Дуулж дуулж байгаад нэг нь дуулаад, нөгөөх нь уйлаад төгсдөг энэтхэг кино шиг л байна, манай кино урлаг...

Монголын мэдээ сонины “Чухал хүн” буланд найруулагч Б.Балжинням агсаны өгсөн ярилцлага. Сэтгүүлч Н.Пунцагболд агуу найруулагчтай сайхан ярилцаж байжээ. Тэр үнэхээр л Монголын урлагт чухал хүн байлаа. 

Дуулж дуулж байгаад нэг нь дуулаад, нөгөөх нь уйлаад төгсдөг энэтхэг кино шиг л байна, манай кино урлаг...


Бэгзийн БАЛЖИННЯМ
/1943 он – 2015 он  /

1943 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 
Москва хотын БХКУДС-ийг 1969 онд төгссөн. 
1962 оноос “Монголкино үйлдвэрт оператор, 1976 
оноос ерөнхий оператор, 1981 оноос Ерөнхий найруулагч, 
1990 оноос Соёлын Яамны сайд, 1993 оноос “Чингисфильм” 
ХХК-ний ерөнхий захирлаар ажиллаж байв. Б.Балжинням 
зураглаачаар ажиллаж байхаасаа эхлэн Сүхболдын яриа”, 
“Дэгдээхэй нас” , “Говийн зэрэглээ”, “ Би чамд хайртай”, 
”Сүүдэр”, “Илүү сартай зун”, “ Эргүүлэг”, “Нулимсан 
нуур” кинонуудын зохиолыг бичжээ.
Б.Балжинням нь:
1. Улаан дарцаг               1971 он
2.  Ичээнд нь                    1972 он
3.Моторын дуу              1973 он
4.Хань                            1974 он
6. Эх бүрдийн домог        1975 он
7. Дэгдээхэй нас             1977 он
8. Тойрох хуудас             1979 он
9.Говийн зэрэглээ           1980 он
10.Гэрлэж амжаагүй явна            1981 он
11.Жаргал даахгүйн зовлон          1982 он
12.Гарын таван хуруу                 1983 он
13.Саруул талын ерөөл                1984 он
14.Тань руу нүүж явна                  1984 он
15.Би чамд хайртай                      1985 он
16.Сүүдэр                                    1986 он
17.Шүтээн                                    1992 он
кинонуудын зураглаачаар ажилласны зэрэгцээ олонхийг нь 
өөрөө давхар найруулсан. 1985 онд “Ацаг шүдний зөрөө”
 киног найруулсны дараа 1988 онд “Мандухай цэцэн хатан” 
дөрөвлөсөн ангитай, уран сайхны өргөн дэлгэцийн өнгөт 
киног бүтээсний учир түүнд Төрийн шагнал хүртээсэн, 
Тэрбээр 1989 онд “Хачин хүн” кино, 1992 онд Чингис хааны 
тухай “Мөнх тэнгэрийн хүчин дор”  алдарт бүтээлээ 
найруулжээ. 

-Та зураглаач байж байгаа сүүлдээ найруулагч болсон гэдэг. Ер нь кино урлагтай хэрхэн холбогдож байсан бэ?
-Би 1962 онд 10 дугаар анги төгсөөд Кино үйлдвэрт ажилд орсон юм. Туслах оператор хийдэг байлаа. Тухайн үед манай удирдлагууд агуу хүмүүс байжээ. Ч.Лодойдамба, Л.Ванган гуай гээд л. Энэ хүмүүсийг агуу гэхгүй бол болохгүй. Тэр хүмүүсийн нөлөө их байсан. Тухайн үед мэргэжилтэй боловсон хүчин их цөөхөн байж. Би 1962 оноос эхлээд хоёр жил Кино үйлдвэрт туслах оператор хийсэн. Тэр үедээ хамгийн анх “Энэ хүүхнүүд үү”  киноны багт орж ажилласан. Тэр үеэс л кино урлагийн талаар анхны мэдэгдэхүүнтэй болсон доо. Тэгээд 1964 онд Москвад очиж, одоогийнхоор бол Оросын кино академид зураглаачийн мэргэжлээр суралцсан. Таван жил сураад төгсч ирээд эх орондоо зургаан жил ажилласан. Түүнийхээ дараа дахиад сургуульд явсан. Москвад байдаг “Кино зохиол ба найруулагчийн дээд курс” гэж байсан. Тэнд хоё жил суралцсан. Тэр үедээ олон хүнтэй танилцаж, янз бүрийн кино үзсэн дээ. Түүнээс хойш  кино урлагт зүтгэсэн. 1990 онд хувьсгал  энэ тэр болоод, кино урлаг сонирхдог ч хүн цөөн болсон. Гэхдээ 1992 онд “Мандухай цэцэн хатан” киног дэлгэцэнд гаргасан. Түүний дараа “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэдэг кино хийсэн. “Мандухай” дөрвөн ангитай, “Мөнх тэнгэрийн хүчин дор” гурван ангитай, нийтдээ долоон анги кино хийсэн.  Энэ хоёр киног хийхэд би 10-аад жил зарцуулсан. Би ер нь янз бүрийн л кино хийж байсан. Найруулагчаар, зураглаачаар ажиллаж байлаа. Кино зохиолыг нь хүртэл бичилцэж явлаа. Тэр болгондоо л туршлага суусан, найруулагчийн курс төгссөн мэргэжлээ ашиглаад янз бүрийн юм хийсэн дээ. 
-Сайн оператор байж байгаад сайн найруулагч болсон хүмүүс нэлээд олон байдаг гэсэн?
-Тийм хүн олон бий. Дэлхийн кино урлагийн түүхэнд ч гэсэн тийм хүн олон байгаа. Зураглаач байж байгаад найруулагч болох нь сайн ч талтай, муу ч тал бий. Киног үзэгчдэд хүргэх гол хэрэгсэл болсон камерын ард зураглаач байна биз дээ. Тэр хүний тархиар л киноны бүх зураглал шүүгдэж гардаг. Зураглаач хүн зөвхөн л фокустай зураг аваад байдаг юм биш. Бүхий л зүйлийг нарийн мэддэг байхгүй юу. Гэтэл одоо зүгээр л техникт дулдуйдаад байна. Техник хөгжсөн учраас шөнө ч, өдөр ч хамаагүй зураг авч болоод байгаа юм. Уг киноны зураг авалтын хамгийн чухал зүйл нь гэрэл шүү дээ. Юуны төлөө гэрлээр зурах гэдэг билээ дээ. Гэтэл одоо гэрлээр зураад байгаа юм алга. Жишээ нь, зураач хүнд будаг, цаас нь байгаад байгаа хэрнээ будаг нь байхгүй бол ямар байх вэ. Үүнтэй л ялгаагүй. Зураглаач байж байгаад найруулагч болсон хүн өөрөө зургийн чанар, ямар өнцгөөс авбал яаж гарах уу гэдгээ мэддэг, зураглаач даа зөвлөдөг байхгүй юу. Тэр утгаараа сайн талтай. Харин одоо манайд зураглаачийн мөн чанарыг мэддэг оператор ч алга, найруулагч ч цөөн байна. Дээр дурьдсан муу тал гэвэл  сайн операторын бүтээлийг хэт өөрийнхөө үзэл бодлоор өөрчилж, муу болгох магадлалтай байдаг. Өнөөгийн залуус “бушуу туулай борвиндоо баастай” гэдэг шиг хэт хурдан хийх гээд, 7, 8 хоногт кино шиг юм хийгээд байдаг. Ингээд ирэхээр өнөөх гэрэл сүүдрээр зурах энэ тэр нь орхигдоно. Жинхэнэ урлагийн хэл байхгүй болоод байгаа юм.
-Мэргэжлийн бус хүмүүс олширсон нь муу кино гарч байгаагийн шалтгаан болж байгаа ч гэж яриад байгаа шүү дээ?
-Тэр нэг талаараа үнэн. Уг нь кино сайн зураглаач, найруулагч, жүжигчин, зохиолын нэгдэл дээр бүтдэг байхгүй юу. Гэтэл өнөөдөр яг ийм нэгдлээр кино хийж байгаа юм алга. Хүний эмч биш хүн хагалгаа хийгээд байгаатай л адил. Дээр үед нэг хонь гаргаж байснаараа төсөөлөөд, энд нь тийм юм байдаг, тэнд ийм юм байдаг гээд хагалбал яах вэ. Манайхан тэгж хийгээд байна. Уг нь жинхэнэ мэс засалч хүн мэс засал хийж байгаа юм шиг нарийн зүйл байхгүй юу, кино урлаг гэдэг чинь.  Гэхдээ мэргэжилгүй ч гэсэн байгалиас  заяасан авьяастай хүн байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь тийм хүн хэд байдгийг мэдэх юм алга. 
-Та мэргэжлийн найруулагч болсноосоо хойш хэчнээн кино найруулсан бэ?
-Тооны хувьд нэг их олон биш. “Мандухай” дөрвөн анги, “Чингис” гурван анги гээд нэмээд тоолбол 20 гаруй л кино бий. Гэхдээ би олон баримтат кино хйиж байсан. Баримтат киноны  найруулагч гэдэг их онцгой  мэргэжил. Тэр чинь зүгээр л нэг зураг аваад, эвлүүлдэг ч юм биш. Г.Золжаргал, манай кино үйлдвэрийн зураглаач байсан Бямбаа зэрэг  юм бодож баримтат кино хийдэг мэргэжлийн хүмүүс байгаа. Тэр хүмүүс л мэргэжлийн хэмжээний баримтат киног хийдэг юм. Тэгэхгүй тэнд ч нэг хуушуур хайраад, хиам шардагтай адил биш. Урлаг бол агуу зүйл. Түүнийг дуртай нэг нь барьж аваад, хоол хийж байгаа юм шиг хольж хутгаад байдаг ч эд биш.  
-Манай залуус их мөнгөөр сайн кино хийнэ гэж ярьдаг. Тэгвэл таны хийж байсан киноуудаас хамгийн өндөр өртгөөр бүтсэн нь ямар кино вэ?
-Өртөг гэдгийг би далайц гэж ойлгож байна. “Мандухай”-г тухайн үеийн 13 сая төгрөгөөр хийсэн. Тэр үеийн 13 сая төгрөг гэдэг одоогийн 13 тэрбум төгрөг юм уу даа. Гэхдээ их мөнгөөр гайхамшигтай кино хийнэ гэж юу байх вэ дээ. Монголд лав тийм хүн байхгүй байх. Байдаг байж магадгүй юм. Гэхдээ Л.Эрдэнэбулган найруулагч Чингис хааны тухай кино хийсэн. Тэгэхдээ ард түмнээс ч хандив хураасан, төр засгаас ч мөнгө авсан. Тэгсэн хэрнээ л нэг ангитай кино болоод л дууссан. Цаашаа үргэлжлэх эсэх нь мэдэгдэхгүй л байна. Хэвлэл мэдээллээр ярих нь их л мөнгө зарсан гэсэн, өөрсдөө ч гайхалтай кино хийж байгаа л гээд яриад байсан. Сүүлд зурагтаар гарахаар нь үзсэн. Сэтгэлд нэг л хоногшихгүй л юм байна билээ. Мөн Оросын найруулагч Сергей Бодров “Монгол” гэдэг кино хийсэн. Нэг үе надтай хамтарч хийхээр ярьж байсан. Гэтэл манайхан шүүмжилсээр байгаад хөөгөөд явуулсан. Нөгөөх нь энд тэнд очоод, хэдэн хүмүүстэй нийлээд киногоо хийсэн. Мөнгөтэй хүн яах вэ дээ, хаана сайн жүжигчин байна, аятайхан жүжигчин байна тэр бүхнийг аваад л киногоо хийнэ шүү дээ. Кино гарсны дараа надад нэг зүйл бодогдсон. Би өөрт нь ч тэр тухайгаа хэлсэн. Асар их мөнгөөр бүтсэн гэсэн. Бараг л Холливудын хэмжээнд хүрэхээр их мөнгө цацсан байх. Тэдний хувьд 30, 40 сая ам.доллар юу ч биш шүү дээ. Төслийн хувьд, үзүүлж байгаа өнцөг энэ тэр нь сайн мөртлөө Холливудын схемд тохируулж хийсэн байгаа байхгүй юу. Америкчуудад зориулж хийдэг юм уу, хаашаа юм. Алаан хядаан, бөөн тулаан болоод ирэхээрээ нэг л худлаа болоод байгаа юм. Америк хүн юу идэж, юу идэх нь хамаагүй. Хамгийн гол нь Монгол хүнд яаж харагдах вэ, Азийнхан яаж хүлээж авах вэ гэдгийг бодох хэрэгтэй байсан. Тийм болохоор би тэр киног яах вэ дээ л хийсэн гэж үздэг юм. 
-Аль алийг нь үзэхэд  түүхийг хэтэрхий гуйвуулсан юм шиг санагддаг юм?
-Яах вэ, тэр бол найруулагчийн л өнцөг байх. Хүмүүс миний хийсэн Чингисийг намтарчилсан гэж муу хэлдэг юм. Яах вэ, миний алдаа байж болох. Гэтэл надаас өмнө олон хүн Чингис хааны тухай кино хийсэн. Би тэднээс  өөр болгох гэж яг үнэн түүхийг харуулсан. Миний зорилго тэр байсан.  
-Чингис хааны тухай киног хийсний дараа хүмүүс нэлээд шүүмжилсэн байх. “Мандухай”-г хийсний дараа хэтэрхий яарч хийсэн болохоор муу болсон гэх зэргээр?
-Тэр алдааг нь яг жинхэнэ утгаар нь олоод харчихсан хүн байгаа бол намайг шүүмжилнэ үү, ална уу хамаа алга. Тэр кино миний л бүтээл. Гэхдээ тэр шүүмжилж байгаа хүмүүс “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны дайтай бүтээл хийх л хэрэгтэй байхгүй юу. Өөрийгөө харуулах хэрэгтэй шүү дээ. Би ийм чадвартай хүн шүү, кино хийж чадна шүү гэдгээ үзүүлэх нь чухал. Тэгвэл тэр хүний хүлээн зөвшөөрнө. Гэтэл манайхан хэн илүү цээжээ дэлдсэн нь мундаг болоод байгаа юм шиг аашилдаг. Энэ найруулагч нарын үзэл бодол, хэм хэмжээ, боловсрол ямар байгааг л харуулж байна. Нөгөө мэргэжлийн хүн дутагдаад байгаагийн л шинж. Юун төлөө театрын найруулагч, кино найруулагчийн анги гэж тусдаа байдаг юм. Тэр чинь чиглэл чиглэлээр нь мэргэшүүлэх гэж тэр шүү дээ. Өнөөдөр Монголын кино урлагт мэргэжлийн бус хүмүүс хэтэрхий олон болж. Кино сонирхогчид ихэссэн. Кино сонирхохыг байг гэж байгаа юм биш. Кино гэдэг чинь урлаг шүү дээ. Тэгэхгүй сонирхогчийн камераар зураг аваад, нэг хүүхэн шалдалчихаад түүнийг урлаг гэж байгаа бол учир дутагдалтай гэж би боддог. Түүнийгээ ч хэлдэг. Тийм болохоор өнөөдөр бид мэргэжлийн хүмүүс бэлтгэхэд л гол анхаарлаа хандуулмаар байгаа юм. 
-Таны  жүжигчнээ сонгох  сонголт  бүтээлүүдийг чинь мундаг болоход нөлөөлсөн юм шиг санагддаг.  Жүжигчдийн сонголтоо яаж хийдэг байв?
-Найруулагчийн мэдрэмжээс л шалтгаална.  Алдаж, онох юм байлгүй л яах вэ. Гэхдээ урлаг гэдэг баганаа тойруулж  “сүм”-ээ барих хэрэгтэй болно биз дээ. Өөрөөр хэлбэл, гол баганаа түшнэ гэсэн үг. Гол багана чинь сайн байвал барилга сайн болно шүү дээ. Тэр нь мэргэжлийн баг, жүжигчид байдаг юм. Гэтэл манайхан мэргэжлийн бус хүмүүсээ, өнөөх гоё хүүхнээ авч тоглуулаад, гуя хасыг нь харуулаад байдаг. Үнэндээ мэргэжлийн бус хүмүүсийн нүд нь асдаггүй байхгүй юу. Кинонд тоглохдоо шүү дээ. Өнөөдөр үзэгчдийн боловсрол өндөр болсон. Тийм учраас мэргэжлийн бус хүмүүсийг голоод, кино урлаг унаад байна. Харин урлагаас жаахан хөндий байдаг хүмүүс бол тэр сайхан нүдтэй, урт үстэй, тэгшхэн хөлтэй хүүхнийг  хараад, ур чадварыг нь анзаардаггүй. Ингээд ирэхээрээ урлаг нэг л биш болж эхэлдэг. Гэтэл “муухай” Пүрвээ гэдэг жүжигчин байлаа. Тэр хүн үзэгчдийн сэтгэлд яагаад хоногшиж үлдэв. “Муухай “ гэдгээрээ үлдсэн юм биш. Тэр жүжигчний дотор нь байгаа чадварыг найруулагч олж харж чадаж, тэр хүн ч гаргаж чаддаг байж. Жүжигчний чадвар нүдээрээ илэрдэг юм. Сайн жүжигчин гэдэг шал өөр. Жишээ нь, Н.Сувд байна. Нүд нь үргэлж асч, унтарч байдаг. Нүдээрээ бүхнийг илэрхийлж гаргаж чаддаг. Тэрэндээ л киноны дүр нь сайн болдог. Кино нь сайн болохоор бид мэт нь түүнийх нь далбаан дор сайн болж харагддаг. 
-Н.Сувд гуайг Мандухайд тоглуулахдаа та шууд сонго­сон юм уу, проб авсан уу?
-Мэдээж тодорхой хэмжээнд проб авсан. Гэхдээ л би тэр хүнийг мэддэг байсан. Миний кинонд тоглож л байсан. Гэхдээ тэр хүнийг чинь ойроос, холоос харна. Уулзаж танилцана, биенийхээ дотрыг уудлалцана. Хүнийг таньж мэдэхийн тулд заавал сайн танилцаж, мэдэж авна биз дээ. Тэгээд ч найруулагч байгаагийн хэрэг юу билээ. Тэр жүжигчидтэй ойр байж, тодорхой хэмжээнд мэддэг болж байгаа юм. Тэр хэрээрээ ямар дүрд таарахыг нь дотроо төсөөлж байдаг. Тэр яг л энэ дүрд тэнцэнэ гэж өөрийн эрхгүй бодогдох үе бий. Тийм үед л жүжигчнээ сонгож байгаа юм. Түүнээс биш энэ жүжигчин тэр кинон дээр сайхан гарсан учраас тоглуулъя гэвэл тэгээд л кино урлаг худлаа болж хувирч байгаа юм. 
-Сүүлийн үед кино урлаг хөгжиж байна гэж ярьдаг хүмүүс олширчээ. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Энэ талаар ярьж байгаа үзэгч, мэргэжилтэн ямар өнцгөөс нь хараад хөгжил гэж үзээд байгаа юм. Хөгжил биш юмыг хөгжиж байна гэж үзээд байгаа юм биш биз. Энэ л сонин байна. Одоо гадаа гараад хар. Тэнд ч нэг өндөр барилга, энд ч нэг шилэн байшин. Үүнийг би хөгжил гэж хэлэхгүй. Хөгжил огт биш. Кино урлаг яг л ийм байдалтай байна. Нөгөө талаар үзэгчид өөрсдөө хөгжих хэрэгтэй байна. Өөрөө хөгжиж байж тэр гоё бүхнийг дотроо боловсруулж, мэдэрч байдаг. Урлаг гэдэг нэг талаараа  үзэгчийн ертөнцийн үзэх үзлийн төвшнөөр тодорхойлогддог. Тэгэхээр тэр үзэгч өөрөө нэн боловсорсон байж хүний хийсэн бүтээснийг шүүмжлэх ёстой юм. Тэр хэрээрээ хөгжиж байгаа эсэхийг хэлнэ. Хөгжил гэдэг бол огт өөр зүйл. Леонорда да Винчигийн бүтээлүүд хөгжлийнхөө дээд хязгаарт хүрсэн. Түүнээс цааш хөгжил байхгүй. Хөгжил гэдэг тэр. Түүнээс биш долоо хоногт нэг кино хийчихээд, кино театрт дугаарлаж гаргачихаад. Хүмүүсээс хэдэн төгрөг хураагаад байгааг хөгжил гэж хэлэхгүй. Уран сайхны төвшний хөгжил гэдэг арай өөр. Өнөөдөр Монголын кино урлагийн суурин дээр тоосго өрж байгаа найруулагчид өөрсдөө хэр зэрэг хөгжиж байгаа нь сонин. Тэгэхээр төр засаг л үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хөгжихгүй. Биднийг оюутан байхад Энэтхэгчүүд сард 700 кино хийдэг байсан. Дуулаад л  байна, дуулаад л байна. Тэгж байгаад нэг нь дуулаад, нөгөөдөх нь уйлаад төгсөнө. Манай кино урлаг одоо яг ийм байна. 
-Тэгвэл таныхаар Монголын кино урлагт юу дутаг­даад байна вэ?
-Сургалт гэж байхгүй болж. Дээд зэргийн кино академи төгсөх, тэнд боловсрох нэг өөр. Монголд байгаа, мөнгөний төлөө ажиллаж байгаа кино урлагийн сургуулиудад, мэдлэгтэй, мэдлэггүй багшаар юм заалгах нэг өөр. Үндсэндээ нэгдсэн бодлого байхгүй болсон байна. Үүнийг улсаас зангидаж өгмөөр байгаа юм. Ер нь манай улс хөгжөөд байна уу гэдгийг глобаль талаас нь хараад үзье. Нэг л их байшин барилга баригдаад л байдаг. Үнэндээ энэ чинь хөгжил биш. Нэг л өдөр нураад унахыг байг гэх газаргүй. Өнөөдөр Африкийн орнуудыг хар. Бүгд гуйлгачин болж дууссан. Эцэстээ энэ нь хувьсгал болоод дуусч байна. Манайх газрын баялгаа ухаад, овоолоод, гадагш нь гаргаад байдаг. Алт, мөнгөө түүхийгээр  нь ч, болгож ч гаргаж байна. Хулгайгаар ч нэг гаргаж байгаа, худлаа хэлж ч гаргаж л байна. Өөрсдийгөө ерөөсөө бодохгүй байна. Энэ чинь удирдагч байхгүй байгаагийн шинж.  Өөрөөр хэлбэл, Чингис хаан байж гэмээнэ бид хөгжинө. Ингэж зүйрлүүлж хэлэхгүй бол манайхан юм ойлгохгүй л дээ. Гэхдээ энэ олон монголчууд дунд Чингис хаанаас ч ухаантай хүн байгаа шүү дээ. Гэтэл тэрийг олж харахгүй сохор юм шиг давхиад байна.
-Сүүлийн үед та юу хийгээд байна. Уран бүтээлийн сонин хачнаасаа сонирхуулбал?
-Нэг их хийгээд гийсэн юм алга. Нэг киноны зохиол дээр ажиллаж байгаа. Одоо бэлэн болчихсон. Хэдэн зоосны хэрэг гараад байгаа. Д.Төрбатын бичсэн Галданбошигт хааны тухай сайн зохиол байгаа юм. Энэ сэдвээр кино хийх гэж олон жил ярьж байгаа юм. Олон хүн кино хийнэ гээд л байсан. Гэтэл зориглоод бариад авах хүн гараагүй юм байлгүй. Тэгээд надад өгсөн юм. Намайг найруулагчаар нь ажиллаач гэсэн. Миний нас, бие гүйцэх нь үү, үгүй юу. Юу ч гэсэн оролдоод үзье л гэж бодож байна. Яагаад гэвэл би энэ сэдвийг 30, 40 жил бодож байгаа. Үргэлж миний дотор бодогдож байсан сэдэв. Харин энэ зохиол сайн болсон байна билээ. Драм сайтай, зөрчил ихтэй зохиол болсон. Галданбошигт өөрөө их зөрчилдөөнтэй үед амьдарч байсан сод хүн шүү дээ. Аль эрт кино хийхийг хүсч байсан ч боломж олдоогүй байсаар өдийг хүрчихээд байна.
-Энэ сэдвээр кино хийхийн тулд танд хэдий хэмжээний хөрөнгө хэрэгтэй болоод байгаа юм бэ?
-Би хүмүүс шиг гуйлгаар хиймээргүй байна. Нэг нь 10 төлөг, нөгөөх нь таван ямаагаа аваал ирвэл би алаад идчихнэ биз дээ. Тэгмээргүй байна. Улсын хараан дор хиймээр байгаа юм. Энэ том сэдэв, түүхэн кино  урлагийн бүтээл болоосой билээ гэж хардаг улирдагч  байвал сэхээх болов уу гэж бодож байгаа шүү. Түүнээс биш мөнгөтэй хүмүүсээс ч гэсэн гуймааргүй байна. Тэгээд нэг хүний хайртай хүүхнийг тоглуулдаг. Нөгөөх нь нэг их будсан, жарвайсан нөхөр гүйгээд байдаг. Жүжиглэж чаддаггүй. Би тэгмээргүй байна. Өвөрмонгол, Хятадын киног та нар хараарай. Нэг их будсан, жарвайсан, ярвайсан хүүхнүүд байхгүй байгаа биз дээ. Энгийн амьдрал дотроос гоо сайхныг гаргаж байгаа юм. Юм энгийн байх тусмаа агуу байдаг. Би тийм байгаасай гэж хүсч байгаа.

-Та төр засагт хандаж үзсэн үү, хүмүүстэй уулзав уу?
-Ярьж л байгаа санаатай. Намайг хэн тоох вэ дээ, одоо. Д.Төрбат маань л хөөцөлдөж, санал хүсэлтээ тавьж байгаа байх. Уг нь хараад байхад манай улс баяжаад, мөнгөө нуух газар олдохгүй бужигнаад байх шиг. Түүнийгээ нууж хайх юу байна аа. Бид нэг л улсад амьдарч байгаа хүмүүс хойно урлагтаа мөнгө хаяхад яах вэ дээ. Нэг байна уу, хоёр байна уу, хамаагүй. Сайн уран бүтээл гараад ирвэл бусдыгаа өөд нь татдаг байхгүй юу. Сайн юм руу хүн тэмүүлж байдаг. Дэнгийн эрвээхэй хүртэл гэрэл рүү тэмүүлж байдаг биз дээ. Тийм л юм хиймээр байна. Төр засаг маань хол биш ойрхон байгаа хойно намайг нэг сонсох болов уу гэж бодож байгаа. Гэхдээ өнөөдөр багш нарынхаа цалинг нэмж чадахгүй байгаа хүмүүс надад 10 тэрбум төгрөг өгөөд “За Балжиннямаа, үүнийг үрэн таран хийгээдэх” гэж хэлэхгүй  байх л даа. Гэхдээ яах вэ, айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг, янз бүрийн аргаар үзнэ дээ. Юу ч гэсэн нэг эхлээд, овоо босгочихвол шаазгай ирээд суух байлүй дээ. 
-Манай алдартай найруу­лагч нар ном бичдэг. Та сүүлийн жилүүдэд гэртээ сууж байгаа хүн ном бичиж байгаа байлгүй?
-Би нэг ном бичсэн санаатай. Гэхдээ миний ном бичих гэдэг ч инээдтэй шүү дээ. Ер нь номыг номч хүн бичдэг болохоос биш зүгээр нэг хүн барьж аваад, энэ миний ээж, аав, хайрт гээд л бичээд байвал утгаа алдана биз дээ. Би ч яах вэ, зүгээр сууж чадахгүй ганц нэг өгүүллэг бичдэг. Нийлүүлээд хэвлүүлбэл нэг ном болох байх. Гэхдээ тэгж хоёрын хооронд юм хийгээд яах вэ. Одоо ганц том, жинхэнэ кино шиг кино хийе гэж бодож байгаа. Тэгэхгүй дэмий юм хийвэл нэг нэр, хоёр хоч шүү дээ.
-Шилдэг найруулагч нар сайн кино зохиол бичдэг. Та кино зохиол бичдэг  байлгүй?
-Ганц, хоёр зохиол бичсэн. Миний бичсэн зүйл одоогийн залууст таалагддаггүй юм шиг байгаа юм. Залуучууд уншиж л байдаг юм. Гэхдээ кино хийсэн нь үгүй байна. Би нийтлэлийн аястай, нэг зүйлийг хэлсэн, нийгмээ шүүмжилсэн зохиол бичдэг, дуртай. Гэтэл тэр нь залууст таалагддаггүй бололтой юм. 
-Залуу найруулагч нар танаас зөвлөгөө авдаг уу?
-Зарим нь ирдэг. Нэг зохиол үзүүлдэг юм. Түүнийг би сохолзоод унших гэсээр суутал киногоо үзээрэй гээд хүрээд ирдэг. Тэгэхээр нэг л биш болоод байгаа юм. Би өөрөө их удаан бодож байж, төлөвлөж хийдэг болохоор  ч тэр юм уу.
-Таны том хүү Б.Амарсанаа кино найруулагч. Хэд хэдэн кино гаргасан байх. Тэр кинонуудыг нь үзэхэд танд ямар санагддаг вэ?
-Найруулагч гээд л яваад байх юм. Бас л мэргэжлийн бус нөхдүүдийн нэг дээ. Уг нь кибернетикийн чиглэлийн хүн. Тэгсэн хэр нь кино найруулдаг баатар болоод  давхиад байгаа. Хоёр гурван кино хийсэн. “Хоёр шөнө гурван өдөр” ч бил үү, “хоёр өдөр гурван шөнө” ч бил үү кино хийсэн. Ямар кино хийгээд байгаа нь нэрнээс нь харагдаж байгаа биз дээ. 

Н.ПУНЦАГБОЛД

0 Сэтгэгдэл:

Post a Comment