Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэнээг уншдаг, би...

Монгол Улсын ар­дын уран зохиолч, тө­рийн шагналт Ша­равын Сүрэнжав гуайнд хүрч очлоо. Гэргийтэй­гээ хоёул байж байна. "Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэ­нээг уншдаг, би. Ер нь тэгээд Эрдэнэ, Түдэв хоёрын зохиол надад ойр юм" хэмээсээр угт­сан. Залгуулаад "Хүр­гэн маань энэ хөөр­гийг надад дурсгаад" гэж гартаам хөөргөөр тамхилангаа, "Адууны мах иднэ биз дээ. Манай Төв аймгийн Засаг дар­га байсан Энхбат на­дад адуу өгөөд. Түүнийг нь очиж авлаа. Цэндээ намайг адууны махны шөлөнд оруулдаг юм, ядаргаа тайлдаг юм гэсэн". Ийм л ая дан­тай бид хоёрын яриа эхэллээ.   


Зургийн тайлбар:

-Төв аймгийн Авдарбаян сумын уугуул хүүд цэргийн зарлан ирсэн өдөр 
онцгой үйл явдалтохиож байгаа мэт санагдсан гэсэн. 
Зургаа гарахыг нь хүлээсээр гурав хонож байсан гэдэг. 1958 он



-Та бол "Насны ном Цэнд, насны хань Цэнд" гэж хэлдэг хүн. Тантай уран бүтээлийн талаар зөндөө ярилцаж байлаа. Эл удаагийн яриагаа гэргийтэйгээ хэрхэн танилцсанаар эхэлбэл ямар вэ?
-Хүн амын техни­кумын оюутан Цэндтэй ойртож дотноссон минь 1959 он юм. Тэгэхэд би Монгол Улсын их сур­гуулийн оюутан байлаа. Эхний хагас жилийн шал­галтаа онц өгчихсөн додь­горхон нөхөр өөрөөсөө хэдэн насаар дүү охиныг болзоонд урьчихлаа. Цэнд ч татгалзсангүй. Тэгээд одоогийн Төрийн ордны өмнөх талбайн сааданд анх болзож билээ. Цэндээ шар торгон дээлтэй охин зогсож бай­сан сан.
Намайг харсан хэрнээ огт хараагүй юм шиг, таньсан хэрнээ таниагүй юм шиг хажуу­­гаар зөрж өнгөрөөд л. Одоо бодох нь ээ, сэтгэлтэй болсных нь шинж юм уу даа. Манай зохиолч найрагчид дурлалт бүсгүйчүүддээ зориулж нэрнийх нь үсгийн дарааллаар шүлэг бичдэг жишгийг би тогтоочихсон байх шүү. 


-"Нэрээр бичсэн шүлэг" анхны номонд тань орсон байх шүү?
-Ханьдаа зориулж нэр­нийх нь үсгээр бичсэн шүлгээ жаран хоёр онд хэвлэгдсэн "Шөнө ургасан цэцэг" номон­доо оруулж байлаа.
"Цээлхэн дуугий чинь хөгжим гэвэл
Эгшгэнд нь уярсан нь би билээ
Найртай сэтгэлийг чинь нар гэвэл
Дулаацаж жаргасан нь би билээ
Эрэвгэр нүдийг чинь цэцэг гэвэл
Эргэлдэх эрвээхэй нь би билээ" гэсэн шүлэг л дээ. Тэртээ жараад онд бичсэн шүлгийг минь саяхан гавьяат тээвэрчин, инженер С.Иш­бал­­­жир орос руу хөр­вүүлс­нийг ханьдаа зориул­сан номын­хоо эхэнд оруул­сан. Жараад онд бичсэн шүлэг гэснээс жаран он миний хувь амьдралд өлзий билгээ өгсөн жил. Зун нь би Увс аймаг руу Намын төв хорооны үзэл суртлын брига­дад одоогийн ардын багш Бавуугийн Цэ­рэн­доржтой хамт явах бол­лоо. Хоёр сарын томилолтын зардал гэж 1600 төгрөг өгдөг юм. Тухайн үеийн 1600 төгрөг гэдэг их мөнгө л дөө. Түүнээс гэргийдээ цаг авч бэлэглээд, хоёул ижил өнгийн даалим­баар дээл хийлгэж байснаа мартдаггүй. Намар нь том охин Хишигсүрэн төрж Цэнд бид хоёр ижий аав болоод хөөр баярт умбасан. Яг тэр үед радиогийн уралдаанд шог өгүүллэг маань түрүүлж түүний шагнал болох цөөнгүй хэдэн төгрөгийг Доржийн Гом­­божав "МОНЦАМЭ"-гээс олж өгч түүгээр том охиныхоо угаалгыг хийж байсан түүхтэй.
Манай Цоодол ч анхны бүтээл "Нутгийн зургаан өнгө"-ийнхөө шагналаар дунд охин Хулангаа угааж байсан гэдэг. Уран зохиолын буян тэгж л эхэлдэг юм даа. 

Зургийн тайлбар:
-Нэрт яруу найрагч Р.Чойном агсантай тэрбээр үй зайгүй найзууд байжээ. 
Ш.Сүрэнжавын эхнэр Л.Цэндээ тухайн үедээ залуусын гангардаг байсан том захтай 
эрээн цамцыг тэр хоёрт хийж өгсөн өдөр тэд зургаа татуулжээ. 1962 он 


-Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэнээг уншдаг гэж хэллээ. Ингэ­хэд Эрдэнэ баавайтай ойр дотно явсан он жилүүдээ дурсаач?
-Монголын уран зохиолд хувь заяагаар төрсөн хүн бол Сэрүүн Галттай нутгаа сэтгэл сэнсэртэл санадаг Сэнгийн Эрдэнэ юм.
Чухамхүү сэтгэл будангуйрах цагтаа л гэгээн дүрийг нь дуудан ирүүлж, гэрэлт уянгын мөрүүдийг нь уншиж зүрхээ баясгадаг билээ. Эрдэнэ, Чимид, Буриа­дын нэрт зохиолч Дашрав­дан Батожабой нартай жаран таван онд Баян-Өлгий аймаг руу хамт явж саданс­сан билээ. Эрдэнэ тэрхүү аян замаас ирээд "Алтай" хэмээх алдарт нийтлэлээ бичиж бид­нийг бахдуулсан юм.  "Алтайн оргилд дун цагаан салхи салхилж байхад, наахнуур нь хар салхи, улмаар Ховд голын намиатсан шугуйд шар салхи тэнүүчлэн" буйг өнгө­ний яруу мэдрэмжээр гаргаж, өөрийг нь Александр Блок лугаа зүйрлэх сэтгэгдлийг төрүүлсэн дээ. Жаран есөн оны наадмын өмнөхөн Мон­го­лын соёл урлагийн өдрүүд Узбект зохиогдох болж ба­гийн бүрэлдэхүүнийг Намын төв хорооны улс төрийн тов­чооны гишүүн, Сайд нарын зөвлөлийн нэг­дүгээр орлогч дарга Д.Майдар толгойло­хоор бол­лоо. Нэрт уртын дуучин Н.Норов­банзад, уран нуга­раач зууны манлай Но­ров­­сам­­буу, төрийн шагналт хөгж­мийн зохиолч Ц.Намс­рай­жав, ардын жүжигчин Д.Жар­гал­сайхан гээд урлаг соёлын том бүрэлдэхүүн явлаа. Сосор­барам, Лувсан­чүл­тэм гээд дарга, сайдууд явсан ч Майдарын дэргэд үнэндээ жижиг амьтад байв.  

-Зохиолчдоос С.Эрдэнэ баа­вай та хоёр явсан хэрэг үү?
-Тэгсэн. Бид хоёрт хамт явах завшаан тэгж тохиодог юм. Явуу, Цэдэндорж хоёр онгоцны буудлаас халам­цуу­хан үдэж өглөө. Эрхүүд түр буулт хийх үед Эрдэнэ хамт явсан хүмүүсийг дайлан дарс ууж, миний пиджаакны арын халаасанд замд ууна хэмээн мөнгөлөг цагаан толгойтой оргилуун дарс хийсэн нь халаа­­сыг цоолон цухуйгаад амьтныг инээлгэж байхав.  Онгоц яг нисэх болтол бид хоё­рын гадаад паспорт олд­дог­­гүй багагүй сандаргалаа. Тэг­тэл ашгүй Эрдэнийн гар цүнх­­­нээс олдов. Майдар дар­га урд талын суудлаас өн­дийж "Хэн онгоц саатуулаад байна аа" гэж зандрангуй дуугардаг юм. Энэ үед Эрдэ­нэ дув дуугүй сууж байв. Онгоц нисч өндрөө авах үед Эрдэнэ жүжигчдийн арын суудлаас гэнэт босч ирээд "Тэр Майдар юу юм" гэж чанга хашгирснаа буцаад нугдай­гаад нуугдах маягтай суучи­хав. Эрдэнийн тэгж хашгир­сан нь олон хүний зүр­хийг хагалчих шахаж би­лээ. Согтуу хүн сохор ухаан­тай гэгчээр онгоц өндрөө авсан үед "хэрэг" тарихаа мэдэж байхгүй юу цаад чинь. Сүүлд нэр цол олсон хойноо баавай­тайгаа Америк руу дөрөө харшин Потомак мөр­ний гүүрэн дээгүүр үдшийн сэрүүнд хамт алхан, улмаар Вашингтоноос Нью-Йорк хүр­тэл засмалаар давхин 
"Нарны наагуур явахгүй л аад
Нарийнхан жороогийн хэрэг юув
Насандаа намхандаа ханьсахгүй л аад
Наадуулж явахын хэрэг юув" гэж буриадаар дуулал­дан жаргаж явсан. Сүүлд нурсан худалдааны хоёр өндрийн нэгнийх нь гурван давхраас Цэрэндэжид, Цэн­дээ нартаа гоёлын нүдний шил авч, Бродвейн шөнийн солонгон гудамжаар далан найман настай элчин дипло­мат Д.Жаргалсайхан гуай­гаар газарчлуулан тэнэж явлаа. Тэрээр өнгөрөхийнхөө өм­нөхөн "Монголын уран зохиолын алтан үеийн алдарт­­нуудын нэг Шаравын Сүрэнжавт дурсгав" гэж "Тэн­гэ­рийн хөвүүний эцэслэл, Хар хун шувуу" номондоо бичиж өгснийг мартамгүй ээ. Саяхан арван боть нь хэвлэг­дэж, Бат-Үүлийн охин авчирч өгсөн. Эрдэнэ баавайтайгаа явсан он жилүүдээ энэ мэт дурсана гэвэл зузаан гэгч боть болох нь мэдээж дээ.
Зургийн тайлбар:
-МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг улаан дипломтой төгсөж, 
амьдралын их зам руу хүсэл зориг, итгэл дүүрэн алхсан үе. 1963 он  

-Олон хүний тухай зузаан зузаан ботиуд бичнэ дээ. Гол учир нь та өнөөдөр утга зохиолын амьд домог болжээ. Хэн бугай ч маргах­гүй байх. Чимид гуайн тухай асуумаар байна, таны хөрөг нийтлэл ч бий?
-Далан есөн оны хоёр­дугаар сарын нэгэн жихүүв­тэр шөнө билээ. Хэдэнтээ үргэлжилсэн үүд тогшилт на­майг сэрээлээ. Гэрэл асааж цагаа харвал өглөөний дөр­вөн цаг хагас. "Өдийд хэн ирдэг билээ" гээд гайхашир­сан янзтай үүдээ тайлтал Чимид зогсч байна. Чими­дийн ирсэн сургаар эхнэр, том охин хоёр ч ухасхийн бослоо. Түүний зовхи нь бүлцийн нүүрэнд нь хөхөлбөр өнгө тодорч хоолой нь сөөнгөдүү байгааг ажихад мань хүнд юуны түрүүнд "зуу" хэрэгтэй байгааг би мэдэрч байв. "Цай яахав, цай яахав" гээд түшлэг­тэй зөөлөн сандал дээр ядран­­гуйхэн налж суусан нь одоо ч нүдэнд үзэгддэг. Эх­нэр, охин хоёрынхоо чөлөө­­гөөр би түүнд "татах уу" гэхэд "Ашгүй чамд байгаа юм уу" гээд биеэ тэгшилж байсан сан. Түүнээс хойш нэг жилийн дараа аугаа их Чимид энэ хорвоогоос буцсан юм даа. "Чимидийн бие тун тааруу байна" гэх яаралтай цахил­гаа­ныг Цэдэв, Явуу нарын хамт Москвад хүлээж авсан наян оны бүүдгэр тэнгэрийн өнгө насан туршид санаанаас гарахгүй байх. Чойжилын Чимид бол хар залуугаараа алдаршсан. 13-тайдаа Мар­шал Чойбалсанд үнэлэгдэн түүнд анхны шүлгээ уншин шагнуулж, нам засгийн хэв­лэлд гарч, тив дэлхийгээр тойрч ертөнцийн сайхан хүүх­­нүүдтэй ч уулзан учирч дэлхийн сонгодгуудтай нэгэн зиндаанд явсан нь үнэн юм. Гучин жилийн ойн кино дэлгэ­цэнд Чимидийн "Жаргалын зам" дууриа уншиж буйг хара­хад ямар чиг бахтай билээ дээ.

-Чимидийг Зохиолчдын хороонд байх үед та хоёр их л ойр байсан гэдэг?
-Ээ хэлээд юүхэв. Тэр бүх дурсамжийг ярина гэвэл барах­­гүй л дээ. Гэхдээ бодол санаанд гэгээн сайхнаар үлдсэн өдөр хоногууд цаг хугацаа алсрах тусам улам тод санагдах юм. Жаран до­лоон оны үед Чимид Зохиолч­дын хорооны орлогч даргын алба хашиж байлаа. Миний бие тэрхэн үед овоо том гэг­дэх "Миний дуулах ертөнц" буюу жүжигчин гэж нэршсэн найраглал бичиж хэвлүүлээд шагналаа цохуулж авахаар Чимидийн өрөөнд орлоо. Тэр ихэд уриалгахнаар 7500 төг­рөг олгохоор баримт дээр бичиж өгөв. Нярав Ложоо гуайгаас мөнгөө аваад гарч ирвэл мөнөөхөн цохолт хий­сэн дар­га маань үүдэнд тосч байна. "Гадаа Энэтхэгийн элчинд үйлчилж байгаа хар тэрэг бий. Чи түүнд ороод суу" гэлээ. Шалмагхан алхалж гараад өнөө ганган хар ма­ши­ны хаал­­гыг татвал арынх нь суу­дал дээр Явуу, Эрдэнэ хоёр сууж байдаг юм аа. Би тэднийг хараад баярлана биз дээ. Чимид жолоочийн хажуу талын суудалд суугаад "Эх­нэр чинь хаана билээ" гэж асууж байна. "Их дэлгүүрийн яслийн эрхлэгч шүү дээ" гэлээ. Тэр даруйд "Их дэл­гүү­рийн үүдэнд очоод зогсоо­рой" гэж жолоочийг захирав. Утга зохиолын аваргуудтай яваадаа би дотроо бахдан баярлаж ганган хар машины минь цонхоор "намайг хүмүүс хардаг ч болоосой" гэж ийш тийшээ сэрвэлзэж л явлаа даа. Тийм л сайхан цаг үе байж шүү. Их дэлгүүрийн үүдэнд ирээд Чимид "за чи яваад эхнэрээ аваад ир" гэв. Би дорхноо таван давхарт гарч Цэндээг дагуулаад ирнэ биз дээ. Ингээд шагналын мөнгөнөөсөө таван мянгыг нь Цэндээд гаргаад барилаа. Зузаан гэгч зуутын ногоон дэвсгэрүүд атгуултал Цэндээ­гийн баярлаж байгаа гэж жиг­тэй­хэн. Гутлынх нь ул гялал­заад их дэлгүүрийн шатаар алга болж билээ. Горькийн сургуулийн дээд курсийн оюут­­ны байрны долоон давх­рын өрөөндөө унтаж байтал шөнө дүлээр жижүүр орос авгай гүйж ирэн үүд нээгээд "Танай Элчин сайдын яам­наас яарал­­­тай ярья гэж бай­на" хэмээн сандруухан хэлэ­хэд нь би ч муу л юм бодлоо. Зүрх түгшин, нэг л халгасан янзтай утасны харилцуур автал "Бай­на уу, Чимид ах нь байна аа" гэх нь тэр. Цааш чагнавал "Би Хар далайд эхнэртэйгээ амраад буцаж явна. Одоо бол Россия бууд­лаас Цэвэл­сүрэн­гээс оргоод Чойжилынд байна. Чи банди нарыг дуу­даж сэрээ" гэж би­лээ. Банди нар гэдэг нь Гоь­кийн сур­гуульд сурч байсан оюутнууд буюу Готовын Нямаа тэргүү­тэй Монголын нэртэй зохиол­чид байсан даа. Бид бол аугаа их Чими­дэд нээрээ л банди нар юм. Дээр нь тэр тэгж гоё дотно­суулж хэлдэг хүн байж.  "Сүрэн­жавтай ярья, Монго­лын Элчин сай­дын яамнаас ярьж байна" гэдэг нь орос ав­гайг хуурах заль л байхгүй юу. Чи­мид бол түүнээ мэднэ ш дээ.           


Зургийн тайлбар:
-Төрсөн ах дүү хоёр төрийн соёрхол хүртсэн тохиолдол олон биш.Яруу найрагч Ш.Сүрэнжав 1988 онд “Ерэн баатрын дууль” найраглалаараа Төрийн шагнал хүртсэн бол түүний дүү Б.Пүрэвсүх агсан “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны ерөнхий зураачаар ажиллаж, энэ эрхэм цолны эзэн болсон юм. 1965 он


-Ламзавын Вангантай та бас л ойр явсан даа?
-Жаран найман оны найм­­­­­­дугаар сарын хуучаар билээ. Дорнод аймгийн төвөөс Халх голыг зорин цэргийн ачааны жаран гурав машинтай хэдэн хүн гарсны дотор Ванган бид хоёр явж байв. Тэгэхэд би цэл залуу­хан байж дээ. Ванган гуай ч гэсэн идэрхэн байв. Эр хүний 49 нас гэдэг бол залуу биз дээ. Их эрт нэрд гарч олон хүн гуайлж хүндэтгэдгээс болоод нэг л настай ахмад хүн шиг санагддаг байсан. Ванган том зохиолч хэрнээ миний ижил ачааны машины тэвшин дээр улаан тамхи угзарч явсан нь хачирхалтай. Яриа хөөрөө нь бүр чиг энгийн. Ачааны 63-ын тэвшин дээр сууж яваа хүмүү­сээс огтхон ч ялгарах зүйлгүй. буурал орж яваа пинтүү мая­гийн халимагтай, булцгардуу намхан бор хүн явлаа. Ан­заар­­сан хүнд бол энгэр дээр нь гялалзаж байгаа өл­зий утастай төрийн шагналт­ны тэмдэг нь л бусдаас арай өөр гэдгийг нь тодруулж бай­сан даа. Вангантай холбоо­той олон дурсамж хэлмээр байна. Гэхдээ жаран найман оны намар сэтгэлд хөндүүр­лээд амаргүй. Монголын соёл урлагт ёстой нэг гай нүүрлэ­сэн он байсан юм. Чехийн жүжигчдийн автобус Туулын гүүрний урд мөргөцөгт онхол­дон хөрвөөснөөр эстрадын од болсон бүх л чуулга сүйрч, түүний улмаас олон хүн ажил албанаасаа хагацсныг бид мэднэ. Доржсүрэн байцааг­дан орлогч сайдаасаа ава­хуулж, Сосорбарам сайд Дорнодын театрын ойд орол­цон эзгүй байснаар Лодой­дамба гуай тулгагдан Чехийн үймээн дундуур олон шари­лыг хүргэн түнээсээ гайтсан уу, хоёр жилийн дараа хор­воог орхиж, Ванган маань удалгүй шарлан тэр намраа явчихаж билээ. Түүнээс хойш нэг л хэсэгтээ Монголын урлаг соёлын нуруу хотойх шиг болж удтал тэнхрээгүй юм даа. Түүхэнд нэг хүний үүрэг бага, энээ тэрээ гэлцэх боловч үнэн хэрэг дээрээ гоц гойд хэдхэн хүн л тухайн цагийнхаа ачааг нуруун дээ­рээ авч явдгийг Ванган, Лодой­­дамба нарын амьдрал харуулсан. Жаран найман оны намар Ванганыхаа амьд­­­­­ралын сүүлийн жилүү­дэд тийнхүү халуун бөөрөө нийлүүлж хамт явжээ. Хөдөө айлуудад адсаган дээр нь өвөртөө унтаж, сэтгэлээ дэв­сэн ярилцахдаа Ванган гуай минь тэр аяараа зохиолын баатар шиг, амнаас унасан үг бүхэн зохиол бүтээлийн зам мөртэй нягт холбогдож бай­сан сан. "Намайг сайд бай­хад..." гээд эхэлдэг яриа нь  үнэндээ ер бус. Дандаа л эгэл хүмүүсийн тухай хөвөрнө.

"Ертөнц амилах хавар цаг аа, чиний урьхан инээмсэглэлд согтуурч
Есөн төө чулууны дор нойрссон нөхрөө дуудан ярилцмаар бодогдоно"
 гэх мөрүүдийг би аугаа Ванган­даа зориулсан юм даа. Монголын театр урлагийн түүх Ламзавын Вангангүйгээр бичигдэх учиргүй билээ.

Явууд загнуулчихаад "Дахиад шүлэг бичихгүй" гэж өөртөө тангараг тавьж байсан сан

-Өмнөх ярилцлага­даа Чимид, Эрдэнэ, Ван­ганы тухай ярьсан. Энэ удаад мөн л авар­гуудын талаар асуу­маар байна. Бямбын Ринчен гуайтай та хэр ойр байсан бэ?
-Тавин нэгэн онд Ав­дар­баяны бага сургуу­лийг төг­сөөд нэг жил хөдөө гарч мал малласан юм. Гэвч сургууль соёлын мөр хөөх тухай бодол өдрөөс өдөрт лавширч, тархи толгойд хүндрээд болдоггүй. Эрдмийн зүг тэмүүлэх сэтгэ­лийн жи­гүүрийг Авдарбаяны уулс, Цантын голд ургуулж өгсөн хүн бол Бямбын Ринчен гуай.

Түүний туурви­сан "Үүрийн туяа" роман намайг адууны бэлчээрт ява­хад хэвлэгдэж, "Цог" сэтгүүлд "Тарас Бульба" туужийн орчуулга цувралаар нийтлэг­дэн дугаараас дугаарыг шим­тэн хүлээхэд хүргэж байлаа. Би гэдэг хүн "Үүрийн туяа" романд өөрийн эрхгүй сэтгэл татагдан, айл айлд уригдан очиж ярьсаар сүүлдээ Ринчен багшийн үг найруулга ой тоонд хоногшиж, нэрийг нь харалгүйгээр түүний бичсэн зүйлийг хэвлэлээс ялган тань­даг болсон. Ингээд малчны хүү би тавин найман онд Монгол Улсын их сургуулийн босгыг догдлон алхсаны сүүл­чээр эчнээ танил болсон эрдэмтэн зохиолчтойгоо нүүр учрах завшаан тохиосон доо.

Зургийн тайлбар:
-1967.09.27 Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавт Монголын соёл урлагийн түүхийг харуулах 
олон гэрэл зураг байдаг. Тэрбээр Монгол Улсад телевиз байгуулагдсан эхний өдөр 
“Анхны зочин” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллажээ. Энэхүү нэвтрүүлгийн зочноор 
баруун гар талаас алдарт барилгачин н.Намсрай, партизан н.Ядамжав, телевийн барилгын 
инженерээр ажилласан, ЗХУ-ын мэргэжилтэн В.И. Алешков, ардын жүжигчин Д.Дамдинсүрэн, 
хоёрдугаар сургуулийн онц сурлагатан н.Эрдэнэчимэг нар оролцож байжээ.

-Их эрдэмтэнтэй уул­заж, үг яриаг нь сонсч явсан дурдатгалуудаасаа хуваалцахгүй юу?
-Жаран нэгэн оны гурав­дугаар сарын зургааны үдэш Их сургуулийн 170 дугаар өрөөнд Ринчен гуайтай уул­залт хийснийг мартдаггүй. Дорно дахины хүн гэдгээ илтгэсэн хөх өмд, хүрэн тэр­мэн дээл дээр мөнгөн арал­тай бүс бүсэлчихсэн нь сонин сайхан харагдаж билээ. Мөрөө шүргэсэн буурал үс, дээд уруул дээрээ хоёр тийш сэрвийлгэсэн сахал тэргүүтэн нь овор оруулсан болохоос уг нь ануухан хүн байв. Царайд нь үрчлээ ховор, духаараа ширтэн духайж, толгойгоо үл ялиг сэжисхийн ярихад нь бид бүгдээ ам ангайн сонсч бай­сан даа. Ринчен багшийн лекцэнд олонтаа сууж, Зохиолч­дын хороонд болон гэрээр нь хааяа учралдан ярьж явсан туульс сэтгэлд долгилдог юм. Нэгэн өдөр шар торгон дээлээ намируул­саар Зохиолчдын хороогоор ороод ирэв. Бие багавтар хийгээд билбүүрдэж гүйхдээ шаламгай нэгэн Ринчен баг­шийн өөдөөс гүйж очоод тол­гой дээрх дугуй малгайных нь оройны товч унасны ормоор буурал үс нь цухуйж буйг ширтэн "Ринчен гуай таны наад толгой дээрх чинь мал­гай юм уу, юу юм" гэхэд, Миний энэ ч эрдэмтний гэгээн тэр­гүүн дээр тавиастай юм боло­хоо­роо малгай нь чиг малгай л даа. Харин таны наад ган­ган бүрхний доорх чинь толгой юм уу, юу юм бэ гэж билээ. Мань хүний сэтгэх аяс нь циркийн шидэх банзны ойлт шиг бодох завгүй тэр дор нь хариу өгдгөөрөө гайхал­тай. Улаанбаатар зочид буу­далд М.Цэдэндорж бид гурав дотносон ярилцсан хормыг мөн л сайн санаж байна.

-Тийм үү, түүнээ тодот­гооч?
-Зөвлөлтийн монголч эрдэм­тэн Клара Якоповская авгайг хүлээх зуур бид гурав энэ тэрхэнийг ярьж билээ. Ринчен гуай сахлаа имэрс­хийн "Би нэг айхтар юмтай учирч билээ" гээд цааш ярь­сан нь "Ерөнхий сайд асан Амар гуайг сахал багшид (Сталинг хэлж байна) бараал­­хахад би хэлмэрчээр дагаж Москвад очсон юм. Амар гуай Сталинтай уулза­хын өмнө ихэд сүсэлж хадаг бэлтгэж ёс төрийг дээдэлж байлаа. Төрийн өргөөнд нь очоод сахалтад яг бараалхах үед тэднийхэн өөрсдөө орчуул­на гээд намайг үүдэнд үлдээлээ. Ороод зөндөө удлаа. Тэгж тэгж гарч ирэхдээ Амар гуай үхсэн хүн шиг үнсэн хөх царайтай болчих­сон "За ёстой амьдын хар нүгэлд ганц мөсөн уналаа даа. Гучин мянган хүний тол­гой залгих хэрэгт тулгагдлаа" гэж гутран цухалдаж байсан сан. Сталинд ч нэгмөсөн сүжиг нь буурсан юм даг" гэж тамхиа асаан ойр ойрхон сорж бодлогошрон байж билээ. Ринчен багшийг таа­лал төгссөн тэр хавар нэг л гунигаар дүүрсэн, элгэн цаа­на үүлс бараагнасан сонин цаг улирал өнгөрч билээ.

Зургийн тайлбар:
-А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд курс төгсөхөд нь 
гэргий Л.Цэнд нь урилгаар очиж баярт мөчийг нь хуваалцсан агшин. 1981 он  

-Одоо Явуугийн тухай яриач. Жараад оны "унага"-нууд болох Бадарч, Пүрэв­сүрэн, Дулмаа, Шагдасүрэн, хоёр Шагдар та бүхэн Явууг багшаа гэж ихэд дотносдог доо?
-Түүний яруу найраг нь түүний шавь нарыг төрүүлсэн юм. Жараад оны бид нар эсэн мэнд байгаа цагт Явуу бидэн­тэй хамт Монголын утга зохиолд мөнх оршиж буй. Тэрээр яруу найрагт үнэндээ шинэчлэл хийсэн хүн. Үг өөрийн өнгө гэрэлтэй, хөг аялгуутай байдгийг чухамхүү тэр л бидэнд хэлсэн. Шүлэг найргаар ид өвчилж явах үедээ Явууд бут ниргүүлэн "дахиад шүлэг бичихгүй" гэж өөртөө андгай тангараг өргөж явсан өдрүүд надад бий. Яруу найргийн зөвлөлийн дэргэдэх нэгдлээр залуучуу­дын шүлэг зохиолыг хэлэлц­дэг байлаа. Миний шүлгүүд бусдаас арай л өөр мэт санаг­даад, өөртөө их итгэлтэй байх үед "Чамд зүрхний үг хэрэгтэй байна.Уянгын хөг аяс дут­маг..." гэж баахан шүүмжлээд хэлэх үггүй болгосон сон. Шүлэг бичихгүй гэж байсан хүн чинь долоо хоноод тэсгэл­гүй үзэг цаасаа шүүрч билээ. Явууд донгодуулсны дараахь шүлгүүд нэг л өөр болоод, өмнөхүүдээ уншиж үзэн ихэд голж байлаа. Тэгээд нэгэн багц шүлгүүд өвөртлөн Явуу багшийн гэрийн босгыг зоримогхон алхаж "Би чамаас ийм л юм хүсээд бай­лаа" хэмээн талимаарсан нүдээр хэлэхэд нь сэтгэлд баяр төрж билээ. Далан хоёр онд "Нутгийн цэнхэр уулс" номоороо Монголын зохиолч­дын эвлэлийн шаг­нал хүртэхэд Явуу багш манайд хэд хоног тухалж Цэндээгээр хоол хийлгэн, ганц нэг юмны бөглөө мултал­сан шигээ сэтгэлийнхээ үгийг ярилцаж байсан даа.  Намайг Горькийд суралцаж байхад захидал явуулж түүндээ "Лхамсүрэн, Гайтав, Чимид нарыг үгүйлж буйгаа дурдаад Чехэд суугаа дүү Амартаа хэдэн хайрцаг тамхи явуу­лах"-ыг аминчлан захисан байв. Наян нэгэн оны хавар нарлаг Казахстаны нийслэл Алма-Атад хамт зорчиж, Ала-Тоо уулын үүл манан хуралд­сан алаг хөх оргилуудыг сэтгэл хөдлөн харж явсан сан.

-Өнгөрөхийнх нь өмнөх жил байж шүү?
-Тийм юм. Бидний сүүл­чийн аялал байсныг тэр үед даанчиг бодоогүй явж билээ. Агаарын хөлгийн гэгээвчээр харахад Балхаш нуур тэртээ дор цэнхэртэнэ. Балхаш нуурын тухай багадаа уншиж байсан шүлгийн мөрүүд санаанд орж түүнээ өгүүлэ­хэд Явуу багш урд талын суудлаас эргэн харж зөөлхөн инээмсэглээд "Багын юм санаа­наас гардаггүй юм. Би аавынхаа авласан ангаа ганза­галаад ирж байсан дүр зургийг ер мартдаггүй. Тэгээд морио амгайвчлан услахад савируулсан дуслаас нь цагираган хээ татуулан түүн дотор аавын минь залуухан дүр төрх далбилзан хараг­даж байсан нь бодол оюунд тодхон байна. Тэр тухайд шүлэг зохиолдоо ч оруулсан даа" гэв. Тэгээд намайг нут­гаа­раа хамт очихыг хүсэм­жилж байлаа. Явуу багшийг бие барсны хойтон жил төр­сөн нутагт нь очиж, цаст гэгээн Отгонтэнгэрийн тэргүүн оргил өөд хараа бэлчээн зогсохдоо Явуугаар ямар их дутаж, түү­нийг үгүйлэн гансарч "Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төр­лөө, би" гэх гайхамшигт найр­гийг нь уншин нүдэндээ нулимс­тай явсан даа. Дараа­хан нь би Хар далайд амрах­даа мөн л тэсэхүйеэ бэрхээр санан шөнө дүлээр босч "Алаг дэлхийд төрсөн минь учир­тай" хэмээх хөрөг тэмдэглэл бичээд санаа жаахан ч гэсэн уужирч байв. Явуу бол үнэн­дээ ер бусын хүн байсан. Халх Монголыг даасан Очир­ваани бурханы дүрээр мөн­хөр­сөн уул Отгонтэнгэр хайр­хан Монголын яруу найрагт нэгэн хүү өгсөн нь Явуухулан юм даа. Түүнтэй ойр дотно явсан минь яасан их хувь заяа вэ. Явуугийн надад үлдээсэн ширэн гэртэй гоёлын хутга, дотуур хантааз, тэхийн дүрс бүхий бариултай үнсний сав зэргийг нандигнан хадгалдаг юм аа. 

Зургийн тайлбар:
Дөчин насандаа Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан Ш.Сүрэнжав гуайг 
шагнал аваад гарч ирсэн даруйд С.Удвал гуай уулзаж буй агшин. 
“За чи төрийн дээд шагнал хүртлээ. Архи уугаад байв аа гэж хатуухан, 
чамбайхан үгээ хэлж байгаа нь энэ” гэж Ш.Сүрэнжав гуай тайлбар хийв.1979 он  

-Цэгмидийн Гайтав гуайн тухай бас асуулгүй өнгөрч болохгүй нь...?

-Гайтавыг надтай Дор­жийн Гомбожав танилцуулж билээ. Тэрээр хэлэхдээ "Энэ нөхөр хүн нь алт шиг сайн хүн байгаа юм. Даанч буруу замаар явчихсан" гэж байсан. Буруу замаар гэдэг нь нөгөө намын шүлэг голчлон бичдэ­гийг нь хэлснийг хожим ухаар­сан даа. Хүний хувьд бол нээрээ л одоо болтол түүнийг муулж хэлж байгааг нь би лав сонссонгүй. Хүнээс мөнгө зээлбэл яг л хэлсэн цагтаа өгдөг, худлаа хэлдэггүй, дээш доош нь бичиг цаас шиддэг­гүй, тушаал хэргэм хөөцөлд­дөг­гүй, долгинож шарвахыг тэвчдэггүй, нүднээс далд муу хэлдэггүй, нүүрэн дээр нь шүлэг зохиодог зарчим, намч хүн байжээ. Тэр ямар ч согтуу байсан айлд хонодоггүй байлаа. Жаран хэдэн оны зун Хүрхрээгийн зусланд бид наргиад шөнө дунд өнгөрч ор дэр засуулсан байтал Гайтав заавал харина гэж зүтгээд Бадарч бид хоёр үглэж дуулж байж Баянзүрхийн гүүр гаргасан. Харанхуйд сондуул дундуур бүдчүүлэн явж хот орох машинд суулгаж өгсөн юм даг. Түүнийг намын шүлэгч энээ тэрээ гэж "ухаант­нууд" цоллох гээд байдаг. Би л хувьдаа зүрхний хөг чавхда­сыг хөндсөн, ард түмний цэцэн цэлмэг авьяасыг шин­гээ­сэн яруу сэтгэлийн уянгыг ухааны номлолоос дорд үзэ­хийг зөвшөөрөхгүй ээ. Гайтав бөхөөр зүйрлэвэл тавиад оны дундаас сүүл үе хүртэл дэвжээн дээрээ босоо байсан шиг санагддаг. Түүнд цагийг эзэгнэн дийлдэшгүй явсан үе бий. Ямар сайндаа Эрдэнэ­батын Оюун "Миний үеийн цогт яруу найрагч" гэж түүнийг бахдан бичиж байхав дээ. 

Зургийн тайлбар:
-Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт байрлах Д.Нацагдоржийн хөшөөний өмнө 
Төрийн гурван удаагийн шагналт Ц.Дамдинсүрэнгийн хамт 1982 он

-Ингээд л өмнөх үеийнх­нийхээ тухай, Монголын утга зохиолын домог бол­сон хүмүүсийн талаар танаар яриулахад амттай байна. Донровын Намдаг гуайтай та бас л наана цаана явсан даа?
-"Амьдрал судлах гэдэг зохиолчид гол зүйл. Амьдрал бол мөнхийн багш. Амьдра­лаас юм авна гэдэг авьяастай холбоотой. Авьяас гэдэг бол эмзэглэл" гэж Намдаг гуай онцлон хэлдэг сэн. Нэг удаа өмнөх ширээгээ гараараа алгадаад "Муу зохиол бичсэ­нээс бичээгүй нь дээр. Хүн өөрийнхөө дотрыг гадагш нь дэлгээд харуулж буй хэрэг. Би ийм л хэмжээний хүн гэдгээ үзүүлж байгаа явдал. Тэгж өөрийнхөө мууг амьтанд дэлгэж харуулахын хэрэг байна уу даа" гэж нухацтай өгүүлсэн билээ. Далан оны өвлөөр Намдаг гуайтай Дундговь аймагт "Уран үгсийн чуулган"-аар цуг явж байхдаа хээр хөдөө машинаас буун хоёулахнаа цастай талаар агаарт сэлгүүхэн алхаж явах­даа нэгэн зүйлийг аминчлан асуусан юм. Тэр нь өнөөх архины тухай л даа. "Нацаг­дорж архинаас болсон гэлц­дэг. Таны үед одоо шиг намын хурлаар оруулна гэж байгаагүй. Шөнийн хэдэн цагт ч тогшсон хужаагийн цонх бэлэн архи өгдөг байсан цаг. Та энэ бүхний хаагуур нь өнгөрсөн хэрэг вэ" гэхэд хэсэг дуугүй бодлогошрон алхса­наа дуугаа өндөрсгөн толгой­гоо цогнолзуулаад "Тэгэхээр болбол ийм юм. Хэрвээ би архи уувал миний дайснууд баярлана. Ухаантай хүн болбол дайснаа баярлуулъя гэж боддоггүй юм" гэв. Тийм л бодлын чагт тавьж өөрийгөө захирахын эрдмийг үзүүлсэн хүн билээ. Энэ хүний үг миний нэг насны турш мар­тагд­сангүй. Ухаантны үг тийнхүү мэргэн тарни лугаа хүний амьдралд тус хүргэдэг байна. Би уг нь Намдаг гуайд хадаг барьж шавь орсон ч түүнээ нэг их ярьдаггүй дээ.

-Яагаад?
-"Дуулалт жүжиг зохиоход чинь тустай байж магад" гэж хэлүүлсний учир би гэрт нь очсон юм. Энэ тухай Х.Занд­раа­байды "Заяа дутсан бурхад" номондоо халуунаар дурссан нь бий. Багаасаа зохиол бүтээлийг нь уншиж биширсний хувьд сэтгэлээрээ эрт шавь орсон гэж болно. Тэгэхдээ би мөн л Зандраа­байдыгийн адил багш гэж хэлж заншаагүй юм. Далан найман онд Өвөрхангай аймагт "Уран үгсийн чуулган" болж Намдаг гуай бид хоёр нэг гэрт хамт хоноглосон юм. Тэгэхэд би түүнээс бас нэг сонирхсон зүйлээ асуугаад амжиж билээ. "Та шоронгоос яаж гарснаа ярьж өгөөч. Гар­сан даруйдаа ямар санагдаж байв. Орох айл уулзах хүн хэр олдож байсан бэ" гэхүйд "Би арван жил аваад зургаан жил, найман сар, хорин гурав хоносон юм. Шоронгоос гаруут шууд яваад очих газар байдаггүй. Гурван хүүхэдтэй эхнэр минь байсан хэдий ч сүүлдээ тэсвэр нь барагдаад хүнтэй болсон хэрэг. Шөнө дүл болтол ногоон дээр жаал суулаа. Салхи сэвэлзэж, тэнгэрт од мичид гялтганан, хаа нэгтээ ноход хуцаад нэг л чөлөөтэй. Сэтгэл ч уужрах шиг. Ямар ч гэсэн эндээс холддог хэрэг гэж бодоод хэд алхлаа. Эргэж харахад шоронд үлдсэн нөхөд минь зовж байгаа нь нүднээ тод­ров. Шаравдоогийнд л ордог юм билүү дээ гэж бодогдож байлаа. Театрын ажилчдын байр Хэвлэх үйлдвэрийн тэнд байсан юм. Айл амьтан унт­чих­сан байдаг. Тэгтэл ашгүй нэг айл гэрэлтэй байхаар нь хаалгыг нь таттал үүдэнд нь байсан хүн цочихдоо огло харайн хоймортоо гарч бай­сан. Аргагүй шүү дээ, улс төрийн хэрэгтэн орон шорон­гоос гарсан хүн шөнөөр гэнэт ороод ирэхээр..." гэж ярьж байсан даа. Намдаг гуай амьдралын булингарт урсга­лыг тэгж л сөрж орчлонгийн сайн мууг үзэж ухаажсан хүн байв. Миний бие хэсэгхэн хугацаанд Явуугийн оронд зөвлөлийн эрхлэгч хийж байх­даа "Намдаг зохиолч "Цаг төрийн үймээн" рома­наа­раа төрийн шагнал хүрт­жээ. Харин жүжгийн зохиол­чийн хувьд юмгүй байна" хэмээн Цэдэвт хэлж "Ээдрээ", "Оролмаа" жүжгүүдийг нь шагналд дэвшүүлэн Соёлын яам ч дэмжсэн юм. Ингэж Намдаг гуай сэрүүн тунгалаг­таа төрийн шагналыг хоёр дахь удаагаа өөрийн ууган шавь Дэмбээгийн Мягмарын хамт хүртэж магнай тэнийсэн билээ.
Үргэлжлэл бий.

Зургийн тайлбар:
-Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди зохиолч, яруу найрагчдыг сар шинээр урьдаг байжээ. Ш.Сүрэнжав, гэргий Л.Цэндээ, Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, 
Төрийн шагналт Л.Түдэв, түүний гэргий Н.Цагаач агсан нар Их тэнгэрт байрлах 
Ерөнхийлөгчийн гэрт жил бүр очдог байжээ. 2004 он


Эх сурвалж:


-Ярилцсан: Н.Гантулга

-Гэрэл зураг болон тайлбарыг 
цахим хуудасны "Фото намтар" булангаас 
тус тус хуулан авч нийтлэв.

0 Сэтгэгдэл:

Post a Comment