Тө. Бямбасүрэнгийн гурван шүлэг




* * *
Усан нүднээс чинь
сормуус ургана.
Эргийн элс шиг давхраад
Эвхрэнэ. Тэгээд
намуухан бууна.
Нүдээ анихаараа чи
Цоморлигоо дэлгээгүй цэцгийн дүртэй
Тийм цэцгийг дэлгэрэхийг хүлээн догдлох
Цох хорхойн тэмтрүүл шиг
чичирхийлсэн хуруудтай би!
Гүн шөнө шиг нүднээс чинь
Далайн номхон мандал шиг нулимс гэрэлтэнэ.
Усны цэцэг шиг, аль эсвэл загас шиг
Удаан амьдраад дахин төрмөөр нүдийг чинь
Анивчлах болгонд амьсгалаа түгжээд
Амьд байгаадаа талархдаг би!
Ай...
Зэгс мэт сормуусанд чинь
Нуур мэт харцанд чинь
Живэх гэж л төржээ би!



* * *
Шувууд буцсан болохоор
Тэнгэр царцсан байх.
Царцсан тэнгэрээс, үлээсэн тамхины утаа шиг жавар
Царцааг чиглэн чөлөөт уналт хийгээд газарт шингэсэн байх.
Халдвар мэт жавар, газрыг халуунд нь шатааж
Хавь ойрын навчинд намар халдсан байх.

Хавь ойрын навч моддоо орхиод
цаг хугацааны даяанч мэт одно.
Харваас гашуудлын цуглаан шиг,
Хагацлын цурхиралт шиг байна.
Шувууд нь хүжийн утаа шиг
алсарсаар бараагүй арилна.
Ажваас тэнгэрийн юу ч юм хорогдох шиг,
Аль алиндаа хоргодох шиг байна.
Навчис шарлахад
газар гашуудан чичирсэн байх.
Тэгж хяруундаа булагдсан газараас
Тэнгэрийг чиглэж цасны совин хөөрсөн байх.
Бүүдгэр, намхан, давчидмаар энэ тэнгэрээс
Бүтэж үхэх шахсан шувууд дүрвэсэн байх.


* * *
Усны тэрэгээ түрээд алхаад л байлаа би
худаг тэнд, гэр минь энд
Уржнан, ноднин, миний үзсэн бүх өвөл
хунгар цастай ч энэ өвлийг гүйцэхгүй
Баянхошууны, байшингууд цасан дээвэртэй
баруун хойш одсон зам буцах өдрийн гунигтай.

Усаа түрээд л нүд гялбасан цасан дундуур
урууд нь гулсаж, өгсөхөд нь халтирч
яваад л байлаа би!
Эгц дээш харж хэвтээд нүдээ аних гэж
энэ сууринг алсаас зорьж ирдэг юм би
Эрвээхийн дүрс үүсгэх үү,
эсвэл хэсэг зүүрмэлэдэг ч юм бил үү, тэгээд
Ээждээ очоод чаргачин хүү шиг зэмлүүлдэг ч юм бил үү
Ай!
Цаад уулын энгэр цул тунгалаг чулуу шиг
Цахилгааны шонгууд цасны гүнийг хэмжигч шиг
Баянхошууны, айлууд цагаан дээвэртэй
баруун хойш одсон зам буцах өдрийн гунигтай.

0 Сэтгэгдэл:

Post a Comment