Дэлхийн утга зохиолын хөтөч



Ядмаагийн Ганбаатар нь 
1959 онд Говь-Алтай аймагт төрсөн. 1977 онд 
Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1982 онд 
МУИС-ийг тус тус дүүргэсэн. Хятад судлаач, 
хятад хэлний багш, орчуулагчийн мэргэжилтэй. 
1997 онд Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын
 зэрэг хамгаалсан. Тэрээр Дорно дахины судлал 
хэмээх шинжлэх ухааны иргэншил судлалын 
чиглэлээр гуч шахам жил эрдэм шинжилгээний 
ажил хийж ирэхдээ бие даасан 10 гаруй бүтээл,
эрдэм шинжилгээний нэг зуу гаруй өгүүлэл, 
илтгэл, орчуулга хийж, хэвлэн нийтлүүлжээ. 
Тэдгээрийн заримаас дурдвал 1998 онд 
"Нангиадын сонгодог уран зохиол", 2001 
онд "Их нүүдлийн түүх", 2003 онд "Ляожайн 
өргөөнөө тэрлэсэн гайхам өгүүллүүд", 2005 
онд "Нангиадын сонгодог утга соёлын товчоон", 
2006 онд "Нангиадын сонгодог яруу найраг-Таван 
хэлний орчуулгыг зэрэгцүүлэхүй", 2007 онд "Их 
нүүдэл" гурамсан түүхэн романы тэргүүн 
дэвтэр "Моодун шаньюй", "Юань улсын үед 
хятадаар бичиж байсан монголчуудын 
шүлгийн сонгомол", 2008 онд "Хүннүгийн түүх, 
соёл", "Өвөг ба эртний монгол хэлний судалгаа",
 2010 онд "Их нүүдэл" гурамсан түүхэн романы 
дэд дэвтэр "Хүүхэн шаньюй", "Чанчунь бомбын 
өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл", "Утга зохиолын 
тухай яриа" зэрэг түүх, уран зохиол, хэл 
шинжлэл, орчуулгын бүтээлүүд багтаж байна.
Я.Ганбаатар нь хятад, орос, англи, герман 
хэл бичгийг зохих түвшинд эзэмшсэн бөгөөд 
МУИС, ХБНГУ-ын Берлин хотын 
Хумбольдтын нэрэмжит Их Сургуульд 
тус тус багшилж байсан. 

Ном уншина, номтой нөхөрлөнө гэдэг хүн, хүн байхын хамгийн чухал, хамгийн зөв арга зам мөн. Номоос хүн таашаал авах төдийгүй, ухаарал сууж, сэтгэл оюунаар гэгээрч, зан чанар тогтож, хүмүүжил, ёс суртахууны хувьд эрхэм дээд түвшинд хүрэх үүд хаалга нээгддэг. Тийм ч учраас өнөөдөр ном унших нь нэн чухал ач холбогдолтой хэвээр төдийгүй, улам чухлаар тавигдаж байна гэж хэлэхэд дэгс болохгүй. Хүний нийгэм өөрчлөгдөж, төр эргэхэд хүн “хүнээ байж”, хамаг бүхэн нь, амьдрал ахуй нь, эргэн тойрон нь, урьдах нийгэмд эдэлж, хэрэглэж асан бүхэн нь орхигдож, бүхнийг цоо шинээр бий болгоход хүрдэг байна. Ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйлс хүртэл өөрчлөгдөж, их Нацагдоржийн хэлсэнчлэн “урьдын юм ул болж, шинэ юм зул болдог” ажээ.

1921 онд ардын хувьсгал ялж, Монгол орны төр, нийгэм өөрчлөгдөхөд бүхнийг шинээр эхэлсэн. Монголын уран зохиолын ертөнц ч түүнээс ангид байсангүй. 1925 онд Монгол Улсын Гэгээрлийн яамны сайд, тэр үеийн шилдэг сэхээтэн асан Эрдэнэбатхаан Орос улс руу, их зохиолч М.Горькийд хандаж шинэ Монголд ямар уран зохиолыг орчуулбал зохих тухай зөвлөгөө хүссэнд Италийн Соррентод сувилуулж асан их зохиолч хариу захидалдаа “Идэвхтэй зарчмыг номлосон зохиол бүтээлийг орчуулж монгол уншигчдад хүргэх нь зүйтэй”-г зөвлөсөн байдаг. Бурхны шашны уран зохиол хэдэн зуун жилийн туршид монголчуудад хүлцэнгүй номхныг номлож “сурган хүмүүжүүлсэн” тэр сөрөг үүргийг тэгж “идэвхтэй зарчмыг номлосон” уран зохиолоор халсан юм. Тийнхүү монголчууд гучаад оноос хойш дэлхийн уран зохиолын шилдэг сонгодгуудаас ихийг орчуулж уншицгаасан. Тэгэхдээ ихэвчлэн реалист зохиол бүтээлийг сонгож ирсэн энэ үйлс монгол үндэстнийг хорьдугаар зууны сэхээрсэн, гэгээрсэн үндэстэн болгож өгсөн юм. Хорьдугаар зуунд монголчуудыг орчин үеийн сэхээрсэн, гэгээрсэн үндэстэн болж “төрөл арилжихад” чухамхүү дээрх зөвлөгөө, түүнийг баримталсан сонголтууд амин чухал үүрэг гүйцэтгэсэн болой.

Тэгвэл өнөөдөр Монголын нийгэм эргэж, ардчилалд шилжсэн энэ цаг үед ямар уран зохиолыг унших нь чухал вэ? гэсэн асуулт тавигдана. Товчхон хэлэхэд энэ асуултад утга зохиолын шинжээч, Гавьяат багш Д.Галбаатарын “ХХ зууны өрнө, дорнын уран зохиол: Модернизм, постмодернизм, нэн шинэ үе” ном хариу өгнө өө. Хориннэгдүгээр зууны монгол хүн ямар байх ёстой, ухаандаа юу уншиж “гэгээрэх” тухай энэ ном бидэнд маш тодорхой хэлж өгнө. Өнгөрсөн зууны эхэнд монголчууд тэгж дэлхийтэй хөл нийлэх чигт том алхам хийсэн бол энэ зууны эхэнд бид хүн төрөлхтөнтэй зэрэгцэн урагшлах зүгт бас нэг томоохон алхам хийх оюуны бэлтгэлийг энэ ном хангаж өгч байна. Материаллаг хувьсгал хийх нэр хэрэг, харин хүмүний оюун ухаанд шинэчлэл хийнэ гэдэг асар ярвигтай, урт удаан үйл явц байдаг. Тэгвэл энэ ном өнөөгийн монгол хүний тархи оюунд хувьсгал хийх сурах бичиг ажгуу.  

Аливаа улс орон, үндэстэн ард түмний оршин буй нийгэм нь үндсэн хоёр хэсгээс бүрддэг байна. Нэг нь материаллаг амьдрал, нөгөө нь оюуны амьдрал. Материаллаг амьдралыг эгэл борог үгээр амьжиргаа гэж хэлж болно. Бүр энгийнээр бол “амь зуух”, “хоол олж идэх” гэсэн утгатай. Аль тавь, жараад оны үед байх, нутгийн маань нэг өвгөн нэгдүгээр ангид орсон жаахан хүүдээ ихэд баярлан “Миний хүү ч хоолондоо хүрлээ дээ” хэмээн нар нь гарч суусан гэдэг. Ач хүүгээ нийгэмшиж, номтой мэдлэгтэй, ажил албатай хүн болох нь гэж баярласан нь тэр. Харин миний номын багш их эрдэмтэн Чой.Лувсанжавтан “хоолондоо хүрэх” гэдэг энэ үгэнд их дургүй, “Та нар улаан хоолой руугаа юм хийхийн төдийд ханаж болохгүй, уураг тархиндаа юм хийхийн хэмжээнд сэтгэх ёстой” гэдэг байж билээ. Би энэ хоёр үгийн аль алиныг нь ончтой үг гэж боддог. Нэг нь хүмүний материаллаг амьдрал, нөгөө нь оюуны амьдралтай холбоотой болохоор тэр ээ.

Профессор Д.Галбаатар