...Хоосон чанар өөрөө хоосон чанар болохын цагт...

ХАТАН ГОЛЫН ГҮҮРЭН ДЭЭР


Артай шаргал торго шиг
Хатан голын хөвөөнд
Араншинг чинь өвчиж төрсөн
Шүлгийг чинь дуудлаа, Нямлхагва аа

Эзний минь зүрхийг шархлуулж
Эрдэнэ шиг биед нь мэс өргөсөн
Хараал идсэн үзэсгэлэнтэй Гүрвэлжин гоо хатны 
Халуун амийг авсан ялгуулсан энэ голын

Чиний мөн чанар шиг авах гээхийн урсгалд
Миний зориг зүрх шиг эргийн чулуу мөлийнө
Чиний залуу нас шиг хуйлран оволзох усан
Миний алдсан бүхэн шиг сураггүй жилийж одно

Чиний зохист аялгууны яруу сүнсийг мэдэрч
Миний зовлонт зүрхний гуниг бүхнийг хуваалцаад
Тэнгэрийн хаяатай очиж нийлэх энэ голын авир
Тэнэгхэн залуу насыг бодогдуулах нь юу вэ

Чамайг баринтагласан Олдохын талын сэлүүнийг
Намайг түшсэн цаст Отгонтэнгэрийн сэрүүнийг 
Чамайг надтай уулзуулсан он жилүүдийн сүвэгчийг
Намайг чамтай зангидсан учиг бүхнийг хуучлах шиг...

Гүүрэн дээр чинь гарлаа 
Хөлийн дор цаг хугацаа урсах ажээ, Хатан гол оо
Шүлгийг чинь дуудлаа
Хүний сэтгэл гэгч хөндүүр ажээ, Нямлхагва аа

Зузаан зовлонг даасаар өдий хүрсэн 
Зуун наст энэ болд гүүрэн дээр 
“Алтан хагсуурга” шимэн зогсоход
Айзамд нь уяраад хотолзож байх шиг...

Умардын зэрлэг нүүдэлчдийн 
Угаасан ус Хатан гол
Уйгагүй дайнч чанараа өвлөж авсан 
Уугуул нутаг Хатан гол

Тэмээн жингийн цуваа шиг алгуурхан алсрахдаа 
Ганьсугийн ангамал цөлийн хагасааг тайлж өгөх нь
Амраг охин бүсээ тайлахтай адил байна
Анд чамтай хундага тулгахтай ижил байна

Түүх шастирыг хөлөглөн их далайг зорьж 
Дүүгүүрийн чулуу шиг талийх Хатан голын цадиг
Хоосон чанар өөрөө хоосон чанар болохын цагт
Хоёр сайхан найрагчийн туулсан зовлон шиг мартагдана аа

Алттай шороог өндгөөрөө тээж цуглуулаад
Алжаалыг умартан суудаг инжаан миний дэргэд
Багтаж шингэх аргагүй сагасан их авъяасаар
Бадаг шүлгээ урсгадаг Хатан гол шиг өвчит мину

Шар устай Хатан гол “Хар” нэртэй байсныг 
Шартай залуу насандаа нударга зөрүүлж явсныг
Ээлжлэх дөрвөн улирал ханцуй дотроо мартах
Эмт рашаан усан мэт он цаг мандтугай

Хатан голын гүүрэн дээр
Шүлгийг чинь дуудлаа, Нямлхагва аа
Халгисан бидэрт долгио нь 
Сэтгэлийг чинь тээж ирэх шиг ээ

Ланжөү 
2010 он

Яруу найрагч До.Болдхуяг

0 Сэтгэгдэл:

Post a Comment