ЭРЭЛХИЙЛЛИЙН ГОЦЛОЛ ХӨГЖИМЧИН

УДИРТГАЛ ХӨГЖИМ

Аливаа цаг үеийнхнийг нэгэн хөгжмийн чуулга гэж үзвэл, тэрхүү чуулга хүний амьдрал, зовлон жаргал, алдаа оноо, өс хонзон, хайр энэрэл, үнэн худлын тухай нэгэн чуулбар хөгжим тоглодог билээ. Тэр л хөгжмийг оюун санааны “удирдаачид” дохиур модоороо холбон найруулах бөгөөд 1990-ээд оны гол тоглолтыг С. ЗОРИГ удирдаж байсан юм. Түүний удирдлага дор шинэ нийгэм-шинэ цаг үе өсөн өндийж, хөгжмийн олон цоо шинэ өнгө аясыг эрэлхийлж байлаа. Бидний хамаардаг урлаг-утга зохиолын “хөгжим” ч ялгаагүй шинийг эрэлхийлэх, шинэ өнгө дуурьслыг хайж эхэлсэн юм. Тийм л шинээр дуугарах хүсэл, хуучнаараа “пүн пан” хийх сонирхол хоёрын зааг дээр өсөн өндийсөн Монголын уран зохиолын 90-ээд оныхон “хамгийн сонирхолтой, олон талтай, чөлөөт, тогтворгүй, хэм хэмжээсгүй” байх хувь тавилангийн “эрхийг” эдэлсэн хэрэг. Нэг талдаа тун “азтай” байж мэдэх, нөгөө талдаа мөн чиг “хувьгүй” байж болох “улаан шугамгүй” замаар явсан МУЗ-ын 90-ээд оныхон өнөөдөр хүчирхэг “чуулга”-ын хэмжээнд тоглолт хийж байна. Хөгжмийн чуулгад удирдаачаас илүү “ОРОН ЗАЙТАЙ” чухал хүмүүс бий. Мэдээж тэднийг “ГОЦЛОЛ ХӨГЖИМЧИД” гэдэг. Тэдний ур чадвар, авьяас билгээс цаг үе нь өөрийнхөө өнгө найрсалаар “эгшиглэж” байдаг. Даанч хүссэн бүхэн “гоцлол хөгжимчин” болдоггүй. Эрэлхийлсэн бүхэн хайснаа олдоггүй. Энэ л хүсэл хяслын “замаар” туучиж ирсэн зохиолчид л ган болд мэт гаднаа ширээгдэж, гал ус мэт дотроо ”харшилж” байж гоцлол хөгжимчин болцгоодог. Түүнээс биш “од” болохын сод хүслэнд автагсадын боддогоор амар хялбар “үйл хэрэг” л лав уран зохиол биш юмдаг. Уран зохиолд гоцлол хөгжимчид үгийн урлагийн бүх төрлөөр ”хөгжимдөх нь“ түгээмэл үзэгдэл. Нэг үгээр хөгжмийн олон “зэмсэгэээр” тоглоно гэсэн үг. 

Энд хүрээд би чухал зүйлээ гартаа атгасан хөзөр шиг дэлгэх гэж байна. Үнэнийг хэлэхэд он жилүүд бидэнд зарим нэг том дүгнэлт хийх “эрх” олгосон юм. Эрхийнхээ дагуу өнөөгийн МУЗ-ын “эрэлхийлэгч” бүлгийн гоцлол хөгжимчдийн нэг бол зохиолч Төрийн Баянсан мөн хэмээн итгэлтэйгээр хэлэхийг хүслээ. Түүнийг он жилүүд хангалттай “шалгасан” юм. Тэр ч бас он жилүүдийг зүгээр байлгаагүй билээ. Тиймээс үгийн урлагийн бүх төрлөөр “харьцангуй” жигд бичиж чадаж байгаа цөөхөн зохиолчдын нэг болж төлөвшжээ. Үнэндээ түүний зохиолууд өнөөдөр “гоцлох” хэмжээнд “дуугарч “ байна.


ТУЛГУУР ДҮР БА НЭГДҮГЭЭР БИЕИЙН ТӨГСГӨЛ



Ямар ч хүүрнэл зохиолчийн анхны бүтээлүүд голдуу “нэгдүгээр бие”-нээс өгүүлсэн байдаг. БИ тулгуур дүр (pivotal character) болж зохиолын бүх байгууламжаа босгож, бас нурааж байдаг. Нэг бүтэлгүйтвэл тэр чигтээ зохиол ямар ч амьгүй болдог. Энэ хууль гэмээр замаар одоогийн Орхан Памукаас эхлээд олон зохиолч замнасан. Т.Баянсангийн “Хоосонг идэгч “/2009/ түүвэрт ч ялгаагүй тийм замналаар бичсэн цөөнгүй үгүүллэгүүд байсан юм. Тэгвэл “Наймааны чулуу /2015/ шинэ түүвэрт нэг ахиц гарчээ. “Буртаг” үгүүллэгээс эхлээд цөөнгүй зохиол нь хүүрнэл зохиол бичлэгийн хамгийн сонгодог хэлбэр болох “хоёрдугаар бие”-нээс хөндлөнгийн өгүүлэгч байдлаар бичигдсэн байна. Онолын хувьд хүүрнэл зохиолч Т.Баянсан “өөрийгөө тойрдог” бичлэгээс татгалзаж, илүү цараатай сэтгэлгээ, бичлэгийн түвшинд тэмүүлж байна. Магадгүй хамгийн тодорхой илрэл нь “Эзний хязгаарт” тууж юм. Орчин үеийн түүхэн зохиолуудын “модон хэл” түүхэн үнэ цэнэ, түүхэн зохиолын үнэ цэнийг ёстой “газардуулж” байна. Нэг эзэн хаан маань “тэр утгаараа би эсэргүүцэж байна” гэж хэлдэг зохиол уншиж эхлээд сэтгэл санааны гүн хямралд автахгүй нь тулд шууд хаасан гэж байгаа. Харин “Эзний хязгаарт” тууж бол ондоо юм. Зохиолын хэл түүхэн хэлзүйн талаасаа ч бичгийн сонгодог хэлбэрт ойр. Зохиолч ямар нэг хэмжээгээр оюун санааны далд ухамсарын “орчил”-д автаж бичсэн байх магадлалтай. Хуудас ахиулах гэж “хуурай” галлагаа хийгээгүй нь уншихад андашгүй. Бясалгалд эсвэл хүчтэй сублимацид орж бичсэн зохиол болох нь уншихад андашгүй. Түүхэн үнэний дэвсгэр дээр уран сайхны шийдлээ зөв төлөвлөж бичсэн боловч ганцхан зүйлийн алдаа гаргажээ. Зохиолч эхлээд туужаар хязгаарлах биш нилээд том хэмжээний зохиол бичих бодолтой эхэлжээ. Нэг, хоёрдугаар бүлгийн “багтаамж” илэрхий мэдэгдэнэ. Бичилтийн явцад сүүлийн бүлгүүд хэт хумигдаж, жижгэрсээр зохиолын төгсгөлийг “хүчээр” хийхэд хүргэсэн байна. Хүлүгү хааны түүхэн тэмцэл, Монгол даяарын хүчирхэг байх үеийн “сэтгэлзүйг” үнэмшилтэй барьсан мөн үнэмшил муутай алдсан хэдий ч энэ тууж зохиолч Т.Баянсан бичлэгийн нэг шатаас нөгөө шатанд дэвшсэнийг харуулах бүтээл юм. Тодруулбал, “БИ” тулгуур дүрээс шалтгаалдаг, нэгдүгээр биенээс өгүүлэгч түвшнөөс, “ТЭД” гэдэг антогонист дүр илэрхийлдэг, хоёрдугаар биенээс өгүүлэх хэмжээнд хүрсэн байна. Тэмдэгт холбоосууд зохиолч Т.Баянсангийн үгүүллэгүүдийн онцлог чанарыг илтгэнэ. “Наймааны чулуу” үгүүллэгийн “ЧУЛУУ”, “Зугтдаг үхэл” үгүүллэгийн “ҮХЭЛ”, Хоёр өрөөтэй байр” үгүүллэгийн БАЯН ХУУР”, “Таалагдах өвчин” үгүүллэгийн “Х эрх мэдэл” зэргээр тодорхой “ТЭМДЭГТ”-үүд үгүүллэгүүдийн “дотоод байгууламжийг” зангидна. Магадгүй зохиолч Т.Баянсан бидний амьдарч буй энэ цагийн үеийн гоц сонирхолтой ”тэмдэгтүүд”-ийг цуглуулж, “санааны тэмдэгтүүд” гэх мэдлэгээс анхдагч сэрэхүйд аваачиж үгүүллэгүүдээ бичжээ. Философич Бертран Рассель, Кантыг тайлбарлахдаа “ Түүний зарим номлолуудаас үл хамааран гүн ухаантнууд туршлагаас өмнөх мэдлэгүүд нь гадаад ертөнцийн баримтуудаас илүү бид хэрхэн сэтгэж буйтай холбоотой гэж үзэж байв” гэжээ. Үнэхээр Т.Баянсангийн цөөнгүй үгүүллэгүүд нь бид хэрхэн амьдарч бүтээж байв гэдгээс илүү бид хэрхэн сэтгэж байв гэдгийг харуулах туйлын зорилго агуулж байна.


ГОЛ ДҮР БА ГУРАВДУГААР БИЕИЙН ЭХЛЭЛ



Жүжгийн зохиол бичих чухам хэцүү төвөгтэй байдгийн учир “тайзаар сэтгэх”-тэй холбоотой гэдэг. Жүжиг зарим талдаа сайтар нягтарсан ”горим”-оос шалтгаалдаг тал бий. Тэгвэл зохиолч Т.Баянсангийн сүүлийн үед бичсэн “ Гэмийн сүв” нэртэй найман үзэгдэл бүрэн жүжгийн зохиол илүү чөлөөт бичлэгтэй. Протогонист буюу эерэг хэв шинжийн гол дүр үгүй. Зохиолын дүрүүд бүгд тодорхой үүрэг хүлээсэн шинжтэй. Дүрүүдийн ялгарах онцлогийг харуулах гэж зорьсон бололтой. Харь оронд болж буй хэрэг явдал боловч үндсэн “зөрчил” нь дүрүүдийн сэтгэл дотор өрнөж байна. Сэтгэлзүйн дотоод “зөрчил” эцэстээ “жүжгийн зохиолын тааламжит төгсгөл”-д баригдаж ямар ч зөрчилгүй болсон нь учир дутагдалтай. Ялын “хөөн хэлэлцэх хугацаа” гэдэг шиг дүрүүдийн “үйлийн” хөөн хэлэлцэх хугацаа дундаа учир битүүлэг тасарч эргээд нийлэхдээ логик холбоос үгүйлж байна. Бүлэг үзэгдлүүдийн харьцаа гэж драмын онолын суурь ойлголт ч “Гэмийн сүв” жүжигт гэмгүй хэлэхэд алдагджээ. Хүүрнэл зохиолд зарим дүрүүд” эхлэлгүй, төгсгөлгүй” байх тохиолдол бий. Харин жүжгийн зохиолд “тайзанд буу өлгөөтэй бол аль нэг үзэгдэлд дуугарах...” ёстой гэдэг шиг нэг үзэгдэлд хэдэн үг хэлэх “туслах” дүр ч “эхлэлээ , төгсгөлөө ” тээж явах онцлогтой байдаг. “Эзний хязгаарт” туужид дүр бүхэн “үйлээ” тээж бичигдсэн нь зохиолын “өндөрлөг” чанар болсон бол “Гэмийн сүв” жүжигт энэ тээш чанар алдагдсан нь зохиолыг “унагахад” хүргэсэн байна. Зохиолчийн бичсэн анхны байж мэдэх энэ жүжиг зохиолчийг илүү өөдрөгөөр харвал зөрчилд суурилсан антогонист дүр бүтээх, гуравдугаар биенээс давхар өгүүлэмжийг илэрхийлэх ур чадварт хүрсэнийг харуулжээ. Мөн гол дүрээсээ задарч, гол дүрдээ хумигдаж төвлөрдөг жүжгийн хэлбэрийг сонгож, Мөнхбаяр, Ганболд хоёрын харьцаагаар “мөн чанар”-ыг харуулах зорилго нь зөв байна. Ж.П.Сартрын үзсэнээр “оршихуй хэзээд мөн чанарын өмнө” байсан гэвэл жүжигт Мөнхбаяр, Ганболд нарын оршихуйн эсрэгцлийг харуулжээ. Бусад дүр нь зохиолчийн “үйлд” туслах төдий. Тэртусмаа Намдаг хэмээх өвгөний дүр. Хүн яаж амьдрах замаа өөрөө сонгох эрхтэй. Тэнэгүүдийн замаар явахыг хүсвэл яваг. Учир нь түүний өөрийнх сонголт учраас. Цэцэн мэргэнд тэмүүлвэл тэмүүлэг. Өөрийнх нь дур хүсэл учраас. Ийм л хувь “зөнд” нь орхиж бичсэн зохиолын дүрүүд илүү өвөрмөц чанартай болдог. Зохиолч Т.Баянсангийн хүүрнэл зохиол хийгээд “Гэмийн сүв” жүжигт ийм бахдам чанар байгаа юм. Дүрүүдээ зөнд нь орхидог. Гэтэл зарим зохиолч дүрүүддээ “хүч” тулгасаар байгаад эцэстээ бодот чанаргүй хоосон дүрүүд бүтээгддэг. 
Ер нь Т.Баянсан ямар зохиолч вэ? ӨӨРИЙГӨӨ ДАВТАХААС АЙДАГ ЗОХИОЛЧ ЮМ. Тиймээс шинэ ном болгондоо ахин дэвшсэн ур чадвар харуулахыг зорьж бүтээлч “эрэлхийлэл” хийсээр байдаг. Увдислаг чанартай зохиолч болохыг уншиж үзсэн хүн бүхэн мэдэрнэ. МУЗ-ын “эрэлхийлэгч” бүлгийн гоцлол хөгжимчин тэр лав мөн бөгөөд он онд илүү цараатай дуурьсах хувь эрхийг түүнд олгосон УРАГ УДАМ хийгээд БУРХАНД талархах өдөр иржээ.


ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ 
2015-06-16 
ЗҮҮН САЛАА, ЗҮРХ УУЛ

0 Сэтгэгдэл:

Post a Comment