ТЭНЭГ АВЬЯАС

ТЭНЭГ АВЬЯАС



/Хөрөг тэмдэглэл/

***
Авьяасыг заримдаа “Тэнэг” байдаг гэх. Тэр ч үнэн. Яагаад гэвэл авьяас ихэнхдээ учир шалтгааны ухааныг онхи тас мартаж орхидог юм. Бүр эсрэг байна гээч. Ер нь ч авьяас угаасаа тийм учир шалтгаанлаг биш л дээ. Ялангуяа орчлонгийн элдэв явдлыг учирзүйн үүднээс ойлгож хүлээж авахаасаа илүүгээр яруу эгшгээр, гоо сайхнаар, гэрэл гэгээгээр, баялхам их хайраар, хөөрөл догдлолоор, эсвэл гутрал гуниг, харуусал халаглал, үзэн ядалт, гаслант хашгичаанаар хүлээж авдаг яруу найрагчийн авьяас, төрөлх зөн үү. Үүндээ яг могойд хатгуулсэн мэт болдог ад биш ааш ариншин нь уу... Ээ дээ, ихээхэн асуудал, бэрхшээлийг ямагт үүсгэж, араасаа дагуулж, эзнийхээ зүрхэнд ямагт эцэс төгсгөлгүй мэт баяр, гуниг, жаргал зовлонг ээлж чөлөөгүй уудалж байдаг. 
Учир шалтгаанч хүн тэнгэрийн хаяанаа солонго татаж буйг хараад, “Солонго татаад эхэллээ, бороо татарч, тэнгэр онгойх нь дээ, ашгүй” гэж бодно. За “Яасан сайхан харагдаж байна вэ” ч гэх байх. Бүр зарим шинжлэхүй ухаанчаар сэтгэдгүүд нь “Борооны бяцхан дуслууд дээр нарны гэрлийн цацраг хугардаг. Энэхүү хугарсан цацраг нь долоон өөр өнгийг ялгаруулахаар ингэж харагддаг байна” гэж бодох билээ.
Харин яруу найрагч бол огт өөрөөр төсөөлж, харж, сэрдэг. 
Жишээлбэл, 
Тэртээд солонго татуулна...
Тэнгэрийн хаяаны үүлс бороо тээсээр ирж яваа
Тэгэхэд чи минь бороон дундуур нүцгэн гарч нэг үзээрэй...
Тэвчээр алдсан тэр нулимсан дуслууд
Тэврээгүй биеийг чинь үл мэдэгхэн сэрүүцүүлээд
Тэсгэлгүй дотроо уйлмаар болбол
Нүглээс ангид миний сэтгэлийн ариухан хайр
Нүдний чинь өмнүүр тийнхүү бороо болсон гэж санаарай...
Сар жилүүд юутай хурдан өнгөрсний дараа гуниг минь
Сайхан хар үсэнд чинь аяндаа л зүүсгэл болон гялалзана аа...
Сарнайн илтэс шиг зөөлхөн алгандаа нуусан аз жаргалыг минь чи тэгэхэд
Салхин дундаа сэмээрхэн цацчихаарай...
/Яруу найрагч Ц.Батбаатар/