Эдүгээчлэгдсэн эмгэнэл буюу Энэ цагийн Ромео Жульетта

Эдүгээчлэгдсэн эмгэнэл буюу

Энэ цагийн Ромео Жульетта


Явцгаая даа. Явдал учрыг нэгд нэгэнгүй хэлэлцье
Ял өршөөл хоёр хүн хүндээ оноогдох боловч
Ромео Жульетта хоёрынх шиг ийм эмгэнэлт тууж
Орчлон дэлхийд хаа ч үгүй билээ...”[1]  хэмээн агуу Уильям Шекспир жүжгийнхээ төгсгөлд таталгаснаас хойш 420 жил өнгөрчээ. 1410 онд Томмазо Гуардати гэгч итали хүн 50 бүлэг туурийн цомирлигтоо энэхүү эмгэнэлт хайрын түүхийн эхний хувилбарыг оруулснаас хойш 200 гаруй жилийн турш олон хувилбараар бичигдэж түгсэн энэ хайрын домгийг 1595 онд суут Шекспир жүжиг болгон цомносон нь ертөнцийн хамгийн алдартай драм болжээ.

Сэргэн мандалтын эхэн үед Италид цөөнгүй туурийн цоморлиг хэвлэгдсэний хамгийн алдартай нь мэдээж Жованни Боккачогийн "Декамерон".  Нэр цуугаар өдгөө Декамеронд хүрэхгүй ч тухайн цагтаа ихээхэн уншигдсан Мазуччио Салернитаногийн"Il Novellino" (Тууриуд) хэмээх ном байжээ. Бичгийн нэр нь Томазо Гуардати гэгдэх Мазуччио Салернитаногийн уг номонд  "Мариотта, Ганозза хоёр" нэрээр Ромео Жульеттагийн анхы хувилбар орсон бадйаг. 
Харин Монгол оронд соёлын довтолгоо ид өрнөж асан 1966 онд найруулагч С.Гэндэн Уилъям Шекспирийн энэ жүжгийг тайзнаа амилуулсан юм. Үүнээс 30 жилийн хойно найруулагч Ч.Найдандорж Монголын хоёр дахь Ромео Жульеттаг өлгийдөн авч байв. О.Гэрэлсүх, И.Одончимэг хоёрын тоглосон уг жүжиг хожим дэлгэцийн хувилбарт шилжсэнээр Монголчууд энэхүү дурлалын түүхийг энэ хоёр жүжигчний тоглолтоор 19 жилийн турш төсөөлж байлаа.
Сэлгэлт: Томоохон жүжгийн тавихад сэлгэлт буюу дублёр хийдэг.
1996 онд Ромеод О.Гэрэлсүх, Г.Алтанбагана, Жульеттад И.Одончимэг,
Г.Уранчимэг нар сэлгэн тоглож байлаа. 
1996 онд Монголд одоогийнх шиг мэргэжлийн түвшний ганц театр байсангүй. Тухайн үед оршин тогтнож байсан Хүүхэд залуучуудын театрт найруулагч И.Нямгаваа монгол маягийн Ромео Жульеттаг тавихаар төлөвлөж байсан ч завдаагүй гэдэг. Үүнээс 17 жилийн дараа Францын хөгжмийн найруулагч Gérard Presgurvic-ийн “Ромео Жульетта” мюзиклийг “Сонгодог мюзик” продакшны захирал З.Лхагвадорж найруулан тавьж байв.
Мюзикл: Алдарт мюзиклийн монгол хувилбарт А-саpella хамтлагийн дуучин
Ц.Мөнх-Од, "Классик жем" хамтлагийн дуучин Б.Отгончимэг нар болон
Поп хатагтай Б.Сарантуяа нар дуулж, VIP хүрээнл цөөн хэд тоглогдсон.

Энэ удаа харин хүрдийг найруулагч Н.Наранбаатар эргүүллээ. Монголд орчин үеийн театр үүссэний 85 жилийн ойн өдөр хөшгөө нээсэн Ромео Жульетта жүжиг үзэгчдийн халуун алга ташилтан дор 10 гаруй удаа тоглоод завсарлав. Хөшиг нээгдлээ, хөшиг хаагдлаа. Харин юу болоод өнгөрөв өө?
Явцгаая даа. Явдал учрыг нэгд нэгэнгүй хэлэлцье…


Жүжгийн зохиол хэрхэн бүтэв? 


Судлаачид Шекспирийг Ромео Жульетта жүжгээрээ эрийн цээнд хүрсэн гэж үздэг байна. Жүжигт Шекспирийн 1592-1594 онуудад бичсэн найраглал, хайрын сонетууд багтсан гэж батлах нь ч бий. Ямартай ч Францад Корнеллийн эмгэнэлт жүжгүүд уран сайхны сэтгэлгээний төгс илэрхийлэл хэмээгдэж, нийгэм даяараа түүний жүжгийн хэлээр ярьдаг байсан гэдэг шиг Шекспирийн "Ромео Жульетта"-г ч Англид мөн тийм  хувь тавилан угтжээ. Хэрхэн тавигдсан талаар нь дор өгүүлэх жүжиг ч Уильям Шекспирийн сонгодог хувилбар дээр суурилан тавигдсан. Жүжгийн орчуулгыг Х.Мэргэн хийжээ. Гэхдээ бүх зүйл Шекспирийн татсан ховилоор дагаад урсчихсан уу гэвэл үгүй.

Капулеттид Г.Эрдэнэбилэг, Парист Г.Дөлгөөн-Аюуш
Жүжгийн эхэнд эрхэм Капулетти хотын захирагчийн хүү Паристай наймаалцана. Язгууртан Капулетти худалдаачин Монтеккиг тоглоомноос шахан гаргаж, нэгэн их ашигтай ажлыг гүйцэтгэх эрх авахын тулд охин Жульеттагаа хотын захирагчийн хүүд сүйлж өгөхөөр тохиролцоно. Уг үзэгдэл бол Шекспирийн хувилбар дээр нэмэгдсэн “шинэ санаа”:
“-Капулетти: Эрхэм дээдсээс хүсэх нэг зүйл байна. Манай хотын хуучирсан замыг сэргээх ажлыг даавууны наймаачин Монтекки авлигадаж авах гэж байна гэсэн сураг сонслоо. Үүнийг болиул гэж аавыгаа ятгаач. Энэ тун эвгүй мэдээ шүү
-Парис: Би бүр онцгүй мэдээ сонссон
-Капулетти: Юу?
-Парис: Та надтай охиноо дотносуулахыг хүсэхгүй байгаа гэсэн
-Капулетти: Юу гэсэн үг вэ, дээдэс минь. Дорд би тэгэж зүрхлэнэ гэж үү?
-Парис: Тоглосон юм аа. Тэр зам засварын захиалгыг хэн авах нь танд ямар хамаатай юм
-Капулетти: Юу... шуудхан хэлэхэд манайхан мөнгө, санхүүгийн хувьд жаахан хүндрэлд ороо доо. Тэгээд тэр ажлыг авмаар байна. Хотын төсвөөс мөнгө нь бэлэн гарчих болохоор бага ч гэсэн нэмэр болох болвуу л гэж... Тэгээд ч тэр муу наймаачин Монтекки даварч байгаа биш үү? Хамаг л ашигтай орлоготой бүхэн лүү хуруугаа дүрээд... би саяхан Энэтхэгээс ирсэн нэг эрхмээс тэндэхийн кастын ёс, нийгмийн давхаргын тухай сонслоо. Энэтхэгт байна ш д ээ. Нийгмийн хамгийн дээд хэсэгт (пирамидыг гараараа дүрсэлнэ)хаан, шашны тэргүүн байдаг гэнэ. Брахман гэж хэлдгийм байх. Манайхаар бол хаад, Ромын пап, хотын захирагч вангууд. Харин наймаачид хэддүгээр кастад байдаг гээч...
-Парис: Овоо дээгүүр биз?
-Капулетти: Ёстой үгүй шүү. Вайшияа-гутгаар зэрэглэлийн хүмүүс гэж байна. Аа бидэн шиг буянтай, эрхэм дээд язгууртай хүмүүс, цэргийн жанжин, газар эзэмшигчид бол кшатрия гэх кастад хамаарах бөгөөд наймаачдаас хамаагүй дээгүүр байна. Оо, ийм л байх ёстой байхгүй юу. Манайд л муусайн наймаачид, худалдаачдыг даваргаад хөөргөөд байгаа болохоос соёлт ертөнцөд бол үгүй. Түй, тэр муу Монтекки... Тэрүүн шиг язгуур угсаагүй юмнууд ихэс дээдсийн зиндаанд явах зохимжтой гэж бодохгүй л байна. Нэгийг хоёр болгох гэсэн шуналт сэтгэлээс өөр юу ч үгүй амьтан...”[2]
Товчхондоо “тендер”-ийн тухай өгүүлэх энэ оруулга үзэгдлийг жүжигт нэмснээр уламжлалт өс хонзонгийн зөрчил дээр эд мөнгөний шуналд суурилсан тэмцэл нэмэгдэж, жүжгийг орчин цагийн үзэгчдэд илүү ойртуулж өгчээ. Найруулагчийн зүгээс энэ мэтийн үзэгдлүүдийг Шекспирийн сонгодог хувилбар дээр нэлээд олныг нэмсэн. 
Зохиол, зохиол, бас дахин зохиол: Н.Наранбаатрын Ромео Жульетта
энэ хоёр зохиолын дундаас амилсан юм. 
Х.Мэргэний орчуулсан хувилбар дээр найруулагч Р.Батсайханы бичсэн “Дурласан Ромео” мюзиклийн хэсгээс багагүй нэмж, дундын хувилбар дээр жүжигчид ажилласан нь харагдана. Жишээлбэл жүжгийн эхэн хэсгийн  хуйвалдаанууд болоод Ромео үдэшлэгийн дараа Жульеттатай уулзаж буй хэсгүүд Р.Батсайханы бичсэн хувилбараар тоглогдож байхад, жүжгийн төгсгөл хэсгийн үзэгдэлүүд үндсэндээ Х.Мэргэний  орчуулгаар тоглогджээ. Найруулагч Н.Наранбаатарын хувьд уг хоёр зохиолыг тун амжилттай сүлэлдүүлж тавьсаныг тэмдэглэх хэрэгтэй.

Н.Наранбаатарын эрэлхийллийн театр



Эрэлхийлэл 1: Станиславский ба Мейерхольд
“Бадрангуй урлаг” ТББ-аас эрхлэн, хоёр жилийн өмнө суут найруулагч В.Э.Мейерхольдын өгүүлэл, захидал, хэлсэн үг, яриаг нь эмхэтгэсэн нэгэн том түүврийг Н.Пүрэвдагвын орчуулгаар гаргасан нь манай театрын урлагийн онол, сургалтын ажилт ихээхэн тус нэмэртэй зүйл болсон юм. Орчуулагч Н.Пүрэвбаатар энэ номоос гадна 2012 онд Б.Е.Захавагийн “Жүжигчин, найруулагчийн ур чадвар” бүтээлийг орчуулан хэвлэсэн билээ. Эдгээр бүтээлүүд хэвлэгдэж, манай урлагийн салбарт оюуны томоохон хөрөнгө оруулалт болоход найруулагч Б.Баатар, Н.Наранбаатар, нэрт жүжигчин Ц.Төмөрбаатар нарын хүчин чармайлт ч ихээхэн орсон.
Соён гэгээрэл: Орчуулагч Н.Пүрэвдагва сүүлийн үед "театраар дагнаж" буй. Тэрээр энд дурьдсан
хоёр номоос гадна алдарт найруулагч Питер Брүкийн "Хоосон орон зай" бүтээлийг орчуулсан.
Өдгөө Сергей Ейзенштейнийг нухаж суугаа...
Хорьдугаар зууны эхэн хагаст Оросын театрын ертөнцөд тодорч, улмаар драмын жүжиг тавих өөрийн онолоо боловсруулан, дэлхийн театрын үзэгдэл болсон В.Э Мейерхольдын үзэл санаа найруулагч Н.Наранбаатарын тавьсан Ромео Жульеттагийн суурь болжээ. Драмын урлагийн сонгодог онолыг боловсруулсан Константин Сергеевич Станиславский дүрийн сэтгэлзүйн үндэст гүнээ нэвтэрч, жүжигчин тухайн дүрээрээ өвчилөхийг номлодог бол  түүний шавь Мейерхольдын боловсруулсан “Биомеханикийн онол”-д жүжигчний үйл хөдлөл, гадаад ажиллагааг чухалчилдаг.
Станиславский амьдралынхаа сүүлийн жилүүдэд “эхлээд бие бялдраараа үйлд”[3]  гэсэн зарчимыг номлох болсон гэдэг. Хүмүүний бие бялдрын амьдрал гэдэг хүмүүний ухаан санааны амьдралд хүрэх зам мөн гэх бат үзэлтэй болсон байдаг. Энэ үзлийг нь зарим хүмүүс Мейерхольдын Биомеханиктай холбон тайлбарлаж, Станиславскийг шавийнхаа нөлөөнд автсан гэсэн яриа гаргаж байжээ. Харин үүнийг нь няцааж хэлсэн найруулагч, драмын онолч Б.Е Захавагийн тайлбар ихээхэн сонирхолтой:
“Мейерхольд бол хөдөлгөөн ар араасаа залган мэдрэмж төрүүлдэг гэж үздэг бол Станиславский бие бялдарын үйлдэл сэтгэлийн хөдөлгөөний өдөөгч болдог гэж үздэг”. Өөрөөр хэлбэл, эхний тохиолдолд жүжигчний хөдөлгөөний эрч хэмнэл тоглолтонд шийдвэрлэх нөлөөтэй байхад, хоёрдахь нь жүжигчний үйлдэл, түүний хувилбарууд илүү чухал хэмээн үзжээ[4].
Чухамхүү энэ “...эхлээд бие бялдраараа үйлд” гэсэн Станиславскийн,  “...хөдөлгөөн ар араасаа залган мэдрэмж төрүүлдэг” гэх Мейерхольдын үгс найруулагч Н.Наранбаатарт ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн бололтой. Өөрөөр хэлбэл зүтгэж байж орчуулуулсан хоёр номынхоо хэргийг найруулагч гаргахыг хүсчээ. Ингээд П.Цэрэндагваас өөр ахмад жүжигчингүй,  30 гаруй залуучуудаас бүрдсэн багаар жүжгийг тайзнаа амилууллаа.

Эрэлхийлэл 2: Эдүгээчлэл хийгээд хурдасгал
Ингэхдээ найруулагч юун түрүүнд эдүгээчлэх хийгээд хурдасгах гэсэн хоёр эрэлхийлэл хийжээ. Дээр өгүүлсэнчлэн жүжгийн үндсэн зөрчил дээр “Жульеттагаар наймаалцаж буй” үйлдлийг оруулж өгсөнөөр жүжиг шууд нийгмийн асуудалтай хутгалдаж эхлэв. Шескпирийн хувилбараар бол өс хонзондоо л шатан хэл амаа билүүдэж, хатгалдаж байх ёстой дүрүүд, эд мөнгө гэх өөр нэгэн хүчин зүйлийн  далд шоглоомд өртөж байна. Эдүгээчлэл үүгээр дуусахгүй. Тайзнаа транс хөгжим нүргэлж, DJ тайзны дээд өнцгөөс хашгичин, жүжгийн дүрүүд гар утсаар селфи хийж, шөнийн цэнгээний газар тайзнаа амилахад сонгодог орчинг төсөөлж ирсэн үзэгчид цочирдож, зарим нь эгдүүцсэн  ч байж магад. Найруулагч Н.Наранбаатар өмнө тавьсан Гамлет жүжигтээ ч иймэрхүү эрэлхийллүүд хийж байсан ч энэ удаагийнх нь хэтэрхий задгай, хэтэрхий орчин үеийнх байв. Түүний Ромео Жульетта хоёр зөвхөн театрт л амьдардаг хайрын домгийн баатрууд биш, бидэнтэй хаа сайгүй таарч болох энэ цагийн хүмүүс юм. Жүжгийн бусад дүрүүд ч адил. Энэ бол яах аргагүй шинэлэг санаачилга, үр дүн байлаа.
Капулеттийнд болсон үдэшлэг...
Жүжгийн тухай урьдчилсан мэдээллийн үеэр найруулагч Н.Наранбаатар уг бүтээлийн дүр, тавилт нийгмийн олон асуудалтай холбогдоно гэж хэлж байсан нь оргүй зүйл биш байв. Өмнөх Гамлет жүжгээрээ Н.Наранбаатар манай нийгэмд тулгамдаад буй моралийн асуудлыг хөндсөн нь төдий л байгаа оносон зүйл болж чадаагүй бол, энэ удаа түүний үзэгчдэд зориулан тавьсан сум бүр байгаа онолоо. Гэхдээ энэ сумыг үзэгчдийн зүрх рүү онилсон уу, ердөө л нүд баясгах гэсэн хиймэл эд байв уу асуудал. Энэ цагийн хүмүүсийн харилцаа, зөрчлийг тайзны хэллэгт хөрвүүлж, эргүүлээд үзэгчдэд харуулав. Бүр Верон хотын захирагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэл яриаг элэглэн дууриаж, “Шударга л байцгаая л даа” гэх сонгуулийн уриаг дайсагнагч хоёр гэр бүлийнхэнд хэлж, басхүү худалдаачин Монтеккийн сэм өгсөн авлигыг тэмтэрч үзмэгцээ Ромеог өршөөхийг үзэгчид тайзнаас харав.
Захирагчид П.Цэрэндагва
            Цаг үеийн хямдхан зугаа цэнгээн, хар хор дунд Шекспирийн бүтээсэн гоо сайхны тогтолцооны эд эс гялсхийн үзэгдэх эдгээр шийдлүүд хошин урлагийн продакшнуудад үзэгчдээ алдаад буй драмын театр луу хүмүүсийн сонирхолыг татах нь дамжиггүй. Гэхдээ гоозүйн хувьд, урлаг цаг үеэсээ ямагт нэг алхам түрүүлэх ёстой гэх алтан зарчим алдагдаж орхилоо. 1980-аад оны төгсгөл, 1990-ээд оны дунд үеийг хүртэл Хүүхэд залуучуудын театрыг удирдаж, Метерлинкийн “Сохрууд”-аас эхлээд олон өвөрмөц тавилтуудаараа Монгол үзэгчдийн гоо зүйн боловсролыг дээшлүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлсэн, найруулагч И.Нямгаваа хүртэл, ...Театр бол хүний тархи, зүрхэнд нөлөөлдөг ариун сүм. Хүний тархинд мэс засал хийдэг газар ч гэдэг. Гэтэл театр аяндаа хар захын байдалтай болоод үзэгчид нь хуушуур идэж, гар утсаар хоорондоо чанга яриад эхлэх үед миний, чиний ариун мөрөөдөл алга болж юунд, хаана ороод ирснээ мэдэхээ болино...[5] хэмээсэн нь бий. Шекспирийн Хамлетийг ямар нэг тайз чимэглэлгүй ердийн өрөөнд, гудас дэвсгэрхэн төдий орчинд, өнгөт арьстан гол дүртэйгээр тавьж, дэлхийг шуугиулж явсан найруулагч Питер Брүк ч зохиолыг өөрчлөн тоглуулах тал дээр тун ухаалаг хандах хэрэгтэйг сануулсан нь бий. Өөрөөр хэлбэл хэм хэмжээг зөрчихөөр санаалсан бол тэрхүү хэм хэмжээгээ ямагт санаж байх учиртай аж.
Найруулагч хүн үймсэн олон үзэгчдийн сэтгэлзүйгээр наадаж, тайлал нэхэх оньсогыг тайзнаас шидэн, таашаал эдлүүлэх үүрэгтэй болохоос, үзэгчдийн дундын зовлонг тайзан дээр хүүрнэж, түүндээ дөрөөлөн тасалбараа борлуулах нь бүдүүлэг хэрэг. Харин дээрхийн адил нийгмийн асуудлыг тусгай жүжиг тавьж сүржигнэлгүй, элэглэл унших ганц хүний гараагаар эвтэйхэн шийдчихэж болно. Энэ бол уран бүтээлч цаг үеэсээ алхам түрүүлэх биш, хөл нийлүүлж яваагийн шинж. Басхүү, хэдэн жилийн дараа энэхүү тавилт хуучрахын цондон.
УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар
            Найруулагч Н.Наранбаатарын тавилтыг үндсэндээ хоёр хэсэгт хувааж болохоор байна. Үүнд, эхэнд өгүүлсэнчлэн Шекспирийн зохиол дээр нэмсэн оруулга үзэгдэлүүд  голчлон тоглогдох эхний хэсэг. Удаах нь үндсэндээ Шекспирийн эх зохиолын дагуу хөврөх хоёрдугаар хэсэг.  Ромео Жульетта хоёрын нууц гэрлэлтийг үзүүлснээр дуусах эхний хэсэгт жүжгийн хэмнэл асар хурдан байж, бүжиг, акробатын энгийн элементүүд ихээр ашиглагдана. Харин хоёрдугаар хэсэгт эхэн хагасын эрчим суларч, уянгын романтик аяс үргэлжилсээр жүжиг төгсөнө.
Залуу театр
Эрэлхийлэл 3: Хайр дурлал ба эмгэнэл
Н.Наранбаатар найруулагчийг уран бүтээлчид “хайр” гэж хочилдог. Дандаа хайрын сэдэвтэй, хайрын тайлалтай бүтээл хийдгээс тэр. Гэхдээ бүтээлүүддээ үнэмшил муутай уянгын зураглал, хэт зохиомол драмын шийдлүүд зориуд ашигладаг нь бараг л өөрийнх нь гарын үсэг болсон. Ромео Жульеттад ч бас ийм хиймэл үзэгдэлээ шургуулж амжжээ. Мантуяад  цөлөгдөж очсон Ромеогийн үхлийн совинтой зүүдний хэсэг найруулагчийн сайхан санаануудын нэг байв. 
Харамсалтай нь нисэн алдуурч буй Жульеттагаа тэврэхээр тэмүүлэх Ромеогийн тоглолтоос үзэгчид удахгүй нөмрөх үхлийн совинг мэдэрч, төгсгөл хэсэг илүү үнэмшилтэй байх боломж жүжгийн дууг сунжруулан тавьснаар салхинд хийсэв. Харин энэ нэмэлт үзэгдэл залуу үзэгчдэд багагүй таалагдав бололтой. Үзэгдлийн төгсгөл дэх алга ташилтаас найруулагч Н.Наранбаатар хэнд зориулж иймэрхүү үнэмшил муутай сул сценийг кинондоо ч, жүжигтээ ч зориуд оруулаад байдгийн шалтаан тодорхой боллоо. Ердөө л үзэгчдийн сэтгэлийг татах гэж, түргэхэн зүүрт хөөрөн догдлуулах гэж... Харин театраас гараад үзэгчид юуг бодсон бол? Театрын улаан хамбан суудал дээр бүгдээрээ л инээж, ялимгүй хөнгөн гуниглаж, цэнгэл эдэллээ. Харин “хайр” гэдэг энэ хийсвэр үг, онож тайлбарлахын аргагүй зүйлийг гол харлам эмгэнэлд шингээснээр бодитоор гарган тавьсан Шекспирийн мөнхийн шийдэл үзэгчиддээ хэлбэр төдий л хүрлээ. Үүнд зөвхөн найруулагчийн шийдэл бус хэд хэдэн шалтгаан ч дам нөлөөлжээ.

Эрэлхийлэл 4: Хореографи үгүйлэгдэв
Жүжгийн энэ удаагийн тавилтад бүжиг уг нь шийдвэрлэх нөлөөтэй байв. Мейерхольдын “Биомеханик”-ийг тайзнаа хэрэгжүүлэхийн тулд драмын жүжигчин мэргэжлийн бүжигчнээс дутахааргүй хөдөлж, мэдрэх хэрэгтэй болно. Тэр хөдөлгөөнийг ч өндөр түвшинд дэглэх шаардлага гарна. Харамсалтай нь энэ удаа жүжигчдийн ур чадварыг шавхсан бүжиг тайзнаа харагдсангүй. Капулеттийн харш дахь найр цэнгээний үеэр залуу жүжигчид амьдрал дээр цэнгээний газар хийдэг бүжгээ л үзүүлсэн юм. Эндээс бүжиг дэглэлтийг арай илүү мэргэжлийн түвшинд хийх шаардлагатай байгаа нь харагдана. Тайзан дээр бүгд л чадах чинээгээрээ үсэрч харайцгаасан ч энэ хичээл зүтгэл нь зорилгодоо үйлчилсэнгүй, утга агуулга илэрхийлэх байдал нь ч дулимаг болжээ.
Жүжгийн бусад чухал хөдөлгөөнүүдэд ч шинээр сэтгэсэн зүйл ховор. Верон хотынхны хоорондоо хөл тавин, үсээ илж мэндчилэх хөдөлгөөн бол бүжиг дэглээч Т.Төгсөөгийн Гамлет жүжиг дээр гаргаж ирсэн санаа. Тухайн үедээ тун дажгүй шинэлэг харагдаж байсан энэ хөдөлгөөнийг Шекспирийн өөр нэг жүжгээс ахин харах харамсалтай л байлаа. Үүнийг дэглээчээр ажилласан Г.Ган-Очироос нэхэх нь зүй. 
Жүжгийн хөдөлгөөн ба бүжгийн элементүүдийг 2001 онд Францад тавьж, дэлхийн олон том хотод уригдан, олон хувилбараар тоглогдсон Gérard Presgurvic-ийн “Roméo et Juliette: de la Haine à l'Amour”буюу “Ромео Жульетта: Үзэн ядалтаас хайр дурлал руу” мюзиклээс санаа аван босгожээ. Гэхдээ уг мюзиклийг манайхаас хэд дахин том, хоёр давхар тайзан дээр, асар олон жүжигчдийн оролцоотойгоор тоглосон гэдгийг бүжиг дэглээч ч, найруулагч ч санах хэрэгтэй байв. Н.Наранбаатарын тавилтын бараг тэн хагасыг бүрдүүлж буй Р.Батсайханы “Дурласан Ромео” мюзиклийн үзэгдлүүдэд ч дээрх алдартай франц мюзиклийн нөлөө багагүй бий.
Өнөө алдарт франц мюзиклийн тагттай үзэгдэл

Эрэлхийлэл 5: Улааныхан ба Харынхан
Жүжгийн хувцас хэрэглэлийн хувьд шинэлэг байж чадсан. Капулетти болон Монтеккийн гэр бүлийн дайсагналцалыг хар улаан өнгөний ялгаралаар тодотгохыг хичээсэн дизайнер Н.Үнэнбатын шийдэл нүдээ олсон хэрэг байв. Ялангуяа Капулеттийн гэр бүлийнхний хувцас, чимэглэл зорилгодоо хүрч чадсан. Меркуцио, Тебальт хоёрын шарилын дэргэд улаан, хараар хуваагдан зогссон хоёр гэр бүлийнхний зүг цагаан даашинзтай, эмгэнэлд автсан Жульетта очдог хэсэг жүжгийн хамгийн үзүүштэй үзэгдлүүдийн нэг байсан.  
Шүүлт: "Шударга байцгаая" гэж бүгдэд уриалавч шударга зүйл нэгээхэн ч үгүй
Харин Монтеккийн гэр бүл, ялангуяа эцэг Монтекки болон  Бенволио нарын хувцас нүүр хувиргалт оновчтой болж чадсангүй. Үүнээс болж уг дүрүүдийн тоглолт, жүжигт гүйцэтгэх ёстой байсан түвшиндээ хүрч чадаагүйг тэмдэглэх нь зүй.

Үл эрэлхийлэл 1: Байдаг л нэг тайз
Магадгүй Гамлет жүжгийн тайз хэт нүсэр, кино зургийн талбайг санагдуулам байсан нь шүүмжлэл хүлээснээс найруулагч Н.Наранбаатар энэ удаа минималь тайзыг илүүд үзсэн байж болох юм. Гэхдээ жүжгийн тайз чимэглэлийн хувьд гойд гэхээр шинэлэг шийдлээр маруухан байсан нь харамсалтай. Харамсалтай гэхийн учир нь ерөнхий зураач Д.Ариундэлгэр, найруулагчийн гаргахыг хүссэн шинэ эрэлхийллүүдийг дэмжих тайз чимэглэлийг хийгээгүйн улмаас зарим үзэгдэл дээр жүжигчид сонгодог театрт ороод ирсэн дэггүй залуус шиг л харагдаж байв.

Хамгийн чухал эрэлхийлэл: Постмодернизм
Найруулагч Н.Наранбаатар энэхүү тавилтаа “постмодерн” хэмээн зүрх гарган тодорхойлжээ. Үнэндээ бол улс төр нийгмийн асуудалд энэ мэтээр гүнзгий хутгалдаж, нийгмийн гүнээс хашгирдаг найруулагчид өрнөдийн театрт олон бий. Өрнөдөд 1960-аад оны үед өрнөсөн авангард хөдөлгөөний тайзан дээр дэвшсэн хувилбарыг Германы театр судлаач Ханс Тиес Лийман[6]postdramatic theatre” буюу “театрын дараах театр” хэмээн тайлбарладаг. Иймэрхүү постдрамын бүтээлүүд цөөхөн жүжигчний багт тулгуурлан нийгмийн олон талт асуудлуудад хариулт эрсэн хурц тавилтууд байх нь олонтаа. Постдрама хэмээх ойлголт нь постмодернист философидолтыг театр судлалын үүднээс тайлбарласан хэрэг юм[7].
Н.Наранбаатарын хувьд өөрийн жүжигтээ нийгмийн эсэргүүцлээс гадна, идэвхтэй динамик хөдөлгөөн, зохиолын зоригтой өөрчлөлт оруулсан учраас постмодерн жүжиг гэж үзсэн бололтой. Гэвч энэ нь учир дутагдалтай юм. Учир нь уг тавилт бага зэрэг өөрчлөлт, нэмэлт нэвтрэх шугамтай болохоос биш, бүрэн утгаараа Шекспирийн зохиолын хүрээнээс гараагүй. Ер нь Шекспирийг эвдэж, өөр ямар нэг бүтээлтэй эвцэлдүүлэх замаар постмодерн бүтээл гаргаж болно гэх гэнэн санаа өөрөө тун ч баригдмал сэтгэлгээний илрэл. Постмодернизм гэдэг нь өмнөх измүүдийн нэг огт биш, ямар ч измгүйн нэр. Ямар ч загваргүй сэтгэхийг л хэлж байгаа юм. Загваргүй гэдэг үгээр сэтгэлгээг чөлөөлөхийг хэлж байгаа юм. Сэтгэлгээ чөлөөлөгдсөний дараа бол урлаг өөрөө юухнаас ч төрөх боломжтой[8]. Хэрэв постмодерн жүжиг тавихыг үнэхээр л хүссэн бол зохиолдоо арай илүү цаг гаргах байжээ. Тэгэлгүйгээр бэлэн бичсэн хоёр зохиолыг аргыг нь олж эвлүүлчихээд “постмодерн” гэвэл хэтэрхий томдсон малгай болно. Ер нь манай урлагийнхан онолын элдэв нэр томъёог судлаачдын өмнүүр орон өөртөө цаасан малгай болгож өмсгөдөг гэнэн арга барилаараа энэ цагийн хүмүүс, энэ цагийн төрийн хүндлэл хүлээж болно оо.  Гэхдээ ертөнцийн хүний өмнө үзүүлэхэд нүүр улайхааргүй бүтээл туурвина гэдэг юу л бол.

Дүр эсгэх хийгээд дүр бүтээхүйн заагт...


Ромео Жульетта жүжгийн баг залуу гэдгийг дээр дурьдсан. Жүжигчин Ж.Оюундарь, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Эрдэнэбилэг нар жүжгийн баг дотроо ахмадын тоонд орж байв. Жүжгийн эхний тавилтын дараа ихээхэн зөрчилтэй сэтгэгдэл тээн театраас гарсан тул, долоо хоногийн дараа ахин үзэхээр шийдсэн юм. Тэгээд ч нээлтийн тоглолтоос жүжгийн ерөнхий санаа тавилтуудыг мэдрэхээс биш, ялангуяа сонгодог жүжгийн тавилтыг дахин үзэж, дахин сонордож байж л жинхэнэ утгаараа таашаал мэдрэмж хүртдэгийг мэргэн уншигчид яахан эс андах.

Ромео, Жульетта хоёр маань тайзны жүжигчид мөн үү?
Ромеод тоглосон жүжигчин В.Шинэбаяр жүжгийн нээлтийн тоглолтонд ганц нэг жижиг явцын алдаа гаргаснаас бус, үүргээ амжилттай гүйцэтгэх шиг санагдаж байв. Гэтэл долоо дахь гарааг нь үзэхэд дүрдээ тун хангалтгүй орж, хувийн бэлтгэлээ тун тааруухан хангасан нь харагдлаа. Найруулагчийн зүгээс жүжгийнхээ үндсэн шийдлийн нэг болгосон идэвхтэй хөдөлгөөн, эргэлт, бүжгийн элементүүд манай Ромеог эмийн санчийн хороос ч өмнө хөнөөж орхив. Долоо дахь гарааныхаа үеэр В.Шинэбаярын тоглолтоос жүжигчин С.Болд-Эрдэнийн тайзны ярианы өвөрмөц техник сонсогдоод байсныг ч энд тэмдэглэх хэрэгтэй.

Монгол Жульетта нар: 

Б.Энхтуяа (1966), Г.Уранчимэг (1996), И.Одончимэг (1996), О.Дөлгөөн (2015)

Жульеттад тоглосон О.Дөлгөөний хувьд Н.Наранбаатар найруулагчтай өмнө нь дэлгэцийн салбарт хамтран ажиллаж байсан туршлагатай. Н.Наранбаатар найруулагч ч энэ талаар бодож түүнийг драмын олон залуу жүжигчдийн урдуур дайруулан их театрын тайзнаа гаргасан нь ойлгомжтой. Тэр найруулагчийнхаа итгэлийг ч, үзэгч олны хүлээлтийг ч тэгтэлээ хөсөрдүүлсэнгүй. Жульеттагийн хувьд түүний өрсөлдөгч нь нэг талаараа ард олны төсөөлөл дэх И.Одончимэгийн дүр төрх байсан. Тэр энэ тэмцэлд ямартай ч ялсан. Гэхдээ энэ ялалтанд түүний дүр төрх нөлөөлсөн үү, ур чадвар нь нөлөөлсөн үү гэдэг өөр асуудал.
Энэ Ромео, Жульетта хоёр маань драмын жүжигчин мөн үү гэдгийг найруулагч нь бодож үзэх хэрэгтэйг долоо дахь өдрийн тоглолт харууллаа. О.Дөлгөөний хоолой ядарч, өсвөр насны охины сэтгэлзүйн олон хувирлыг гаргах үеэр цахиртаж байлаа. Ромео ч ялгаагүй. Ийм ч учраас жүжгийн төгсгөл хэсэгт Ромео Жульетта хоёр маань үе үе хувцас шүргэн сарчигнах микрофоны тусламжтай тоглоход хүрсэн юм.
Тэдний өрсөлдөгч нь үнэндээ ард түмний төсөөлөл дэх
О.Гэрэлсүх, И.Одончимэг нарын дүр төрх байсан.
Үүнээс гадна найруулагчийн зүгээс эхэн үед үсэрч дүүлсэн эрчтэй хэмнэлтэй байснаа төгсгөлд хэсэгт гэнэтхэн хэт уянгын налгар байдалд шилжих шийдэлийг залуу жүжигчдэд тулгасан нь тэдний тоглолт ийнхүү унах бас нэг шалтгаан боллоо.

Э.Тодгэрэл тод гэрэлтэв
Харин Меркуциогийн дүрд гарсан Э.Тодгэрэл дүр бүтээжээ. Найруулагч Ч.Найдандоржийн “Чөлөөт хос” жүжигт тоглож, “...залуу уран бүтээлч Э.Тодгэрэл ирээдүйтэй жүжигчин гэдгээ харуулж, дүрдээ тун чадамгай хувирлаа. Тэрбээр нөхрийн дүрд тоглохоос гадна, хүү Роберт, түүний ангийн хүүгийн дүрд тоглосон юм...” гэх мэт магтаал сонсоод амжсан энэ залуу жүжигчин эрэлхэг, цэцэн Меркуциогийн нэгэн шинэ хувилбарыг тайзнаа бий болгов. Н.Наранбаатар найруулагчийн жүжигчнээсээ хүссэн динамик ажиллагаанд бүх гол дүрийн жүжигчид Э.Тодгэрэл шиг хүрч чадсан бол энэхүү тавилт арай цөөн шүүмжлэл хүлээх байлаа. 
Тайлбаргүй...
Нээлтийн тоглолтонд ч, долоо хоногийн дараа ч Меркуцио тайзан дээр яв цав байж чадсан учраас хамтран тоглогч буюу Ромеогийн дүрийг бүдэгрүүлж орхисон юм. Мэдээж хэрэг Ромео, эрэлхэг Меркуциотой биеийн хүчний хувьд эгнэх албагүй ч энэ ялгарал хэтэрхий тод байв. Ер нь энэ жүжигт Меркуцио, өрлөг эх хоёрын дүрийн ажиллагаа Ромео, Жульетта хоёроо бүдгэрүүлж байлаа. Өрлөг эхэд тоглосон жүжигчин Ж.Оюундарь үнэндээ Жульеттагаас илүү уян хатан, бас чадварлаг байв. Түүнд найруулагч болгон чухал туслах дүрээ итгэж өгдөг. Энэ итгэл болгоныг тэр чадварлаг тоглолтоороо хариулж чаддаг. Өрлөг эхийн дүр ч түүний “мэргэжлийн гүйцэтгэл”-үүдийн дотор дээгүүр жагсах болно.

С.Болд-Эрдэнэ бол Монголын драмын од
Лоренцо ламтаны дүрийг бүтээсэн С.Болд-Эрдэнэ ямархуу хэмжээний жүжигчин гэдгээ батлан харуулав. “Монголын драмд Сугарын Болд-Эрдэнэ гэдэг жүжигчин бий. Тэр жүжигчин ямар ч дүрийг амилуулж чадна” гэж дэлхийн хаана ч ам бардам хэлж болохоор болжээ. Тэр найруулагчаас оноосон даалгавар, зохиолыг чинээнд нь тултал амилууллаа. Харамсалтай нь өгөгдсөн нөхцөл буюу зохиол нь оновчгүй зүйл байв. Түүний дүр христийн шашны санваартан биш, даогийн лам аятай бичигджээ. Энэ бол Шекспирийн хувилбар биш нэмэлт үзэгдэл юм. Өөрчилсөн үзэгдэлүүд дээр Лоренцо ламд хэдийгээр сав шимийн ертөнцийн талаарх эргэцүүлэл, энэрэнгүй чанар  цөм цогцолсон ч, үйлдэл нь байгаа оносонгүй. Үүний шалтгаан нь энэ дүрийг яриан жүжигт биш, мюзиклд зориулан бичсэнд оршино.
Гүйцэтгэл: С.Болд-Эрдэнэ инээдэм ханиадам дунд эмгэнэл хавчуулж амжив
Хөдөлгөөнтэй, шооч, уймраа ийм ламын дүрийг бүтээхийн тулд С.Болд-Эрдэнэ алдарт жүжигчин Д.Чимэд-Осор агсны жүжиглэх арга барилаас бүтээлчээр суралцжээ. Хэдэн жилийн өмнө УДЭТ-ийн ойд зориулсан дурсамж тоглолтын үеэр М.Шолоховын  Сэтгэлийг шинэтгэсэн нь жүжгийн Шукар өвгөний дүрийг Д.Чимэд-Осор хэрхэн бүтээсэн тэр техникээр нь нэг үзэгдэлийн хэсэгт С.Болд-Эрдэнэ сэргээн тоглож байсан юм. Тухайн үедээ олны талархалыг ихэд хүлээж байсан санагдана.

Тайз хийгээд дэлгэцийн ялгаа
Жүжгийн төгсгөлд Ромео хайрт бүсгүйнхээ үхсэнийг сонсоод эмгэнэж буй хэсэгт В.Шинэбаяр алдарт Аль Пачиногийн “Загалмайлсан эцэг III киноны төгсгөлд хийдэг техникийг хуулбарлан ашиглажээ. Бараг минут орчим агдлан хөшсөний эцэст орилон шаналж эхэлдэг энэ техник хэдий сайхан ч, тайз, дэлгэцийн бүтээлийн зааг ялгааг анзааран авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэйг манай уран бүтээлчид санах хэрэгтэй болов уу. Иймэрхүү хуурмаглал, будаа идсэн байдлаас манай залуус аль болох тойрч, жижиг Монголын жижиг Театрыг том байлгаж чадсан ахмад үеийн агуу жүжигчдийн хөдөлмөрч, бүтээлч хандлагыг үргэлжлүүлэх хэрэгтэй байна. 
Зан төрх: Аль Пачиногийн амилуулсан хамгийн агуу сцен
Найруулагч Н.Наранбаатарын хувьд ч тайз, дэлгэцийн бүтээлээ зааглаж харах цаг болсоныг Ромео Жульеттагийн энэ удаагийн тавилт харууллаа. Эсвэл тэрбээр тайз дэлгэцийн бүтээлийн зааг ялгаа, зарчимаа ухаараагүй явна уу? Н.Наранбаатар хэмээх хувь уран бүтээлч кинон дээрээ бол ямар ч амжилтгүй эрэлхийлэл хийж болно. Харин Монголдоо ганц энэхүү театрын тайзнаа сонгодогуудаар туршилт хийх учиргүй.

Эрэлхийлэл илэрхийлэл болохын тулд...
“Цаг үеийн хандлага эрэлхийлэл байлгүй яахав. Гэхдээ дүр бүтээх, дүрд жүжиглэх гэдэг тэс өөр зүйл гэдгийг манай залуус анхаарах хэрэгтэй” гэж найруулагч Б.Мөнхдорж уг жүжгийн талаар сэтгэгдэлээ илүүрхийлсэн үгэн завсараа хавчуулсан юм. Дүр гэдгийг англиар character буюу зан төрх хэмээдгийн цаана их утга бий. Дүр бүтээх гэдэг янз маяг гарган дүр эсгэхийн нэр биш, зан төрхийг бүтээхийн нэр юм. Ардын жүжигчин Ц.Гантөмөрийн 80 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын үеэр найруулагч Ч.Найдандорж, “Ц.Гантөмөр бол дүрийг эсгэх биш, дүрийг өмсдөг жүжигчин байлаа” гэсэн нь мөн л нэгийг бодогдуулна. Цэл залуу насандаа Монголын тайзнаа энэрэнгүй Отеллог бүтээснээрээ судлаачдын зүгээс ихээхэн өндөр үнэлэлгээ хүлээдэг Ц.Гантөмөр гуайн тоглолтыг нүдээр үзэж яваагүй ч, “Хүний мөр” кинонд бүтээсэн Чинбатын дүрийн ажиллагаа, нүүр хувиралыг, Японы алдарт жүжигчин Тоширо Мифүнэгийн, Акира Курасовагийн “Рашомон” кинонд бүтээсэн их замын дээрэмчний дүрийн ажиллагаатай харьцуулж хараад гайхан биширч билээ. 
Зан төрх: Тэд нэгэн үеийн жүжигчид...
Гайхахын учир нь Ц.Гантөмөр дэлхийн тэр их одоос огтхон ч дутахааргүй жүжиглэсэнд л байгаа юм. Ийм ч учраас Чинбатын дүр эгээ л ойрын хамаатных нь идэрхэн хүү амьдралдаа алдаж яваад, зөв замдаа орсон юм шиг Монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн биз ээ.
В.Э Мейерхольд хэдийгээр жүжигчний идэвхтэй хөдөлгөөн, биомеханикийг чухалчлан номлосон ч энэ нь дүрийн сэтгэлзүйг орхигдуулж, “арьс өнгөний жүжиглэлт” хийхэд уриалсан хэрэг бас биш билээ.


Хөшиг дахин нээгдэнэ


Тийм ээ, хөшиг дахин нээгдэнэ. Түүнээс өмнө амжиж дээрх үгсийг хэлэх хэрэгтэй гэж саналаа. Энэ Ромео Жульетта жүжиг магадгүй залуу үед драмын урлагийг нэг алхам ойртуулсан байж болох. Үүнийг эрэлт ихтэй байсан тасалбар, танхимаас сэтгэл хангалуун гарч буй залуу үзэгчдийн сэтгэгдэлээс хангалттай сонсож болно. Гэхдээ яг юу хийж буйгаа, юуг хэнд зориулж, хэрхэн бүтээж буйгаа мэргэжлийн ганц театр маань бодлогын түвшинд авч үзэх цаг болжээ. Үзэгчиддээ нэг алхам ойртлоо гээд урлагийн мөн чанараас нэг алхам холдож байвал, тэрхүү алхамыг яав ч зөвтгөж боломгүй санагдана.


Я.Баяраа
СУИС-ын ТУС-ийн Урлаг судлал, утга зохиолын тэнхимийн багш





[1] Уильям Шекспир. “Ромео Жульетта”. “Хунтайжийн үг”. 104. Орчуулагч Х.Мэргэн
[2] Р.Батсайхан. "Дурласан ROMEO " мюзиклийн либретто. Хоёрдугаар үзэгдэл. 008. Гар эх
[3]  Б.Е Захава. “Жүжигчин, найруулагчийн уран чадвар”. 156. УБ., 2012. Орч.Пүрэвдагва
[4] Я.Баяраа. “Хүний мөр киноны Чинбатын дүр: Урьдач нөхцөл ба уран чадвар”. 08. Илтгэл.
[5] “Нэгэн цаг үеийг эзлэгчид”. http://profile.mn/content/204
[6] Hans-Thies Lehmann. “Postdramatic Theatre”. Routledge. 2006
[7] Hans-Thies Lehmann. “Postmodern and postdramatic theory”. 13. Postdramatic Theatre”. Routledge. 2006
[8] Г.Аюурзана. “Постмодернизмын тухай зурвас зарим ойлголт”. http://www.ayurzana.mn/newsView/233



(Уг шүүмжийн эхний хэсгийг Үндэстний ТОЙМ сэтгүүлийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны дугаар буюу №34(289) дэх дугаарт, 
хоёр дахь хэсгийг Ардын эрх сонины 2015 оны 12 дугаар сарын 09-ний дугаар буюу №23(2023) дэх дахь дугаарт тус тус нийтлүүлсэн болно).

0 Сэтгэгдэл:

Post a Comment