залуу насыг минь өндөг шиг сорох хором мөчүүд...


Модны биен дотроос цоо ширтэх нүднээс
Биен дотроо нүдтэй модноос
Мойног хуруунуудынхаа завсраар залуу насыг минь өндөг шиг сорох хором мөчүүдээс
Зэгзгэр ногоон, мэлхий шиг вааглагч өвснүүдээс
Зүүднийхээ хананаас эгнүүлэн өлгөсөн өөрийнхөө дүр төрхүүдээс
Тэнгэр доторх тэнгэрт хөрвөөх азарга цагаан үүлнээс
Тэгээд бас оюун санаанд минь хадан хавцал шиг цуурайтагч ой дурдатгалуудаас
Ус уухаар тонгойх болгонд урдаас минь өмөлзөх уруулаас
Уул нуруудын ботгирсон хөх манан руу даллан дуудсаар байх явган жимээс
Хий үзэгдлүүд, сахиусан тэнгэрийн ч мэдэхгүйг мэддэг хэрнээ
Хэлгүй дүлий юм шиг өөдөөс минь ширтэх сарнаас
Хүсэл тачаалын шуургаар сэтгэлийг минь намрын өвс шиг бөхөлзүүлэгч
Чиний харцны эргэлт, ичимдэг ягаанаас чинь
Амьдрал хэмээх халуун усны цонхоор опера хоолойгоор
Утга учиргүй дуу гинших төрөл нэгтнүүдээс
Үнэний цөөрөм рүү нүгэл буяны навчисыг ангилан үлээх
Ховсдогч хөгжимчнөөс
Цөмөөхэй минь хоёулаа

Нуугдах газар яаж олох вэ?



Яруу найрагч Г.Баяр
ТАНИХГҮЙ ЦЭЦГИЙН ҮР /2013/ номоос 

1 Сэтгэгдэл:

Д . Ичинноров said...

........:(

Post a Comment