ЭСЭРГҮҮ ДУУ ДУУЛААД ЭНДЭЖ ОСОЛДСОН ӨВӨРЛӨГЧ НАР МИНЬ

"Айн Жалудын цавчилдаан" зохиол нь судлаачдын
зүгээс дориун үнэлгээ хүлээгээд буй  зохиолч, сэтгүүлч
Балсанцэрэнгийн Ойдов нь 
Өвөрхангай аймгийн
Хужирт сумын уугуул хүн юм. Тэрбээр 
яруу найргийн
“Парнаст хүрэх зам”, хүүрнэл зохиол, сэтгүүл зүйн
“Гучаад оны хэлмэгдүүлэлт”, “Үндэстний үзэлтэнүүд
ярьж байна”, “Үлэмж сэтгэлийн тусын тулд”,
“Дал, ная, ерээд оны Улаанбаатарын атаманууд”,
“Ужид цэнгэлийн манан”, “Ар халхын шилийн сайн эрчүүд”, 

“Халхын шоронгийн амьд түүх”,  “Өд” сангийн захиалгаар
“Яруу найрагч Р.Чойномын нүүрний хэв”, 
хошин
фельетонуудаас бүрдсэн “Гудиггүй Монголын гурван
жилийн хошигнол” 
гэх мэт олон ном бичиж,
хэвлүүлсэн чөлөөт сэтгүүлзүйн том төлөөлөгч юм. 
Өнгөрсөн жил “Хурд” хамтлагийн дуучин Д.Цогоотой ярилцаж суухад тэрбээр “Гадаад дотоодод тоглолт хийж явахад хамтлагийн хөгжим гоё дуугараад, үзэгчид дэмжээд ирэхээр их гоё байдаг. Үзэгчид унтчихсан юм шиг байвал дуулахад хүртэл урамгүй. Өвөрмонголчууд бол аймаар. Дагаж дуулаад л, давалгаа үүсгэн босч ирээд байдаг. Яг л Барууныхан шиг. Нэг хэцүү юм нь гэвэл цагдаа нар нь тойроод зогсчихно. Тэгээд босч ирсэн үзэгчдийг суулгах гээд байдаг. Өвөр Монголд тоглоход Соёлын яам нь бидний бүх дууг хянана. Улс төрийн дуу дуулж болохгүй. Эх орны тухай дуу дуулж болохгүй. Хайр сэтгэл, аав ээжийн тухай дуу бол чөлөөтэй” гэж өгүүлж билээ. Нээрээ ч Өвөр Монголд улс төрийн дуу, эх орны тухай дуу дуулж болдоггүй юмсанж. Гэхдээ болгоё гэвэл болох л доо. Харамсалтай нь болгосныхоо дараа Хятадын цагдаа нарт байцаагдана. Тэгээд мөнөөх дуулсан дууны үг нь эсэргүү шинжтэй байвал шоронд орно. За яахав, улс төрийн дуу дуулж болдоггүй юм байж. Харин эх орны тухай дуу дуулж яагаад болдоггүй юм бол? Ухаандаа “Хурд” хамтлаг Өвөр Монголд очоод, “Үүнээс илүү хөх тэнгэр гэж үгүй, Эх орноос минь сайхан нутаг хаана ч үгүй” гэж дуулж болохгүй нь байна шүү дээ. Сонин байгаа биз. Ухаандаа “Ар Монголоос илүү хөх тэнгэртэй, сайхан нутаг хаана ч үгүй юм байна” гэсэн сэтгэгдэлийг өвөрлөгч нарт төрүүлчихнэ гэж Хятадын коммунистууд болгоомжилдог бололтой. Инээдтэй ч юм даа, чааваас гэж. Тэгсэн мөртлөө хятадууд Ар Монголд ирэхдээ эх нутгийн тухай дуу дуулж, шүлэг уншиж болоод байдаг. 
Жишээ нь манай улсад айлчлаад буцсан БНХАУ-ын дарга Си Жин Пин-ийг хар л даа. Тэрбээр УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр үг хэлсэнийхээ дараа, 
“Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд, 
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд” гэх мөртийг уншсан. Тэнд байсан манай УИХ-ын эрхэм түшээд алга нижигнүүлэн ташиж харагдсан. Зарим хүн үүнд ихэд шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд “Си Жин Пин Монгол орныг өөрийнхөө нутаг гэж боддог юм болов уу, эсвэл ирээдүйд өөрийнхөө нутаг болно гэж мөрөөддөг юм болов уу” гэж егөөдөх хүн ч гарч байлаа. За энэ ч яахав. Харин сүүлийн үед эсэргүү дуу дуулаад эндэж осолдож буй өвөрлөгч түмнийхээ тухай өгүүлсү. Хятадын коммунистууд Монгол үндэстнийхээ эрх ашгийн төлөө үгээ хэлсэн зүрх зоригтой өвөрмонгол залуусыг нухчин дарах бодлого явуулсаар олон жил болж байна.
Сүүлийн үеийн жишээ гэвэл “Босоцгоо, миний Өвөр Монгол” нэртэй хип хоп дуу зохиож дуулаад, үүнийгээ интернетээр цацсан хэдэн залууг Хятадын цагдаа нар эрэн сурвалжилсаар байгаа ажээ. Өвөр Монголын Багшийн их сургуульд суралцдаг байсан тэдгээр залуус, 

“Бид энэ хорвоог үзэн ядна 
Энэ амьдрал эрээн бараан нулимс хатна 
Ингэж бодохоор элдэв муу совин татна 
Нийгэм журмын харанхуйд дарагдсан миний өвөрмонголчууд 
Нэг нэгнээсээ дээгүүр гарах гэж мэдрэл алдан шонхолзоод 
Харин хятадын өмнө болохоор донголзоод 
Хайран сайхан нутаг шороо өмөлзөөд 
Босоцгоо миний дарлагдсан өвөрмонгол 
Босоцгоо миний торлогдсон өвөрмонгол 
Босоцгоо миний маллагдсан өвөрмонгол 
Ахан дүүс халх хүмүүс биднийг хужаа гэж дууддаг 
Аа яахав зүгээр дууддаг бизээ гэж бид боддог 
Үнэндээ тийм биш тэдний санаа биднээс тэрсэлсэн 
Үлгэр түүхээ мартаж биднийг сэгсэрсэн 
Нэг мянга есөн зуун дөчин долоо 
Нийгэм журмаар өөртөө зассан нохой долоо 
Тэр л цагаас энэ хятадууд биднийг даралсан даралсан 
Эрх чөлөөний наран үүлэн цаагуур баларсан баларсан 
Мэлтэлзсэн монгол цус миний цээжин дотор буцалж байнав 
Тамирдсан монгол мөхөх гэнээ эзэн Чингис хаана байнав 
Зорьсон зүйлээ тэмцэж байгаад ямар ч байсан бид буцахгүй 
Зурсан зураг энэ л хэмээн ноомой сууяа гэж бид хуцахгүй 
Өөрсдийнхөө гараар бид шинэ хилийн шугамаа зурая 
Өнгөрсөн зууны түүхийг дээд тэнгэрийн зарилгаар уръя 
Босоцгоо миний дарлагдсан Өвөр Монгол 
Босоцгоо миний торлогдсон Өвөр Монгол 
Босоцгоо миний маллагдсан Өвөр Монгол…” гэж дуулсныхаа төлөө Хятадын цагдаа нарын заналт дайсан болж хувирчээ. Дээрхи залуус цагдаа нараас зугтаад ууланд бүгсэн сураг гарч байсан. Одоо чухам баригдсан эсэх нь тодорхойгүй. Мөн 2011 оны хавар Өвөр Монголд томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдэж байлаа. Тэр цагаас хойш Хятадын эрх баригчид үндэсний цөөнх бүхий бусад бүс нутагт эсэргүүцлийн хөдөлгөөн халдварлахаас ихэд болгоомжилдог болжээ. Тэд Өвөр Монголын өөртөө засах мужид онцгой байдал тогтоохын зэрэгцээ Шинжаан Уйгур, Түвд зэрэг мужуудад тавих хяналтаа давхар чангатгажээ. Ялангуяа жагсаал анх явагдсан Шилийн гол аймгийн Шилийн хотод Их дээд сургууль төдийгүй, арван жилийн сургуулийн сурагчдыг ч хяналтаас гадуур уулзах, нэг дор бөөгнөрөхийг зөвшөөрөхгүй байгаа юмсанж. Олон улсын хүний эрхийн Эмнести байгууллагынхан Шилийн гол аймгийн удирдлагуудтай холбогдож бодит мэдээлэл авахыг хүсэхэд аймгийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч “Энд бүх зүйл хэвийн байна” гэсэн хариулт өгдөг болжээ. Бослого тэмцэл нь аргагүй их хүчинд дарагдаж, олон хүн баригдаж, хоригдож шалгагдаж, мөрдөгдөж байгаа ч өвөрмонголчууд маань зориг төгөлдөр байгаа нь сайн хэрэг. Саяхан нэг өвөрмонгол залуу Шилийн хотын хойд хэсэгт орших овоог тахих үеэр тус хотын тухай нэгэн эсэргүү дууг дуулсаныхаа төлөө цагдаа нарт байцаагджээ. Тэрхүү дуу нь, 
“Шилийн голийн ус нь шавар шороогоор дүүрч байна,
 Шинэхэн мэндэлсэн хот нь Хятадын шойшогоор дүүрч байна” гэсэн үгтэй. Жижигхэн хөлтэй хятад хүүхнийг шойшог гэдэг ажээ. Шилийн хотын хуучин нэр нь Бэйсийн сүм гэдэг бөгөөд хотын хойд хэсэгт эрт дээр үеэс тахиж ирсэн нэгэн овоо байдаг. Овоог ойрын жилүүдэд сэргээж тахидаг болжээ. Тиймээс Хятадын цагдаа, тагнуулынхан овооны тахилгыг маш нарийн хянаж цагддаг болж. 


Түүнчлэн 2008 оны олимпийн үед Хятадын цагдаа нар арай дэнджээ. Алуулж, шоронд хоригдож, дүрвэсээр байгаад бараг арав, хориодхон үлдсэн Өвөр Монголын тэмцэгч нар ч түвдүүдийг дууриаж байгаа нь тэр гээд бас зүгээр суусангүй. Тэд Хятадын цагдаа нараас далдуур эсрэг утгатай шүлэг уншиж, эх орны тухай дуу дуулахын зэрэгцээ эх орончдын бэлтгэл болгож “Сүрдэшгүй” хэмээх уран зургийн хэвлэмэл эхийг байшингийн булан тохойд нууцаар наагаад бас амжсан байгаа юм. Өвөр Монголын эх оронч сэтгэлтэй зураач нар одоогоос хэдэн жилийн өмнө, “Сүрдэшгүй” хэмээх уран зургийг бүтээсэн юм. Энэхүү зурагт Хятадын колончлогчдын эсрэг тэмцэж яваа аймшиггүй зоригт өвөрлөгч нарыг бэлгэдэн дүрсэлсэн байна. Уг зургийн эх хувь нь эдүгээ Ар Монголд маш нууц газар хадгалагдаж байдаг гэх бөгөөд Хятадын цагдаа нар үүнийг олох гэж нэлээд эрэл хайгуул хийсэн боловч одоо болтол олохгүй байгаа юмсанжээ. Харин эх хувиас нь хуулбарлаж хэвлэсэн зураг мэр сэр байдаг бөгөөд уг зургийг Өвөр Монголын эх орончид хотын зарим гудамжинд сэмхэн наагаад зугтдаг гэнэ. Одоогоос хоёр жилийн өмнө Хөх хотоос ирсэн нэг багш залуу уг зургийг Монголд авчирч манай нэг зураачид бэлэглэхдээ “За, энэ зураг маш үнэтэй, бэлэг дэмбэрэлтэй зураг шүү. Наад зургаас чинь болж манай нутагт хэд хэдэн хүн шоронд суусан. Энэ зурагт Бээжингийн удирдагчдын үнэн нүүр царайг харуулсан болохоор Хятадын цагдаа нар урж тасдан шатаадаг юм. Танай улс арай ч зураг шатаахдаа тулаагүй бололтой” гэсэн гэдэг.

Өвөрмонгол залуус зөвхөн сүүлийн үед л ингэж эсэргүү дуу дуулаад байгаа хэрэг биш ажээ. Эсэргүү дуу дуулах явдал нь Өвөр Монголд тэртээ наяад оноос эхтэй юм байна. Жишээ нь 1985 оны 8-р сарын 5-нд Шилийн гол аймгийн албан хаагч Баатар, Улаангэрэл нар нутгаасаа оргож “Тоёото” машинаар БНМАУ-ын хилээр сэм нэвтрэн Сүхбаатар аймгийн нутагт нэлээд гүн орж яваад Монголын талд баригджээ. Тэд БНМАУ-д суугаа НҮБ-ын төлөөлөгчийн газраар уламжлан Өвөр Монголд хүний эрх хөсөрдсөөр байгааг уламжлах зорилготой явсан байна. Гэвч манай НАХЯ-ныхан тэднийг Хятадын хилийн алба, аюулаас хамгаалахынханд хүлээлгэн өгчээ. Хятадын цагдаа нар Баатар, Улаангэрэл нарын гарыг гавлахад хоёр залуу Монгол улсын зүг ширтэн “Цэрэг эрийн дуу” дуулж эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэгтэл хятадууд Баатарын гарыг хуга цохисон гэдэг. Тэгээд хоёр залууг эх нутгаасаа урвасан, цэрэг армийн эсэргүү дуу дуулсан гэдгээр найман жилийн ялаар шийтгэсэн байна. Цэргийн дуу гэснээс, “Хилийн зүг юуны тулд, Хэний төлөө цэрэг эрчүүд, Бүхээгтэй ногоон машинтайгаа, Бүрэнхий үдшээр хаачина вэ” гэдэг дуу уг нь Халх голын дайн, Японы түрэмгийлэгчдийн эсрэг зохиогдсон дуу билээ. Харин энэхүү дуу нь хуарангийн социализмын үед манай хилийн цэргийн сүлд дуу болж байсан тул Хятадын эсрэг шинжтэй болчихжээ. Тухайн үед Монгол, Хятад хоёр хоорондоо дайсагналцаж байсан болохоор арга ч үгүй юм. Дуу хүртэл ингэж цаг үеийнхээ үзэл суртлын дуулгавартай зарц болдог байна шүү. 

1989 оны 4-р сарын 16-нд Өвөр Монголын Багшийн их сургуулийн оюутнууд их эзэн Чингисийн мэндэлсний 825 жилийн ойг тэмдэглэх гэж цуглараад байх үед Хятадын аюулаас хамгаалахынхан, цагдаа нар ирж Чингисийн хөргийг булаах зэргээр авирлажээ. Үүний эсэргүүцэл болгож оюутнууд эх орны тухай дуу дуулж, улс төрийн суулт хийснээр “Үндэсний үзлийг дэвэргэж байна” гэсэн зэм сонсож, уг суултыг зохион байгуулсан Багшийн их сургуулийн багш Улааншувууг хятадууд ажлаас нь зайлуулж мөрдөн байцааж байсан байна. Түүнчлэн 1989 оны 5-р сарын 2-нд Багшийн их сургуулийн үүдний харуул цагдаа нар “Байранд орой болсон хойно дуу дууллаа” гэж өвөрмонгол оюутнуудыг баривчлан нэвширтэл зодсоны учир 1000 гаруй оюутан ХКН-ын Өвөр Монголын хороонд эсэргүүцэл илэрхийлж байжээ. Мөн онд Хөх хотод Үзэмчин хошууны монгол оюутнууд цуглан эв эе, найрамдлыг бэлгэдэн “Дөрвөн дуу” хэмээх уулзалт наадам зохиож байтал Хятадын цагдаа нар бүсэлж аваад “Монголчууд хөдөө нутагтайгаа холбоо тогтоон Хөх хотыг морьтой дайрах гэж байна” гэж гүтгэн мөнхүү наадмыг хүчээр тараажээ. Үүнээс хойш Хөх хотод монгол үндэстэн наадам, уулзалт хийж болохгүй гэж хориглосон байна. Өвөр Монголын тэмцэгч, номын дэлгүүрийн эзэн Хадаа 1995 онд Хөх хотод олон зуун хүн оролцсон жагсаал зохион байгуулсны улмаас 15 жилээр яллагдсан бөгөөд түүнийг шоронд хорьсоны дараа 200 гаруй коллежийн оюутнууд номын дэлгүүрийнх нь үүдэнд цугларч, их эзэн Чингисийн зургийг бариад эх орны тухай монгол дуу дуулцгааж байсан гэдэг. 

Дашрамд өгүүлэхэд манай дуучин С.Жавхлан Монгол туургатан ахан дүүсээ дуу хуураар нэгтгэх том үйлсийг бүтээхээр “Хамаг Монгол” төслийг санаачилж, Халимагийн дуучин Ш.Бадамхаалга, Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөр Монголын дуучин М.Баясгалан, Тувагийн төв театрын дуучин М.Сайдаш нарын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж “Хамаг Монгол” хэмээх дуу бүтээсэн нь сайшаалтай. Эднээс Өвөр Монголын дуучин М.Баясгалан “Эсэргүү дуу дуулчихсан, би одоо яана аа” гэж Хятадын цагдаа нараас айж эмээж яваа сураг сонсогдож байлаа. С.Жавхлан тэргүүтэй дээрхи таван дуучин “Хамаг Монгол” дуугаа Буриадын Улаан-Үд, Тувагийн Кызыл хотод нүүр бардам дуулжээ. Харин тэд Өвөр Монголын Хөх хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглох байсан ч хятадууд “Дэлхийн байгаль орчныг хамгаалах нээлттэй уулзалт болж байна” гэсэн шалтгаанаар “Хамаг Монгол” дууг хавчиж хязгаарлахаа бас мартсангүй. Эцэст нь хэлэхэд Ж.Соёлт тэргүүтэй Өвөр Монголын шинэ үеийн эх орончид хэлэх үгээ боогдуулж, харах нүдээ халхлуулж, дуулах дуугаа хориглуулж, аргагүй л мөхлийнхөө зам руу гулсаад байх шиг ээ. Тэдэнд С.Цогтсайхан агсаны “Хонхны дуу” л яг тохирохоор болжээ. Уг нь Өвөр Монголд үндэстнийхээ төлөө тэмцэж чадахуйц шижигнэсэн залуус олон байгаа ч Ж.Соёлтын Бид өөрсдөө дуугарахгүй байгаагийн хирээр улам бүр дордож байна. Өвөр Монголын аж үйлдвэрийн хотод идэр насны монголчууд зөвхөн хятад хэлээр ярьдаг болсон. Зарим нь бүр өөрсдийгөө хятад хүн гэж үздэг болсон” гэх мэдэгдэл нэгийг өгүүлж байна бус уу?

0 Сэтгэгдэл:

Post a Comment