Арслантай учирсан тэмдэглэлүүд

Эцэг Гумилев ёстой л есөн шид нь бүрдсэн эр байв. Парист Францын уран зохиол судалсан залуу шүлэгч эх орондоо ирээд жинхэнэ Модернист фронт командлагч болсон юм. Түүний фронт буюу Акмейстуудын дунд хожмоо Оросын хамгийн агуу найрагчдын нэг болох тавилантай Анна Ахматова гэх бүсгүй хамаарч байв. Харин Николай, Анна хоёрын хүү Арслан хожмоо аавынхаа угсаатны зүйн сонирхолыг үргэлжлүүлж, дэлхийд цуутай судлаач болсон. 
Оросын мөнгөн зууны оройн чимэг Николай Гумилев, Анна Ахматова нарын хүү Арслан бол эсгий туургатны түүхийн талаар хамаг голч онол дүгнэлтэд хүрсэн, Их Азийн нууцлаг үндэстний талаар үнэн мөнийг орчин үеийн ертөнцөд хамгийн чангаар хэлсэн хүн билээ. Монголчууд бидний талархаж, хүндэтгүүштэй энэ эрхэмтэй манай хоёр ч сэтгүүлч уулзаж ярилцсан нь бий. Яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ агсан болон зохиолч, сэтгүүлч Д.Цэмбэл гуай нарын эл хоёр тэмдэглэлээс Арслан гэж домогт эрдэмтний дүр тод томруун харагдана.  


Д.Цэмбэл гуайг нэг л зуны дотор Орос хэл 
сурчихсан тухай ангийн \хүү Тангадын Галсан 
хожим дурссан нь бий.  Д.Цэмбэл гуай өдгөө 
Хүмүүнлэгийн их сургуульд багшилж, 
эх түүхийн мөрийг мөшгөсөн 
романудаа бичсээр сууна. 
Д.Цэмбэл 
(Залуучуудын үнэн.1990 он)  

Монгол 500 жил насалнa


Эртний Монголын түүх, ялангуяа Чингис судлалд гарамгай хувь нэмэр оруулсан зөвлөлтийн нэрт эрдэмтэн зартай “Тэрслүү үзэлтэн” Лев Николаевич Гумилевийг амьд сэрүүн ахуйд нь уулзаж ярилцах завшаан надад тохиолдсон юм. Тэрээр Москвад ирэх бүрдээ Новогиреевийн метроны дэргэдэх байшиндаа байнга буудаг байлаа. Түүнтэй уулзахаар цаг болзон ирэхэд Лев Николаевич байшингийнхаа дэргэд папирос баагиулан зогсож байв. Олон жилийн тамхины утаанд яг л гадил жимс шиг шарласан хурууг нь харахад дэлхийд нэрд гарсан том эрдэмтэн гэхээсээ амсхийх завандаа юм л бол мохоор ороож суудаг хөдөөний эгэл боргил тариачин эрийг санагдуулна. Яриа хөөрөө хурц энгүүн хээ гоогүй, намхан махлагдуу биетэй энэ хүнийг байрных нь оршин суугчид ихэд хүндэтгэн цахилгаан шатанд хамт суусан хүмүүс эхлээд дээд давхарт байдаг Лев Николаевичийг буулгаад дараа нь харихаар доош бууцгааж байв. Би урьд Ленинградад хэд хэдэн удаа очихдоо Лев Гумилев,  Т.А.Бурдукова, М.Нармаев зэрэг монголд элэгтэй бусад эрдэмтэдтэй байнга уулздаг байсан болохоор цуглуулж эмхэтгэсэн сонирхолтой баримт цөөнгүй бий.
Лев Николаевичийн хувьд түүнийг “нэрд гараагүй ” нэрт эрдэмтэн, эсвэл “хошой докдор” ч гэж нэрлэх нь цөөнгүй. Учир нь тэрээр хоёр шинжлэх ухааны доктор юм. Амьдралдаа гурван удаа хэлмэгдэн шорон гяндан, цөллөг дамжсан энэ хүнийг цаг үе, түүх өмгөөлөн хамгаалсан юм. Яагаад хэлмэгдэв хэмээн олон хүн асууж сонирхдог. Тэрээр яруу найрагч Анна  Ахматова, Николай Гумилевийн ганц хүү учраас л тэр гэж товчхон хариулж болно. Бас Чингисийг “эвдлэн сүйтгэгч, соёлыг устгагч биш, харин хүчирхэг түрэмгий хөршүүдээсээ ард түмнээ хамгаалсан баатар” гэж хэлснийхээ төлөө дээрээс хатуу шанг байнга хүртсээр иржээ. Ухаантнуудад нүд үзүүрлэдэг цөвүүн цагт  хорвоод мэндэлсэн нь түний буруу биш. Хатуу хүтүү зовлон гамшиг, ганцаардлын аймшгийг биеэр туулсан энэ эрдэмтэн хүмүүс ёс суртахуунаар доройтон оюун санааны хувьд гандан буурч байгаад сэтгэл сүрхий эмзэглэдэг байв. Хүн сүүлт одны зургийг авч өөр гаригт нисч болно,  өндөр соёл иргэншилтэй болж болно. Гэхдээ зан суртахууны дэвшлийг давамгайлдаг  техникийн дэвшлийг бид төдийлөн ойшоодоггүй гэж тэр ярьдаг байлаа. Лев Николаевич түүхийн өргөн дэлгэр мэдлэгтэй, элэнц хуланц нь цэрэг удирдан Куликовын талд татаруудтай тулалдаж яваад амь үрэгдсэнийг хүртэл судалж мэджээ. Лев Гумилев гуай Чингис, түүний удам угсааны тухай сонирхолтой зүйлийг ярьж нөгөө л папиросоо уугиулж сууснаа Дрюрон “Хараалт хаад”  номоо бичихдээ тэр үеийн эрдэмтэн мэргэдийн бүтээлүүдтэй нэг бүрчлэн танилцаж тухайн үеийн ёс зүй, зан үйлийг мэддэг бүх хүнтэй уулзаж, өмсөж байсан хувцасны хэв маягийг хүртэл судалсан гэдэг. Манайд тийм зохиолчид бий л дээ. Харин Б.Ян бол тиймгүй гэж шуудхан хэлэв. Чингис, Бат хааны байлдан дагуулалтын учир шалтгааныг Б.Ян дутуу ухаарсан учраас харалган ном бичиж, түүхийг гуйвуулсан гэж тэр үздэг байв. Баатрыг төрүүлдэг тусгай эрин зуун гэж байдаггүй. Түүх үргэлжилж түүхийн хүчит шуурга шуурсаар байсан цагт их хүн төрсөөр байх болно, их хүмүүс нүд ирмэх зуур гялсхийгээд өнгөрдөг сүүлт одтой ер адилгүй. Монголчууд түүхийн чавхдасаа үе үе доргиож байхгүй бол горигүй, сайндаа л 500 жил насална, тэгээд л зүйл дуусна. Ард түмэн хувь хүнтэй адил төрдөг, нөгцдөг жамтай гэж тэр хэлээд нэгэн цагт хүчирхэг гэгдэж байсан боловч эдүгээ зөвхөн нэр нь л түүхэнд үлдсэн олон арван мөхсөн улс үндэстнийг дурьдаж билээ. Энэ тухайн надад өгсөн сүүлчийн ярилцлагадаа дурдсан байгаа. Лев Николаевич аливаа ард түмнийг жинхэнэ ёсоор нь ойлгодог, хайрлан хүндэтгэдэг хүн байв. Үүх түүхийг нь судлаагүй, бас гуйвуулсан түүхийг нь засч залруулаагүй тийм ард түмний нэрийг түүний бүтээлүүдээс  олоход түвэгтэй бизээ. Ямагт “тэрслүү” санаа агуулсан түүний бүтээлүүдийг амьд ахуйд нь хэвлэн нийтлүүлэхэд саад тавьсаар иржээ. Гэвч Лев Николаевич шантарсангүй. Солонгосчууд Сөүлийн 1000 жилийн ойгоор ухан гаргахын тулд эдүгээ гарч буй гол сонин хэвлэл, сэтгүүл, дүрс бичлэгийн хуурцаг зарим бүтээгдэхүүнийг битүүмжлэн газарт булсан тухай сонин тохиолдлыг тэр ярьж байсан санагдана. Лев Николаевич үүнтэй холбогдуулан миний амьдарч байсан үеийн тухай мэдье гэвэл түүнийг эртний булш бунханаас төдийгүй, ард түмний зүрх сэтгэлээс эрдэг юм. Учир нь ард түмний оюун ухаан нар салхинд ганддаггүй, хөсрий даавуу шиг хувхайрдаггүй, ямар ч дүрс бичлэгийн хуурцагаас илүү найдвартай гэж ярьсан юм. Насны танагтайд Монголчууд намайг уриагүй, одоо урьсан ч очиж чадахгүй нь, эрийг нас дардаг биз дээ гэж тэр гоморхон өгүүлж байсан нь саяхан мэт санагдана. Монголын төлөө зүтгэдэг гавьяат үйлстэнд өгдөг ямар л дээд шагнал байна, түүнийг  Лев Николаевичид нөхөн олгоход юу болохгүй байх билээ. Түүний хань ижил ах дүү нар нь амьд сэрүүн байгаа шүү дээ. 
Чингисийн академи үйл ажиллагаагаа эхэлж нүд ирмэх зуур 100 академич тодорсон тухай телевизээр зарлаж, уг академийг зохион байгуулагч нэг хүн: “Эд бол Монгол сэтгэлгээгээрээ жинхэнэ академичийн хэмжээнд хүрсэн, магадгүй илүү гарахуйц тийм хүмүүс гэж хээв нэг ярьж байсныг би сонсч байсан. Академичийг нэг бүрчлэн танилцуулаагүй болохоор хаанахын ямар хүмүүс энэ цол хүртсэнийг мэдэхгүй. Тэдгээрийн дотор  Лев Гумилев эрх биш орсон байдаг л байгаа даа. Санаанд нь орсон хүн л ойр дотно, бас их ухаантай мэтээр сэтгэдэг манайхан их сонин улс шүү. Мартсан, эс анзаарсан бүхнээ юман чинээ бодохгүй. Анзаарсан үедээ санаа зовмоор хөл алдана. Лев Николаевичийн тухай энэ хоёрын аль нь ч биш байгаасай. Учир нь тэрбээр бодит байдлыг бодитойгоор нь үнэлдэг бодь хүн байсан юм. 
“Гурав дөрөв орчим настай бяцхан хүүгээ өвөр дээрээ суулгасан эцэг эхийн гэрэл зураг ширээн дээр минь байна. эцэг нь Николай Степанович Гумилев, эх нь Анна Ахматова, хүү нь эдүгээ та бидний эчнээ уулзах гэж байгаа Лев Николаевич Гумилев юм. Лев Гумилев хэдийгээр хорвоогоос хальсан боловч, эртний Монгол, ялангуяа Чингисийн байлдан дагуулалтын түүхийг нарийвчлан  судалж, түүхэнд түүний эзлэх байр суурийг тодорхойлоход жинтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, доктор энэ хүний нэрийг дэлхий дахин андахгүй мэддэг билээ. 
Арван таван жилийн тэртээ Москвад сурвалжлагчаар ажиллаж байхдаа талийгаачийг амьд сэрүүн үед нь түүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд толилуулж байна.   

Хорьдугаар зууны их өөрчлөлт, нийгмийн туршилт зүрхэн дээгүүр нь цусан мөр татуулж өнгөрсөний дараа насны хярд гарсан их найрагч хүүгийн хамт. Жараад он. Энээхэн үед л Ахматова амсхийхтэйгээ болж, амьдралын төгсгөлөө нэр төртэй хүлээж байв. Харин хүүгийн үзэх, судлах бүхэн тэхий дундаа ч ороогүй байв.

- Лев Николаевич, би саяхан Хорасаны нийслэл байсан Мерв хотын балгасыг үзэж сонирхлоо. Марын ерөнхий боловсролын сургуулийн нэг багш тэндхийн түүх дурсгалт газруудтай гадаадын сэтгүүлч биднийг танилцуулахдаа, Чингис хааныг ерөөсөө эвдэж сүйтгэхээс өөр юм мэддэггүй, зүйрлэшгүй яргачин байсан гэж байв. Ер нь баруун Европын түүхчидийн олон зуун жил ноёрхсон энэ үзэл баримтлал үнэн байдалд хэрхэн нийцэж байна вэ?
-Түүхийн шинжлэх ухаан бараа таваар борлуулдаг зах зээлтэй адилгүй. Түүхэн баатруудыг худалдаж болдоггүй. Судалгааны обьектыг яаран дүгнэхээс өмнө нягт нямбай судлах учиртай. Ойрхи  Дорнодод Чингисийг талархдаг бол мусульманчууд энэ нэрийг сонсонгуут цочирдох жишээтэй байдаг. Дорно зүгийн ард түмэн, ялангуяа Монголчууд элчийг зочин гэж  хүндэтгэн дээдэлдэг. Гэтэл зочин гийчнээ барьж алдаг улс гэж байх уу даа? Хорезмын шах Мухаммед, хүү Желяль Ад-дин нар Чингисийн дургүйг ингэж хүргэжээ. Монголчууд Афганистан, Иран, Азербайжаныг байлдан дагуулаагүй. Эдний нутаг шахын мэдэлд байсан болохоор түүний хүүг мөшгөн хөөх замдаа л дайран өнгөрсөн хэрэг. Бас Энэтхэгт очсон нь хорезмчүүдийг нэхэн хөөсөн хэрэг шүү дээ. Харин Төмөр бол Чингисийн удмын нүүдэлчидтэй тулалдан хөршүүд рүүгээ дээрмийн дайн хийдэг байсан. Чингис тэр хоёрын хооронд нийтлэг зүйл байхгүй. Бат хааны тухайд гэвэл, тэрээр половчуудтай тулалдаж байх үер Рязань болон Владимирын вант улсын арваад хот эвдрэн сүйдсэн. Тэр үед 300 гаруй хот байсан боловч, монголчууд тэдгээрийг огт хөндөөгүй , алба татвар аваагүй. Монголын цэрэг половчуудын ард талд тулалдаж байх үед өмнөд оросын вангууд половчуудыг хамгаалан боссон юм. Тэр үед монголчууд тэдэнтэй эв найртай байх зорилгоор элч илгээсэн боловч оросын вангууд бас л тэднийг барьж алсан. Тэгээд ч элчийг нь хороосон Козельскийнхыг уур омогтой хотынхон гэж монголчууд нэрлэсэн учиртай. Монголын элч зочинд хэрхэн хандсан энэ нь юунд хүргэснийг түүх гэрчилнэ. Баруун Европынхон өөрт нь хэзээ ч халдан довтлоогүй Чингис хааныхныг бараг таван зуун жилийн турш гай зовлон таригч, цөлмөн хоослогч мэтээр ярьж, үзэн ядсаар ирсэн нь арьсны үзлийн нэг хэлбэр гэж үзэхээс өөр аргагүй. /Лев Николаевич ингэж хэлээд папиросаа асааснаа /
-Энэ талаар бичиж нийтлүүлсэн бас баяжуулан тодотгох зүйлс нэлээд бий. “Монголын түрэмгийлэл”- ийн тухай Чингисийн байлдан дагуулалтын үеэс биш, бүр хожим XIV-XX зуунд ч бүр их дэлгэрсэн юм. Бүр XIII зууны үеэс ядарч сульдсан Монголчуудын ар талд тамплиеруудын оруулсан мамлюкууд армян, сирийчүүдийг хүйс тэмтэрдэг байж. Гэтэл монголчууд л нүгэл хийж байгаа мэтээр европчууд ярьдаг байлаа. Ингээд л татаар монголчуудыг зэрлэг азийнхан хэмээн муулах болсон юм.

- Баруун Европын түүхчид Чингис дэлхийг байлдан дагуулах бодолтой байсан гэдэг . Энэ талаар ..
-Үгүй ээ , тэр эвдэн сүйтгэгч, соёлыг устгагч байгаагүй. Харин хүчирхэг, түрэмгий хөршүүдээсээ ард түмнээ хамгаалж байв. Дэлхийг байлдан дагуулъя ч гэсэн цэрэг нь хүрэлцэхгүй байлаа. Гэтэл Хятад 56 сая, хойд хятад 30 сая, дунд ази 20 сая, Орос 6 сая хүнтэй байв.Хэрэйдүүд л гэхэд 30 мянган цэрэгтэй байв. Гэвч Чингисийн шалгарсан цэргүүд шөнийн дайралтаар тэднийг номхотгон дарсан. Дарахгүй бол монгол өөрөө мөхөх байсан. Чингис эрэлхэг зориг, чин үнэн чанарыг онцгой эрхэмлэдэг байлаа. Өөртэй нь зоригтой байлдсан хүнийг Чингис барьж алах бус, харин ч хүндэтгэн дээдэлдэг байсан.

-Чингисийн шарилыг Монгол - Японны хамтарсан экспедиц эрж байна. Энэ талаар та юу хэлэхсэн бол?
-  Битгий л олдоосой гэж залбирч сууна.

- Яагаад ?
- Тэр хүний шарилыг олдог юм гэлээ гэхэд бид түүнийг ариун шүтээн болгон нандигнан хайрлах хэмжээнд хүртлээ ухаажаагүй байна. Хүний ухаан гүйцэж, наана цааныг ойлгодог болох хүртэл Чингисийн шарил бүү олдог. Хэлмэгдэл, сүйтгэл дахин давтагдахыг хэн байг гэх вэ? Хэрэв гучаад онд түүнийг олсон бол дор нь устгачих л байсан. Жар, дал, наяад онд ч ялгаагүй.    

-Би өөдрөг үзэлтэй хүн. Хүн төрөлхтөн дундад зууны үеийн сэтгэлгээнээсээ ангижирч, түүхээ судалдаг, хайрладаг болж байна. Соёл иргэншилт ертөнцөд балмад явдал дахин давтагдана гэж үзэх ямар үндэслэл байна?
-Хүмүүс надаас ингэж асуудаг юм. Өмнөд Оросын вангууд Монголын элчийг барьж алсан тухай би дээр өгүүлсэн. Зочноо алах явдал бүр дээр үед л мэр сэр байсан гэж бодоо юу? Үгүй ээ. Хорьдугаар зуунд, тодруулж хэлбэл 1945 онд Будапештийг чөлөөлөх үед явуулсан зөвлөлтийн элчийг фашистууд барьж алсан. Ингэж л түүх давтагдсан хэрэг. Тэгэхээр хүн төрөлхтөн хорин нэг юм уу, бүр хожуу зуунд хүрч байж ухаажна гэж хэлэхийн аргагүй.

-Чингисийг оршуулсан газрыг та судалж үзсэн үү?     
-Бас чиг зүгээргүй. Чингисийг оршуулах үед монголчууд их ухаантай байжээ. Оршуулах ёслолыг маш нууц байдалд хийсний дараа нэг ботготой ингэ авчраад эзэнтнийг оршуулсан яг тэр газар ботгыг нь хороосон гэнэ. Хэдэн сарын дараа нөгөө ингэ үрээ алдсан тэр газар хүрч ирээд нулимс асгаруулан буйлж байж. Эзэнтний шарилыг олж болох эсэхийг туршиж үзсэн хэрэг шүү дээ. За энэ байдлаар бол олох нь дээ гэж ихэд сандарцгааж нууц хэвээр үлдсэн юм.

- Японы цахим техникээр түүнийг нягт нямбай эрж байгаа гэж би сонссон...
- Эрж л байг Тэмээ бол цахим тенхикээс илүү ухаантай амьтан

-Зүчийн шарил Казахстанд байгаа, түүнийг зөвлөлтийн эрдэмтэд олж судалсан гэсэн мэдээ бий...
-Ортой ч байж магадгүй. Би ч бас сонссон юм байна. Ер нь олдоогүй юм гэлээ гэхэд түүнийг нэг их эрээд хэрэггүй байхаа.

-Таны ээж Анна Ахматова Зүчийн удмын хүн гэдэг үнэн үү?
-Тэгж ярьдаг байсан. Бас миний эцэг Николай Гумилевийн нэг шүлэгт талд цайрах Монголын эсгий гэрүүд бол миний өвөг дээдсийн өлгий гэсэн санаа бий... Ер нь Зүчи бол Монголын ухаалаг хаадын нэг байсан.

-Та өөрийнхөө бүтээлд Александр Невскийг Бат хааны өргөмөл хүү гэж нотолсон.
-Бат хааны хүү Сартак Александр Невский хоёр хуурай ах дүү болцгоосон юм. Хадан цохион дээр тэр хоёр баатар алсыг харан зогсож буй зураг надад их таалагддаг.

-Танайд “Чингис хаан ” гэсэн кино хийж байгаа. Та монголын эртний түүх, ялангуяа Чингисийн үеийн түүхээр гойд мэргэжсэн хүн. Зөвлөлтийн киноны уран бүтээлчид энэ киног хийх талаар танаас чиглэл зөвлөмж авсан уу?
-Авалгүй яахав. Энэ киног Киргизэд хийж байгаа. Би зөвлөх нь байгаа юм. Харин танайд бас тийм кино хийж байгаа гэж сонссон. Түүгээр ч барахгүй америк хүнийг зөвлөхөөр урьсан гэсэн яриа чихний үзүүр шүргээд өнгөрсөн шүү.

-Чингисийн түүхэнд эзлэх байр суурийг энэ кинонд хэр зэрэг тусгаж байна вэ?
-Кино зохиолыг уншиж үзсэн. Түүхэн үнэнд нийцэж байна. Хүмүүст таалагдах эсэх нь найруулах, жүжиглэх ур чадвараас шалтгаалах хэрэг. Хоёр юм уу, гурван ангит кино болох байх. Энэ киног Киргизэд хийж байгаа нь учир утгатай. Одоо ч гэсэн Төв, Дунд Азийн орнуудад Чингисийн удмынхан байгаа.Түүгээрээ ч их бахархдаг. Казахууд “Чингисдык роух шакрым” гэж ярьдаг.  Энэ нь “Чингисийн сүнс сонсож байна” гэсэн үг найр наадам дээр идээ будаа хэтэрч хэрүүл зодоон үүсэх үед Чингисийн удмын хүн энэ үгийг олонд дуулдахуйц чанга хэлээд л болох нь тэр. Хэрүүл зодоон хийх гэж байсан хүмүүс дорхноо эвлэрч, найр эв түнжинтэй сайхан үргэлжилдэг.

-Чингисийн тухай бичсэн ном хэвлэгдээд удаж байна. Европын, ер нь дэлхийн ихэнх оронд хэвлэгдсэн энэ номын хуудсанд “Монгол ард түмэнд зориулав” гэсэн үг бичээстэй бий. Гэтэл энэ ном монголд хэвлэгдээгүйд  таныг дурамжхан байгаа гэж сонссон.
-Би үүнд гомдоогүй. Монголчууд намайг мартаж болно. Харин Чингисээ мартана гэж байдгаа гэж танайханыг их л өрөвдөж байсан.

- Та Чингисийн байлдан дагуулалтын түүхийг  насаараа судалсан атлаа Чингисийн эх оронд нэг удаа ч гэсэн очоогүй.
-Намайг уриагүй юм чинь! Урьсансан бол дуртайяа очих л байсан. Түүгээр ч барахгүй, Чингис, Жамухын нүүж, сууж байсан газруудаар морь тэмээгээр явж, Дэлүүн болдог, Бурхан Халдуны орой дээр гарч, судалгаа хийх л байсан. Би залуудаа өдөрт 50 километр явган явж байсан удаатай. Харин Чингисийн замаар бол өдөрт хэдэн өртөө л явах байсан. Ер тэгээд очоогүй нь болжээ.

-Яагаад?
- Очсонсон юм бол тэр үеийн удирдлагаас эхлээд намайг хүлээж авахгүй байсан биз.

-“Монголын нууц товчоо” - ны 750 жилийн ойд оролцох уу?
-Чадашгүй нь . Нас ахиж, хөл муудлаа, ганц алхаад л амьсгаа дээрдээд байдаг болчихож. Одоо хожимдсон.

-Дундад зууны үеийн европчууд олон сайхан орд бэхлэлт барьсан. Харин Чингис тийм юм үлдээгээгүй гэж бичдэг. Энэ талаар таны бодол...
-Чулуу бол эсгийнээс  бөх нь бөх л дөө. Гэвч эвдэрч нурах нь амархан байж. Харин дундаа тулгатай, нүүж суухад авсаархан монгол гэр одоо ч байсаар байна. Чингис хааны их өргөөнд 500 хүн багтан найрладаг байсан гэдэг.

-Ер нь эдүгээ түүхийн сурах бичигт орсон үнэлэлт дүгнэлтийг монголын байлдан дагуулалтын талаархи хуучин төсөөлөл гэж үзэж болох уу? Хэрэв тэгэж үзвэл хожим нь гарах түүхийн сурах бичиг болон зөвлөлтийн нэвтэрхий толь бичгүүдэд Чингис хааны түүхэн байр суурийг хэрхэн тодорхойлно гэж бодож байна?
-Би өөрийн бус агуу их шинжлэх ухааны тусын тулд монголын тухай, Чингисийн тухай түүхэн үнэнийг бүх дэлхийд гаргаж өгөх гэж насаараа чармайсан. Үлдэх насаа ч үүнд зориулна. Чингисийн тухай миний үзэл бол санаасаа зохиосон зүйл биш, бодит байдал юм. Тэгэхээр Чингисийн байр суурийг бодит байдалд тулгуурлан тодорхойлох ёстой гэж үзэж байна.

-Таны онолоор аливаа ард түмэн хувь хүнтэй адил төрж, өсч мөхдөг юм байна. Ард түмэн хувь хүнтэй адил өөрийн нас сүүдэртэй. Орос орон 800-аад жил насалж байгаа гэж та бичсэн санагдана. Ингэхэд монгол хэдийд мэндэлсэн бэ? Хэд наслаад байна. Хэр удаан наслах вэ?
- Бодончар төрсөн үед л монгол төржээ. Урьд нь монгол гэж байсангүй. Өвөг дээдэс нь болох тархай бутархай отог овгууд л байсан. Миний бодлоор монгол мянгаад жил насалж байна. Хөдөөгийн Пэрлээ 988 онд монгол мэндэлсэн гэсэн санааг дэвшүүлсэн. Би түүнийг дэмжиж байгаа юм. Монгол нас сүүдрийнхээ гуравны хоёр хувийг элээгээд байна. Одоо таван зуугаад жил насална.

-Тэгээд яах вэ?
-Ухаалаг алхам, эрс өөрчлөлт хийхгүй бол аль ч ард түмэн доройтох тийш эргэдэг, түүхийн тавилан ийм байна. Эцсийн дүнд юугаар төгсдөг нь тодорхой. Алтайчууд цагтаа ямар их хүчирхэг ард түмэн байлаа даа. Бас манжуур ... Зарим ард түмний нэр үлгэр түүхэнд дурсагдах төдий үлдэж зарим нь байсан байгаагүй нь мэдэгдэхгүй болдог. Хүн нэг насандаа үүнийг анзаардаггүй. Хүний насны хугацаа аугаа их түүхийн хувьд өчүүхэн, агшин төдий л юм.

-Ухаалаг алхам, эрс өөрчлөлт хийхгүй гэдгийг юу гэж ойлгох вэ?
-Хөгжил бол урагшаа биш, хойшоо биш бас тойруу замаар явдаггүй. Яг л хөгжмийн чавхдас гэсэн үг. Цохиод доргин чичирдэг. Дахин дахин цохиж доргиож байхгүй бол нэг хэсэг хангинаад л чимээгүй болчихно. Чингис хаан тэр үед сайн доргиож өгсөн. Тэр их хүний нэрийг танай эрдэмтэн Сэр-оджавтай би уулзаад “Сэр- оджав аа, чиний төлөө биш Чингисийн төлөө өргөе” гэхэд дуртай нь аргагүй зөвшөөрч билээ. Харин үүнийг Рыбаков харчихаад маш дурамжхан байсан. Тэгж хэлснээр надад бол алдах юм байхгүй л дээ. Би намын гишүүн ч биш, бас академид ажиллаж байгаагүй. Тэгэхлээр юунаас эмээх билээ дээ.

-Ард түмэн мөнх настай гэдэг биш билүү?
-Өөдрөг сайхан үг байна. Гэхдээ түүхээ мэдэхгүй бол ард түмэн богино настай. Та нар харин түүхээ, бичгээ, соёлоо сэргээж эхэлж байгаа чинь сайн хэрэг. Ингэхэд та Монгол бичгээ мэддэг үү?

-Бага зэрэг.
-За тэр. Хүний нас сүүдрийг хорвоод өнгөрүүлсэн он жилээр нь хэмждэггүй. Ард түмний нас сүүдрийг ч ялгаагүй. Би Монгол бичгээр уншиж бичдэг байв. Сталины шоронд тамлагдаж байх үедээ мартчихжээ. Гарын үсэгтэй үлдсэн минь яамай. Ер нь мартах амархан шүү дээ. Харин түүхээ мартаж болохгүй.

-Та хэлмэгдэж явсан үеийнхээ тухай цухас дурдлаа. Та манай уншигчдад өөрийн тухай ярьж өгөхгүй юу?
-Би ядуу тайж гаралтай. Цагаан ясны хүн. Намайг наймтай байхад эцгийг минь буудан алсан. Миний ээж Анна Ахматоваг Жданов элдвээр дайрч давшилж, олиггүй муугаар хавчин гадуурхаж эхэлсэн. Ээжийн минь шүлэг түүнд таалагдаагүй юмсанж. Хэлмэгдсэн эцэг эхтэй, хүүхэд бас л хэлмэгдэж байсан цаг. Дээд сургуульд орох гэж бүтэн дөрвөн жил хөөцөлдөөд бүтдэг юм биш. Эсэргүү эцэг эхтэй бас тайж гаралтай хүн чинь үйл тамаа эдэлж эхлэх нь тэр. Гурван хорих лагерь дамжин явсаар тавиад онд Ленинградад эргэж ирэв. Арайхийж дээд сургуульд оров. Доктор хамгаалсан боловч дээд газар баталдаггүй. Манай их сургуулийнхан намайг “хошой доктор” гэж хошигнодог. Бусдын биш өөрийн үгээр хэлчихдэг хүн амар заяа үзэх биш дээ. Гэвч энэ хугацаанд хүмүүс намайг мартаагүй, олон сайн анд нөхөд, тэдгээрийн дотор монголчууд миний бүтээлийг уншиж, намайг дурсдаг байсныг хожим мэдээд дэмий ч яваагүй юм байна даа гэж боддог болсон.

-Өөрчлөн байгуулалтын үед таны эцэг, эхийг цагаатган тэдний гэр музейг байгуулах асуудал ч яригдаж байна. Таны бүтээлүүд шил шилээ даран хэвлэгдэж эхэллээ. “Орос ба их тал” ном тань энэ онд гарсан. Та энэ номоороо Луначарскийн шагнал хүртсэн. Тэгэхлээр таны үзэл баримтлалыг ШУА, Дорно дахины судлалын хүрээлэн болон албан ёсны бусад байгууллага, хүмүүс хүлээн зөвшөөрдөг болсон гэж үзэж болох уу?
-Та юу ярина...Тэд хэзээ ч намайг дэмжиж байгаагүй. Харин муулах дээрээ тулаад ирвэл гайгүй сайн. Тэд надад хандахдаа “энэ хүн авъяастай биш, бас еврей ч биш, тэгэхлээр сайн хашдаг авах хэрэгтэй” гэдэг. Харин сүүлийн үед зарим газар надад элэгсэг ханддаг болоод байгаа. ЗХУ-ын дээд зөвлөл саяхан намайг урьж үндэсний асуудлаар тэдэнд лекц уншиж өгөхийг хүссэн.

-Москвагийн цахилгаан чийдэнгийн заводын соёлын ордонд нээгдсэн хэлмэгсдийн дурсгалд зориулсан үзэсгэлэнгийн үеэр би таны эцэг, эхийн тухай бас таны тухай баримтат кино үзсэнээ санаж байна. Манай нэрт эрдэмтэн Бямбын Ринчен тантай бичиг захидлаар харилцдаг байсан гэдэг. Тэр хүний талаар та юу хэлэхсэн бол?
-Их ухаантай өндөр боловсролтой хүн байв. Тэр хэзээ ч үндэсний үзэлтэн байгаагүй. Тэр надтай адил бусад ард түмний түүх, соёлыг хүндэтгэн үздэг байсан. Тийм хүнийг үндэсний үзэлтэн гэдэггүй. Эдүгээ бидний эх оронч хүн гэдэг маань Бямбын Ринчен гуай юм. Ленинградад нийтийн ганц умгар өрөөнд тав тух муутайхан амьдарч байхад минь Ринчен надтай байнга надтай ирж уулздаг байсан. Монголын түүх соёлын талаар бид удтал ярилцдагсан. Тэр архи уудаггүй. Харин тамхийг бол баагиулж өгнө дөө. Түүний хүү Барсболдыг ч сайн танина.

-Манай залуу үеийнхэнд хандаж та юу хэлэхсэн бол?
-Эртний монголын түүхийг би бүх насаараа судалсан,түүнийг маш хайрладаг гэж Лев Гумилев бичээд дор нь “Арслан” гэж гарын үсгээ монгол бичгээр бичиж үлдээв.


Л.Энх-Амгалан, С.Бадрал, Ж.Болд-Эрдэнэ нар. 90-ээд он. 
Петрбургт сурч ахуй үед хожмийн алдарт гэрэл зурагчин 
ГАММАгийн Ц.Батзориг энэ гэрэл зургийг даржээ. 
Ж.Болд-Эрдэнэ

Лев Гумилёвтой уулзсан минь


Тэр єдєр би байрандаа ном уншаад хэвтэж байлаа.

Єглєєхєн орсон борооны vнэр газраас єндийж, нээлттэй бvгдэд нэвчих гэсэн адилаар галт борын vнэртэй сvлэлдэн нэн таатай. Цонхны цаана дууч гургалдай уянгалан жиргэж, хажуугийн пивоны мухлагаас хэн нэгний хараал хэлэх сонсогдоно. Гэнэт хаалга хvчтэй дэлдэж, Батсайхан маань орж ирээд ихэд догдлонгуйгаар “Бушуухан хувцаслаарай, яг цаг хагасын дараа Лев Гумилёв гэртээ хvлээж байя гэсэн” хэмээн хэллээ. Бид хоёр тун яаран очсон сон. Намбалаг сайхан авгай хаалга тайлж, орохыг урилаа. Тохь муутай єрєєнvvд ундуй сундуй нь vзтэл нvvдлийн шинжтэй. Авгай єєрийгєє Наталья Викторовна хэмээн танилцуулаад баахан зовонгуйгаар:

-Бид нvvж байна. Байраа сольж байгаа юм л даа гэж тайлбарлав. Лев Николаевич утсаар ярингаа биднийг “суу” гэж дохисон бєгєєд ярилцахыг сонсохул хэн нэгэн лекц уншуулахаар урихад нь татгалзаж:

-Миний бие муу байна. Тэгээд ч зав муутай… хэмээгээд уучлалт гуйж байв. Дараа нь бидэнтэй мэндлээд эхнэртээ хандаж “Бас л нэг чалчигч” хэмээх нь илт цааргалсан шинжтэй бєгєєд бидэнд хандаж хэлэх ч шиг санагдсан билээ. Бид цай ууцгаалаа.

Гав гинжтэй хvмvvсийг гайтуулан хорьж

Гаднаас нь бэхэлсэн бєх тvгжээтэй
Бараалж харласан нvхэн шоронд
Баривчлагдсан тэдний тарчлахыг vзвэл
Уул гvвээ ч хотолзон атирч
Ус мєрєн ч тасалдан ширгэх байлгvй
Оросын нэрт яруу найрагч Анна Ахматовагийн бичсэн энэхvv алдарт мєрvvдийг мэдэхгvй хvн ховор биз ээ. “Ёжовын харгислалын аймшигт жилvvдэд би арван долоон сарын туршид Ленинградад шоронгийн хаалга сахиж, эргэлт оруулах дараалалд зогссон юм” гэж их яруу найрагч бичжээ. Ээжийгээ ийн эргэлтийн дараалалд зогсоосон зовлонт ганц vр нь эдvгээ бидний ємнє сууж байлаа.

Тvvх, газарзvйн ухааны доктор Лев Николаевич Гумилёв бол монголчуудын дунд vлэмж нэрд гарсан хvн бєгєєд харин тэр vед тєдийлєн их уншигдаагvй байсан юм. “Нева” сэтгvvлд хэвлэгдсэн “Цэцэлсэн шаштир”-ыг манай нэрт орчуулагч, vндэсний сэхээтэн Готовын Аким орчуулсныг нь ч бид тэгэхэд мэдээгvй байсан билээ. Яриа маань мєнєєх л “Нева” сэтгvvлийг тойрсон сон.
Удам угсаагаараа бахархъя гэхvл, ёстой л “Оросын бахархал” болсон гэр бvлд энэ хvн мэндэлжээ. Эцэг Николай Гумилёв нь удмын сэхээтэн, яруу найрагч, онолч, газар зvйч, нэртэй жуулчин байлаа. Хаант Оросын офицер хувцастай аавынх нь зураг хананд єлгєєтэй. Энэ хєргийг Наталья Викторовна бvтээжээ. Лев Николаевич манайхны нийтээр “пvvшиг” хэмээн нэрлэдэг тамхийг тасралтгvй татаж заншсан нэгэн ажээ. Тийм ч єндєр бус лагсдуу биетэй, нvдний нь зовхи унжсан, буурал эрдэмтнийг бид бахархан сонсож, ярьсныг нь тэмдэглэн суухад энэ их хvн зєвхєн монголчуудад хайртай элэгтэйдээ ч биш, гагцхvv vнэний тєлєє нугаршгvй зогсож чадсандаа л хэлмэгдсэн, ямар ч алхаар балбахад муруйгаагvй ган хадаас мэт санагдаж билээ. Цєллєг, шоронгийн хатуу хєтvv насных нь талыг авч одсон ч, энэхvv ган мэт эрийн аугаа их сэтгэлийг эмтэлж ч чадсангvй дээ гэж бодогдов.
Yхэж нэг амарлаа гэж
Yнэн сэтгэлээсээ, єєд бологсод баярлана
Олон шоронгийн сvрд дарагдаад
Орхигдсон балгас шиг Ленинград дvнсийнэ
Аймшигт хэлмэгдлийн, дарангуйллын жилvvд… Олон сая хvн энэ жилvvдэд хэлмэгдсэн юм. Золгvй хvv эцгийнхээ, эхийнхээ ємнєєс буруутан болох ёстой байжээ. Хувьсгалын дараа эцэг нь офицеруудын хэрэг гэгчид холбогдон буудуулжээ. Зєвлєлт засаг эцгийг нь буудаад дууссангvй, хvvг нь эцгийнх нь ємнєєс хорьсон байна.
Дєлгєєн Дон намуухан мяралзах шєнє
Дvгрэг сар цонхоор манайх руу шагайв
Хэлтгий тоорцогтой хээнцэр залуу болчихоод
Хэрзийсэн сvг шиг намайг vзээд цочив
Євчтэй зовсон нэг эхнэр байна аа, би
Єнчирч ядарсан эх хvн юм шvv, би
Эр минь шоронд, хvv минь шоронд
Энэрэл буян vйлдээрэй сар минь гэлээ би
Тэр жилvvдэд Анна Ахматова ийн залбирч байжээ.
-Танай манай ард тvмэн адилхан зовлонг туулсан юм шvv. Зовлон хvнийг ойртуулж нєхєрлvvлдэг юм. Гэхдээ Монгол шиг тvvх нь хэлмэгдсэн ард тvмэн vгvй биз ээ. Тvvхийн мандал бадралын алтан vеэ хараар будчихаад, vгvйрэл, сvйрлийн жилvvдээ алтаар бvрэх санаатай тийм чиг ухаантай ард тvмэн биш дэг ээ… гээд инээмсэглэв.

-Цус муудах гэдэг л энэ дээ. Монголчууд дэлхийн тvvхийн ясыг тулсан ард тvмнvvдээс vлэмж гавъяатай нь юм шvv. Чингис хааны байгуулсан Монгол Улсын тvvхийг мушгин гуйвуулснаас эдvгээ хvртэлх олонхи хvмvvст буруу тєсєєллийг єгч чаджээ. Яахлаараа ингэх болсныг би ерєєсєє ойлгодоггvй юм. Ямар ч байсан манай Оросууд энэ талд онцгой их хvчин зvтгэсэн улс. Баатарлаг гvрний тvvхэнд 200 гаруй жилийн турш толбо vлдээсэн учраас…ичсэн хvн ална гэдгэрхvv л юм уу даа. Бидний онолын их эцэг маань /К.Маркс/ “Тэд явсан газар бvрээ ээрэм цєл болгож, єн vржилт нутаг, хvн суусан тосгон сууринг ч vнсэн товрог болгож байлаа” гэж ч хэлсэн. Герман, романууд яагаад монголчуудыг, Чингис хааныг бусдаас илvvгээр vзэн яддаг юм, бvv мэд дээ. Дээрх vгээр бол монголчууд ердєє л салж бутарсан 700 мянга орчим хvнтэй байсан. Чингис хаан хэрэйд, найман, татаар, мэргидийг нэгтгэсний дараа ердєє л сая гаруйхан хvн амтай байсан. Тэгэхэд Хятад 80 сая, Хорезм улс 20 сая, Дорнод Орос гэхэд л ес орчим сая хvнтэй байсан юм. Одоо бол хятадууд л нэг зvг хєдєлбєл царцаахайн нvvдэл шиг юм болж мэднэ дээ… гээд зальжингуйгаар инээмсэглэв.
Тэрээр ихэд ёжтой ярих бєгєєд бидний зvг инээмсэглэн нэлээдгvй сонжин харах ажээ.

-К.Марксын vг гэхдээ зєвхєн “Оросын дипломатын нууц” гэдэг номонд л байдаг юм шvv. Танайхан ч аль эрт ишлэл болгож аваад улсынхаа тvvхийн номонд оруулсан байна билээ. Та нар ч тvvгээр нь хvмvvжсэн улс. Надтай нийлж ийм юм яривал эсэргvv болно шvv” гээд хєхvvнээр инээв.



-Танай манай vзэл сурталд таардаггvй, vндэсний vзэл гэдэг нэг их том дайсан байсан юм аа. Yндэсний vзэл хэрэгтэй юм шvv. Yндэсний vзэл бол том ард тvмэнд бусдыг дарангуйлах зэвсэг, бага ард тvмэнд бусдаас хамгаалах цайз хэрэм болдог юм. Монголчуудын хувьд цайз хэрэм юу юунаас нь чухал хэрэгтэй болж байна даа… гэж их эрдэмтэн хэлсэн юм.

-Би орос хvн. Єєрийн ард тvмэн, тvvхэндээ ч хайртай. Гэлээ ч vнэн бол vнэн л байдаг. 

Ямар ч ард тvмнийг дэлхийн тvvхэнд тєр улс байгуулж явсан тvvх оролцоогоор нь, vндэсний бичиг vсэгтэй болсноор нь, хvн тєрєлхтєнд тєрvvлж єгсєн суут хvvхдvvд, бvтээл туурвилаар нь тєлєєлvvлж авч vздэг юм. Зvтгэснээрээ л болгож байна. “Игорийн хорооны тvvх”-ийг IX-X зуунд биш, чухамдаа Монголын нєлєєнд орсноос хойш XIV-XV зууны vед зохиосон юм шvv. Ганцхан баримтаар л ярихад, уг зохиолд сумны vзvvрт хор шингээж харвасан тухай бичжээ. Yvнийг зєвхєн Донын эвенк ногайчууд, монголчууд л мэддэг байсан. “Нууц товчоо”-нд энэ тухай бичсэн байдаг. Оросууд vvнийг монголчуудаас мэдсэн юм. Эртний тvvхэн уран зохиолтой ард тvмэн болох гэж энэ дээ… Москваг монголчууд хэд хэдэн удаа эзэлсэн нь vнэн ч эвдэж бусниулаагvй юм шvv. Москваг польшууд л эвдэн бусниулж байсан, бас энэ хотыг галдан шатаасан Наполеон монгол хvн байгаагvйг бvгд мэднэ. Монголчууд Герман, Литва, Шведийн довтолгооноос Оросыг хамгаалж байсан юм… хэмээн олныг ярьсан билээ.


Ийн ярилцсаны эцэст бидний санаа зовниж, их эрдэмтний цагаас vрсэндээ уучлалт гуйн явахыг завдвал:

-Та нар чинь яагаа вэ, жаахан суу л даа… гэснээр бид хоёр цаг хагас хэртэй ярилцсан билээ. Наталья Викторовна “Манай Лев та хоёрт их л сайхан зан гаргалаа даа” хэмээхvл “Энэ хоёр монгол залуу чалчигч нар биш байна. Тэр чалчигчид ихэд хэцvv байдаг юм” хэмээгээд нєхєрсгєєр инээлээ.

-За, залуус минь, та нар намайг байцааж дууссан ахул би одоо асууя… хэмээгээд Монголын тухай нэлээд сонирхож билээ. Монголд очих уу хэмээн биднийг асуухад:

-Мэдэхгvй юм. Мєрєєддєг л байсан. Намайг урьж байсангvй дээ. Академич Майскийг урьсан нь дээр байсан биз… гэж тунирхангуй хэлсэн сэн.

Арслан одоо ч амьд хэвээр.
Монголчууд ангич, намч академичдын ботиудаас биш түүний номноос л өвөг дээдсийнхээ үнэн түүхийг олж уншсаар буй нь үнэн. 
-Монголчуудтай нєхєрлєж л явсан. Ц.Дамдинсvрэнг сайн мэднэ. Эхнэртэй нь нэг газар ажиллаж байлаа. Хvн муутайхан л хvн. Харин Ринченгийн тухайд бол гайхамшигтай хvн. Тэр хvн бол зєвхєн Монголоор бус, дэлхийгээр овоглох ёстой санагддаг. Майдар гэж нэг их єлссєн дарга эрдэмтэн манайхаар дайраад л гарсан. Нэг номыг минь авч яваад сураггvй болох шив дээ… гэхчилэн ярьж билээ. Би хожим энэ тухайд нь Майдар гуайд дурссан билээ.



Лев Николаевичийг тэр цагаас хойш монголчууд хайрлаж хvндлэн, урьж залсан л байх. Гэвч тэрээр манайд ирээгvй л байна. Юутай ч атугай тэр цагийн Ленинградын монголчууд буюу консулын газрынхан: Бадмаанямбуу, Пунцагдаш, Энэбиш нар энэ хvнд сэтгэл гарган хандаж “Мандухай цэцэн” киног vзvvлж, сэтгэлийг нь засаж байсныг мэдэх юм. МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн самбарт их эрдэмтний зургийг анх удаа миний найз Ц.Батзоригийн авснаар тавьсныг vзээд баярлаж билээ. Ийн би их эрдэмтнийд єнгєрєєсєн хоёр цаг хагасыг санан, 1989 оны хаврын тэр єдрийг бахархан дурсахдаа, ярилцах зуураа єєрийн хийсэн таталбар зургийн дээр их эрдэмтний єєрийн нь бичсэн дурсгалын vгийн хамтаар уншигчиддаа єргєвэй.

1992.5.30

0 Сэтгэгдэл:

Post a Comment