Дэлхийн утга зохиолын хөтөч



Ядмаагийн Ганбаатар нь 
1959 онд Говь-Алтай аймагт төрсөн. 1977 онд 
Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1982 онд 
МУИС-ийг тус тус дүүргэсэн. Хятад судлаач, 
хятад хэлний багш, орчуулагчийн мэргэжилтэй. 
1997 онд Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын
 зэрэг хамгаалсан. Тэрээр Дорно дахины судлал 
хэмээх шинжлэх ухааны иргэншил судлалын 
чиглэлээр гуч шахам жил эрдэм шинжилгээний 
ажил хийж ирэхдээ бие даасан 10 гаруй бүтээл,
эрдэм шинжилгээний нэг зуу гаруй өгүүлэл, 
илтгэл, орчуулга хийж, хэвлэн нийтлүүлжээ. 
Тэдгээрийн заримаас дурдвал 1998 онд 
"Нангиадын сонгодог уран зохиол", 2001 
онд "Их нүүдлийн түүх", 2003 онд "Ляожайн 
өргөөнөө тэрлэсэн гайхам өгүүллүүд", 2005 
онд "Нангиадын сонгодог утга соёлын товчоон", 
2006 онд "Нангиадын сонгодог яруу найраг-Таван 
хэлний орчуулгыг зэрэгцүүлэхүй", 2007 онд "Их 
нүүдэл" гурамсан түүхэн романы тэргүүн 
дэвтэр "Моодун шаньюй", "Юань улсын үед 
хятадаар бичиж байсан монголчуудын 
шүлгийн сонгомол", 2008 онд "Хүннүгийн түүх, 
соёл", "Өвөг ба эртний монгол хэлний судалгаа",
 2010 онд "Их нүүдэл" гурамсан түүхэн романы 
дэд дэвтэр "Хүүхэн шаньюй", "Чанчунь бомбын 
өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл", "Утга зохиолын 
тухай яриа" зэрэг түүх, уран зохиол, хэл 
шинжлэл, орчуулгын бүтээлүүд багтаж байна.
Я.Ганбаатар нь хятад, орос, англи, герман 
хэл бичгийг зохих түвшинд эзэмшсэн бөгөөд 
МУИС, ХБНГУ-ын Берлин хотын 
Хумбольдтын нэрэмжит Их Сургуульд 
тус тус багшилж байсан. 

Ном уншина, номтой нөхөрлөнө гэдэг хүн, хүн байхын хамгийн чухал, хамгийн зөв арга зам мөн. Номоос хүн таашаал авах төдийгүй, ухаарал сууж, сэтгэл оюунаар гэгээрч, зан чанар тогтож, хүмүүжил, ёс суртахууны хувьд эрхэм дээд түвшинд хүрэх үүд хаалга нээгддэг. Тийм ч учраас өнөөдөр ном унших нь нэн чухал ач холбогдолтой хэвээр төдийгүй, улам чухлаар тавигдаж байна гэж хэлэхэд дэгс болохгүй. Хүний нийгэм өөрчлөгдөж, төр эргэхэд хүн “хүнээ байж”, хамаг бүхэн нь, амьдрал ахуй нь, эргэн тойрон нь, урьдах нийгэмд эдэлж, хэрэглэж асан бүхэн нь орхигдож, бүхнийг цоо шинээр бий болгоход хүрдэг байна. Ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйлс хүртэл өөрчлөгдөж, их Нацагдоржийн хэлсэнчлэн “урьдын юм ул болж, шинэ юм зул болдог” ажээ.

1921 онд ардын хувьсгал ялж, Монгол орны төр, нийгэм өөрчлөгдөхөд бүхнийг шинээр эхэлсэн. Монголын уран зохиолын ертөнц ч түүнээс ангид байсангүй. 1925 онд Монгол Улсын Гэгээрлийн яамны сайд, тэр үеийн шилдэг сэхээтэн асан Эрдэнэбатхаан Орос улс руу, их зохиолч М.Горькийд хандаж шинэ Монголд ямар уран зохиолыг орчуулбал зохих тухай зөвлөгөө хүссэнд Италийн Соррентод сувилуулж асан их зохиолч хариу захидалдаа “Идэвхтэй зарчмыг номлосон зохиол бүтээлийг орчуулж монгол уншигчдад хүргэх нь зүйтэй”-г зөвлөсөн байдаг. Бурхны шашны уран зохиол хэдэн зуун жилийн туршид монголчуудад хүлцэнгүй номхныг номлож “сурган хүмүүжүүлсэн” тэр сөрөг үүргийг тэгж “идэвхтэй зарчмыг номлосон” уран зохиолоор халсан юм. Тийнхүү монголчууд гучаад оноос хойш дэлхийн уран зохиолын шилдэг сонгодгуудаас ихийг орчуулж уншицгаасан. Тэгэхдээ ихэвчлэн реалист зохиол бүтээлийг сонгож ирсэн энэ үйлс монгол үндэстнийг хорьдугаар зууны сэхээрсэн, гэгээрсэн үндэстэн болгож өгсөн юм. Хорьдугаар зуунд монголчуудыг орчин үеийн сэхээрсэн, гэгээрсэн үндэстэн болж “төрөл арилжихад” чухамхүү дээрх зөвлөгөө, түүнийг баримталсан сонголтууд амин чухал үүрэг гүйцэтгэсэн болой.

Тэгвэл өнөөдөр Монголын нийгэм эргэж, ардчилалд шилжсэн энэ цаг үед ямар уран зохиолыг унших нь чухал вэ? гэсэн асуулт тавигдана. Товчхон хэлэхэд энэ асуултад утга зохиолын шинжээч, Гавьяат багш Д.Галбаатарын “ХХ зууны өрнө, дорнын уран зохиол: Модернизм, постмодернизм, нэн шинэ үе” ном хариу өгнө өө. Хориннэгдүгээр зууны монгол хүн ямар байх ёстой, ухаандаа юу уншиж “гэгээрэх” тухай энэ ном бидэнд маш тодорхой хэлж өгнө. Өнгөрсөн зууны эхэнд монголчууд тэгж дэлхийтэй хөл нийлэх чигт том алхам хийсэн бол энэ зууны эхэнд бид хүн төрөлхтөнтэй зэрэгцэн урагшлах зүгт бас нэг томоохон алхам хийх оюуны бэлтгэлийг энэ ном хангаж өгч байна. Материаллаг хувьсгал хийх нэр хэрэг, харин хүмүний оюун ухаанд шинэчлэл хийнэ гэдэг асар ярвигтай, урт удаан үйл явц байдаг. Тэгвэл энэ ном өнөөгийн монгол хүний тархи оюунд хувьсгал хийх сурах бичиг ажгуу.  

Аливаа улс орон, үндэстэн ард түмний оршин буй нийгэм нь үндсэн хоёр хэсгээс бүрддэг байна. Нэг нь материаллаг амьдрал, нөгөө нь оюуны амьдрал. Материаллаг амьдралыг эгэл борог үгээр амьжиргаа гэж хэлж болно. Бүр энгийнээр бол “амь зуух”, “хоол олж идэх” гэсэн утгатай. Аль тавь, жараад оны үед байх, нутгийн маань нэг өвгөн нэгдүгээр ангид орсон жаахан хүүдээ ихэд баярлан “Миний хүү ч хоолондоо хүрлээ дээ” хэмээн нар нь гарч суусан гэдэг. Ач хүүгээ нийгэмшиж, номтой мэдлэгтэй, ажил албатай хүн болох нь гэж баярласан нь тэр. Харин миний номын багш их эрдэмтэн Чой.Лувсанжавтан “хоолондоо хүрэх” гэдэг энэ үгэнд их дургүй, “Та нар улаан хоолой руугаа юм хийхийн төдийд ханаж болохгүй, уураг тархиндаа юм хийхийн хэмжээнд сэтгэх ёстой” гэдэг байж билээ. Би энэ хоёр үгийн аль алиныг нь ончтой үг гэж боддог. Нэг нь хүмүний материаллаг амьдрал, нөгөө нь оюуны амьдралтай холбоотой болохоор тэр ээ.

Профессор Д.Галбаатар


Др. Д.Галбаатарын 2013 онд хэвлүүлсэн “ХХ зууны өрнө, дорнын уран зохиол: Модернизм, постмодернизм, нэн шинэ үе” хэмээх ном миний ширээний ном болоод удаж байна. Номд хүн төрөлхтөн үнэлж хүндэлдэг, голдуу Нобелийн утга зохиолын салбарын шагналтан 80 гаруй зохиолч, яруу найрагчийн амьдрал, уран бүтээл, тэдгээрийн хэв шинж, онцлогийг тодорхойлж, задлан шинжилгээ, үнэлэлт дүгнэлт хийсэн нь чухал ач холбогдолтой болжээ. Тийм ч учраас зохиогч нэгэн ярилцлагадаа “Дэлхийн уран зохиолын талаарх монголчуудын мэдлэг, мэдээллийг зуун жилээр ахиулсан гэж бодож сууна” хэмээн ам бардам хэлсэн буй заа. Оюуны амьдралаа цогцлоохыг хүссэн хэн бүхэн, ялангуяа утга зохиолын хүрээнийхэн, зохиолч, яруу найрагчид, манай шинэ залуу уран бүтээлчид энэ номыг ширээнийхээ номыг болгон уншиж судлах ёстой аж. Монголын утга зохиол хаа явна, дэлхийн утга зохиол хаа хүрсэн, тэнд юу юу байдаг, манайд аль нь байгаа, аль нь байхгүйг энэ номоос олж харж, ойлгож авах боломжтой юм. Түүнчлэн манай уран бүтээлчид “миний бичдэг юм чухам ямар юм бэ, тэдний туурвиснаас чухам юугаараа өөр юм бэ?” гэж харьцуулж жиших боломжтой. Өөрөөр хэлбэл бусдын нүдээр өөрийгөө харах боломжийг Галаа багшийн энэ ном бидэнд олгож байнам. Чухам үүнд энэ бүтээлийн орлошгүй чухал ач холбогдол оршино.

Монголчууд бид далан жил дан ганц социалист реалист утга зохиолын ертөнцөд амьдарч ирсэн агаад ерэн оны ардчилсан хувьсгалын үрээр түүнээс татгалзсан ч, өнөө ч түүнээс гүйцэд салаагүй л явна. Үүнийг нөгөө талаас нь хэлвэл Монголын утга зохиолд уран бүтээлийн реалист арга бичлэгээс гадна өөр реалист бус арга хэлбэрүүд төдийлөн орж ирсэнгүй. Уг нь наяад оны сүүлчээс манай уран бүтээлчид “Социалист реализмаас өөр бас юмс байдаг юм байна” гэдгийг олж мэдэж, тэр зүгт чих тавьж, ойлгож мэдчихийг хичээж эхэлсэн билээ. Тэгээд чухам л утга зохиолын хяналт, хавчилт гэгч юм үгүй болчих юм бол бид ёстой агуу ихийг бүтээх болно, чухам л гайхамшгийг бүтээнэ” хэмээн байж ядаж асан. Гэвч өнгөрсөн хорин таван жилийн туршид лав манай утга зохиолд тэр зүгт тод, том алхам хийгдсэнгүй. “Их салхи нижигнэн хөдөлтүгэй!” хэмээн пролетарийн их зохиолч Максим Горькийн уриалсан тэр уриа дуудлага лав Монголын утга зохиолд болсонгүй, Монголын зохиолчдын зохиол бүтээлд үзэгдсэнгүй.

Реалист бус уран зохиол ерэн оноос өмнө манай утга зохиолд байгаагүй. Монголын шинэ үеийн уран зохиол мэндэлж асан өнгөрсөн зууны гучаад оны үед С.Буяннэмэх тэргүүт зарим хэдэн уран бүтээлчид энэ тухай цөөн үг дуугараад хэлмэгдэж, тэдэнтэй хамт тэр өөр уран зохиолын тухай яриа үгүй болсон байдаг. Тийн асаар далан жилийн дараа сая нэг өөр уран зохиолын тухай дуугарч эхэлсэн билээ. Энэ зүгт Ч.Билигсайхан, Д.Галбаатар, Г.Аюурзана, С.Энхбаяр... нар анхлан шан татаж, социалист реализмаас өөр бас хачин жигтэй юмнууд байдаг юм байна шүү, дэлхийн утга зохиолд ийм ийм арга хэлбэр, өнгө аяс байна. Хачин хачин юм бас бичиж туурвидаг юм байна” гэж дуугарч, дуулгаж эхэлсэн юм. Тэдний тэргүүнд алхсан хүн бол утга зохиол судлаач, шүүмжлэгч др. Д.Галбаатар болой. Утга зохиолын хүрээнийхэнд Галаа, Галаа багш гэж хүндлэгдсэн энэ хүн Монголын утга зохиолын ертөнцөд реалист бус туурвилын арга зүй мэндэлж торниход гол чухал үүрэг гүйцэтгэсэн манлайлагч, тэргүүн хөтөч мөн.

Өөрөө олж мэдэж, ойлгож ухаарах нэг хэрэг, өрөөлийг хөтөлж, тэр зүгт замчлан хүргэнэ гэдэг буянтай сайхан үйл болой. Галаа багш өнөөгийн Монголын утга зохиолын ертөнцөд чухам ийм хөтчийн үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж байнам. Номын өмнөтгөлд зохиогч бичихдээ: “Бид сүүлийн зуун жил дэлхийн уран зохиолын түүхийг судлахдаа ганц реалист сэтгэлгээний ололтыг авч үзэж..., өдгөө ч төдийлөн сайн ухаарч чадаагүй хорьдугаар зууны дэлхийн уран зохиолын сонирхолтой бүрэлдэхүүн хэсэг болсон модернизм, постмодернизм, түүний салбарласан олон урсгал, зохиол бүтээлийг орхигдуулж ирсэн асар том орон зайг нөхөх зорилгоор” энэ номоо бичсэнээ тэмдэглэжээ. 

Өнөөдөр ч манай эгэл жирийн уншигч бүү хэл, утга зохиолын хүрээнийхэн, мэргэжлийн гэж хэлж болох уран бүтээлч нөхөд маань Луйс Борхес, Гарсиа Лорка, Жеймс Жойс, Томас Элиот, Эзра Паунд, Жан Поль Сартр, Алберт Камью, Франц Кафка, бас бусад олон олон өрнийн уран бүтээлчийн нэр алдрыг төдийлөн мэдэхгүй, бүтээл туурвилуудыг нь олж үзээгүй л явж байгаа. Наяад оны сүүлчээс бид эхлээд Валентин Распутин, Виктор Астафьев, Борис Пастернак, Иосиф Бродский, Иван Солженицын гээд орос-зөвлөлтийн өөрөөр сэтгэгчдийн зохиол бүтээлүүдийг олж уншин, хачирхан гайхаж, бас битүүдээ талархан, атаархан хүлээж авч байсан бол ардчилсан хувьсгалын үр шимээр ерэн оноос хойш утга зохиолын хяналт хавчлага үгүй болсон тэр цагаас хойш дээр нэр дурдсан өрнөдийн уран бүтээлчдийн реалист бус уран зохиолтой удаалан танилцаж ирсэн билээ. Энэ зүгт манай орчуулагч гүүш нарын буянтай үйлс онцгой их хувь нэмэр болж байгааг хэлэх ёстой.

Утга зохиолын мэргэжлийн хүмүүс энэ номын ач холбогдлыг олон зүйлээр ангилан дүгнэсэн. Миний хувьд номын ач холбогдлыг хоёр зүйлээр тодотгон хэлмээр байна. Үүнд: аливаа уран зохиол нь ямар нэгэн онол, үзэл баримтлалд баригдахаасаа илүүтэйгээр зохиолч өөрийн авьяас билиг, мэдрэмждээ дулдуйдан ертөнцийг өөрийнхөөрөө ойлгож, тэр ойлголтоо өөрийнхөөрөө урласан нь ХХ зууны уран зохиолын гол онцлог болж үлдсэн, хүний сэтгэлгээний нөөц бололцоог урнаар нээн илэрхийлэх чадвараараа ХХ зуун онцлог тэмдэглүүштэй амжилтад хүрсэн, монголчууд бид дэлхийн модернизм ба постмодернизм, түүний онол бодролын талаар бүтэн зууны туршид мэдлэг, мэдээлэл багатай явж ирснийг бидэнд хэлж өгч байгаад энэ номын үнэ цэн оршино. Утга зохиолын хүрээнд юм мэддэг, мэргэжлийн хүмүүс ч ингэж дүгнэжээ.

Олон юм нуршиж онолдолгүйгээр хэлэхэд манай уран бүтээлчид дэлхийг таних, дэлхийг судлах хэрэгтэй. Тэгэхийн тулд др. Д.Галбаатарын энэ ном алгасч болшгүй чухал гарын авлага, нүд нээх мэт үнэтэй сайн зөвлөх болж чадна аа. Бас түүний өөр олон бүтээл бий. Тэдгээр нь манай уран бүтээлчид, ялангуяа залуу үеийнхний заавал үзэж тархиа цэнэглэх, дэлхийн утга зохиолын ертөнцтэй танилцах алтан түлхүүр болох юм. Өнөөдөр урьдынх шиг дан ганц төрөлхийн авьяас билиг, байгалиас өгөгдсөн гэж бидний цэцэрхэх дуртай тэр онгодын хурд дулдуйдан юунд ч үл суралцан өөрийгөө боловсруулалгүйгээр тэнгэрлэг ариун үйл хэмээн нэрлэх дуртай яруу үгийн урлагийг урлан бүтээнэ хэмээх аваас даанч гэнэн хоцрогдсон ойлголт болох вий.

Эртний сонгодог яруу найраг, нангиадын их шүлэгч Ли Бай, Дү Фү, Ван Вэй, араб, персийн шүлэгч Саади, Фирдоуси, Махтумкули, Наран арлын буурал нарс мэт бат сэтгэлт өвгөн хайкуч Мацуо Басё, Ёса Бусон, Түвдийн тадгаар далай лам Цаньянжамц, Миларайб, өрнөдийн нэрлэхийн эцэсгүй олон авьяас билигтнүүд чухам тэгж төрөлхийн авьяас билигт дулдуйдан тэнгэрлэг үйлс бүтээж явсан нь гарцаагүй. Харин өнөөдөр тэр цаг үе хэдийн өнгөрчээ. Уран зохиол гэгч улам бүр боловсрол, мэдлэгтэй холбоотой үйл болж, ихэд хичээнгүйлсэн хүн түүнд суралцаж ч болдог цаг үе иржээ. Тийм ч учраас өрнөдөд сонин хэвлэлийн хуудаснаа “Зохиолч болох дамжаанд суралцуулна” гэх мэтийн зар мэдээ байх нь цөөнгүй агаад энэ нь бас ч гэж эндүү ташаа, бодлогогүй буруу юм биш ажээ. Ухаандаа социализмын он жилүүдэд манайд бараг байгууллага бүрт байсан, өнөө ч аймаг хот болгонд байсаар байгаа утга зохиолын нэгдэл, дугуйлантай агаар нэгэн зүйл болох нь ойлгомжтой. 

Д.Галбаатар бид нэг үеийнхэн. Залуудаа бид МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангид дээр, доор курсэд суралцаж, бараа бараандаа явсан билээ. Жаргалант, Борнуур, Октябрийн сангийн аж ахуйд хамт явж, ургац хураалцан, бас дорнын элчилгүй ээрэм талд хашаа хороо барилцаж явсан өдрүүд хэдийн гучин хэдэн жилийн тэртээд хоцорсон ч, өдгөө нэхэн дурсахад өчнөөн юм сэргэн санагдаж, залуу халуун насын гал дөлөөр бадарч явсан тэр л он жилүүд бодол дуртгалын охь манлай болон гэрэлтнэм. Оюутан цагийн анд нар хожим нь нэг сургуульд, нэг дор багшилцгааж, бас нэг байранд хөрш болон амьдарцгаах болсон нь хувь заяаны тохиол гэх үү дээ. Тийн ойр зэргэд ажиллаж, амьдарсан он жилүүдэд бид байнга уулзаж учирч, наадаж, наргиж бас ном ярьж, ном хаялцаж л явсан байж таарна. Тэгэх тэгэхдээ юу эсийг үзэж, юу эсийг өнгөрөөсөн гэх вэ.

Надаас хэд ах, мэргэжил нэгтэй мань хүнийг утга зохиолын нэрд гарч яваа судлаач, шүүмжлэгч болоход нь уран зохиол тэрлэн хорхойсогч би бээр ихэд хүндлэн бахархаж, бас ч гэж ойртон дотносох аяддаг болсон юм. Ер нь өнгөрсөн зууны дал, наяад оны заагаар МУИС-ийн хэл бичгийн факультетэд суралцаж байсан оюутнуудын дотор өнөөдөр олны танил болсон хүмүүс цөөнгүй. Соёлын гавьяат зүтгэлтэн, хятад судлаач, орчуулагч Ч.Сүрэнжав, телевизийн нэрт сэтгүүлч асан Авирмэд, Соёлын гавьяат зүтгэлтэн мөн л нэртэй хөтлөгч, сэтгүүлч Ш.Ёолк, дууны шүлгийн мастер, яруу найрагч залуучуудад Түмээ ах гэж хүндлэгдсэн З.Түмэнжаргал, Америкт суугаа яруу найрагч орчуулагч Ж.Оюунчимэг, англи хэлний төрийн орчуулагч байсан, одоо  сэтгүүл гаргаж байгаа Ч.Бүрэнбаяр, Төрийн соёрхолт, төрийн хан хуурч Цэрэндорж, за тэгээд нутгийн ах төрийн соёрхолт зохиолч Д.Норов, утга зохиолын судлаач шүүмжлэгч доктор Байгальсайхан, доктор Д.Цэрэнпил, улс төрч, дипломатч Ч.Куланда, яруу найрагч Д.Сумьяа, бас яруу найрагч олон Энхтуяануудын зарим нь, хүүхдийн зохиолч Д.Батжаргал, СГЗ спортын сэтгүүлч Ж.Отгонцагаан, нэрт орчуулагч, хятад судлаач Д.Чимидцэеэ, Д.Болдбаатар гээд олон уран бүтээлч, олны танил болсон хүмүүс тэр он жилүүдэд дээр, доор хамт суралцаж байжээ. Ингээд бодохоор тэр үеийн Хэл бичгийн факультет яах аргагүй оюуны том уурхай байж дээ. 

Галаа бидэн айл хөрш болсноос хойш бүр ч ойртож нэгнийдээ орж гарч, баяр наадам хамт тэмдэглэн сууж, ном эрдэм, утга зохиолын тухай эцэс төгсгөлгүй яриа хөөрөө өрнүүлдэг болсон. Тэр бол ерээд оны дунд үе агаад Монгол орон ардчилсан нийгэмд шилжиж, юм бүхэн, түүний дотор утга зохиолын ертөнцөд ч их салхи бужигнан хөдөлж, дээр дороо орон бужигнах болсон үе. Тэр хэдэн жилийн Болор цомын наадмуудад мань хүн мэргэжлийн судлаач, шүүмжлэгчийн хувиар уригдан оролцож, дараа нь тэр наадмынхаа тухай их л сонин жигтэй, их л сүртэй сайхнаар ярьж алмайруулна. Галаа Монголын модернизмын загалмайлсан эцэг болж, Модернист фронт командлагч Б.Галсансүх тэргүүт этгээд сэтгэлгээтэй хэдэн шүлэгч залуучуудыг өмөөрөн хамгаалж, түүнээсээ болж Болор цомын наадмыг бараг тараачих шахсан үймээн бужигнаан, бараг л зодоон цохион болсон тухай сонсогдоно. Үнэхээр ч нэг талаас шинэчлэл өөрчлөлтийг уриалан дэмжигч Галаа, нөгөө талаас үндэсний уламжлалаа хадгалж үлдэхийг хүссэн О.Дашбалбар тэргүүтнүүд хоёр талцан үзэлцэж, үзгийн хурц, үгийн урнаар болоод нударгаараа ч дайтаж байсныг би тэгж л ярианаас нь олж сонсдог байлаа. Тэгээд тэр ярианд нь хорхойссон би дараа жилийнх нь Болор цомыг заавал очиж үзнэ гэхэд мань хүн их л том хүний зангаргаар “Чи одоохондоо хэрэггүй ээ. Ийм юмнаас хол бай” гээд өөрөө явж одно. Тэгээд л тэр жилийн Болор цомын тухай халуун тогооноос нь сурвалжилсан мэт сонин сайхныг хэд хоног хуучилна даа.

Хожим нь хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр ингэж хэлсэн байдаг: “О.Дашбалбар бол Монголын яруу найрагт гарсан том үзэгдэл. Бид нэг үеийнхэн, насны хувьд ч чацуу. Галтай, цогтой сайхан яруу найрагч байсан даа. Бидэнд ямар сайхан шүлэг үлдээсэн билээ. Яах вэ, тухайн үед бид хоёрын хооронд гарч байсан маргаан нэг талаасаа зохиомол ч юм шиг. Нөгөө талаас нь харвал утга зохиолын хүрээнд ардчиллыг бий болгох ёстой байсан. Жишээ нь, МАХН Ардчилсан холбоо гэж хоёр юм мөргөлдөөд л тэсэрсэн шүү дээ. Энэ бол улс төрийн хүрээний асуудал. Түүнтэй адил утга зохиолд ч урсгалууд гарч ирсэн. Тэр үед миний хувьд хамгийн залуу, хамгийн гайгүй гэж бодож явсан яруу найрагчийн бүтээлийг хөндөнө гэдэг мэтгэлцээн үүсгэх тийм л нөхцөлийг бүрдүүлсэн. Бид хоёр утга зохиолын тухай л ярьсан. Түүнээс биш бие биенийхээ тухай яриагүй. Яагаад гэвэл бид хоёр үй зайгүй найзууд...” Тийм ээ, энэ бол ёс суртахууны өндөр үнэлэмжтэй, харилцааны өндөр соёлтой, гол нь хүний мөс, жудагтай хүний хэлэх үг. Өнөөгийн залуучуудад хандаж, чухам энэ үлгэр жишээгээр ажил, мэргэжилдээ хандаж байгаасай гэж хэлмээр. Манай зарим залуу судлаач, шүүмжлэгчид бусдын хийсэн бүтээснийг шүүмжлэхдээ уг хүнийг нь газар дор ортол муулж доромжилдог жудаггүй тал цухалзуулаад байдаг. Ингэж болохгүй. Шүүмжлэл хатуу байж болно, харин халуун дотно байх ёстой. Би нэг үе Балбар, Галаа хоёрыг эвлэршгүй  дайснууд мэт л ойлгодог байсан. Хоёулантай нь гайгүй болохоор хэцүү байдаг байсан нь дэмий зүйл байсныг ингэж ойлгосон хэрэг. 

Тэр л он жилүүдийн ийм зүтгэл, тэмцэлдээн Монголын утга зохиолд хэдийн соёолж нахиалан өнөөдөр нэгэнт үр жимсээ өгчээ. Монголын утга зохиолд далан жилийн туршид дангаар ноёрхсон социалист реализм гэдэг утга зохиолын арга үеэ өнгөрөөн орхигдож ямар нэгэн тодотголгүй зүгээр л реализм, бас түүний хажуугаар модернизм, пост-модернизм, за тэгээд символизм, футуризм, сентиментализм, сюрреализм, психо-нэрт төрөл зүйлүүд бий болжээ. Нэг үгээр хэлэхэд Монголын утга зохиол ийнхүү олон өнгө зүстэй болж, манай уран бүтээлчид олон урсгал, -измээр зохиол бүтээлээ туурвидаг болоход Д.Галбаатарын гавьяа, зүтгэл их бий. Тэрээр энэ гавьяа зүтгэлээ өөрийн уран бүтээлээрээ бий болгосон юм.  
                                                                        Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
др.Я.ГАНБААТАР

0 Сэтгэгдэл:

Post a Comment