Яруу найраг хэзээ ч тийм гоё тансаг байгаагүй.

Хөнгөн бичлэгтэй дэвүүр сэтгэлгээтэй зохиолчдыг би уншдаггүй


-Зохиолчтой уулзаж буйнх ярилцлагаа сүүлийн үеийн уран бүтээлийн чинь талаар эхлэх үү?
-Энэ чинь  асуулт тавьж байгаа таны л бүрэн эрх шүү дээ? Юунаас эхэлж,  хаана дуусгахаа мэдээж та төлөвлөчихсөн л байгаа. Сүүлийн хоёр жил “Эсрэг цаг” нэртэй эсээ шүүмж, нийтлэлийн цуврал ном хэвлүүлсэн дээ. Оноос өмнө “Эсрэг цаг-3” нэртэй шинэ ном хэвлэгдэж гарна. Саяхан “Монголын театрын түүх” номын зохиогчоор ажилласан, хүүрнэл зохиолын шинэ түүвэр, “Цаг хугацааны цас бороо” нэртэй яруу найргийн шинэ түүвэр, “Улаан өндөг” нэртэй моножүжгийн шинэ түүвэр гээд мөд хэвлэгдэх номнууд байна. Энэ жил сайн ажилласан, муугүй ч үр дүн хүлээж байгаа шүү.
-Таныг уран зохиол руу юу ингэж эргэлт буцалтгүй татаж орхив, оо?
-Аав, эмээ, дараа нь мэдээж ном. Тэгээд хор шар, мөрөөдөл. Аав минь залуудаа шүлэг бичдэг байсан юм. Уран зохиолд учиргүй дуртай хүн байсан. Эмээ минь буй биеэрээ үлгэр, домог, хууч яриа, намба төрх, ардын дуу байлаа. Би багадаа гэрийнхээ хаяанд суугаад жижигхэн биендээ багтамгүй хачин хачин юм мөрөөддөг хүүхэд байсан юм. Анх оршуулгын цуваа хараад би зураг зурж эхэлсэн. Дараа нь шүлэг бичсэн.
-Хэдэн настайгаа шүлэг бичсэн бэ? Анхны шүлэг, анхны багшийнхаа тухай ярихгүй юу?
- 5-р ангиасаа л шүлэг бичсэн. Анх хүүхдийн зохиолч Мөнгөний Чимэд багшийн дугуйланд суралцаж байлаа. Тэндээс найз нөхдөө олж авсан. Найз нөхөд гэдэг маань одоогийн “Хүрээ ахан дүүс” шүү дээ. Тэр үедээ”Хүрээ хөвгүүд” байлаа. М.Чимэд багш гэж хүүхэд шиг зан ааштай хүүхдийн зохиолч байсан юм, аа. В.Набаковын тодорхойлолтууд шиг л бидний ирээдүйг М.Чимэд багш “тодорхойлчихсон” юм. Та хэд бол зохиолч болно, оо, бусад нь яахав гээд...

-Үеийнхээс чинь яруу найргаас үргэлжилсэн үг рүү орсон нь цөөнгүй. Та яагаад үргэлжилсэн үгийн зохиол бичих болов.
-Бусдыгаа л дуурайсан хэрэг. Олныхоо л жишгээр амьдарлаа гэдэг шиг. Жишээ нь, Баатарын Галсансүх шиг онцгой үзэгдэл бол нэгэнт тийм яруу найраг бүтээчихсэн юм чинь хүүрнэл зохиол бичих ч хэрэггүй. Тэгэхээр чинь ямар нэг төрөлд нь тээглэж магадгүй гээд л янз янзын юм бичээд оролдоод суугаа юм. С.Эрдэнэ гуай хэлээ биз дээ. Яруу найрагт ахихгүйгээ мэдээд үргэлжилсэг үг бичсэн минь амьдралдаа хийсэн зөв сонголт болсон гэж. Түүнтэй адил би яруу найраг, хүүрнэл зохиол хоёрыг зэрэг бичих болсон нь олон талаараа надад том завшаан болсон гэж боддог юм. Миний хэдэн богино үгүүллэг, ганц нэг тууж энэ цагт биш юмаа гэхэд ирэх цагт юм дуулгана гэдэгт эргэлздэггүй.
-Танай үеийнхэн ихэвчлин хөдөө төрж өссөн байдаг юм билээ. Хотын зохиолчид та дунд олон уу?
-Сумын төвийг суурин гэж тооцвол, аймгийн төвийг хот гэж үзвэл бараг бүгдээрээ л  хотын зохиолчид биш юм уу.  / инээв/ ХХ зууны хүүхдүүд чинь нэг их хөдөө, нүүдэлчин гэж худлаа ярьдаг болохоос  8 хүрээд л сумын төв, тэгээд аймгийн төв, тэгээд хот гээд дөрвөн хананд л өссөн байдаг ш дээ. Наанаа л нэг их хөдөөлөг байдал харуулах гэж оролддог болохоос. Яахав зүгээр биднийгээ бодвол арай ойр өссөн байх л даа. Тэгж ярих юм бол би ч гэсэн хүүхэд байхдаа зун хөдөө гадаа л явж өнгөрүүлдэг байсандаг. Харин хотын сэрэл мэдрэхүй, орчил, ахуй гэдэг чинь өөрөө тэр чигтээ РОК юм. Тэр рок мэдрэмжүүд, рок сэрлүүд, арай байгальд ойр хотын оршихуйтай нийлж зууралдаад л “Хүрээ хөвгүүд”-ийг бүтээж байгаа юм. “Хүрээ хөвгүүд” бол тийм давтагдашгүй өвөрмөц ертөнцөд бүтээгдсэн хотын зохиолчид мөн.
-Хотынхон та нарыг тансаг гоё шүлэг зохиол бичиж чадахгүй гэдэг. Яагаад...
-Хэн тэгж байгаа юм. Яруу найраг хэзээ ч тийм гоё тансаг байгаагүй. Угаасаа л үнэн хийгээд гашуун байсан юм. Гоё шүлэг бичих, түүнийгээ тайзан дээрээс унших хам шинж өвчин  манай яруу найргийн үнэ цэнийг газар унагааж байгааг ойлгох хүртэл яруу найрагч нэртэй зарим хүмүүст даруй 100 жил хэрэгтэй. Бие биенийгээ уншдаггүй атлаа хэн хэндээ том дүгнэлт өгдөг нь манай үеийнхний хамгийн том алдаа. Бас эмгэнэл.
-Модернист зохиолч С.Анударьтай хэр дотно байв.
- Зүгээр л толгой дохиод зөрдөг танилууд байсан. Их өөр ертөнц гэдэг нь мэдрэгддэг байсан юм. Харин зохиолчийн хувьд надад хэлэх үг алга. Би хэзээнээс сайн мэддэггүй юмаа, муу ярьдаг юм.
-Уран зохиолын хэвшмэл өнгө аясыг эвдэж, шинэ сэргэг зохиол бичдэгээрээ танай үеийнхэн олны анхаарлын төвд байдаг гэдэгтэй санал нийлэх үү?
-Манай үе гэхээр Монголын уран зохиолын 90-ээд оныхон. Шинэ хуучин хоёр том юмны зааг дээр төрсөн, өмнөх үеийнхнээсээ арай илүү эрх чөлөөний мэдрэмжтэй нэг талдаа хувьтай, нөгөө талдаа азгүй Э.Хемингуэйн хэлснээр алдагдсан үеийнхэн. Уран зохиолын хэвшмэл өнгө аясыг цөөхөн хүн эвдэхийг оролдсон, эвдэж ч чадсан. Бусад нь бол аялдан дагагчид. Аль цаг үед ийм байсан. Хүссэн хүсээгүй бидний үе ирж байна. Бид анхаарлын төвд байхгүй бол өөр хэн байх юм. Цагийн юм цагтаа гэж тэр.
-Ерээд оныхноос шилдэгүүдийн нэрлээч гэвэл...
-Над мэт нь биш ноён цаг хугацаа наадхыг чинь нэрлэг. Хүний ажлыг өмнүүр нь орж хийгээд яахав.
-Та  яруу найрагч, зохиолчдоос хэнтэй нь илүү нөхөрлөдөг вэ?
-Бас дайсагнадаг вэ гэж үү. Дайсанг би хайж яваагүй өөрсдөө л хүрээд ирсэн ш дээ. Харин нөхрийн хувьд бол олон сайхан зохиолчид бий. Бүр илүү дотно гэж тодотговол “Хүрээ ахан дүүс”-ээс өөр хэн байх билээ.
-Нэг зохиол хэдий хугацаанд гараас тань гардаг вэ? Хамгийн хурдан бас удаан бичсэн зохиол чинь.
-Би бол хурдтай бичдэг зохиолч. Нэг хоёр цагийн дотор хоёр гурван үгүүллэг бичих үе ч байдаг. Одоо хүртэл дуусгаж чадахгүй  хэдэн жил болж байгаа зохиолууд бий. Тэгэхээр  зохиолчийн зохиол бичих цаг хугацаа гэдэг чинь маргаантай зүйл. Ер нь Стивен Хоукингийн цаг хугацааны ойлголтоор бидний хэмждэг тооцдог гэж үздэг цаг хугацаа, бидний төсөөллөөс ч өөр хэмжигдэхүүнд захирагддаг тохиолдол зөндөө байдаг. Зарим үед өөрийгөө бичсэн гэдэгтээ эргэлзэх явдал зохиолчдод байдаг л зүйл. Тэгэхээр цаг хугацааны өөр хэмжээст орсон байжээ. Чиний асуугаад байгаа хурдан удаан чинь зохиолч биш хүмүүсийн л цаг хугацааны тухай энгийн ойлголт.
-Та зохиолоо хэдийд туурвидаг вэ? Ер нь онгод гэж байдаг уу?
-Үүрээр голдуу л суудаг юм. Амьдрал, ажил алба бас тэгж тааруулаад байдаг. Намар хавар голдуу шүлэг л оролддог. Өвөл хүүрнэл зохиол түлхүү бичдэг. За, тэгээд жүжиг кино зохиол бичих гэж сонирхоно. Шүүмж, судалгаа гээд онгод энэ тэрийг нэг их хүлээгээд, оруулах гэж янз янз болоод байдаггүй. Бас ямар машин байгаа биш амарна, дээшээ харж хэвтэнэ, үүгээр түүгээр дэмий тэнэнэ, шил шаазан хааяа нэг тулгана гээд л. Онгодын хувьд уу, наадах чинь  онолын хувьд гэдэг шиг тийм зүйл бий. Эрчим хүчний төвлөрөл, сэтгэлзүйн тааламжит байдал, бие хэл сэтгэлийн бүрдэл зэрэг дотоод гадаад хүчин зүйлсийн уулзвар онгодын цаг юм билээ. “Амьдралын цэцгийн нууц” номонд хүчний төвлөрөл гэсэн нь надад онгодыг томьёолсон юм болов уу гэж санагдсан ш дээ.
-Сүүлийн үед утга зохиолын хэд хэдэн бүлгэм гарсан. Тийм олон бүлгэм байх шаардлагатай гэж үү?
-Хэн хэдүүлээ нийлж бүлгэм болох чинь хүний эрхийн асуудал биз дээ. Би бол олон байх тусмаа л утга зохиолын хөгжилд онцсайн гэж үзээд байгаа юм. Үзэл санааны олон өнцөг байж л утга зохиолын амьдралд ахиц дэвшил бий болно. ХХ зууны эхэн үед Америкийн уран зохиол Парист төвлөрч байхад хичнээн бүлэг байсан гэж чи бодно. Тэгж байж Америкийн уран зохиол ХХ зуунд гарч ирсэн юм ш дээ. Манайд ч гэсэн дээ, бүгдээрээ нэг зүг харвал л болох мэт санагчид олон байна. Тэд нар л олон бүлгэм онцгүй энэ тэр гэж байгаа байлгүй.   
-Болсон болоогүй шүлэг зохиол оролдож, хижээл насны ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтнээр магтуулсан өмнөх үгтэй номонцор гаргагсад олширч...
- Тэтгэвэрт гараад шүлэг бичигчдын тоо хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо багассан гэдэг шиг 2000 оноос хойш огцом нэмэгдсэн. Утга зохиолын шалгуур, үнэ цэнэ унасны гай. Шүлэг зохиол бичихийг шүлсээ хаяхаас амар зүйл гэж санагчид олон болжээ.
-Та судлаач шүүмжлэгч хүн сүүлийн үед сайн ном гарч байна уу?
-Мэдээж сайн номнууд байлгүй яахав. Г.Мэнд-ооёо ахын “Гэгээнтэн”,, Г.Аюурзаны “Бөөгийн домог” гээд романы төрөлд ахиц байна. Х.Нямхишиг, П.Майнбаярын яруу найргийн номнууд, Н. Энхбаярын “Орчин цагийн Хятадын яруу найраг”, манай О.Чинбаярын Ж.Жойсын орчуулгууд, ХХ зууны философчдын цуврал гээд нэрлээд байвал чамгүй олон сайхан ном хэвлэгджээ.
-Номны өмнөх үг нь үнэ тарифтай гэсэн байх, аа?
-Би хэзээ ч уран зохиолын халуун дотно харилцаанд мөнгө шургуулж үзээгүй. Үзээгүй болохоор өгдөг авдагийн үнэндээ мэдэхгүй юм. Өмнөх үг гэж хий хоосон магтаал,  зулгуй үг байдаг. Тийм юм нь бас үнэ хөлстэй гэж бодохоор балай юмны балаг их гэж санагдах юм.
-Нэгэн үе байлдан дагуулсан Шүүдэрцэцэгийн “Ану хатан” лав надад таалагдаагүй. Тэр зохиолч таны бодлоор мэргэжлийн зохиолч мөн үү? Ер нь монголд тийм зохиолч бий юу?
-Хөнгөн бичлэгтэй, дэвүүр сэтгэлгээтэй зохиолчдыг би уншдаггүй. Тийм болохоор тодорхойлж мэдэхгүй юм байна. Уран зохиолынхоо модонд эв найртай дуулж суух хүсэлтэй, шүүмжлэгчид байгаагүй одоо ч байхгүй, Маркесийн дараа миний ном хоёрт орлоо гээд ярилцлага энэ тэр өгсөн нь л байналээ. Тэр яах вэ? Хүний явдал. Яаж ч дэвээд болжмор бүргэдийн өндөрт гардаггүй юм.
-Дэлхийн уран зохиолын чиг хандлага баримтат зохиол руу шилжиж байгаа. Харин манайд...
- Дэлхий зөн билгийн уран зохиолд шилжиж байна. Харин манайд түүхээ уран зохиолжуулж байна. Түүхэн роман нэртэй үгэн сувс номын дэлгүүрийн лангуун дээр алаглаж байна.
-Хүрээ хөвгүүдийг яагаад байгуулах болов.
-Өөрөө л байгуулагдсан ш дээ. Одоо бол харин Хүрээ ахан дүүс нэртэй болсон.
-Тэд одоо хаана юу хийж явна.
-Баримтат кино, төвд хэлт уран зохиол судлал, шашин судлал, жүжиг киноны зохиол, орчуулга хийгээд шүлгээ бичээд л хувь хувь амьдралынхаа зам мөрийг хөөгөөд л явж байна. Нийлж хэд хэдэн муугүй төсөл хийсэн, одоо ч хийж байна. Алсдаа ч хийх байх.
-Танай бүлгэмийн анхны ном торгоор баринтагласан цөөн хувь хэвлэгдсэн...
-“Замдаа гарцгаая, Хүрээ хөвгүүд, ээ” нэртэй ном 60 хувь хэвлэгдэж байсан юм. Цэнхэр торгон баринтагтай. Ээж минь аавд дээл хийж өгөх гэж байсан торго бидний номын хавтас болсон юм. Торгонд хүртэл хувь тавилан байх юм даа. Тэр ном одоо ч олдоход бэрх ном болжээ.
-Дахиад хамтарч ном гаргах уу?
- Мөд бидний түүвэр хэвлэгдэж гарна. “Таван зам” нэртэй.
-Хэдэн жилийн өмнө та телевизэээр яруу найргийн шоу шүүж байсан...
“Өврийн дэвтэр” гээд яруу найргийн шоу нэвтрүүлэг хийсэн юм. Гол нь яруу найргийн залуу үеийг л гаргаж ирэх зорилготой байсан. Монголын телевизийн түүхэнд ч тэр, монголын уран зохиолын амьдралд ч тэр ямар ч байсан шинэ зүйл болсон гэж би боддог.
-Мөнгөн үеийхний залуу халаа хэрхэн бэлтгэгдэж байна.
-Залуу халаа энэ тэр гэхээсээ монголын уран зохиолын маргаш гэж хэлэгдэхээр олон сайхан залуучууд байна. Ид л уран зохиолд дурлаж, бичиж, бүтээх чин эрмэлзэлтэй явна. Алт, мөнгөн үе гэхээсээ монголын уран зохиолын шинэ үе түрэн орж ирж байна. Намайг тойрсон олон залуучууд бий. Тэднийг гадагш нь сургаж илүү нээлттэй шинэ боловсрол эзэмшүүлэх юмсан гэж боддог. Эхнээсээ ийш тийшээ сурахаар явж байна. Даанч бодлого дэмжлэгэ дутаад байна. Үнэнийг хэлэхэд би зөв л суурь тавьж өгөхийг хичээдэг. Хаашаа нисч юунд хүрэх нь өөрсдийнх л асуудал.
-Таны бодлоор манай судлал шүүмжлэл ямар түвшинд байгаа бол?
-Ер нь наад түвшин гэдэг үг чинь уран зохиолд нэг их таарах ойлголт биш. Чиний асуугаад байгаа түвшинг ямар нэг зүйлтэй, хэн нэгэнтэй харьцуулж байж л тодорхойлох болно. Харин зүгээр судлал шүүмжлэл нэг үеэ бодвол мэргэжлийн залуу судлаач, шүүмжлэгчдээр хүрээгээ тэлж байна. Кино шүүмж бичдэг залуучууд хичнээн олон болж байна. Энэ талаасаа бол өнөө түвшин нь ахиц байна. Ямар түвшинд гэхээр байдаг л түвшиндөө байж байна. Эргэж сэргэх,  шүүмжлэл урлагийн бүх салбарт хөгжих нааштай суурь хандлага байна.
-Та О.Дашбалбар агсны шавь нарын нэг билүү?
-Тийм, ээ.
-Ингэхэд та яагаад яруу найргийн ямар нэг наадамд оролцдоггүй юм бэ?
-Би тайзны шүлэгч биш. Миний шүлгүүд хашгирч юмуу, толгой сэгсэрч, гараа савчиж уран яруу унших гэж бичигдээгүй. Тиймээс би найр наадамд шүлэг уншдаггүй.
-Болор цомын талаар...
-“Болор цом” бол монголын яруу найрагчдын картын бараа. Эсвэл бинго. Үгүй бол хонжворт сугалаа болсон зүйл. Монголын уран зохиолын амьдралд  тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсэн, одоо бол нэгэнт утга учраа алдсан найр наадам.
-Тэгвэл “Алтан өд”-ийн тухай... Та хамгийн олон удаа энэ шагналыг хүртсэн байх, аа?
- Би таван удаа авсан. Мэргэжлийн уран зохиолын бодитой хэмжүүр болсон шагнал бий болгох зорилго нь зөв байсан юм. Яруу найргаас бусад төрлөөр энэ шагналын эзэн болсон.
-Хамгийн сүүлд ямар ном уншив. Бас ширээний ном тань...
-Яг одоо Рассель”Философийн асуудлууд” номыг уншиж байна. Би сүүлийн үед уран зохиол гэхээсээ  хүн судлал, гүн ухааны сонгодог бүтээлүүдийг сонирхож байна. Ширээний ном гэдэг чинь үе үехэн эргүүлж хардаг, дахин дахин уншдаг номнуудыг хэлдэг юм уу даа. Тийм ном олон бий.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Голдуу хөдөө явна даа. Сүүлийн үед хотоос жаахан зайдуу суугаад байгаа. Голын дэргэд суух сайхан. Уулын оройд суугаад тамхи татах дуртай.
-Гэр бүл, хувийн амьдралынхаа тухай ярихгүй юу?
-Эхнэр маань Дундговийн Гурвансайхан сумын уугуул. Монгол хэл-уран зохиолын багш мэргэжилтэй.  Одоо Сант сургуульд багшилдаг юм.  Хоёр охинтой. Товчхондоо ийм. 
-Авьяас удамшдаг гэдэг. Хүүхдүүдээс чинь шүлэг зохиол оролдож байна уу?
-Одоохондоо мэдэгдэх юм алга. Гэхдээ дунд сургуулийн зохион бичлэгээ бол дориун бичээд байгаа юм. Хоёр охин үгийн лав мэдрэмжтэй. Урлаг талын ухаан бодолтой хүмүүс юм шиг байгаа юм.
Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Ярилцсан Ш.Эрдэнэтөр

0 Сэтгэгдэл:

Post a Comment