Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэнээг уншдаг, би...

Монгол Улсын ар­дын уран зохиолч, тө­рийн шагналт Ша­равын Сүрэнжав гуайнд хүрч очлоо. Гэргийтэй­гээ хоёул байж байна. "Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэ­нээг уншдаг, би. Ер нь тэгээд Эрдэнэ, Түдэв хоёрын зохиол надад ойр юм" хэмээсээр угт­сан. Залгуулаад "Хүр­гэн маань энэ хөөр­гийг надад дурсгаад" гэж гартаам хөөргөөр тамхилангаа, "Адууны мах иднэ биз дээ. Манай Төв аймгийн Засаг дар­га байсан Энхбат на­дад адуу өгөөд. Түүнийг нь очиж авлаа. Цэндээ намайг адууны махны шөлөнд оруулдаг юм, ядаргаа тайлдаг юм гэсэн". Ийм л ая дан­тай бид хоёрын яриа эхэллээ.   


Зургийн тайлбар:

-Төв аймгийн Авдарбаян сумын уугуул хүүд цэргийн зарлан ирсэн өдөр 
онцгой үйл явдалтохиож байгаа мэт санагдсан гэсэн. 
Зургаа гарахыг нь хүлээсээр гурав хонож байсан гэдэг. 1958 он



-Та бол "Насны ном Цэнд, насны хань Цэнд" гэж хэлдэг хүн. Тантай уран бүтээлийн талаар зөндөө ярилцаж байлаа. Эл удаагийн яриагаа гэргийтэйгээ хэрхэн танилцсанаар эхэлбэл ямар вэ?
-Хүн амын техни­кумын оюутан Цэндтэй ойртож дотноссон минь 1959 он юм. Тэгэхэд би Монгол Улсын их сур­гуулийн оюутан байлаа. Эхний хагас жилийн шал­галтаа онц өгчихсөн додь­горхон нөхөр өөрөөсөө хэдэн насаар дүү охиныг болзоонд урьчихлаа. Цэнд ч татгалзсангүй. Тэгээд одоогийн Төрийн ордны өмнөх талбайн сааданд анх болзож билээ. Цэндээ шар торгон дээлтэй охин зогсож бай­сан сан.
Намайг харсан хэрнээ огт хараагүй юм шиг, таньсан хэрнээ таниагүй юм шиг хажуу­­гаар зөрж өнгөрөөд л. Одоо бодох нь ээ, сэтгэлтэй болсных нь шинж юм уу даа. Манай зохиолч найрагчид дурлалт бүсгүйчүүддээ зориулж нэрнийх нь үсгийн дарааллаар шүлэг бичдэг жишгийг би тогтоочихсон байх шүү. 


-"Нэрээр бичсэн шүлэг" анхны номонд тань орсон байх шүү?
-Ханьдаа зориулж нэр­нийх нь үсгээр бичсэн шүлгээ жаран хоёр онд хэвлэгдсэн "Шөнө ургасан цэцэг" номон­доо оруулж байлаа.
"Цээлхэн дуугий чинь хөгжим гэвэл
Эгшгэнд нь уярсан нь би билээ
Найртай сэтгэлийг чинь нар гэвэл
Дулаацаж жаргасан нь би билээ
Эрэвгэр нүдийг чинь цэцэг гэвэл
Эргэлдэх эрвээхэй нь би билээ" гэсэн шүлэг л дээ. Тэртээ жараад онд бичсэн шүлгийг минь саяхан гавьяат тээвэрчин, инженер С.Иш­бал­­­жир орос руу хөр­вүүлс­нийг ханьдаа зориул­сан номын­хоо эхэнд оруул­сан. Жараад онд бичсэн шүлэг гэснээс жаран он миний хувь амьдралд өлзий билгээ өгсөн жил. Зун нь би Увс аймаг руу Намын төв хорооны үзэл суртлын брига­дад одоогийн ардын багш Бавуугийн Цэ­рэн­доржтой хамт явах бол­лоо. Хоёр сарын томилолтын зардал гэж 1600 төгрөг өгдөг юм. Тухайн үеийн 1600 төгрөг гэдэг их мөнгө л дөө. Түүнээс гэргийдээ цаг авч бэлэглээд, хоёул ижил өнгийн даалим­баар дээл хийлгэж байснаа мартдаггүй. Намар нь том охин Хишигсүрэн төрж Цэнд бид хоёр ижий аав болоод хөөр баярт умбасан. Яг тэр үед радиогийн уралдаанд шог өгүүллэг маань түрүүлж түүний шагнал болох цөөнгүй хэдэн төгрөгийг Доржийн Гом­­божав "МОНЦАМЭ"-гээс олж өгч түүгээр том охиныхоо угаалгыг хийж байсан түүхтэй.
Манай Цоодол ч анхны бүтээл "Нутгийн зургаан өнгө"-ийнхөө шагналаар дунд охин Хулангаа угааж байсан гэдэг. Уран зохиолын буян тэгж л эхэлдэг юм даа. 

Зургийн тайлбар:
-Нэрт яруу найрагч Р.Чойном агсантай тэрбээр үй зайгүй найзууд байжээ. 
Ш.Сүрэнжавын эхнэр Л.Цэндээ тухайн үедээ залуусын гангардаг байсан том захтай 
эрээн цамцыг тэр хоёрт хийж өгсөн өдөр тэд зургаа татуулжээ. 1962 он 


-Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэнээг уншдаг гэж хэллээ. Ингэ­хэд Эрдэнэ баавайтай ойр дотно явсан он жилүүдээ дурсаач?
-Монголын уран зохиолд хувь заяагаар төрсөн хүн бол Сэрүүн Галттай нутгаа сэтгэл сэнсэртэл санадаг Сэнгийн Эрдэнэ юм.

САЙН НӨХРӨӨ САНАХУЙ НАМРЫН САЛХИН УЙТАЙ...


Яруу найрагч Б.Лхагвасүрэн

САЙН НӨХРӨӨ САНАХУЙ НАМРЫН САЛХИН УЙТАЙ(дурсамж)




Гурван гүрэн гурван талаас нь залбиран байдаг их цаст Алтайн уулсын элгэн дэх Монгол улсын хилийн 1-р баганын харалдаа торгон хилийн застав дээр гялалзсан олон од түгсэн хүйтэн шөнө “ Таны найЛхагваа насан өөд болов. яаралтай ир” гэсэн цахилгаан авч билээ. Үнэмшмээргүй гэнэтийн мэдээ байдаг ч энэ “хутга” шиг мэдээ намайг бодох ухаангүй болтол оносон… Намайг хүүхэд шиг дагадаг найз минь надтай цуг явж монголын их уулсыг үзнэ гэж олон хоног хөл хөөрцөг болсон доо. Хөдөө явахын урьд орой над руу утасдаж – Ажил их би явж чадахаа байлаа… гэж дуу муутайхан ярьсан. Лхагваа явахаа болилоо гэхээр миний ч урам хугарсан. Гэхдээ бид хоёрын дундуур орох их хагацлын чимээ тийм ойрхон сонсогдож байсныг анзаарах сөгөө байсангүй. Яг явах өдрийн өглөө Лхагва эрт утасдаж – сайн яваарай гэж хэлсэн үгээр бид хоёрын нарны дор ярих яриа дууссан байна лээ…Лхагвааг би дагаж, үгүйдээ бид 2-т утсаар ярилгүй өнжсөн өдөр арван хуруунаас цөөхөн байсан даа.Намайг явахад даралт нь байн байн 240 хүрч байсан.- би нэг л ядраад гэж хааяа хэлдэг ч үхэхийн тухай үг цухуйлгаж байгаагүй. Битүү цагаан цасан дундуур гаргасан жимээр баахан алхлаа.Зайчилсан хунгар миний бүсэлхийгээр татаж байв.

Ерөөл хараалаас ангид хол газар...

Яруу найрагч Данзангийн НЯМСҮРЭН


БОЛОР ЦОМЫН ДАРААХ ДУУЛЬ


Юм бүхэн байгальдаа байхад би оршдог
Ертөнцийн сар үүлэн цаагуур ороход
Ерөөл хараалаас хаа хамаагүй хол газар
Ердийн нэг дан байшинд амьдран суудаг би.

Хаа нэгтээ навчис унах, ус дуслах
Хананд өлгөөтэй цаганд зүрх минь цохилох
Хаяагаар гүйх оготоной, намайг харсаар байгааг,
Харанхуйд шувуу дуугарах бүүр түүрхэнд би дуртай. 

Гүнгэрвааны өмнөх алтан зул цэцэг бадамлахын цаг дор
Гүмүд цэцэг цомирлогоо сарны туяанд задалдаг
Гөрөөс бухирах баруун голын бургас
Гүн нойронд минь сэвэлзэн байгаа нь харагддаг.

Цаг хугацааг хүмүүнээс хэсэглэн авсан
Цагаан дэрсний хажуугаар явахад
Сүмийн ширээний лаа шиг шүлгийн мөрүүд гэрэлтэж
Чоно болоод амьтад түүгээр гүйлдэх нь үзэгддэг.

Цас орсон өглөөгүүр явсан тэрэгний мөр зурайж
Цааш одсон хөсөгний чахар чухар эргэх чимээ 
Цаглашгүй гүн огторгуйд дуурсан шингээд
Цайвар манан үл үзэгдэх ахуйд би дуртай.

Ерөөл хараалаас ангид хол газар
Юм бүхэн байгальдаа байхад би байдаг
Ертөнцийн сар үүлэн цаагуур ороход
Ердийн хуучин байшиндаа нуугдан суудаг.

1998.01.28