ТУГАЛЫН ЗҮҮД


Дамдинсүрэнгийн Урианхай

ТУГАЛЫН ЗҮҮД


Намар оройн зэвэргэн салхины гуниглангуй, ямар нэгээс хагацангуй, ямар нэгэнд хоргодонгуй сэвэлзүүр үлээлтээр хээр талын хялганы толгой аяс аясханаа тонголзоно. 

Үхэр сүрэг салхи сөрөн, сөл нь шингэрсэн өвсний оройг хэлээрээ яаруу яаруухнаар ороон зулгааж, нам гүмхэнээ шаргалтах дэнжийн бэлээр билчин өгсөх агаад хамрын нь сартгар руу шурган алдан үсчиж үйлийг нь үзэн залхаах царцаа, дэвхрэгүүдэд дургүйлхэх мэт эврээ байн байн сэжин сүүлээ шарвана. 
Айлууд намаржаалжээ. Гаднаа нарны зай хураагууртай, үүдэндээ цоо шинэхэн хятад мотоцикль зоогоостой нэг том цагаан гэрийн баруунтай жалганд хэдэн тугал өвс гоочлох нь гоочлон, мөөрөх нь мөөрөн, мөргөлдөх нь мөргөлдөн явсаар бараа далдарлаа. 

Харин хашаанд, өнөө өглөө ганцааранг нь зориуд уяж үлдээсэн товир биетэй хүрэн тугал хашааныхаа шургаагт бөөрөө наан, хэдийгээр илч нь харьсан ч нойр хүргэн ээх бага үдийн нарны илчинд цохиулсан мэт дөрвөн хөлөө таатайхнаар сул тарайлган унтаж хэвтэв. 
Тугал сормуусаа чичив татав анивчин, чихээ үе үе дэлдэг дэлдэг хөдөлгөн, хааяа нэг нүд, зовхийг нь ирвэгнүүлэн гоочлох ялаа, батганд тавгүйрхэх мэт сүүлээ муригануулж, жийсэн хөлөө атигас татгас хийлгэх нь нойрон дундаа нэгэн хачин зүүд зүүдэлж хэвтээ ажээ. 
Зүүд нь огт зүүдэлж байгаагүй сонин зүүд байв. 
Нэгэн идэр насны бөгөөд лагшин дүр гойд үзэсгэлэнт, нүдний нь харц их гал мэт илчлэг, их усан мэт дөлгөөн хүн тугал руу ирээд, ихэд эцэж алжаасан, хүслэнгийн туйлд хясагдан шаналсан царайтай, 
-Чи намайг унуулаад явахгүй юу гэж гуйн өгүүлэв. 
Тугал: -Би морь биш шүү дээ! гэв. 
-Надад заавал морины хэрэггүй! Дайралдсандаа л хөл дүүжлэхэд болно! 
-Чи эцчихээ юу? 
-Хөл минь урагш зөөгдөхөө болилоо! 
-Би одоо даанч балчир, бядгүй байна л даа. Чамайг даахгүй! Ядаж бяруусан бол!.. 
-Чи өөрөө бодохдоо л, "Даахгүй!" гэж бодоод байна л даа. "Даана!" гэж бодвол намайг даахад амархан л даа... 
-Чи үхэр малаа яасан юм? Над шиг тугал чамд байхгүй юм уу? 
-Надад үхэр, тугал аль нь ч байхгүй! Би хов хоосон хүн! Надад юу ч байхгүй!..

Эдүгээчлэгдсэн эмгэнэл буюу Энэ цагийн Ромео Жульетта

Эдүгээчлэгдсэн эмгэнэл буюу

Энэ цагийн Ромео Жульетта


Явцгаая даа. Явдал учрыг нэгд нэгэнгүй хэлэлцье
Ял өршөөл хоёр хүн хүндээ оноогдох боловч
Ромео Жульетта хоёрынх шиг ийм эмгэнэлт тууж
Орчлон дэлхийд хаа ч үгүй билээ...”[1]  хэмээн агуу Уильям Шекспир жүжгийнхээ төгсгөлд таталгаснаас хойш 420 жил өнгөрчээ. 1410 онд Томмазо Гуардати гэгч итали хүн 50 бүлэг туурийн цомирлигтоо энэхүү эмгэнэлт хайрын түүхийн эхний хувилбарыг оруулснаас хойш 200 гаруй жилийн турш олон хувилбараар бичигдэж түгсэн энэ хайрын домгийг 1595 онд суут Шекспир жүжиг болгон цомносон нь ертөнцийн хамгийн алдартай драм болжээ.

Сэргэн мандалтын эхэн үед Италид цөөнгүй туурийн цоморлиг хэвлэгдсэний хамгийн алдартай нь мэдээж Жованни Боккачогийн "Декамерон".  Нэр цуугаар өдгөө Декамеронд хүрэхгүй ч тухайн цагтаа ихээхэн уншигдсан Мазуччио Салернитаногийн"Il Novellino" (Тууриуд) хэмээх ном байжээ. Бичгийн нэр нь Томазо Гуардати гэгдэх Мазуччио Салернитаногийн уг номонд  "Мариотта, Ганозза хоёр" нэрээр Ромео Жульеттагийн анхы хувилбар орсон бадйаг. 
Харин Монгол оронд соёлын довтолгоо ид өрнөж асан 1966 онд найруулагч С.Гэндэн Уилъям Шекспирийн энэ жүжгийг тайзнаа амилуулсан юм. Үүнээс 30 жилийн хойно найруулагч Ч.Найдандорж Монголын хоёр дахь Ромео Жульеттаг өлгийдөн авч байв. О.Гэрэлсүх, И.Одончимэг хоёрын тоглосон уг жүжиг хожим дэлгэцийн хувилбарт шилжсэнээр Монголчууд энэхүү дурлалын түүхийг энэ хоёр жүжигчний тоглолтоор 19 жилийн турш төсөөлж байлаа.
Сэлгэлт: Томоохон жүжгийн тавихад сэлгэлт буюу дублёр хийдэг.
1996 онд Ромеод О.Гэрэлсүх, Г.Алтанбагана, Жульеттад И.Одончимэг,
Г.Уранчимэг нар сэлгэн тоглож байлаа. 
1996 онд Монголд одоогийнх шиг мэргэжлийн түвшний ганц театр байсангүй. Тухайн үед оршин тогтнож байсан Хүүхэд залуучуудын театрт найруулагч И.Нямгаваа монгол маягийн Ромео Жульеттаг тавихаар төлөвлөж байсан ч завдаагүй гэдэг. Үүнээс 17 жилийн дараа Францын хөгжмийн найруулагч Gérard Presgurvic-ийн “Ромео Жульетта” мюзиклийг “Сонгодог мюзик” продакшны захирал З.Лхагвадорж найруулан тавьж байв.
Мюзикл: Алдарт мюзиклийн монгол хувилбарт А-саpella хамтлагийн дуучин
Ц.Мөнх-Од, "Классик жем" хамтлагийн дуучин Б.Отгончимэг нар болон
Поп хатагтай Б.Сарантуяа нар дуулж, VIP хүрээнл цөөн хэд тоглогдсон.

Энэ удаа харин хүрдийг найруулагч Н.Наранбаатар эргүүллээ. Монголд орчин үеийн театр үүссэний 85 жилийн ойн өдөр хөшгөө нээсэн Ромео Жульетта жүжиг үзэгчдийн халуун алга ташилтан дор 10 гаруй удаа тоглоод завсарлав. Хөшиг нээгдлээ, хөшиг хаагдлаа. Харин юу болоод өнгөрөв өө?
Явцгаая даа. Явдал учрыг нэгд нэгэнгүй хэлэлцье…