ШИМНУСЫН ӨМГИЙГ ОЧРООР ДАРАГЧ


Жалханз хутагт Дамдинбазар
(1874-1923)

"...эв нийлбээс бүтээн үл чадах үйлс нэгээхэн ч үгүй
эс эвлэвээс үл эвдрэх үйлс мөн нэгээхэн бээр үгүй..."
Жалханз хутагт Дамдинбазар

Итгэлт Бурам модот хийгээд Зөөлөн цогтын зүрхэн шимээр 
Эрдэнэт шашины лянхуан цэцэглигийг мөшөөлөгч ногоон морьт 
Этгээд харын зүгийн шимнусын аймгийн байлдаанаас тийн ялсан 
Их нууцын эзэн Дамдинбазарын өлмийд залбирмой.
"Жалханзын залбирал" хэмээх төвд судраас

I. НОМЫГ БОЛГООЖ, ТӨРИЙГ ХИЧЭЭВ


- Өнгө л бол улаан байх уу?
- Өнгө л бол улаан байдаг юм бол, номын цагаан дунгийн өнгө чинь улаан болох уу?
- Номын цагаан дунгийн өнгө чинь цагаан юм болохоор өнгө болно. Номын цагаан дунгийн өнгөтэйгөө нэг юм болохоор цагаан болно. Цагаан юм болохоор, номын Цагаан дунгийн өнгө чинь улаан биш болно„ Улаан биш юм болохоор, номын цагаан дунгийн цагаан өнгө, бадмааргийн улаан өнгө хоёр сууриараа үл зохилдоно. Иймд өнгийг гагц улаан гэж, улааныг гагц өнгө гэж, эсвэл цагааныг улаан гэж, улааныг цагаан гэж ухаарч болохгүй гэнэ. 
Ийм маягаар цагаан, улаан, хөх, шар дөрвөн үндсэн өнгө, түүн дээр үүл, манан, утаа, тоос, гэгээн, харанхуй, сүүдэр, нарны гэрлийн найман гишүүн өнгө, бас түүн дээр хөх шар хоёрын дундаас гарсан ногоон, улаан шар хоёрын дундаас гарсан хөх, улаан хөх хоёрын дундаас гарсан хар өнгийг өөр хооронд нь сүлжилдүүлж, эцэст бүр өнгө дүрс хоёрын холбоо хамаарал руу шилжин орно. Ингэж цагаан, улаан өнгийг ялган хэлэлцэж, өнгө, дүрс хоёрыг магадлан шинжлэхээс эхлээд, үзэгдэл юмсын бэлгэ чанарыг шалтгаан үрийн холбоонд нь авч үзэж, нээн шинжилдэг Бурханы шашны гүн ухаанд мэргэжихээр 15 дугаар жарны хар усан луу жилийн /1892/ намар цаг Халхын Их хүрээний Гунгаачойлин хэмээх гүн ухааны дацан сургуулийн номын хуврагийн тоосонд багтаж ирээд байсан 19 сүүдэртэй залуу шавь бол эдүгээгийн ардын засгийн газрын гурав дахь ерөнхий сайд асан бөлгөө, самади багш, бэйл, номун хан, цэцэн ширээт, түгээмэл сайд, гүжир хамбо, номч мэргэн егөзари бандида, Жалханз хутагт Дамдинбазар байлаа. Тэрбээр Засагт хан аймгийн хотгойд гүн Загдсамбарын хошууны газраа Алтанбулаг хэмээхийн ойр шадар Бугын толгой хэмээхэд эцэг Цэдэнсодном (Соном), эх Содном хоёрт 15 дугаар жарны "хөх" хэмээх модон эр нохой жилийн (1874) "сага" хэмээх монголын дөрөвдүгээр сарын (зуны эхэн сар) 9-нд бие лагшин мэндэлжээ.
"Жалханз" гэдэг нь угтаа "ялгуусны байшингийн орой үзүүр" гэсэн төвд үг бөгөөд үргэлжид ялгуусны давхарлаг харшийн үзүүр оройд сууж, номыг болгоон бясалгадаг асан, тэрхүү ном бүтээлийн алжаал чилүүргүй хичээлээр нь Төвдийн Галдан хийдийн XXV ширээт Балжиржамцыг тийнхүү "Жалханз" хэмээн нэрийджээ. Хожмоо тэр их эрдэмтэн ламын хойт дүр болгож Жалханз хутагтуудыг монгол газраа залах болсны найм дахь нь энэхүү Дамдинбазар болой. Монгол газраа тодорсон Жалханз хутагтын ихэнх дүрүүдийг Ар таван хотгойдын нутаг газрыг тал хуваан урссан их уст Дэлгэр мөрний цэнхэр урсгалаас төөрч түдэлгүй урд хойт биенд нь эргэж төрсөөр ирсэн гэх бөгөөд, үнэндээ ч IV дүр Галсандамба-Яринпил нь "Хотгойд" хэмээхийн газраа, их уст Дэлгэр мөрөн хэмээн алдаршсаны ойр шадар, Хунцэн уулын өмнө Хөх цавын Зэндмэнь толгойд эцэг дархан ноён Дорж, эх Хүлзандара хоёрт", V дүр Балжирлхүндэв нь "Их уст Дэлгэр мөрөн хэмээхийн ойр шадар Дэлгэрхаан уулын өмнөтөд Дашлүнгийн голд эцэг хиа дархан ноён Дамдинжав, эх Засагтханы охин эрх ноён Цээпил хоёрт", VI дүр Лувсанцүлтэмчоймбэл нь "Эрчим хэмээх уулын өмнөд бие Тал булаг хэмээх газар эцэг Зоригтхан хэмээхийнд" VII дүр Лувсанжалцан нь "Ахай бэйсийн хошууны Наранбумбат хэмээхийн газар эцэг гүн Ниламбара, эх Ахай ижий хоёрт" мэндэлжээ. ("Жалханз гэгээний монгол оронд дараалан залагдсан дүрүүдийн намтрыг товчлон хурааж зохиосон" хэмээх төвд судар). Энэ тухай өгүүлэх бус, өгүүлэх нь:
Угаас Их Хүрээний. аграмба Жигжид, Бишрэлт вангийн хүрээний Агванжамбажалцан хийгээд бас аграмба Пунцаглхүндэв, "Ноён ламын ёнзон" хэмээх Минжүрдорж тэргүүтэн Хутагтын их их ёнзон багш нар нь түүнийг бага балчрын цагаас нь хатуу чанга барьж, "Хутагтын зүүвэр нэрэн дор хурга торго хоёрт хөлбөрсөн хуурмаг хөдхийн оюунт нэгэн болгохгүйн" тухайд үгийн хатуу, суртахууны чангаар "торлогдож" хүмүүжүүлсний ачаар зургаагаас арван долоон насыг хүртэл ухаанд орохын үүд болсон төвдийн сав, шар үсэг, монгол бичиг тэргүүтнийг унших бичихэд суралцаж, бие, хэл, сэтгэлийн гурван хаалгыг сонсох, санах, бясалгахын гурван эрдэм, номлох, тэмцэх, зохиохын гурван үйлд төгс нээжээ. Хутагтыг ийн Их хүрээнйй дацан сургуулийн газраа ирээд удаагүй байтал, VIII Жэвзүндамба хутагт Агванлувсанчойжинямданзанванчиг бээр дэргэдээ дуудуулж авчраад, их л нарийн хэргийг зөвлөж ийн өгүүлжээ.
"Эдүгээ цагийн олонхи хүний санааг мэдэхэд тун хэцүү байна. Орон ахуйн ийм үест та, миний шашин төрийн үйлийн хүнд үүргийг хүлээн авч, машид хичээн хянах хэрэгтэй цаг болсон байна шүү! Иймд миний дэргэдэх гүжир хамбын үйлийг биеэр ирж эрхлэх хэрэгтэй байна. Түүгээр ч барахгүй бидний улсын зүг чиг чухам хаашаа болохыг ч би мэдэхээ болилоо. Ийм болохлоор Миний санасан бүх хэргийг та л бүтээх хэрэгтэй байна /"Жалханз хутагт Дамдинбазарын намтар - сайн чуулганы хаалгыг нээгч" хэмээх төвд судар/ гэх зэргээр маш их дотночлон, учир шалтгааныг нарийвчлан айлтгасанд, Жалханз хутагт, нэгд багшийн зарлигийг бүтээхээс илүү ачлал гэж үгүй, хоёрт шашин амьтны тусыг хийхээс илүү буян гэж үгүй хэмээн Богд эзний эл зарлигийг оройгоороо бөхийн авчээ.
"Гүжир хамбо" хэмээх, шашин төрийн хэргийг зөвлөн шийтгэх Богд эзний шадар дэргэдийн зөвлөхийн хувьд Дамдинбазар хутагт хотгойдын газраа агч өөрийн шавийн Равданчойнхорлин хэмээх номын хүрээнээсээ жил бүр, заримдаа бүр жилд хоёр ч удаа Богд эзний дуудлагаар Халхын Их хүрээнд морилж, бас энэ завсар өөрийн шавийн орон хүрээнээ жил бүр заларч, Манж эзний зарлигаар Ховдын Шар сүмийн ширээт ламаар гурван жил залагдаж байсан, энэ бүгд нь чухамдаа төрийг засах, номыг тэтгэх, цагийг төвшитгөх их хэргийн учир зорилгынх гэнэ.
Тэрбээр олноогийн хоёрдугаар онд (1912) Хиагтын хязгаарт Оросын ноёд түшмэдүүдтэй хэлэлцээр хийж, орон газрыг түвшитгэсэн, олноогийн дөрөвдүгээр онд (1914) Ойрадын хязгаарт нутгийн ноёд түшмэдүүдэд Богдын зарлиг, улсын бодлогыг ухуулан сэнхрүүлж, цагийн самууныг арилгасан, олноогийн аравдугаар онд/1920/ Хятад, Монголын хил хязгаарт цэрэг дайны түгшүүрийг намжааж, олноогийн арван нэгдүгээр онд /1921/ Заяын хүрээний газар гарсан цагааны цэргийн сүйтгэлийг "зөөлөн хатуу аль зохист аргаар" хорьж, олныг амаржуулсан зэрэг шашин, төрд харштай бүхий л хэргийг амирлуулах арилгахын төлөө шашны "дээд бодисадва", төрийн "үнэн цагаан боолын" ёсоор бие сэтгэлийг өгч явж.

II. ТӨРИЙГ ТЭТГЭЖ, УЛСЫГ САХИВ


"...Өөрийн биеийн алжаан зовох зудэхийг хэрэгссэнгуй, дайсан цэргийн өмнөөс одож, сөнөөн даралцаж явалцсан нь болбол ...шашин төрийг төвшитгэх, олон шавь нар, нийгмийн амрах жаргахыг эрхэлсэн хэргийн төлөө мөн. Хөнгөнөөр хүн алахыг үзэж, хэрэгт дурласан буруу үзэгдлийн ёс бус аа"
"Самади багш Жалханз хутагтын гэрээс бичгээс"

"Олноогийн хоёрдугаар он" гэж хоёр зууныг өнгөрөөж, нэгэн мөчлөгийг бараглан үргэлжилсэн Манжийн хуучин цагийн бошгыг халж, шувууны хоёр далавч мэт тэгшээр шашин төрийн ихэр хоёр ёсыг хослон барьсан Богд хаант улсын төр тусгаар тогтсон хоёр дахь жил Энэтхэг, Түвд, Монгол номт гурван хос ёст төрийн уламжлалаар төрийг үүсгэх сахих гурван их хэргийн эхнийхийг бүтээсэн хоёр дахь нь түүнээсээ хэцүү гурав дахь нь хоёроосоо бүр ч хэцүү аж. Энэ үед Монголын тогтоосон нэг хэрэг боловч, дотоодод тэтгэн зохиох их хэрэг түүнээс илүү байлаа. Энэ үед Богд хааны газраас Жалханз хутагт Дамдинбазарыг хязгаарыг илбэн тохинуулах сайдаар томилж, гар дор нь баргын Дамдинсүрэн гүн, Гадаад монголын Магсаржав гүн, Дотоод монголын Хайсан гүн нарын дэд дэс, зөвлөн туслах сайд, жанжингуудын удирдсан халх соёд, барга цахар олон монгол цэргүүдийг өгч, Монголын баруун хязгаараар үүрлэн эзэгнэсэн Ховдын манж амбан, хятад цэргийн ноёдыг дайлаар мордуулсан юм. Манай хууччуулын "Ховдын дайн" гэж нэрлэдэг монгол орноо тохинуулан засах энэ хөдөлгөөнийг төгс ялуулахад Манж, Хятадын давхар далд эрхшээлд байсан Дөрвөд далай хан, Урианхайн хязгаарын бэйс, гүнгийн зэрэгт олон ноёд, тэдний дор татагдаж ирээд байсан дөрвөд баяд мянга гаруй цэрэг эрсийн санаа бодлыг талдаа авах явдал нэн чухалд үзэгдэж байв. Энэ үед Жалханз хутагт урьд өмнө энэ газраа Ховдын шар сүмийн ширээт байсан номын багшийнхаа их нэр хүнд, эрдэмт хутагтынхаа эрх сүрийн дор тэр бүгдийг хураан засаж, өөртөө дагуулан чадсан нь Дамдинсүрэн, Магсаржав нарын удирдсан монгол цэргүүдийн Ховд хотыг чөлөөлж, Манж амбаныг буулгах их тэмцэлтэй эн тэгшхэн гавъяа хуваалцах нэн чухал үйл хэрэг байлаа. Ийнхүү олноогийн хоёрдугаар оны долоон сарын наймны шөнө үхэр цагийн үес Ховдын зүүн хойт Рашаант уулан дээрээс Жалханз хутагтын, Очирвань сахиусны хатуу тарнийг урьж, догшин үйлийг бясалгаж, харын зүгийн шимнусын өмөг садны аймгийг үйлийн оромгүй болтол нь хайлан түймэрдэх сорын галыг залж, амин сүнсгүй болтол нь талхлан тээрэмдэх их буун дууг хэдэнтээ тавьж, дайсан чөтгөдийн сэтгэлийн хүрээг хоосон хүүн агаарт өм цөм онож байхад, Дамдинсүрэн, Магсаржав нарын удирдсан монгол цэргүүдийн тавьсан сум ч манж, хятад цэргүүдийн сөсийг хэмхлэн, амийг аван, худалдааны хот, сангийн хотын хуучин муу шавар байшин, хана хэрмийг зад сэт цохиж байжээ. Удалгүй манж амбан малгайд хадсан улаан жинсээ авч, хятад журган гарт барьсан цагаан далбааг босгон буун өгч, Монголын баруун хязгаараа хоёр зуун хорин оныг өнгөртөл тэсэн тогтсон Манжийн төрийн төмөр дөнгийг нэгэнт хэмхлэн эвдсэн тул Жалханз хутагтын тааллаар Ховдын дайнаас олзлогдсон найман зуун хятад цэрэг, бас Улиастайн газар хоригдсон зуу гаруй худалдааны сул иргэний амийг өршөөн хэлтрүүлсэнд бүгд баярлалдан, мөргөн сөгдсөөр нутаг буцжээ. Энэ бол амбасын төрийг товроглохдоо бясалгалын рид хүчийг үзүүлж омгий нь шантлаад, олзлогдсон хоригдсоны нь амийг хэлтрүүлж, нутаг буцаахдаа хутагтын нигүүлсэнгүй энэрлийг хүртээж, дайсандаа хүндлэх бишрэхийг төрүүлсэн нь Хутагтын тэмцэлдэх эвлэлдэхийн тухай дахь мэргэн аргын зохионгуй ажээ. Энэ ялалтын учир Богд эзнээс Жалханз хутагтад эртний Энэтхэгийн номын хэлээр "самади" буюу "бясалгагч" хэмээсэн утгатай "самади багш" цолыг хүртээж, Жалханз хутагтын айлтган мэдүүлснээр Дамдинсүрэнд "манлай баатар", Магсаржавт "хатан баатар" цолыг шагнажээ.
Ингэж Монголын төрийг үүсгэн тогтоосон, тэтгэн зохиосон хоёр хэрэг боловч, гадаадад сахин хамгаалах гэгч түүнээс их хэрэг байлаа. Нэгэн инчдэхийн зуур гарын алгыг урвуулах лугаа адил, нэгэн хэсэг ноёдын үг урвахын төдийд цагийн самуун төрийн хямралыг хэдэн он дамжуулан алдаж, чухамхүү зуун жилийн амгалантай тэнцэх нэгэн мөчийн тайвшрал гэгч монгол орноо олдохуйяа бэрх болов. Энэ тухай Магсаржав хурцын түүхэн сурвалжаар эш хийн өгүүлэх нь: Олноогийн есдүгээр оны зуны сүүл сарын үес. Хятадын элчин Чень-И Богд хаант засгийн эрхийг устгахаар сэдэвлэн бүхийд олон монголчууд илт дургүйцэж байсан цаг. Богд эзэн эл хуувийн хэрэг хулгуух санааг хорьж, автономит засгийг уг хэвээр тогтнуулахын тухайд Хятадын Их Жунтанд нууц захидлыг бичүүлж, Дайчин жонон вангийн хошууны гүн Гомбыг зарж илгээв. Гэвч тэрбээр уг хэргийг нэвтрүүлж эс чадаад, "өөр ихээхэн лам ноёдоос нэгийг ирүүлтүгэй" хэмээн цахилгаанаар мэдээлсний учирт, Богд хаант засгийн эрхийг устгуулахгүйн тухайд Жалханз хутагт Дамдинбазарыг араас нь яаравчлан томилжээ. Хутагтын бие Их жунтанд бараалхаж хэргийн байдлыг илтгэх учир зөвшлийг хийгээд, Их жунтангаас "...Хутагтын тааллаар автономит засгийн эрхийг хэвээр хадгалж болмой хэмээх үгийг сая сонсон магнай тэнийж "хэрэг бүтэв” хэмээн ихэд баярлан гэдрэг эргэхийг яаран завдан байтал, гэнэт Хүрээнээс Гадаад Монгол өөрөө гуйн өргөж, автономит засгийг устган, Дундад иргэн улсад нэгтгэн захируулав хэмээн цахилгаан мэдээ Бээжин засгийн газраа нэвтрэн очсон явдлыг тодорхойгоор сонсоод Жалханз хутагт их л гомдон, сэтгэл харамсчээ. Тэр чөлөөг яаравчлан олж Сюй Шу Жан Бээжинд эгж очоод, Жалханз хутагтыг битүүлэг харгалзуулан авч гараад, Жанчхүүгийн давааны ард дагагсдыг нь орхигдуулж, гагцхүү өөрийг нь Их хүрээний газраа яаравчлан оруулж иржээ [Магсаржав,1994,х.156].
Үүнээс хойш Монгол орон харгис чонын амнаас гараад, галзуу барын аманд орох мэт болж, бас засгийн эрх, төрийн тамга булаалдсан богинохон настай засаглалууд Жалханз хутагтыг дундаа булаалдан байсан тэр үес, гамин хэмээх Хятадын хар цэрэг, хүрээ даяарыш түйвээн сүйтгэж, Богд эзнийг сэжиглэн хардаж хулгайн гэрт хорин, урьд өвөл нь орж ирснээс хойхно, дараа жилийн нь цагаан сарын эхээр "Их жанжин" хэмээх орос барон Унгерн, "Монгол жанжин" хэмээх Лувсанцэвээн нарын мэхэнд орсон хулгайн цэргүүд ихэд уулгалан орж ирж, гамин цэргийг үлдэн хөөж, урьд тэдний буулгасан Богд эзэн, Эх дагина хоёрыг сэнтий суудалд нь сэргээж залав. Энэ үед Хатанбаатар ван Магсаржав, гүн туслагч Цэрэндоржийн зэрэг сонгуулийн хүмүүсийн хэлэлцсэнээр, "Богд хаантнаа сонсгон айлтгаж зөвшөөрөгдсөний учраа" Ерөнхийлөн шийтгэгч сайд бөгөөд дотоод яамны тэргүүн сайдад Жалханз хутагт томилогдов. Гэвч Жалханз хутагт цагийн байдлыг хянан, төрийн хэргийг шинжлээд чухамхүү эзэн нь албатдаа, эцэг нь хүүдээ итгэхүйеэ бэрх болсон тэр цагийн, үгээ нууж санаагаа далдалсан олонд "улаан", "цагааныг" ялган зааж өгсөн юм. Тэр үед» Жалханз хутагтад, Хиагтын газраа байсан Сүхбаатар нарын ардын намын нөхдөөс "...бидний бие угаас, их хэргээс зайлсхийх санаагүйгээр оролцоод, эдүгээ хүртэл халиран эргэлзэх сэтгэл огт үгүй анхны байдалд хэвээр бөлгөө...Барон Унгернийг монгол газраас үлдэн гаргах явдлыг даруй эс үйлдвээс, арван зүгийн гамшиг зовлон харанхуйлан бүрхэж, үндэс язгуур байтугай газар шороо балрагдах цаг хагас сарын хэмжээ болно. Энэ учир...таны бие ба Хичээнгүй гүн, Дүйнхорын да лам та гурав буюу эс бөгөөс тэргүүн хоёр хүн яаран өдөр шөнөгүй 
довтлон ирж, найрамдалтайгаар хэлэлцэх хэрэгтэй болохыг толилуулъя" (Чойбалсан нар, х.156- 257) хэмээн бичиж байлаа.
Тэр үед бас цагаан оросын этгээдээс Улиастайн газар орны хүн ардыг сүрдүүлэн айлгаж, хүн хөрөнгийг сүйтгэн дайчилж, элдэв гашууныг учруулавч хэлэх нэвтрүүлэх газаргүй хэлмэгдэн зовж байгаа сураг чимээ өдөр өдрөөр Хутагтын сонорт хүрч байлаа. Ийм үед Жалханз хутагтын бие ерөнхий сайдын барьсан тамгыг Манжушри хутагт Цэрэндоржид хамааруулж орхиод баруун хязгаарыг илбэн тохинуулахаар мордсон юм.

III."Цагааныг хорьж, “улааныг” эгээрэв


"Хорлох сэтгэлийг тусаар хариулах 
Ирэх дайсныг аргаар өнгөрүүлэх 
Хилэнцэтнийг номоор номхотгох..."
"Гэрээс бичгээс"

Жалханз хутагтын шавийн нутаг гэж хонины сүүжний хэлбэрт хотгойд таван хошууны нутгийн сүүжний толгойн нүх мэт хэсэгт нь багтсан бага шиг газар. Жалханз хутагтын хүрээ гэж Өлзийт Баянзүрх хайрхан руу жишиг харсан, бүсэлсэн цэргийн хүрээ мэт дүгрэг цагаан аманд байх шашин номын нэгэн тохилог хуврагийн аймаг. Баруун хоёр хязгаарыг илбэн тохинуулах сайдын үүрэг хүлээсэн Жалханз хутагт олноогийн 11 дүгээр оны хаврын адаг сард энэ хүрээндээ ирснээс хойш, баруун хоёр аймгийн цэргийг шалган үзэж, дайчлан захирах сайд Хатанбаатар дархан вантай хамт, Зөвлөлтийн улаан цэрэгтэй холбоо тогтоон цагаантны эсрэг тэмцэлд цөм олны итгэмж, бат санааг дагуулж тэр мэтээр өдүүлэн хөдөлгөж илбэн тохинуулахад хүчин туслалцаж байв. Олноогийн 11 дүгээр оны таван сарын гучинд Сүхбаатараас Жалханз хутагтад явуулсан нэг захиандаа: "Номын ачит багш таны эрдэнэт лагшин, түмэн амгаланг алс хол өндөр уул, өргөн усны далдаас, мэхийн хичээнгүйлэн наманчлан айлтгахаас гадна захидал өргөн сонсгох учир, Харьяат ардын цэргийг дайчлан мордож, хулгай Унгернийг орон нутгаас үлдэн гаргаж...шашин төрийг бат хамгаалан, түмэн ардыг амаржуулах энэ нэгэн хэрэгт...туслахыг" [Сүхбаатар,1982,х.131] гуйжээ. 
Үүнийг хүлээж аваад Жалханз хутагт Дамдинбазар өөрийн шавийн газраас, туслаар яваа улаан оросын цэргийн ангийн дарга нарт 1921 оны долоодугаар сарын 30-нд илгээсэн захидалдаа "Зөвлөлтийн цэргийн дарга нарыг баяртай хүлээн авах ба цагаантны эсрэг Монгол, Зөвлөлтийн цэрэг хамтран тэмцэж байгааг дэмжиж байгаа болон тэдэнд өөрийн зүгээс боломжтой бүх тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ". Ийнхүү сайд Жалханз хутагтын газар нь баруун хоёр хязгаарыг илбэн тохинуулах төв, Хатанбаатарын голлон сууж цагааны оргодол хулгай нарыг цохиж байсан Улиастайн сайдын газрыг Хатгалын улаан цэргийн ангитай холбосон дундад замын орос, монгол цэргийн сэргийлэн хамгаалах алба болж байжээ. Иймийн учир Магсаржавын өргөсөн бичиг захидалд "...сайд Жалханз хутагтын газраас уламжлан Зөвлөлт засгийн Эрхүү хотын цахилгаан мэдээгээр..." Барон Унгерн цохиулсан цэргийн хамт Монголын хилээр цөмрөн орсон тухай мэдээг аваад, мөнөөхөн сайд Хутагтын газар буй Орос монгол цэргүүдийг угтан сэргийлүүлэхээр мордуулсныг дурджээ. Бас Хатанбаатар Магсаржавт олноогийн 11 дүгээр оны долоон сарын 18-ны өдөр сайд Жалханз хутагтаас довтолгон ирсэн бичгийн дотор "Цагаан намын мянга гаруй хүмүүс Засагт хан аймгийн ахай бэйл Цэдэндоржийн нутагт Тосон хэмээх газар буудаллав. Үүний дотор Барон явалцмуй...манай газраас (Жалханз хутагтын газар) сэргийлэн мордуулсан орос, монгол цэрэг Ахай бэйлийн нутагт хүрч, чанад цэргүүдэд ойр очоод улаан нар, Хатгал дахь цэрэг лугаа нийлж хүчин нэмэгдүүлж учралдмуй хэмээгээд, харин монгол цэргийг дагалдуулан хойш хөндийрөн явав хэмээх мэдээ ирэхүйд...хутагт би биеийг түр өөр газар шилжиж байхыг шийдвэрлэв" [Сүхбаатар,1982,х. 173] хэмээн бичжээ. Жалханз хутагт ийнхүү илбэн тохинуулах сайдынхаа үүргийн ёсоор олноогийн 11 дүгээр оны хаврын адаг сараас, 12 оны хаврын шинэ сарыг гартал их төлөв өөрийн шавийн Цагаан хүрээндээ сууж, цагааны гол гол хүчүүдийг сарниулан цохиж дууссаны дараа, олноогийн 12 дугаар оны /1922/ эхээр Ардын Намын Төв Хорооны дарга Данзаны биеэр ирж, Ардын засгийн газрын ерөнхий сайдаар урьсны дагуу Нийслэл хүрээг зорин хөдөлжээ.

IV. Хаадын төр батдаж, шавь нар жаргах цаг...


"...ёсоо сахисан гэлэнг Ерөнхий сайдын тушаал хүлээлгэснээ шарын шашныг эрхэмлэж буй хэмээн зүүдэлж байна уу?" Ийм үгтэй захидлыг олноогийн 11 дүгээр оны гурван сарын 23-нд Хиагт дахь ардын намын журмын нөхдөөс Хүрээний нөхдөд бичиж байжээ. Энэ бол "Бароны босгосон төр" гэгдэх Богд хаант улсын үед Жалханз хутагтыг Ерөнхийлөн шийтгэх сайд бөгөөд дотоод яамны сайдаар томилогдсон даруйд хэлсэн үг. Үүнээс бүтэн нэг жилийн дараа ардын засгийн газраас мөнөөхөн "Жалханз хутагтыг ерөнхий сайдаар томилсон явдал бол ардын засаг шашныг дайран довтлох гэж байна гэсэн хувьсгалын эсэргүү цуурхал хүн амын дотор хүчтэй дэлгэрч байсныг тас цохих зорилготой байсан" [Ширэндэв,1969,х.404] аж.
Цагийн булхайг илчилсэн энэ хоёр үгний дундуур ерөнхий сайд болж гарч ирсэн Жалханз хутагт харин, язгуур үндсээ хамгаалж шашин юугаа өнө үүрд мандуулбал, "хаадын төр батдаж, шавь нар жаргах цаг ирнэ" хэмээн энэ нэгэн хувилгаан биеийн тавин сүүдрийг бартал Богдын төрд ч, ардын засагт ч цэрэг зэвсгийн дунд алжаалыг умартан зүтгэсэн, бас ч зүтгүүлсэн. Харин харамсалтай бөгөөд халаглалтай нь Хутагтын тэр хүссэн "хаадын төр батдаж, шавь нар жаргах цаг" гэдэг нь цэцэг туурцгаа нэгэнтээ гүвэхийн төдий богинохон зай хугацаа аван үлдээд байсан, Хутагтын таалал төгсөх үеэр хэмжигдэн дуусахын хувьтай байж. Энэ тухайд ч Жалханз хутагт ерөнхий сайд болоод байхдаа ихэд сэжиглэн "язгуур үндэс өндөр нэгний үгэн дор багтаж...гадасгүй согтонги заан мэт алжаас буруугийн замд орвол өөрийгөө ч бүрэлгээд, өрөөл бусад бүгдийг ч гутамшиг болгомой..." хэмээсэн нь хэтэрхий хүчтэний дураар авирлахын галзуу заан чанга буруу үзлийн замд осолдвол, эцэст өөрийн амийг сүйтгэхийн сац, өрөөл гэмгүй олныг хөнөөн дуусгадгийн гэм хоригийг хэлсэн санаа ажээ.
Ийнхүү Жалханз хутагт Дамдинбазар бол Хятадын Сюй Шу Жаны хар цэрэг хаалга тэмтрэн хаяа сөхөн орж хүрээ даяарыг сандаргахад харын хүчийг тогтоон барьж цагаанд эргүүлэн, Хаант оросын урвасан хулгай Барон Унгерний цагаан цэрэг чөлөөг олж цагийг эрж улс гэрийг үймүүлэхэд цагааны хүчийг хард тавьж 
улаанд хорин, Зөвлөлтийн засагт орос улсын улаан цэрэг тусламжийг үзүүлж тулгар төрийн нээхэд улааны хүчийг цагаанд тавьж, улсыг тогтоон төрийг тэтгэн авч гарсан тэр цагийн монгол төрийн ухаанд үнэлэгдах нэр, үлдэх мөр бүхий шашин төрийн том зүтгэлтэн байлаа. Ийнхүү Жалханз хутагт бол язгуур үндсээ хамгаалах, шашин юугаа өнө үүрд мандуулах чинхүү ганц санааны дор, Монголын шашин төрийг 6арих, тэтгэх, сахих гурван их хэргийн тухайд "засгийн эрх баригчдын бодлого явдал сайнгүй болсноос...", эсвэл "улс төрийн эрхийг баригсад санаа зорилгыг нэгтгэн засгийн хэргийг шударга түвшнээр явуулан эс чадсанаас...", эсвэл "цөөн заримууд нь нэр ашигт хэтэрхий шунахайрснаас..., эсвэл "улс төрийн эрхийг барьсан цөөн тооны хүмүүс өөрсдийн зоригоор эзэрхэг засгийг явуулснаас үүдэж...", улс төр самуурч, олон түмэн үймдгийг ирсэн гурван төр, ирэх хэдэн төрийн нүүртэй нь хамт нэгэн утганд багтаан сургасан, төрийн мэргэн түшмэл байлаа.
Ийнхүү Жалханз хутагт бол энэ насны хэргийг жаргалын утга чанарт ухаарсан сул харын ёс, энэ хорвоогийн явдлыг зовлонгийн мөн чанарт оносон шарын ёс, энэ насны хэргийг сургасан төрийн журам, эцэс хойт насны хэргийг номлосон шашны зарчим хоёрыг тэгш онож, хонь чоно хоёрыг нэгэн онгоцноос услах мэт номын ухаан, төрийн ёс хоёрыг нэгэн эдэлж, "номд мэргэн болбол, ертөнцөд мэргэн болохын үлгэрийг үзүүлж явсан номын дээд багш байлаа.
Ийнхүү Жалханз хутагт бол санскритээр "аръя”, төвдөөр "пагба", уйгураар "хутагт", монголоор "үлэмж хэтэрхий" гэдэг, билгүүнээр мунхгийн харанхуйг гийгүүлж, нигүүлсэхүйгээр зовлонгийн мөрөөс гэтэлгэхийн үлэмж дээд хоёр эрдмээр эглийн газраас хэтийдсэн номын дээд хувраг байлаа. 
Олноогийн 12 дугаар оны хавар цаг. Шавь олондоо "Анги багш" хэмээн ихэд хүндлэгдэх, Мөрөнгийн хүрээний их гэрган багшийн дөрвөн ханатай номын өргөөнд Жалханз хутагт их л тухлан заларчээ. Багштан гэрийнхээ ганц мухар сандал дээр гурилынхаа гамбанзыг хана түшүүлэн тавиад, орхимжоороо бүтээн, урьд нь аяганы явган ширээ зассан нь энэ номын бор гэлэнгийн, Гэгээнтнийг хирээрээ хүндлэн зассан “сэнтий суудал” ажгуу. 
Гэгээнтэн хоргой хавчаартай, чихгүй, зургаан тал торгон тоорцогтой, мухар ханцуйтай, хиазтай захтай, шар торгон дээлтэй, цэнхэр дурдан бүс ороочихсон, хятад эрээн луучин гуталтай, өргөөний баруун хоймор морилжээ. Гэгээнтэн, Анги багштан хоёр шашин ном, цаг төрийн явдлыг их л удаан ярилцсаар зүүдний бясалгалдаа жаргахад, Анги багштан өнөө оройны цогчин дуганд Гэгээнтний тавьсан цогдом, хүрээний ламсуудын ном үзэхэд хир сууж, дүлбаа жаяг алдагдаж буйд тун хилэнтэй, хатуу чанга зарлиг ч юм уу, гэрээс ч юм уу, нэг л зөн совинт айлдвары нь бодсоор нойрсжээ. Маргааш өглөө нь Гэгээнтнийг чийчаан тэргээр морилоход Анги багштан араас нь удаан харж зогсохдоо "Хүрээ, хүрээ л гэнэ, хүүрээ л ачуулж ирэх хуна!" гэж хардсан ч гэх үү, харамссан ч гэх үү, гэнэт алдсан үгийг нь багшдаа бараа болж явсан сүсгийн номхон шавь нь гайхан сонсож байсан бол, тэрхүү үгний үнэн мөнийг цэцэг туурцгаа нэгэнтээ гүвэхийн төдийд үзэх гашуун хувь хэдийн тохиочихоод байсныг яаж ч анзаарах билээ. Ардын засгийн ерөнхий сайд Жалханзын лагшин учир битүүлэг чилсээр...монголын олон ард сүсгийн мяндсан утсаар амь насыг нь чангаавч эргүүлж дийлсэнгүй.
Гэгээнтний гүдэнг залаад нутагт нь буцааж явна. Энэ зам Нийслэл хүрээнээс Мөрөнгийн хүрээ орох зам бус, эх орныхоо төлөө зүтгээд, эзэнгүй аллагын эрээн могойд хатгуулсан эх оронч дээдсийн, түүхийн хүрдийг тойрч буй зам! "Энэ замаар" Өвгөн хутагт Занабазар, Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимид, Их жанжин Сүхбаатар...бүгд "явсан". Аргат туулай арслангийн аманд багтаж амьдрах гэгч энэ буюу.
Ийнхүү Замбутивийн хойт зүгт Долоон алтан уулын дунд арвис нууцын эзэн Очирвань гэж явсан, Энэтхэгийн газраа "Саран хөхөөний туужид" гардаг Машока хаан гэж явсан, Төвдийн газраа "Хөвгүүн номын арван гурван шатны үлгэрт" гардаг Бүхнээ бидэгч түшмэл болж явсан, бас Балбын орон, Хачийн газар, дээр тэнгэр, доор лусад төрж, улсын хаан, цэргийн баатар, номын багш болж, заримдаа солонгын биетэй болж явсан урьд урьд төрлөөсөө Ар таван хотгойдын газар Содном эхийн хэвлийд оршин Монголд мэндэлсэн Жалханз хутагт эдүгээ хаана төрөхөөр сансрын хүрднээ алдуурсныг яахан мэдэх билээ. Мэдсэн нь гагцхүү Гэгээнтэн орь залуугийн цагаас "Гунгаачойлин" хэмээх гүн ухааны дацан сургуульд шүүмжлэн хэлэлцэж эхэлсэн улаан, цагаан, хөх, шар дөрвөн өнгөнийхөө бэлгэ чанарыг тавин сүүдэр хүртлээ үзэн щинжилж, ийнхүү Богдын шар цэрэг, Хятадын хар цэрэг, Бароны цагаан цэрэг, Оросын улаан цэргийн өнгөн дээр эцсий нь ялган дуусгажээ.
Ийнхүү энэ их Хутагт, хүмүүний сэтгэлийн үүд хаалгаар зай чөлөө эрэн шагалзах албин чөтгөд, ад бүдсийн шимнусын өмөг садан болж, их улс гэрийн хаяа хатавчаар зайг эрэн, чөлөөг олон шургалан орж ирж, төрийг үймүүлэн, улсыг самууруулсан манж амбан, хятад журган, Барон жанжны үй олон өлөгчин барс, галзуу чоно, тэнэг өтгийн чуулганыг Очирвани бурхны хувилгаан чадал, мутартаа барьсан эрдэнийн очрын их эрдмээр даран доройтуулаад, мөнөөхөн замбуулингийн хойдтоох долоон алтан уулын газраа орших Жанло-жангийн ордон харшнаа, Энэтхэгийн хэлээр Очирвани, Төвдийн хэлээр Чагнадорж, Монголын хэлээр мутартаа очирт гэх, дээд бясалгалын их догшин сахиулсны тугаанд тийн ажран шингэсэн авай.

ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн "Төвөд судлал"-ын секторын эрхлэгчээр насан турхруу зүтгэсэн, 
МУ-ын ШУ-ны гавъяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор Л.Хүрэлбаатарын агсаны бүтээл оршвой.
“Огторгуйн цагаан гарди” УБ., 1996, 303-316 дугаар талд буй 
(Шимнусыг очроор дарагч хэмээх нь Очирваань бурханы алдар болно)

Үүнийг бичигчийн тухайд: 


Лхамсүрэнгийн Хүрэлбаатар нь 1945 онд Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн. Яс угсаа хотгойд. 1953-1963 онд дунд сургуульд суран, 1963-1968 онд МУИС-ийн монгол хэл уран зохиолын ангид орон суралцаж дүүргээд 1968-1970 онд Хөвсгөл аймгийн дунд сургуульд багшлан ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлж, улмаар 1970-1974 онд Хөвсгөл аймгийн “Эрх чөлөө” сонин газар утга зохиолын ажилтан, 1974 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд төвдөч мэргэжилтэн, эрдэм шинжилгээний дэд, ахлах, тэргүүлэх ажилтан, секторын эрхлэгчээр тус тус ажиллаж байв.
Л. Хүрэлбаатар монгол, төвд, санскрит, орос, англи зэрэг судалгаа шинжилгээний хэлээр эрдэм судлалын ажлаа хийдэг манай нэртэй монголч эрдэмтэн байв. 1983 онд “Монгол сургаалын яруу найргийн уламжлал, сурвалж” сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн, 1993 онд “Дорно дахины уран сайхны сэтгэлгээний сонгодог уламжлал, монгол яруу найргийн онол” сэдвээр хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан.

Л. Хүрэлбаатар нь “Энэтхэг, Төвд, Монголын сургаалын яруу найргийн хэлхээ холбоо” /1987/, “Сонгодог уламжлал, монгол яруу найраг” /1989/, “Монгол зохиолчдын төвдөөр бичсэн уран зохиолын дээжис - Алтан хүрдэн” /1992/, “Зуун билгийн баяжмал шинэ судрын чуулган – Сайн үгсийн сан” /1995/, “Монгол орчуулгын товчоон” /1995/, “Огторгуйн цагаан гарди” /1996/, “Бакүла ринбүчи Түвдэнчогнор” /1999/, “Эсэруагийн эгшиг дуун” /1999/, “Анхдугаар Богд” /2001/, “Судар шастирын билиг” /2002/, “Дуун утгын яруу зохист” /2005/, “Аварга могойн зулайн чандмань” /2007/, “Огторгуйн цагаан гарди - II” /2008/, “Цэндийн Дамдинсүрэн. Дурсгалын түүвэр” /2008/, “Дорно Цаст” /2009/ зэрэг утга зохиол судлалын бүтээл, уран зохиолын дээжис цоморлигуудыг эмхтгэн гаргажээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment