...улам азгүй шүлэгч болгож хайрла!



Зүгээр л Жеймс Бондыг хүлээж
Үсээ арагш илсээр уснаас гарч ирэхэд нь
Үнэн сэтгэлээсээ догдлон дуу алддаг
Үзэгч байж үзэхсэн
Гутал минь л тоосгүй бол
Сэтгэлийн ачаа хөнгөрч
Гулиалж, алиалж амьдардаг 
Гуниггүй хүн сүрэгтээ очихсон
Зожгирч ганцаардсан үгс
Мөсөн бүрхүүлтэй бяцхан тооройс мэт дотуур гүйлдэж 
Зожгирч ганцаардах хүслийг гижигдэх тусам
Зожгирч ганцаарднам
Олон үйлдэлтэй цахилгаан багаж эсвэл
Оролт гаралт бүхий улс төрийн тогтолцоо мэтээр 
Биеэ төсөөлж, төсөөлөлд ургасан дүрүүдтэйгээ
Плато мэт цэцэн яриа өрнүүлж
(Ийм маягаар цаг гаруй ярилцсаны дараа)
Ихэвчлэн өөрөө л яриад суугаагаа анзаарахад 
Ичгүүр бус инээд баясал төрнө..,
Энэ хүртэл бичсэнд минь
Эрүүл ухаан агшин ч үгүйг мэдэж байвч
Энэ маягаар би Илиадаг ч бичсэн чадахаар байна
Азгүйчүүдийн бурхан байдаг бол одоо л сонс
Азгүй, улам азгүй шүлэгч болгож хайрла!

ЭСЭРГҮҮ ДУУ ДУУЛААД ЭНДЭЖ ОСОЛДСОН ӨВӨРЛӨГЧ НАР МИНЬ

"Айн Жалудын цавчилдаан" зохиол нь судлаачдын
зүгээс дориун үнэлгээ хүлээгээд буй  зохиолч, сэтгүүлч
Балсанцэрэнгийн Ойдов нь 
Өвөрхангай аймгийн
Хужирт сумын уугуул хүн юм. Тэрбээр 
яруу найргийн
“Парнаст хүрэх зам”, хүүрнэл зохиол, сэтгүүл зүйн
“Гучаад оны хэлмэгдүүлэлт”, “Үндэстний үзэлтэнүүд
ярьж байна”, “Үлэмж сэтгэлийн тусын тулд”,
“Дал, ная, ерээд оны Улаанбаатарын атаманууд”,
“Ужид цэнгэлийн манан”, “Ар халхын шилийн сайн эрчүүд”, 

“Халхын шоронгийн амьд түүх”,  “Өд” сангийн захиалгаар
“Яруу найрагч Р.Чойномын нүүрний хэв”, 
хошин
фельетонуудаас бүрдсэн “Гудиггүй Монголын гурван
жилийн хошигнол” 
гэх мэт олон ном бичиж,
хэвлүүлсэн чөлөөт сэтгүүлзүйн том төлөөлөгч юм. 
Өнгөрсөн жил “Хурд” хамтлагийн дуучин Д.Цогоотой ярилцаж суухад тэрбээр “Гадаад дотоодод тоглолт хийж явахад хамтлагийн хөгжим гоё дуугараад, үзэгчид дэмжээд ирэхээр их гоё байдаг. Үзэгчид унтчихсан юм шиг байвал дуулахад хүртэл урамгүй. Өвөрмонголчууд бол аймаар. Дагаж дуулаад л, давалгаа үүсгэн босч ирээд байдаг. Яг л Барууныхан шиг. Нэг хэцүү юм нь гэвэл цагдаа нар нь тойроод зогсчихно. Тэгээд босч ирсэн үзэгчдийг суулгах гээд байдаг. Өвөр Монголд тоглоход Соёлын яам нь бидний бүх дууг хянана. Улс төрийн дуу дуулж болохгүй. Эх орны тухай дуу дуулж болохгүй. Хайр сэтгэл, аав ээжийн тухай дуу бол чөлөөтэй” гэж өгүүлж билээ. Нээрээ ч Өвөр Монголд улс төрийн дуу, эх орны тухай дуу дуулж болдоггүй юмсанж. Гэхдээ болгоё гэвэл болох л доо. Харамсалтай нь болгосныхоо дараа Хятадын цагдаа нарт байцаагдана. Тэгээд мөнөөх дуулсан дууны үг нь эсэргүү шинжтэй байвал шоронд орно. За яахав, улс төрийн дуу дуулж болдоггүй юм байж. Харин эх орны тухай дуу дуулж яагаад болдоггүй юм бол? Ухаандаа “Хурд” хамтлаг Өвөр Монголд очоод, “Үүнээс илүү хөх тэнгэр гэж үгүй, Эх орноос минь сайхан нутаг хаана ч үгүй” гэж дуулж болохгүй нь байна шүү дээ. Сонин байгаа биз. Ухаандаа “Ар Монголоос илүү хөх тэнгэртэй, сайхан нутаг хаана ч үгүй юм байна” гэсэн сэтгэгдэлийг өвөрлөгч нарт төрүүлчихнэ гэж Хятадын коммунистууд болгоомжилдог бололтой. Инээдтэй ч юм даа, чааваас гэж. Тэгсэн мөртлөө хятадууд Ар Монголд ирэхдээ эх нутгийн тухай дуу дуулж, шүлэг уншиж болоод байдаг. 
Жишээ нь манай улсад айлчлаад буцсан БНХАУ-ын дарга Си Жин Пин-ийг хар л даа. Тэрбээр УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр үг хэлсэнийхээ дараа, 
“Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд, 
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд” гэх мөртийг уншсан. Тэнд байсан манай УИХ-ын эрхэм түшээд алга нижигнүүлэн ташиж харагдсан. Зарим хүн үүнд ихэд шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд “Си Жин Пин Монгол орныг өөрийнхөө нутаг гэж боддог юм болов уу, эсвэл ирээдүйд өөрийнхөө нутаг болно гэж мөрөөддөг юм болов уу” гэж егөөдөх хүн ч гарч байлаа. За энэ ч яахав. Харин сүүлийн үед эсэргүү дуу дуулаад эндэж осолдож буй өвөрлөгч түмнийхээ тухай өгүүлсү. Хятадын коммунистууд Монгол үндэстнийхээ эрх ашгийн төлөө үгээ хэлсэн зүрх зоригтой өвөрмонгол залуусыг нухчин дарах бодлого явуулсаар олон жил болж байна.

ШИМНУСЫН ӨМГИЙГ ОЧРООР ДАРАГЧ


Жалханз хутагт Дамдинбазар
(1874-1923)

"...эв нийлбээс бүтээн үл чадах үйлс нэгээхэн ч үгүй
эс эвлэвээс үл эвдрэх үйлс мөн нэгээхэн бээр үгүй..."
Жалханз хутагт Дамдинбазар

Итгэлт Бурам модот хийгээд Зөөлөн цогтын зүрхэн шимээр 
Эрдэнэт шашины лянхуан цэцэглигийг мөшөөлөгч ногоон морьт 
Этгээд харын зүгийн шимнусын аймгийн байлдаанаас тийн ялсан 
Их нууцын эзэн Дамдинбазарын өлмийд залбирмой.
"Жалханзын залбирал" хэмээх төвд судраас

I. НОМЫГ БОЛГООЖ, ТӨРИЙГ ХИЧЭЭВ


- Өнгө л бол улаан байх уу?
- Өнгө л бол улаан байдаг юм бол, номын цагаан дунгийн өнгө чинь улаан болох уу?
- Номын цагаан дунгийн өнгө чинь цагаан юм болохоор өнгө болно. Номын цагаан дунгийн өнгөтэйгөө нэг юм болохоор цагаан болно. Цагаан юм болохоор, номын Цагаан дунгийн өнгө чинь улаан биш болно„ Улаан биш юм болохоор, номын цагаан дунгийн цагаан өнгө, бадмааргийн улаан өнгө хоёр сууриараа үл зохилдоно. Иймд өнгийг гагц улаан гэж, улааныг гагц өнгө гэж, эсвэл цагааныг улаан гэж, улааныг цагаан гэж ухаарч болохгүй гэнэ. 
Ийм маягаар цагаан, улаан, хөх, шар дөрвөн үндсэн өнгө, түүн дээр үүл, манан, утаа, тоос, гэгээн, харанхуй, сүүдэр, нарны гэрлийн найман гишүүн өнгө, бас түүн дээр хөх шар хоёрын дундаас гарсан ногоон, улаан шар хоёрын дундаас гарсан хөх, улаан хөх хоёрын дундаас гарсан хар өнгийг өөр хооронд нь сүлжилдүүлж, эцэст бүр өнгө дүрс хоёрын холбоо хамаарал руу шилжин орно. Ингэж цагаан, улаан өнгийг ялган хэлэлцэж, өнгө, дүрс хоёрыг магадлан шинжлэхээс эхлээд, үзэгдэл юмсын бэлгэ чанарыг шалтгаан үрийн холбоонд нь авч үзэж, нээн шинжилдэг Бурханы шашны гүн ухаанд мэргэжихээр 15 дугаар жарны хар усан луу жилийн /1892/ намар цаг Халхын Их хүрээний Гунгаачойлин хэмээх гүн ухааны дацан сургуулийн номын хуврагийн тоосонд багтаж ирээд байсан 19 сүүдэртэй залуу шавь бол эдүгээгийн ардын засгийн газрын гурав дахь ерөнхий сайд асан бөлгөө, самади багш, бэйл, номун хан, цэцэн ширээт, түгээмэл сайд, гүжир хамбо, номч мэргэн егөзари бандида, Жалханз хутагт Дамдинбазар байлаа. Тэрбээр Засагт хан аймгийн хотгойд гүн Загдсамбарын хошууны газраа Алтанбулаг хэмээхийн ойр шадар Бугын толгой хэмээхэд эцэг Цэдэнсодном (Соном), эх Содном хоёрт 15 дугаар жарны "хөх" хэмээх модон эр нохой жилийн (1874) "сага" хэмээх монголын дөрөвдүгээр сарын (зуны эхэн сар) 9-нд бие лагшин мэндэлжээ.

Арслантай учирсан тэмдэглэлүүд

Эцэг Гумилев ёстой л есөн шид нь бүрдсэн эр байв. Парист Францын уран зохиол судалсан залуу шүлэгч эх орондоо ирээд жинхэнэ Модернист фронт командлагч болсон юм. Түүний фронт буюу Акмейстуудын дунд хожмоо Оросын хамгийн агуу найрагчдын нэг болох тавилантай Анна Ахматова гэх бүсгүй хамаарч байв. Харин Николай, Анна хоёрын хүү Арслан хожмоо аавынхаа угсаатны зүйн сонирхолыг үргэлжлүүлж, дэлхийд цуутай судлаач болсон. 
Оросын мөнгөн зууны оройн чимэг Николай Гумилев, Анна Ахматова нарын хүү Арслан бол эсгий туургатны түүхийн талаар хамаг голч онол дүгнэлтэд хүрсэн, Их Азийн нууцлаг үндэстний талаар үнэн мөнийг орчин үеийн ертөнцөд хамгийн чангаар хэлсэн хүн билээ. Монголчууд бидний талархаж, хүндэтгүүштэй энэ эрхэмтэй манай хоёр ч сэтгүүлч уулзаж ярилцсан нь бий. Яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ агсан болон зохиолч, сэтгүүлч Д.Цэмбэл гуай нарын эл хоёр тэмдэглэлээс Арслан гэж домогт эрдэмтний дүр тод томруун харагдана.  


Д.Цэмбэл гуайг нэг л зуны дотор Орос хэл 
сурчихсан тухай ангийн \хүү Тангадын Галсан 
хожим дурссан нь бий.  Д.Цэмбэл гуай өдгөө 
Хүмүүнлэгийн их сургуульд багшилж, 
эх түүхийн мөрийг мөшгөсөн 
романудаа бичсээр сууна. 
Д.Цэмбэл 
(Залуучуудын үнэн.1990 он)  

Монгол 500 жил насалнa


Эртний Монголын түүх, ялангуяа Чингис судлалд гарамгай хувь нэмэр оруулсан зөвлөлтийн нэрт эрдэмтэн зартай “Тэрслүү үзэлтэн” Лев Николаевич Гумилевийг амьд сэрүүн ахуйд нь уулзаж ярилцах завшаан надад тохиолдсон юм. Тэрээр Москвад ирэх бүрдээ Новогиреевийн метроны дэргэдэх байшиндаа байнга буудаг байлаа. Түүнтэй уулзахаар цаг болзон ирэхэд Лев Николаевич байшингийнхаа дэргэд папирос баагиулан зогсож байв. Олон жилийн тамхины утаанд яг л гадил жимс шиг шарласан хурууг нь харахад дэлхийд нэрд гарсан том эрдэмтэн гэхээсээ амсхийх завандаа юм л бол мохоор ороож суудаг хөдөөний эгэл боргил тариачин эрийг санагдуулна. Яриа хөөрөө хурц энгүүн хээ гоогүй, намхан махлагдуу биетэй энэ хүнийг байрных нь оршин суугчид ихэд хүндэтгэн цахилгаан шатанд хамт суусан хүмүүс эхлээд дээд давхарт байдаг Лев Николаевичийг буулгаад дараа нь харихаар доош бууцгааж байв. Би урьд Ленинградад хэд хэдэн удаа очихдоо Лев Гумилев,  Т.А.Бурдукова, М.Нармаев зэрэг монголд элэгтэй бусад эрдэмтэдтэй байнга уулздаг байсан болохоор цуглуулж эмхэтгэсэн сонирхолтой баримт цөөнгүй бий.