...улам азгүй шүлэгч болгож хайрла!



Зүгээр л Жеймс Бондыг хүлээж
Үсээ арагш илсээр уснаас гарч ирэхэд нь
Үнэн сэтгэлээсээ догдлон дуу алддаг
Үзэгч байж үзэхсэн
Гутал минь л тоосгүй бол
Сэтгэлийн ачаа хөнгөрч
Гулиалж, алиалж амьдардаг 
Гуниггүй хүн сүрэгтээ очихсон
Зожгирч ганцаардсан үгс
Мөсөн бүрхүүлтэй бяцхан тооройс мэт дотуур гүйлдэж 
Зожгирч ганцаардах хүслийг гижигдэх тусам
Зожгирч ганцаарднам
Олон үйлдэлтэй цахилгаан багаж эсвэл
Оролт гаралт бүхий улс төрийн тогтолцоо мэтээр 
Биеэ төсөөлж, төсөөлөлд ургасан дүрүүдтэйгээ
Плато мэт цэцэн яриа өрнүүлж
(Ийм маягаар цаг гаруй ярилцсаны дараа)
Ихэвчлэн өөрөө л яриад суугаагаа анзаарахад 
Ичгүүр бус инээд баясал төрнө..,
Энэ хүртэл бичсэнд минь
Эрүүл ухаан агшин ч үгүйг мэдэж байвч
Энэ маягаар би Илиадаг ч бичсэн чадахаар байна
Азгүйчүүдийн бурхан байдаг бол одоо л сонс
Азгүй, улам азгүй шүлэгч болгож хайрла!

0 Сэтгэгдэл:

Post a Comment