагаан унага мэт бүртийсээр давлаа…Нулимстай нүдний үзүүрт ганцхан цагаан цэг бүртийсээр .. намайг нүдээ мөнх анихын цагт хамт чулуужна. Сайн нөхрөө санахуй намрын салхи хавирга нэвт үлээнэ. 


1997.10-р сар

0 Сэтгэгдэл:

Post a Comment